Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/1407

 

 

 

 

 

 

   2020            11            05                                        2020/ДШМ/1407

 

Н.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/731 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарын хамтарч гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Н.М-д холбогдох эрүүгийн 2011 00979 0623 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.М нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ... тоотод өөрийн эхнэр Б.Э-той маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 3 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, зүүн 5, 6 дугаар хавирганы суганы урд шугамаарх зөрөөтэй хугарал, зүүн талд плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины бүрэн бус уналт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нар хамтарч гаргасан давж заалдсан гомдолдоо: “Н.М нь бага насны 2 хүүхэдтэй. Шүүх хурлын өдөр 2 хүүхдээ айлд орхиод ирсэн байхад шүүх түүнд хорих ял оногдуулснаар хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй байгаа. Б.Э нь архи ууж согтуурснаас хэрүүл маргаан үүсдэг, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Э нь ажил дээрээ архи ууж, гэртээ бага насны хүүхдийхээ дэргэд үргэлжлүүлэн архи ууж, агсам тавьж, гэрээс яв гэж хөөсөнд Н.М-ийн сэтгэл санаа хүчтэй цочролд автсанаас 1 удаа өшиглөсөн. Н.М нь Б.Э-ыг агсам тавьсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 4909 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байхад анхан шатны шүүх анхааран үзсэнгүй. Н.М нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгчөөсөө татгалзаж, улсын өмгөөлөгч авахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзэлгүй өмгөөлөгч оролцуулахгүйгээр хууль зөрчиж шийдвэрлэсэн” гэжээ.

Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.М “намайг улсын өмгөөлөгч авъя гэж байхад шүүх хуралдааныг явуулсан” гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хохирогч Б.Э-ын тухайд архи ууж агсам согтуу тавьдаг, хүүхдүүдээ харж ханддаггүй. Эдгээр нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Үүнд нь ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс санаа сэтгэл нь цочрон давчдах үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг ойлголт нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах чадваргүй байдалд оруулахыг ойлгодог бөгөөд хоромхон зуурт үйлчилдэг. Н.М нь эхнэр Б.Э-той маргалдаж, цагдаа дуудах гэхэд нь утсыг нь булааж аваад 3 удаа өшиглөөд гэрээсээ гарч явсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл эхнэрээ зодохгүйгээр гараад явах боломж Н.М-д байсан. Иймд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Н.М нь хүүхдээ ганцаараа хардаг гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-ийг удаа дараа дуудахад ирэхгүй, оргон зайлсан нөхцөл байдал тогтоогдсон. Эхнэрээс нь мэдүүлэг авахад “эхнэр, хүүхдээсээ салаад явсан. Би хүүхдүүдээ өсгөж байгаа” гэсэн. Мөн хавтас хэрэгт Н.М нь ганцаараа хүүхдүүдээ өсгөдөг талаар нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдааныг Н.М “өмгөөлөгч авна” гэх үндэслэлээр хэд хэдэн удаа хойшлуулсан боловч дараа нь “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх бичгээр гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх хуралдааныг явуулсан. Иймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн буруутай үйлдэл байна гэж байна. Хэдийгээр эхнэр нь архи ууж, агсам тавьдаг байлаа гэхэд энэ нь эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулж болно гэсэн үг биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ... тоотод гэртээ эхнэр Б.Э-той маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 3 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, зүүн 5, 6 дугаар хавирганы суганы урд шугамаарх зөрөөтэй хугарал, зүүн талд плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины бүрэн бус уналт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э-ын: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 30 минутын үед сэрээд “Өглөө болчихлоо. Одоо яв яв” гэтэл манай нөхөр М намайг зодох гээд байхаар нь утсаа аваад цагдаа дуудах гэтэл миний утсыг “Би авч өгсөн утас” гээд булааж аваад, миний биеийн хажуу тал руу 3 удаа өшиглөөд өөрөө цагдаа руу залгаад “Энэ хүн агсам тавиад байна” гэж дуудлага өгчихөөд хувцсаа өмсөөд гараад зугтаачихсан. ..” /хх 11/,

гэрч А.А-ын: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зодуулсан талаараа эмнэлэгт хэвтсэн байхдаа над руу залгаад М миний хавиргыг хугалчихлаа. Гэмтэлд хэвтэж байна гэсэн. ...” /хх 21/,

гэрч Д.С-ын: “...өглөө 07 цагийн үед дуудлага ирсэн ба утгыг нь сайн санахгүй байна. Намайг дуудлагад очиход нэг эмэгтэй зүүн цээжээ тэврээд хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “Нөхөр маань намайг дэвсчихээд яваад өглөө” гэсэн. ...” /хх 23/,

шүүгдэгч Н.М-ийн: “...Э босч ирээд өмдөө өмсөөд “Би одоо чамтай нэгийгээ үзнэ, ясыг чинь цайлгана” гээд миний толгой руу гараараа цохиод, энгэрээс зуураад байхаар нь би хоёр гарыг нь тавиулаад, унагаагаад нэг удаа дэвсчихсэн юм. Тэгтэл Э “Яая, хавирга хугарчих шиг боллоо” гэхээр нь би тэр чигээрээ гараад явчихсан. ...газар унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа дэвсчихсэн. ...” /хх 17, 33/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Э-ын биед цээжний битүү гэмтэл, зүүн 5, 6 дугаар хавирганы суганы урд шугамаарх зөрөөтэй хугарал, зүүн талд плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины бүрэн бус уналт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №4909 дугаартай дүгнэлт /хх 27/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-ийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тусгай ангид заасан хорих ялын хэмжээнээс доогуур буюу хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нар хамтарч гаргасан давж заалдсан гомдолдоо “...Б.Э нь ажил дээрээ архи ууж, гэртээ бага насны хүүхдийхээ дэргэд үргэлжлүүлэн архи ууж, агсам тавьж гэрээс яв гэж хөөсөнд Н.М-ийн сэтгэл санаа хүчтэй цочролд автсанаас 1 удаа өшиглөсөн. ...” гэжээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийн үйлдлийг хянах, удирдан жолоодох чадваргүй болж, нөхцөл байдлыг зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвараа алдахыг ойлгох бөгөөд энэ нь “маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч, хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын” саатал болно. Энэхүү ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрнэ.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Э-ын “...миний утсыг булааж аваад, миний биеийн хажууд тал руу 3 удаа өшиглөөд, өөрөө цагдаа руу залгаад энэ хүн агсам тавиад байна гэж дуудлага өгчихөөд хувцсаа өмсөөд гараад зугтаачихсан...” /хх 11/, шүүгдэгч Н.М-ийн “...би хоёр гарыг нь тавиулаад газар унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа дэвсчихсэн...” /хх 17, 33/ гэх мэдүүлгүүдээр Н.М нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч С.Намжилмаа нь давж заалдсан гомдолдоо “...анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ өмгөөлөгч оролцуулалгүйгээр хууль зөрчиж шийдвэрлэсэн...” гэжээ.

Шүүгдэгч Н.М нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн тайлбар /хх 90/-ыг бичгээр гаргаж өгч байжээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/731 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/731 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ