Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Х

 

Хариуцагч: “Б П” ХХК

 

150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, Г.С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “Б П” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2017 оны 6 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээг “Б П” ХХК-ийн менежер Н.Бтой байгуулж, гэрээний үнийг 190,900,000 төгрөгөөр тохирсон ба төлбөрийн 140,000,000 төгрөгт тооцож Lexus-570 маркийн автомашин шилжүүлсэн.

 

1.2. “Б П” ХХК-ийн захирал н.А гарын үсэгтэй бичгийг үндэслэн гурвалсан гэрээ хийж, Н.Бийн хүсэлтээр байрны төлбөрт 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.    

 

1.3. Орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа өнгөрсөн боловч өгөхгүй олон жил өнгөрсөн.

 

1.4. “Б П” ХХК-ийн захирал н.А гарын үсэгтэй гэрээтэй учраас хариуцагч хохирлыг төлөх үүрэгтэй.    

 

2. Хариуцагч “Б П” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч нь анх “Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй З.Б орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, автомашинаа иргэн З.Б шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг З.Б хохироосон.

 

2.2. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээгээр “Б П” ХХК, “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлаа бүрэн хийсэн нөхцөлд орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. “Т” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу болзол хангагдаагүй тул орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээхгүй.  

 

2.3. Нэхэмжлэгч нь “Б П” ХХК-д нэг ч төгрөг өгөөгүй, “Т” ХХК ч “Б П” ХХК-д автомашинтай холбоотой өгсөн зүйл байхгүй.  Иймд өгсөн, авсан зүйл байхгүй тул 150,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй.

 

2.4. Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй.

 

3. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25из/3962 дугаар албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ИСТ-01/03 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хас банкны төлбөрийн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02391 дугаартай шийдвэр, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Т” ХХК-иас иргэн Б.Хт гаргасан тайлбар, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2398 дугаар албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Гэрээ хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрөл, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ИСТ-02/05 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8/2017 дугаар албан бичиг, дүрс бичлэгийн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/339 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/1666 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/1878 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 3/3688 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн и-з/6117 дугаартай албан бичиг /I-ХХ-6-21, 91-99, 106, II-ХХ-101-109, 161-180, 184-189/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч “Б П” ХХК-иас “Б П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б П” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/44 дугаартай албан бичиг, “Багант оргил констрашн” ХХК-д гэрээт ажлын хөлс шилжүүлсэн баримтын түүвэр, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 31/01/19 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт хавсралт, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 31/01/19 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Саруул тауэр, 13 узелийн тооцооны баталгаа, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Т” ХХК-ийн 21/18 дугаартай тайлбар гаргах тухай албан бичиг /I-ХХ-168, II-ХХ-214-222, III-XX-21 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

         5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр JTJHY7AX1A4049909 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн LX-570 маркийн автомашины хувийн хэрэг, лавлагаа, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гэрч Г.Ганзоригийн мэдүүлэг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09/184 дугаар албан бичиг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаал, Монгол банкны 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б-10/164 дугаар албан бичиг, түүний хавсралтууд, “Веллмарт ХХК, Бишрэлт холдинг ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, “Бишрэлт инженеринг энд констракшнХХК-тай байгуулсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо East squar residence худалдаа үйлчилгээтэй орон сууц захиалан бариулах гэрээ    /I-ХХ-68-83, 123-128, II-ХХ-71-85, 121-132 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

6. Хариуцагч Н.Боос 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “NNB Properties” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах гэрээ /I-ХХ-61,62 дугаар тал/зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч “Т” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /I-ХХ-28 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Юу ди эс констракшн” ХХК-иас “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3046 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11и-в /6650 дугаар албан бичиг  /II-ХХ-145, 146 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

9. Шүүхийн санаачлагаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо East squarе residence хотхон 128 айлын орон сууцны С блокийн 1 дүгээр орц 15 давхарт 49 тоотод байршилтай 83м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны барилгын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээлэл, улсын комисс хүлээж авсан эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтууд, уг орон сууц хэний өмчлөл, эзэмшилд байгаа болох, Капитал банкны эрх хүлээн авагчид шилжсэн эсэх талаарх тодорхойлолт, холбогдох баримтууд /I-ХХ-43-47, 190-196, 216, 232, 237, II-ХХ-6, 48-55, 93-97 дугаар тал/зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б П ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Орон сууц захиалгаар барих гэрээг “Б П” ХХК-ийн менежер Н.Бтой байгуулж, гэрээний төлбөрт 140,000,000 төгрөгт тооцож автомашин, дансаар 10,000,000 төгрөгийг Н.Бт шилжүүлсэн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр өгсөн, авсан зүйлээ буцаах үүргийн дагуу шаардлага гаргажээ.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй орон сууц өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулаагүй, “Т” ХХК-ийг ажлаа бүрэн хийж дуусгасан тохиолдолд орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон, уг тохиролцоо биелэгдээгүй буюу “Т” ХХК ажлаа хийгээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөөгүй, “Т” ХХК-иас хариуцагчид ямар нэг хөрөнгө шилжүүлээгүй, ямар үндэслэлээр шаардлага гаргасан нь тодорхойгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

Нэхэмжлэгч нь “Т” ХХК, Н.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг * давхарт байршилтай 83м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хууль зүйн туслалцаа авсан хөлс 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б П” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч “Т” ХХК, Н.Б нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Харин “Б П” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилжээ.   

 

“Б П” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Халдвартын эмнэлгийн баруун талд баригдсан орон сууцны барилгын 15 давхарт байршилтай 83м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 258,292,000 төгрөгт тооцож өгөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна. Тухайн орон сууцыг нэхэмжлэгч 190,900,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, уг гэрээний төлбөрөөс 140,000,000 төгрөгт тооцож Lexus-570 маркийн автомашин, дансаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдов. Маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг “Б П” ХХК-тай байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба харин хариуцагч “Т” ХХК ажлаа бүрэн хийж дуусгаснаар орон сууцыг Б.Хт шилжүүлж өгөхөөр тохирч гэрээ байгуулсан, “Т” ХХК ажлаа хийж дуусгаагүй, гэрээний дагуу нэхэмжлэгчээс автомашин, мөнгө хүлээж аваагүй, орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээгээгүй” гэж маргаж байна.  

 

Нэхэмжлэгч Б.Х нь “Т” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ИСТ-01/03 тоот “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “Т” ХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороонд баригдаж байгаа 128 айлын орон сууцны барилгын В блокын 1 дүгээр орц 15 давхарын 49 тоот 83м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, Б.Х нь гэрээний төлбөрт 140,000,000 төгрөгт тооцож Lexus-570 маркийн автомашин өгөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, орон сууцны 1м2 талбайн үнийг 2,300,000 төгрөг нийт үнийг 190,900,000 төгрөгөөр тохирч, “Т” ХХК-ийг төлөөлж Н.Б гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээг талууд “орон сууц захиалгаар барих гэрээ” буюу ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний зүйл, шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.  

 

Мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Х, “Б П” ХХК-ийн хооронд ИСТ-02/05 тоот “Орон сууц захилгаар барих тухай” гэрээ байгуулагдсан байх ба тухайн гэрээгээр “Б П” ХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороонд баригдаж байгаа 128 айлын орон сууцны барилгын В блокын 1 дүгээр орц 15 давхарын 49 тоот 83м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх, орон сууцны 1м2 талбайн үнийг 3,100,000 төгрөг нийт үнийг 258,292,000 төгрөгөөр тогтоож, төлбөрийг 100 хувь бартераар төлөх, төлбөрийг “Т” ХХК-ийн 2017/034 тоот гэрээний дүнгээс хасаж тооцохоор тохирч, “Б П” ХХК-ийг төлөөлж Н.Б гарын үсэг зуржээ.

 

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-гээр Б.Х нь 2010 онд үйлдвэрлэсэн Lexus-570 маркийн автомашиныг 140,000,000 төгрөгөөр Н.Б, З.Б нарт худалдаж, уг гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр автомашины өмчлөх эрх З.Бод шилжсэн байна. Автомашины өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг Б.Хаас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Н.Бд олгосон итгэмжлэлийг үндэслэн Н.Бийн гаргасан мэдүүлгээр З.Бын өмчлөлд бүртгэсэн үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 15-16, 69-75 дугаар тал/

 

Дээрх гэрээнүүдэд нэг талыг төлөөлж гарын үсэг зурсан Н.Б нь тухайн үед “Б П” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсон, З.Б нь “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл захирлаар ажиллаж байсан, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс захирлаар ажиллаж байгаа үйл баримт тогтоогдсон. /I-ХХ-ийн 28, 123-127 дугаар тал/ 

 

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Хаас “байрны урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар Н.Бд 10,000,000 төгрөг шилжүүлсэн Хас банкны төлбөрийн баримт авагдсан байна. /I-ХХ-ийн 17 дугаар тал/

 

“Т” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Н.Бд “East squar residence хотхоны С блокын 15 давхарын 49 тоот 83м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах” гэх мэт эрхийг олгосон итгэмжлэл олгожээ. Иймд дээрх итгэмжлэл болон автомашины өмчлөх эрх шилжүүлсэн гэрээний хугацааг үндэслэн Б.Х, “Т” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 20-21-нд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр хийсэн байна. Тухайн гэрээг байгуулахдаа “Т” ХХК нь “Б П” ХХК-д мэдэгдэж байсан болох нь гэрч Г.Ганзоригийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв. Гэрч Г.Ганзориг нь тухайн үед “Б П” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан талаар мэдүүлсэн бөгөөд үүнийг хариуцагч тал эсэргүүцээгүй болно. “Б П” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулахаас өмнө Г.Ганзоригоос гэрчийн мэдүүлэг авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1 дэх хэсэгт заасан этгээдэд хамаарахгүй. Иймд Б.Х болон “Т” ХХК-ийн хооронд хийгдсэн орон сууцны талаарх тохиролцоог анхнаасаа хариуцагчийг мэдэж байсан гэж үзнэ. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй байхдаа уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийснийг хариуцагч эсэргүүцээгүй байх бөгөөд уг хүсэл зоригоо хожим хүлээн зөвшөөрсөн байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч 140,000,000 төгрөгт тооцож автомашиныг Н.Б, З.Б нарт, 10,000,000 төгрөгийг Н.Бт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасантай нийцнэ.  

 

Автомашины өмчлөх эрхийг “Т” ХХК-д шилжүүлээгүй, харин иргэн З.Бод шилжүүлсэн нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх эсэх талаар хариуцагч маргаж байна. Нэхэмжлэгч нь автомашины өмчлөл шилжүүлэх гэрээг “Т” ХХК-ийг төлөөлж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Н.Бтой байгуулж, улсын бүртгэлд автомашины өмчлөгч бүртгүүлэх эрхийг Н.Бд итгэмжлэлээр олгосон. Уг итгэмжлэлийг үндэслэн Н.Б нь автомашины өмчлөгчөөр З.Быг бүртгүүлсэн байна. Энэ нь “Т” ХХК, Н.Б, З.Б нарт хамааралтай асуудал бөгөөд “Т” ХХК-ийг төлөөлж байсан Н.Бтой автомашины өмчлөл шилжүүлэх гэрээг байгуулснаар нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.  

 

Зохигчийн байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ИСТ-02/05 дугаартай гэрээнд “Т” ХХК ажлаа бүрэн хийж дуусгасан тохиолдолд орон сууцыг Б.Хт шилжүүлнэ гэсэн агуулга бүхий болзол тавьсан нөхцөл заагаагүй байна. Гэрээний 1.8, 1.9-д гэрээний үнийг 258,292,000 төгрөг, 1.10А-д “Т” ХХК-ийн 2017/034 тоот гэрээний дүнгээс хасаж тооцно гэсэн нь “Б П” ХХК, “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017/034 тоот гэрээний төлбөрт хамааралтай буюу “Т” ХХК-ийн ажлын хөлснөөс 258,292,000 төгрөг хасна гэсэн агуулга бүхий заалт байна. Иймд дээрх гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарахгүй бөгөөд “Т” ХХК нь “Б П” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш 3 жил 6 сар өнгөрсөн, хариуцагч орон сууц шилжүүлэх үүрэггүй гэж маргаж байгааг гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх талаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэх үндэслэл болно. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгох эрхтэй байна.

 

Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар нь гэрээний үүргийг дуусгавар болгож, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах үүргийн харилцаагаар солигдох тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу “Б П” ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б П” ХХК-иас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Будын Хт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “Т” ХХК, Н.Б нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,182,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Б П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА