Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 731

 

     2020         09         08                                  2020/ШЦТ/731

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Н.М,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.М-т холбогдох эрүүгийн 2011009790623 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой.мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд Дарь эх 16-1239 тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил тэнсэж байсан.

Боржигон овогт Н.М /РД: ШВ85112372/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.М нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

шүүгдэгч Н.М нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-958а тоотод өөрийн эхнэр хохирогч Б.Энхболортой маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 3 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, зүүн 5, 6-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал, зүүн талд плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины бүрэн бус уналт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... газар унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа дэвсчихсэн тэгтэл Энхболор яа яа хавирга хугарчих шиг боллоо гэхээр нь би худал хэлж байна гэж бодоод гараад яваад өгсөн...” /хх-ийн 32-33х/,

          - хохирогч Б.Энхболорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 30 минутын үед сэрээд өглөө болчихлоо одоо яв яв гэтэл манай нөхөр М намайг зодох гээд байхаар нь утсаа аваад цагдаа дуудах гэтэл миний утсыг би авч өгсөн утас гээд булааж аваад миний биеийн хажуу тал руу 3 удаа өшиглөөд өөрөө цагдаа руу залгаад энэ хүн агсам тавиад байна гэж дуудлага өгчхөөд хувцсаа өмсөөд гараад зугтаачихсан... дундаасаа хоёр хүүхэдтэй 6 настай, 4 настай. Өмнө нь ийм аймар болтол зодож байгаагүй зүгээр гэр бүлийн хэрүүл ихтэй... би гомдол, санал байхгүй...” /хх-ийн 10-13х/,

- гэрч А.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад өмнө нь тиймэрхүү юм ярьж байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зодуулсан талаараа эмнэлэгт хэвтсэн байхдаа над руу залгаад М миний хавирга хугалчихлаа гэмтэлд хэвтэж байна гэсэн...” /хх-ийн 20-21х/,

- гэрч Д.Соджамцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-958а тоотод өглөө 07 цагийн үед байхаа дуудлага ирсэн ...намайг дуудлагаар очиход нэг эмэгтэй зүүн цээжээ тэврээд хэвтэж байсан юу болсон талаар асуухад нөхөр маань намайг дэвсчихээд яваад өглөө гэсэн тэгээд 103-т дуудлага өгч, гарч ойр орчимд шалгахад ямар нэг хүн харагдаагүй удалгүй түргэний машин ирээд ГССҮТ-рүү аваад явсан...” /хх-ийн 22-23х/,

- шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4909 дугаартай “...Б.Энхболорын биед цээжний битүү гэмтэл, зүүн 5, 6-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал, зүүн талд плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины бүрэн бус уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” /хх-ийн 25-27х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.М-ийг эхнэр Б.Энхболортой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож түүний цээжний зүүн хэсэгт 3 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

хохирогч Б.Энхболорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, шүүхэд гаргаж өгсөн хүсэлт зэргийг үндэслэн Н.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.М-д ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдэхэд  хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн, мөн хохирогчийн гаргасан хүсэлт, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ