Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03447

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03447

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн   тоотод оршин суух Д овогт Ц Д  

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг  тоотод оршин суух Ж овогт Д Ч  

 

Хан-Уул дүүргийн * тоотод байршилтай 1 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д

                                  хариуцагчийн төлөөлөгч Б.П

                                нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууцтай холбоотой шаардлагыг хариуцагч А.А, “Ү” ХХК, А.Д нарт холбогдуулан, автозогсоолтой холбоотой шаардлагыг Б.Бд холбогдуулан гаргасан байсан боловч А.Ариунтөгс нь орон сууцнаас нүүсэн, Б.Бд холбогдуулан гаргасан байсан шаардлага бүрэн биелэгдсэн үндэслэлээр хариуцагч А.Ариунтөгс, Б.Б нараас тус тус татгалзсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаартай тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаартай тогтоол гарч О.Нид холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар Ц.Дын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргэсэн. Хариуцагч А.Дид О.Ноос хохиролд 342,908,091 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байтал “Ү” ХХК болон захирал А.Д нь өөрийн компанийн ажилчдыг 10 тоот орон сууцанд суулгаж орон сууцыг чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшилдээ байлгасаар байна гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс орон сууцыг хэн эзэмшиж байгаа үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна гэж дүгнэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг ба нэхэмжлэгч талаас тухайн орон сууцанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасаныг шүүхээс ханган үзлэгийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт хийсэн. Шүүхийн үзлэгээр маргаан бүхий орон сууцанд Д.Ч нь 2 хүүхдийн хамт сүүлийн 3 жилийн хугацаанд түрээслэн сууж байгаа нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 9, 101 дүгээр зүйлийн 101.1 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй зөрчлийг арилган, өмчлөх эрхээ хамгаалуулж нэхэмжлэгч Ц.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 10 тоот хаягт байршилтай 38.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч “Ү” ХХК, А.Д нар нь хууль бусаар эзэмшилдээ байлгаж Д.Чыг түрээсээр амьдран суулгаж байгаа тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Даас хариуцагч Д.Чд холбогдуулж Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлүүдэд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хамгаалуулж өөрийн өмчлөлийн орон сууцыг Д.Чын хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэн О.Н нь Ц.Дд 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 93 дугаар байр 10 тоот хаягт байрлах 38,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг болон зоорийн давхрын 20 тоот авто зогсоолыг зармаар байна гэж үзүүлсэн байдаг. Ингээд Ц.Д нь тухайн орон сууц болон авто зогсоолыг О.Намнадоржоос худалдаж авахаар болж тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Нид 54,000,000 төгрөгийг бэлнээр төлж тухайн 1 өрөө орон сууц болон авто зогсоолын хамт худалдан авч гэрээ байгуулсан. Тухайн үед н.Н нь 2016 оны 6 сард байрыг суллаж өгье одоохондоо хүн амьдарч байгаа гэж хэлээд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Худалдаж авсан тал болно гээд харилцан тохирсон байдаг. Гэтэл 2016 оны 6 сард орон сууцны түлхүүрээ авах гээд О.Нийг олоогүй. Хэд хоногийн дараа тухайн байрандаа очоод учир явдлаа тайлбарлахад суллаж өгөхгүй гэдэг байдлаар тухайн байранд амьдарч байсан хүнтэй ойлголцож чадаагүй. Ийнхүү тухайн орон сууцыг чөлөөлүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлэн өнөөдрийг хүртэл явж байна. Тухайн үед орон сууцанд н.Ариунтөгс гэж хүн оршин сууж байсан. н.Ариунтөгсөд холбогдуулж нэхэмжлэл гаргахад н.Ариунтөгс нь шүүхэд ирээд тайлбар мэдүүлэг өгөхдөө “А.Д болон “Ү” ХХК-иас худалдаж авсан” гэж хэлдэг. Иймд А.Д болон “Ү” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Автозогсоол нь н.Б гэдэг хүний эзэмшилд байсан учир н.Б гэдэг хүнийг бас хамтран хариуцагчаар татсан. Автозогсоолтой холбоотой асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шийдвэрлээд нэхэмжлэгч өөрийн эзэмшилд авсан байгаа. Иймд автозогсоолыг чөлөөлөх шаардлагаасаа татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд О.Намнадоржийг олон хүнийг орон сууц болон автозогсоолын асуудлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгаж байсан учраас иргэний хэргийг түдгэлзүүлсэн. О.Намнадоржтой холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тогтоогдсон. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхэд орон сууц Д.Чын эзэмшилд байсан учир хариуцагчаар татсан. Д.Чын тайлбарыг үндэслэж А.Д болон “Ү” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан. Энэ иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байсан этгээдүүд нь О.Нтой холбоотой эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож тэндээ асуудлаа шийдвэрлүүлсэн. Одоо бол нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч Д.Ч амьдарч байгаа нь тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хамгаалж хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.  

Хариуцагчийн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр туул гудамж 93 дугаар байрны 10 тоот орон сууцны жинхэнэ өмчлөгч бөгөөд Ц.Дын хэлж ярьдаг шиг уг орон сууцыг худалдсан асуудал байхгүй гэсэн. Мөн хавтаст хэргийн 14 дэх талд байгаа 54,000,000 төгрөгийг Ц.Д О.Нид бэлнээр өгөөгүй гэсэн бөгөөд 30,000,000 орчим төгрөг зээлснээрээ түрий барьж, 54,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж О.Ноор гарын үсэг зуруулсан гэсэн. Энэ асуудлаар О.Н Ц.Дтай маргаантай байгаа гэсэн юм. О.Н нь Дд уг орон сууцыг худалдаагүй учраас анхнаасаа Д тэр байранд амьдраагүй гэсэн болно. Ц.Д бол уг орон сууцны эзэн, өмчлөгч биш бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь О.Н учраас Ноос өөр хүн Чыг байрнаас гарахын шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч нь 2020 оны 2 сард тухайн орон сууцыг худалдаж авахаар байрны эзэн н.Нтой тохиролцож, урьдчилгаа 22,000,000 төгрөгийг эхнэр н.Мөнхжинд өгсөн гэдэг. 22,000,000 төгрөгийг өгөхдөө 6,000,000 төгрөгийг шууд төлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгт нь бараа өгсөн гэж хэлдэг. Иймд хариуцагчийн зүгээс тухайн байрыг худалдаж авахаар урьдчилгаа мөнгөө өгсөн гэсэн байр суурьтай байгаа.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д нь А.А, А.Д, Б.Б, “Ү” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн * тоотод байршилтай нэг өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байршилтай автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хариуцагч нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаар Д.Чыг татан оролцуулж, түүний хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагыг хариуцагч Д.Ч эс зөвшөөрч “2020 оны 2 дугаар сард орон сууцыг О.Ноос худалдан авч, урьдчилгаа төлбөрт 22 сая төгрөг төлсөн, уг орон сууцыг нэхэмжлэгч худалдан авсан гэж байгаа боловч мөнгийг нь төлөөгүй гэсэн” гэж маргав.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.   

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн * тоотод байршилтай нэг өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарын 20 тоотод байршилтай автомашины өмчлөгчөөр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Тухайн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Н, Ц.Д нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр Ю.Э, Ц.Д нарын байгуулсан автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгэжээ.

 

Нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий орон сууцыг хариуцагч А.Ариунтөгс эзэмшиж байсан ба уг орон сууцыг А.Ариунтөгс нь “Ү” ХХК-иас худалдаж авсан гэж, маргаан бүхий автомашины зогсоолыг хариуцагч Б.Б эзэмшиж байсан бөгөөд О.Ноос 25,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж марган Ц.Д, Ю.Эрдэнэсувд нарын хооронд байгуулагдсан автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашины өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Ариунтөгс нь орон сууцыг “Ү” ХХК-д хүлээлгэн өгсөн үндэслэлээр, “Ү” ХХК нь орон сууцыг “Ү” ХХК-ийн захирал А.Д эзэмшиж байгаа үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ү” ХХК, А.Д нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ү” ХХК, А.Д нар эс зөвшөөрч “орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр О.Ноос худалдан авсан” гэж маргасан байна. Өөрөөр хэлбэл талууд орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрхийн талаар маргаж байжээ.

 

Энэхүү маргаантай асуудлаар буюу орон сууцыг гэрээний дагуу шилжүүлээгүй залилан мэхлэсэн агуулга бүхий гомдлыг “Ү” ХХК, А.Д нар О.Нид холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргаснаар, уг хэрэгт А.Д, Б.Б нарыг хохирогчоор тогтоосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/14125 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн шалтгаан арилсан үндэслэлээр шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/16115 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор О.Нийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байх явцдаа “нэр бүхий иргэдэд гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс, худалдан авсан бараа материалын үнэ, хөрөнгийн эх үүсвэрт зээлж авсан зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон үеэс эдгээр төлбөртөө тооцон шилжүүлэн өгөхөөр тохирсон орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг бусад этгээдэд худалдаж бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлж эрхийн болон биет байдлын доголдолтой гэдгийг мэдсээр байж төлбөртөө тооцож өгнө гэж амлах зэргээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх, итгэл эвдэх арга”-аар Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс маргаан бүхий орон сууц болон маргаанд хамааралгүй 3 орон сууцны үнэ 342,908,091 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дид, маргаан бүхий автомашины зогсоолын үнэ 25,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нь автомашины зогсоолын эзэмшлийг шилжүүлэн авсан үндэслэлээр хариуцагч Б.Бд холбогдох шаардлагаасаа татгалзсан ба мөн Б.Б нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг үндэслэн түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардах эрх бүхий этгээд гэж үзэв.

 

Маргаан бүхий орон сууц нь хариуцагч А.Ариунтөгс, А.Д, “Ү” ХХК-ийн эзэмшилд бодитоор байхгүй, тэдний эзэмшлээс гарсан гэж нэхэмжлэгч үзэн дээрх нэр бүхий хариуцагч нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа этгээд гэх Д.Чыг хариуцагчаар татан оролцуулсан байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн үзлэгийн ажиллагаагаар маргаан бүхий орон сууцанд хариуцагч Д.Ч хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтад хариуцагч маргаагүй. Хариуцагч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар сард О.Ноос худалдан авч, урьдчилгаа төлбөрт 22,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа нотлоогүй, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Үүнээс гадна Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэж, О.Нийн өмчлөх эрх 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Тухайн орон сууцыг хариуцагч худалдан авсан байж болох ч Ц.Д, О.Н нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ч нь өмчлөх эрхээ шилжүүлэн авах боломжгүй. Иймд маргаан бүхий орон сууцыг хариуцагч хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь тогтоогдохгүй байх тул уг орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн * тоотод байршилтай, 38.74м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг хариуцагч Дашзэвэгийн Чын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснааар нэхэмжлэгч Ц.Д нь Хан-Уул дүүргийн * тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг хариуцагч А.Ариунтөгс, “Ү” ХХК, А.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байршилтай, 18м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043634 дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолыг хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа, хариуцагч Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Д, Ю.Эрдэнэсувд нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Хан-Уул дүүргийн   тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Дд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгөөс 140,400 төгрөгийг, хариуцагч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,200 төгрөгөөс 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 287,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд, улсын орлогоос хариуцагчийн илүү төлсөн 70,250 төгрөгийг гаргуулж Б.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА