Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00667

 

 

Б.Х-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00161 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч БП ХХК-д холбогдох,

150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч БП ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. 2017 оны 6 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээг БП ХХК-ийн менежер Н.Б-той байгуулж, гэрээний үнийг 190,900,000 төгрөгөөр тохирсон ба төлбөрийн 140,000,000 төгрөгт тооцож Lexus-570 маркийн автомашин шилжүүлсэн.

БП ХХК-ийн захирал н.А-ын гарын үсэгтэй бичгийг үндэслэн гурвалсан гэрээ хийж, Н.Б-ийн хүсэлтээр байрны төлбөрт 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа өнгөрсөн боловч өгөхгүй олон жил өнгөрсөн. БП ХХК-ийн захирал н.А-ын гарын үсэгтэй гэрээтэй учраас хариуцагч хохирлыг төлөх үүрэгтэй.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь анх Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй З.Б-той орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, автомашинаа иргэн З.Б-од шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг З.Б- хохироосон.

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээгээр БП ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлаа бүрэн хийсэн нөхцөлд орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Т ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу болзол хангагдаагүй тул орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээхгүй.

Нэхэмжлэгч нь БП ХХК-д нэг ч төгрөг өгөөгүй, Т ХХК ч БП ХХК-д автомашинтай холбоотой өгсөн зүйл байхгүй. Иймд өгсөн, авсан зүйл байхгүй тул 150,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй.

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БП ХХК-аас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-ын Х-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч Т ХХК, Н.Б- нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,182,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч БП ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нотлох баримтыг анхан шатны шүүхээс зөв үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн.

Автотээврийн үндэсний төвөөс ирсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хэрхэн дүгнэснээ дурдаагүй, гэрч Г.Г-ийн мэдүүлгээр БП ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд тодорхойлогдохгүй, БХ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон гэрээ хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрөл нь Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээс хамаарах агуулга бүхий зөвшөөрөл байсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн БП ХХК болон Б.Х- нарын хоорондох гэрээг дүгнэсэн атлаа “Б.Х- болон Т ХХК-ийн хооронд хийгдсэн орон сууцны талаарх тохиролцоог анхнаасаа хариуцагчийг мэдэж байсан гэж үзнэ” гэдэгтэй холбож тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүх БП ХХК болон иргэн Б.Х- нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ эсвэл Т ХХК болон иргэн Б.Х- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11дүгээр сарын 02-ны өдрийн ИСТ-01/03 тоот “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээний алийг нь дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар Т ХХК нь БП ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар тодорхой нотлогдох бөгөөд энэ нь БП ХХК аливаа төлбөр төлөх, байр шилжүүлэх үүрэггүй болохыг нотолж илэрхийлж байгаа болно.

4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээний төлбөр тооцоог БП ХХК-д төлөөгүй, Н.Б-, З.Б- нарт шилжүүлсэн. БП ХХК-ийн зүгээс иргэн Б.Х-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний төлбөрийг Т ХХК-ийн 2017/034 тоот гэрээний дүнгээс хасаж тооцно гэж тохиролцоо хийсэн хэдий ч Т ХХК нь БП ХХК-д хийж гүйцэтгэх ажлаа хийж гүйцэтгээгүй, тус компаниар хийлгэх ажлыг БП ХХК нь БОК ХХК-аар гүйцэтгүүлсэн учраас Т ХХК-ийн 2017/34 тоот гэрээний дүнгээс байрны төлбөр 258,292,000 төгрөгийг хасаж тооцоогүй, гэрээ хэрэгжээгүй.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

7. Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч БП ХХК-д холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалгаар барих тухай” ИСТ-02/05 дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу нэхэмжлэгч автомашин мөнгө хүлээж аваагүй, орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй гэж маргажээ./1хх1-2, 179/

 

8. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8.а. Т ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Б-т Ийст скуар ресиденс /East squar residence/ хотхоны С блокын 15 давхарын 49 тоот 83 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах зэрэг эрхийг итгэмжлэлээр олгожээ./1хх5/

 

8.б. Б.Х- нь Т ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ИСТ-01/03 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр Т ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж байгаа 128 айлын орон сууцны барилгын В блокын 1 дүгээр орц 15 давхарын 49 тоот 83 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, Б.Х- нь гэрээний төлбөрт 140,000,000 төгрөгт тооцож Лексус-570 маркийн автомашин өгөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, сууцны 1м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөг нийт үнийг 190,900,000 төгрөг байхаар тохиролцсон, Т ХХК-ийг төлөөлж Н.Б- гэрээнд гарын үсэг зурсан байна. /1хх8-14/

 

8.в. Б.Х-, Н.Б-, З.Б- нар 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Б.Х- нь өөрийн эзэмшлийн Лексус-570 маркийн автомашиныг 140,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ. /1хх15-16/

 

8.г. Б.Х-, БП ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалгаар барих тухай ИСТ-02/05 дугаар гэрээгээр гүйцэтгэгч буюу БП ХХК нь маргааны зүйл болох 49 тоот одоо 1501 тоот 3 өрөө, 83,32 м.кв талбай бүхий орон сууцыг 100% бартераар 2018 оны 2 дугаар улиралд захиалагч буюу Б.Х-т хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Уг гэрээний 1.10-ын “төлбөрийн нөхцөл” гэсэн хэсэгт Т ХХК-ийн 2017/034 тоот гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно гэж заажээ. /1хх94-99/

 

8.д. Нэхэмжлэгч Б.Х- нь Т ХХК-тай байгуулсан 140,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг иргэн З.Б-ын эзэмшилд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлжээ. /1хх69-75/ Мөн Т ХХК-тай байгуулсан гэрээний 1.11-д заасан Хаан банкны 5037178644 тоот данс руу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Х- нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5000697068 тоот данснаас 10,000,000 төгрөгийг “байрны урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн төлбөрийн баримт хэрэгт авагдсан. /1хх17/

 

9. Зохигчид нэхэмжлэлээр шаардсан 150,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэг үүссэн эсэх талаар маргажээ.

 

10. Дээрх нотлох баримтыг харьцуулан үзвэл шүүхээс гарах шийдвэрээр маргааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар шүүх тодорхойлж, холбогдох ажиллагаа явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Х-ын нэхэмжилж буй мөнгөн хөрөнгө хэнд шилжсэн, үүнтэй холбоотойгоор буцаан гаргуулах маргааныг шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

 

11. Хэрэгт Т ХХК-ийн гаргасан тайлбар авагдсан ч, тухайн компанийг хариуцагчаар татсан шаардлагаа нэхэмжлэгч багасгаж өөрчилсөн, Т ХХК нь хэргийн оролцогч биш болсон байх тул 3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд өгсөн “Б.Х- болон манай компанийн хооронд тус орон сууцтай холбоотой аливаа тооцоо, тохиролцоонд БП ХХК хамааралгүй, түүнчлэн тус гэрээний төлбөрөөс нэг ч төгрөгийг БП ХХК аваагүй” гэх тайлбарыг үнэлэх боломжгүй байна. /3хх21/ Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтыг буруу үнэлсэн талаарх гомдолд холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

 

12. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД