Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00724

 

 

Ж.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00466 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Нн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан 35,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, хариуцагч Д.Г, Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Г, Б.Г нартай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ххх маркийн эксковатор, ZL50C маркийн ковшийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн. Хариуцагч нар гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс 30,900,000 төгрөгийн төлбөртэй болсон. Хариуцагч нар гэрээгээр тохирсны дагуу эксковатор, ковшийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс өөрийн зардлаар очиж авч 5,000,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

          2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Тухайн техникүүд ажиллагаагүй, эвдрэлтэй байсан тул ашиглаагүй, уг эвдрэл, гэмтлийг засварлаж өгөхийг шаардсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, техникүүдээ авахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч ирж аваагүй гэжээ.

          3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Түрээсэлсэн техникүүд ажиллагаагүй, эвдрэлтэй байснаас ашиглаагүй, гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой техник шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эвдрэл, гэмтлийг засварлаж өгөөгүйгээс гэрээнээс татгалзсан. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан авна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, шаардлага хангасан техник шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс техникийг очиж авсан зардалд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

          4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: Гэрээний дагуу шилжүүлсэн техникүүдэд ямар нэг эвдрэл, гэмтэл байгаагүй, эвдрэл, гэмтлийн талаар огт мэдэгдэж байгаагүй. Тухайн техникийг 4 оператор ээлжлэн ажиллуулж байсан, эдгээр хүмүүст ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон. Гэрээгээр тээврийн зардлыг түрээслэгч буюу хариуцагч нар төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, техникүүдийг ашиглах боломжгүй эвдрэлтэй байсан гэсэн тайлбараа хариуцагч нотлоогүй гэжээ.

          5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХ, ХХ нараас 30,866,651 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлээс 5,033,349 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Нд холбогдох 13,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 312,283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгож шийдвэрлэжээ.

          6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  Талууд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг 1 сарын  хугацаатай байгуулсан. Тус гэрээний хугацааг сунгаагүй байтал түрээсийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр тооцон гаргасан. Бодит байдалд, түрээсийн гэрээгээр тухайн түрээслэн авч буюу зүйл нь түрээсийн гэрээний зорилгыг хэрэгжүүлэхэд орших бөгөөд түрээсийн тоног төхөөрөмжүүд гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, эвдрэлтэй, ковш нь 7 хоног ажилласан. Эвдрэлтэй тоног төхөөрөмжүүдийг засах, хэвийн ажиллагаагаар хангах үүрэг нь түрээслүүлэгчид байх бөгөөд удаа дараа тоног төхөөрөмжүүдээ засах талаар шаардахад засаагүй, гэрээгээ цуцалж, урьдчилгаанд өгсөн мөнгөө авах талаар хэлэхэд хариу өгөөгүй нь гэрээнээс татгалзсан агуулгыг илэрхийлж байна. Гэрээнд хэвийн ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг буцаан хүргэж өгөх үүрэг хүлээсэн, эвдрэлтэй тоног төхөөрөмжүүдийг буцаан хүргэж өгөх үүрэг хүлээгээгүй. Эвдрэлтэй тоног төхөөрөмжүүдээ очиж авахдаа хэлээгүй, нууцаар очиж авсан нь санаатай үйлдэл юм. Гэрээний дагуу тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байсан гэж үзвэл түрээсийн төлбөрийг төлөх хугацаа болсоор байтал, түрээсийн төлбөр нэхээгүй. Эрх ашиг нь зөрчигдсөн байтал удаан хугацааны дараа буюу тухайн асуудлын нотлох боломж хомстсон үед шүүхэд хандаж, баримт бичгийг нөхөн бүрдүүлсэн нь илэрхий бөгөөд тодорхой байна. Шүүх талуудын тухайн үеийн бодит байдлыг тогтоогоогүй зэрэг олон ойлгомжгүй асуудлуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан түрээсийн төлбөр 30,900,000 төгрөг, техникийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс өөрийн зардлаар очиж авсан тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг, нийт 35,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

1. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Н нь 10-52 УН улсын дугаартай эксковатор, 23-16 УБ улсын дугаартай ковш шилжүүлэх, хариуцагч Д.Г, Б.Г нар нь эксковатор ашигласны нэг сарын хөлс 18,000,000 төгрөг, ковш ашигласны нэг сарын хөлс 10,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Дээрх гэрээнд түрээслэгч Д.Гийг төлөөлж Б.Г гарын үсэг зурсан байх боловч уг гэрээг Д.Г, Б.Г нар Ж.Нтэй байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч талуудын хоорондын гэрээний агуулга, гэрээ сунгагдсан нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай. Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн түрээсийн гэрээг сунгаагүй байтал түрээсийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр тооцсон талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /4/

2.а.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дэх хэсэгт “Энэхүү түрээсийн гэрээ талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд ажлын талбайд ажил гүйцэтгэж эхэлснээс хойш 1 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцсоноор сунгаж болно”, 4.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээний хугацаа дуусахад талууд бичгээр гэрээний хугацааг сунгаагүй боловч ажил үргэлжилсээр байвал гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж тус тус тохиролцсоноос үзвэл зохигчид түрээсийн гэрээг 1 сар /30 хоног/-ын хугацаатай байгуулсан гэж үзнэ.

2.б. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл эксковаторын түрээсийн төлбөрийг нэг өдрийн 600,000 төгрөгөөр тооцож 47 өдрийн 28,200,000 төгрөг, ковшийн түрээсийн төлбөрийг нэг өдрийн 334,000 төгрөгөөр тооцож 47 өдрийн 15,700,000 төгрөг, нийт 43,900,000 төгрөгөөс урьдчилж өгсөн 13,000,000 төгрөгийг хасч 30,900,000 төгрөгийг шаардаж байгаа тохиолдолд гэрээний хугацаа сунгагдсан эсэх нь ач холбогдолтой. Уг гэрээний 4.1 дэх хэсэгт заасан 1 сарын хугацаа дууссанаас хойш “хариуцагч буюу түрээслэгч ажлыг үргэлжлүүлж байсан” гэх гэрээний 4.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны төлбөрийг нэхэмжлэгч Ж.Н шаардах эрхгүй байна.

Техник хэрэгслийг хариуцагч нь эзэмшилдээ байлгаж байсан нөхцөлийг нэхэмжлэгч ирж аваагүйтэй холбон тайлбарлаж ашиглалтыг үгүйсгэн няцааж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн ашигласан гэдгийг нотлох үүрэгтэй.

2.в. Харин түрээсийн гэрээний 5.6 дахь хэсэгт “техникийг ажлын талбайд хүргэх болон буцах тээврийн зардлыг хариуцагч тал хариуцана” гэж заасан. Хариуцагч нар нь техникийг буцаан хүргэж өгөөгүйгээс нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийн зардал гаргасан тул уг 5,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байна.

3. Хариуцагч нар техникийг эхлээд “2 хоног” ашигласан, дараа нь давж заалдах гомдолдоо “7 хоног” ашигласан гэж зөрүүтэй тайлбарласан. Эд хөрөнгийг хөлсөлж авсан этгээд эд зүйл ашиглах боломжгүй ноцтой нөхцөл байдал бий болсон талаар нөгөө талд мэдэгдсэнээр хөлс төлөх үүргээс чөлөөлөгддөг.

3.а. Ашиглаагүй хугацааны хэмжээгээр үнийг бууруулахаар шаардах эрхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.1-т зааснаар түрээслэгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.

Хэргийн баримтуудаас үзвэл гэрч Б.Гын “...ханш нээх өдөр ажил эхэлнэ гээд 04 дүгээр сарын эхээр ирсэн байх” гэх, С.Эын “...эксковаторыг нь 05 дугаар сарын 28, 29-ний үед зөөсөн” гэх мэдүүлгээр техникийн ажилласан өдөр буюу ажилласан хугацааг эргэлзээгүй тогтоох боломжгүй байна.

4. Хэргийн 75-80 дахь талд гэрч Ө.Гийн мэдүүлэг авагдсан бөгөөд гэрч Ө.Гийн мэдүүлгээс үзвэл тэрээр 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 хоног ажилласан, бусад хугацаанд ажиллаагүй гэх нөхцөл байдлыг гэрчилсэн. Гэрч Ө.Г нь техник ажилласан тодорхой өдрүүдийг нэрлэн зааж чадаагүй. Гэхдээ тосгүй, түлшгүй, газар хөлдүү байсан гэж 3 шалтгааныг хэлсэн бөгөөд техник тосгүй байсан нь нэхэмжлэгчид хамааралтай.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “түрээслүүлэгч нь гэрээнд заасан техникийн операторын цалин болон техникийн сэлбэг, дугуй, тос, тосолгооны материал, засвар, үйлчилгээний ажил, зардлыг хариуцна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч тос, тосолгооны материалаар хангах үүрэг хүлээсэн байна. Харин “түлшгүй, газар хөлдүү байсан” гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн буруугаас техник ашиглаагүй үндэслэлд хамаарахгүй.

5. Дээрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлбэл 3 шалтгаанаар техник хэрэгсэл нийт 10 хоног ашиглагдаагүй байна. Иймд хариуцагч нарын техник ашигласан гэх 10 хоногоос тос, тосолгооны материал ашиглаагүй 3 хоногийг нэхэмжлэгчээс шалтгаалсан үндэслэлд хамаарах хэсгээр тооцов. Үлдэх хоногт ашиглаагүй нь хариуцагч нараас хамааралтай шалтгаан юм. Гэрээний 1 сарын хугацаанд 27 хоног ажилласан гэж үзнэ. Өөрийнх нь буруугүйгээр ашиглах боломжгүй байсан учраас 3 хоногийн хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид эксковатор, ковшийн 27 хоногийн түрээсийн төлбөр 25,200,000 төгрөг, техник тоног төхөөрөмжийг буцаан авчрах зардалд төлсөн 5,000,000 төгрөг, нийт 30,200,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан урьдчилан төлсөн 13,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжийг хүргэж өгсөн зардалд, үлдэх 10,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн 30,200,000 төгрөгөөс хасаж тооцоод сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Г, Б.Г нараас 20,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав. Тооцооллын талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. /4/

6. Анхан шатны шүүх хэргийн баримтаар хариуцагч нь гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүний хүсэл зоригийн илэрхийлэл нэхэмжлэгчид хүрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардах эрхгүй, техникүүд нь эвдрэл, гэмтэлтэй буюу гэрээний дагуу ашиглах боломжгүй, ашиглалтын шаардлага хангаагүй байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч хохирол шаардах үндэслэлгүй тул 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг хангах талаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /4/

          Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...30,866,651 төгрөг” гэснийг “...20,200,000 төгрөг” гэж, “...5,033,349 төгрөг” гэснийг “...15,700,000 төгрөг” гэж,

          3 дахь заалтын “...312,283 төгрөг” гэснийг “...258,950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ