Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2022/00628

 

                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2022/00253/И

 

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот, “Д” ХХК, ... овгийн Б.Б /РД:..., утас:.../

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух “Ц.з” ХХК, ... овгийн Р.А /РД:...., утас:.../-т холбогдох,

 

"... Татварын улсын байцаагч нарын тавьсан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №1922019898 тоот актнаас Р.Ад холбогдох 62,274,349 төгрөг гаргуулах тухай... иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн төлөөлөгч Р.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

“...2015 оны 9 сараас “Ц.з” ХХК-ийн захирал Р.А-тай уулзаж, танилцсан. 2016 оны 9 сард манай дэлгүүр дээр ирж уулзахдаа “Манай компанид НӨАТ хэрэгтэй байна. Танд олж өгөх боломж байна уу?” гэхээр нь хүмүүсээс асуугаад ийм, ийм аргаар олдог гэж хэлэхэд, Р.А манай компани асуудалтай байгаа болохоор дамжуулан аваад өгөөч гэхээр нь би өөрийн “Д” ХХК-аар оруулаад авсан. Ингээд 2015 онд 200,000,000 төгрөг, 2016 оны 1 сард 400,000,000 төгрөгийн НӨАТ-ийн баримт хэрэгтэй байна гээд би “Да” ХХК, “М.э.и” ХХК-аар НӨАТ-баримт аваад өөрийн компаниар дамжуулан олгосон. 2015 онд нэг баримтаар, 2016 онд 7 баримтаар дамжуулан “Ц.з” ХХК-д өгсөн. Дээрх НӨАТ баримтыг “Да” ХХК, “М.э.и” ХХК-тай холбогдож, эдгээр баримтыг ингэж авч болно гээд зөвшөөрөөд авч байсан. Эдгээр компани нь хил хоорондын худалдаа эрхэлдэг компани байсан болохоор манай компани үйл ажиллагаатай таарч байсан. Эдгээр компаниас авсан НӨАТ-ын баримтыг бүгдийг нь “Ц.з” ХХК-д шивсэн баримтаар нотлогдож байна.

2016 онд бүх үйл ажиллагааны баримт цахим болсон тул бүх цахимаас харагдаж байгаа. Барилгын худалдааны наймаа 11 сараас дараа оны 2 сар хүртэл борлуулалт мууддаг. “Ц.з” ХХК-ийн захирал Р.А-ы гуйлтаар энэ бүх зүйлийг хийсэн.

Бидний хооронд ярилцсан зүйл байсан. Одоо бол хэлэх шаардлагагүй байх. 2016 онд “Ц.з” ХХК-нд шивсэн. Манай компани орлого тэр үед 20,000,000 төгрөг ч хүрэхгүй байхад би 2 компаниас 400,000,000 төгрөгийн бараа аваад 7 баримтаар “Ц.з” ХХК-д бүгдийг хий шивсэн. Би Р.А-д хэлсэн, ер нь болохгүй юм байна гэхэд Р.А би орлого хийе гэж хэлээд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 162,000,000 төгрөгийг “Д” ХХК-ийн Хас банкны дансанд хийлгээд, би зөрүүлээд 162,000,000 төгрөгийг тэр дор нь Р.А-ы хувийн дансанд хийсэн. Мөн дахиад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 158,710,000 төгрөгийг “Ц.з” ХХК-аас “Д” ХХК-ийн дансанд орлого болж оруулаад бас л зөрүүлээд Р.А-ы хувийн дансанд хийсэн. Ингэснээр манай компани орлого өссөн дүнгээр харагдаж байгаа. 2018 онд манай компанид “Да” ХХК, “М.э.и” ХХК-аас НӨАТ-ын баримт хуурамчаар зарсан гээд Нийслэлийн цагдаагийн газар, Прокурорын газраас нийт 10 гаруй байгууллага шалгуулахад манай компани нэр байсан болохоор татварын шалгалт орж акт тавиулсан. Шалгалт ороод хуурамч байсан болохоор баригдсан. Энэ тухайгаа “Ц.з” ХХК-ийн захирал Р.А-д хэлж бид учраа олохгүй явсаар өдийг хүрсэн. 62,274,349 төгрөгийг гаргахдаа “Ц.з” ХХК-д шивсэн 400,000,000 төгрөгөөс татварын улсын байцаагчийн бодолтыг хараад тооцоог гаргасан. Ингээд би өмгөөлөгчөөс эрх зүйн зөвлөгөө авахад албан ёсны болгох хэрэгтэй гэхээд нийт 400,000,000 төгрөгийн татвар нь 56,654,545.44 төгрөгийг “Ц.з” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна.

Энэ татварын улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй, татварын хэлтэстэй маргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад анхан шатны шүүх актыг хүчингүй болгож, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актын дагуу 93,897,552.70 төгрөгийг төлөхөөр болсон. Татварын улсын байцаагчийн шалгалтаар “Ц.з” ХХК-ийг огт оролцуулаагүй, бүх зүйлийг би өөрийн компанид хариуцлагыг үүрсэн байгаа. Татварын актаас 30 гаруй сая төгрөгийг төлсөн одоо үлдэгдэл 62,274,349 төгрөг үлдээд байгаа нь “Ц.з” ХХК төлөх ёстой.

Баримт нь хуурамч болохоос үйл ажиллагаа нь зөв явсан. Бид хоёр хоёулаа л мэдэж байсан. 400,000,000 төгрөгийг 3.5 хувиар худалдаж авсан. Р.А надад 7,000,000 төгрөгийг 2 удаа өгч би уг мөнгийг дээрх 2 компанид өгөөд НӨАТ-ын баримтыг авсан. Би өөр дээрээ байсан зүйлийг Р.А-д өгөөгүй. Өөр компаниас аваад дунд нь өөрийн компаниар оруулсан. Иймээс 400,000,000 төгрөгийн татварын төлбөр 56,654,545.44 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани буруугүй байж, татварын их хэмжээний өрөнд ороод байна...” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.А шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...”Д” ХХК-тай манай компанитай 2014 оноос хойш хамтран үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бараа материал нийлүүлэх талаар, “Д” ХХК нь “Да” ХХК, “М.э.и” ХХК-аас НӨАТ-ын хуурамч баримт аваад манай компанид дамжуулсан гэж ярьж байна. Компани захирал гэдэг төр, санхүүгийн нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийг мэдэж байж компани байгуулсан баймаар юм. Нэхэмжлээд байгаа НӨАТ-ын баримтын он, сар, өдөр нь зөрүүтэй байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 16, 12, 14, 22, 27-ны өдрийн баримт шивсэн байдаг. Хэргийн материалтай танилцахаар 2016 оны 01 дүгээр сарын 28, 30-ны өдөр гээд баримт шивсэн байдаг. “Д” ХХК-д шалгалт орохоос өмнө бүх татвараа төлсөн байгаа. Манай компани энэ асуудалд ямар нэгэн төлбөр төлөхгүй. Хуулийн дагуу бүх ажиллагаа явагдсан. “Д” ХХК-ийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал байхад манай компани хариуцлага хүлээх ёсгүй.

Надад нуусан зүйл байхгүй, 2015 оны 200,000,000 төгрөг, 2016 онд 400,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг хэлээд ирсэн. “Да” ХХК, “М.э.и” ХХК-ийг огт мэдэхгүй. Яагаад мэдэх ёстой гэж, “Д “ХХК-ийн асуудал баримтын он, сар, өдрийг харахаар манай компани 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хийсэн байхад тухайн компанийн баримтыг харахаар 2016 он 01 сараас эхэлсэн байсан. “Д” ХХК-ийн дотоод асуудал тул манай компани огт хамаагүй хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл “Д” ХХК-аас “Ц.з” ХХК-д нийт 400 сая гаруй төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивсэн байгаа. Энэ нь “Да” ХХК, “М.э.и” ХХК хоёр компаниас НӨАТ-ын баримт худалдан авах нэрийдлээр “Д” ХХК-ийн ашиглан дамжуулан “Ц.з” ХХК авсан байдаг.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татварт ногдуулах нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8.1-д зааснаар албан татварт ногдуулсан үндэслэл нь Төрийн эрх бүхий субъектээс татвар ногдуулах эрх нь үүсэж байдаг.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс “Да” ХХК, “М.э.и” ХХК хоёр компаниас НӨАТ-ын баримт худалдан авах шаардлага байхгүй байсан.

Шаардах эрхийн үндэслэл нь бусдын нэрийн өмнөөс “Д” ХХК хариуцлага хүлээх үүрэг байхгүй. “Да” ХХК, “М.э.и” ХХК хоёр компаниас НӨАТ-ын баримтыг өөрийн компаниар оруулан “Ц.з” ХХК-д шилжүүлж өгснөөр “Д” ХХК хариуцлага хүлээсэн байгаа. “Ц.з” ХХК-ийг бусдад гэм хор учруулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл үүсэж байна гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу 2018 оны татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. “Ц.з” ХХК-аас “Д” ХХК-аас зарлагын баримтыг гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

НӨАТ-ын баримтаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл байгаа тул татварын харилцаа үүссэн...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд нэхэмжлэлийн шаардлагыг “Д” ХХК-аас татварын улсын байцаагчийн торгууль, актыг “Ц.з” ХХК-ийн буруутай гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх татварын акттай холбоотой асуудал нь “Ц.з” ХХК-д хамааралгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, асуулт хариултын явцад батлагдаж байна. “Д” ХХК тухайн татварын актыг төлөх ёстой гэсэн Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад “Ц.з” ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Татварын шалгалтаар зөрчлөө хүлээн зөвшөөрөөд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байхдаа “Ц.з” ХХК-аас дээрх актын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                   

Нэхэмжлэгч “Д ХХК нь хариуцагч “Ц.з ХХК-д холбогдуулан Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот актаар тавигдсан төлбөрөөс “62,274,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хэргийн 1-2 дугаар хуудас/

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 1922019898 тоот шитйгэлийн хуудсаар оногдуулсан НӨАТ-ийн 36,363,636 төгрөг, торгууль 10,909,090 төгрөг, алданги 9,381,818 төгрөг, нийт 56,654,545 тоот төгрөг гаргуулах гэж багасгаж өөрчилжээ./хэргийн 74-76 дугаар хуудас/

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг Да ХХК, “М.э.и” ХХК-аас НӨАТ тооцогдох баримт “Ц.з ХХК-д олж өгөхдөө өөрийн компанийн санхүүгийн тайланд тусгаснаас татварын улсын байцаагчийн акт тавигдсан, зарим төлбөрийг “Ц.з ХХК хариуцах ёстой, ногдох төлбөрийг татварын улсын байцаагчаар бодуулсан гэжээ.

Хариуцагч 2014 оноос хойш хамтарсан. Д ХХК нь Да ХХК, ““М.э.и” ХХК-аас НӨАТ-ын хуурамч баримт аваад манай компанид дамжуулсаныг зөвшөөрөхгүй. Д ХХК-д шалгалт орохоос өмнө бүх татвараа төлсөн байгаа. Манай компани хариуцлага хүлээх ёсгүй гэж маргаж байна.

Талуудын маргааны зүйл болсон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногуулах тухай ... тоот шийтгэлийн хуудас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан./Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 114/2019/0006/З индекс бүхий хэргийн 5-8 дугаар хуудас/

Дээрх актад татвар төлөгч Д ХХК гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот тогтоол, Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоот Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот тогтоол /хэргийн 25-29, 31-37, 233-239, хэргийн 2 дугаар хавтас 33-38,59-62 дугаар хуудас/ гарчээ.

Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтаар буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот магадлалын 5 дугаар хуудас /захиргааны хэргийн 37 дугаар хуудас/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот тогтоолын 3 дугаар хуудас/захиргааны хэргийн 61 дүгээр хуудаст/ нэхэмжлэгч “Д” ХХК-г хэн нэгнээс бараа, материал худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин “М.э.и ХХК, “Да ХХК-аас бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртөгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй гэж үзэж, маргаан бүхий бүхий акт хуульд нийцсэн тухай давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ гэснээр маргаан бүхий Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот акт хүчин төгөлдөр болжээ.

Өөрөөр хэлбэл Дархан-уул аймгийн Татварын улсын байцаагчийн ... тоот акт тавигдах үндэслэл болсон НӨАТ-ын хий бичилт бүхий 8 ширхэг падааныг нэхэмжлэгч “Д ХХК нь “М.э.и ХХК, “Да ХХК-аас “бодитой худалдан авалт хийгээгүй атлаа хариуцагч “Ц.з” ХХК-ны захирал Р.А-ы гуйлтаар тухайн хуулийн этгээдээс авахдаа өөрийн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусган, тайлагнасан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттаар нотлогдоогүй гэснээс НӨАТ-ын падаанд хий бичилт хийсэн, бодитой худалдан авалт хийгээгүй, үйл ажиллагаагаа явуулаагүйд “Ц.з ХХК буруутай болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...бусдын нэрийн өмнөөс Д ХХК хариуцлага хүлээх үүрэг байхгүй. Да ХХК, “М.э.и” ХХК хоёр компаниас НӨАТ-ын баримтыг өөрийн компаниар оруулан Ц.з ХХК-д шилжүүлж өгснөөр Д ХХК хариуцлага хүлээсэн. Ц.з ХХК Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдад гэм хор учруулсан... гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн ...Д ХХК тухайн татварын актыг төлөх ёстой гэсэн Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад Ц.з ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй... гэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар НӨАТ-ын хий бичилт бүхий падааныг нэхэмжлэгч “Д ХХК нь “М.э.и ХХК, “Да ХХК-аас бодитой худалдан авалт хийгээгүй атлаа хариуцагч “Ц.з” ХХК-ны захирал Р.А-ы гуйлтаар тухайн хуулийн этгээдээс авсан учраас өөрт учирсан хохиролыг төлүүлнэ гэжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийгдсэн үед 8.1Иргэний эрх зүйн харилцаа үүснэ, 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 13.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж хуульчилсан.

Хуулийн этгээд өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан хэлцлийг хийхдээ “хуулиар хориглоогүй эрх үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилснаас үзвэл талууд маргааны зүйлтэй холбоотойгоор НӨАТ-ийн тухай хуулийн зохих заалтыг зөрчилтэй бараа, ажил, үйлчилгээний талаар тохиролцох, хэлцэл хийх үндэслэлгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч “Д ХХК татвар төлөгчийн хувьд санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуульд нийцүүлэн тайлагнах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд анхнаасаа “хуурамч гэдгийг мэдэж байгаа тохиолдолд өөрийн байгууллагын татварын тайланд тусгалгүй өөрийнх нь тайлбарласнаар хариуцагч “Ц.з ХХК-ийн захиралын “гуйлт гэгчийг хүлээн авахгүй байх боломжтой.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийх эрхтэй, нэхэмжлэгч “Д“ ХХК нь хариуцагч “Ц.з ХХК-ийн нэрийн өмнөөс хөлс аван, тодорхой үйлдэл хийсэн гэсэн тайлбар нь нотлогдохгүй байна.

Мөн зүйлийн 399.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй ч мөн зүйлийн 399.4-т ямар ч үед даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй байсан, татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй “хий бичилттэй гэх НӨАТ-ийн падааныг тайлагнасан буруутай гэдэгт нэхэмжлэгч өөрөө маргаагүй.

Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.2-т даалгавар өгөгчийн зааварчилгаар аюултай нөхцөл байдалд даалгавар гүйцэтгэснээс үүссэн хохиролд даалгавар гүйцэтгэгч буруугүй бол даалгавар өгөгч уг хохирлыг хариуцна гэжээ.

Шүүхээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 469,322 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв./хэргийн 3 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 339.1, 402 дугаар зүйлийн 402.2-т зааснаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ц.з” ХХК-д холбогдох 56,654,545.44 төгрөг гаргуулах бууруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн тэмдэгтийн  хураамж 469,322 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ