Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00069

 

“Дарсантех” ХХК, *******ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00253/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн 628 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК,

                      *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цагаан зуун” ХХК,

                   *******д холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: “... Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №192201898 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан НӨАТ-ын 36,363,636 төгрөг, торгууль 10,909,090 төгрөг, алданги 9,381,818 төгрөг, нийт 56,654,545 төгрөг гаргуулах” тухай багасгасан шаардлагатай

Иргэний хэргийг нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа,

            Шүүх хуралдаанд танхимаар: нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч *******, хариуцагч Цагаан зуун ХХК-н төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:

1.а. Манай компани 2004 оноос цахилгаан, сантехникийн материал бөөний болон жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа явуулдаг.

2018 онд Татварын улсын байцаагчийн шалгалтаар 2015 оны 12 сар, 2016 оны 1-3 саруудад “Дашинжил” ХХК, Монголгранд эйнжил инвест” ХХК-аас хийсэн худалдан авалт болох 579,780,273 төгрөгт ноогдох НӨАТ баримт хий бичилттэй учир нөхөн татварт 57,978,027 төгрөг, торгууль 17,393,408 төгрөг, алданги 18,526,117 төгрөг, нийт 93,897,552 төгрөгийн төлбөр тавигдсан.

Татварын улсын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрч одоогийн байдлаар 31,623,203 төгрөг төлж барагдуулаад байна.

Дээрх 579,780,273 төгрөгийн хий бичилтээс “Цагаан зуун” ХХК-ийн захирал *******ы санаачилга хүсэлтээр 400,000,000 төгрөгт ногдох НӨАТ-ын баримтыг манай  компани нэр дээр бичүүлж дамжуулж гаргасан.

Тайлангийн үеийн “Дарсантех” ХХК-ийн орлого, зарлагадаа хүрэхгүй орлого нэмэгдүүлэх шаардлага гарсан учир Хас банкы 5000066413 тоот дансанд “Цагаан зуун” ХХК-аас 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 162,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 158,710,000 төгрөгийн орлого хийж борлуулалтыг өсгөж тайлагнасан. Дансаар орж ирсэн 2 удаагийн орлогыг “Дарсантех” ХХК-аас бэлнээр авч *******ын нэрээр “Цагаан зуун” ХХК, Ц.Амаржаргалын Хас банкны дансанд буцаан шилжүүлсэн. 400,000,000 төгрөгийн НӨАТ баримтыг шилжүүлэн бичсэн үйлдлийн хамтарч хийсэн.

Татварын улсын байцаагч нарын актыг тооцоход 400,277,000 төгрөгийн татварт 40,277,000 төгрөг, торгууль 12,042,000 төгрөг, алданги 12,848,263 төгрөг, нийт 65,167,263 төгрөг болж байна. Иймд өр төлбөрөө хамтарч төлөх нь шударга ёсонд нийцэх тул 62,274,349 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

1.б. Хариуцагч “Цагаан зуун” ХХК, Ц.Амаржаргалаас 192201898 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан НӨАТ-ын 36,363,636 төгрөг, торгууль 10,909,090 төгрөг, алданги 9,381,818 төгрөг, нийт 56,654,545 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн  татгалзал, багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Манай байгууллага нь уг компанитай 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 6 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан материалаа зээлээр худалдан аваад уг бараа материалын төлбөр болох 162,000,000 төгрөгийг Хас банкны 5000066413 тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 158,710,000 төгрөгийг “Дарсантех” ХХК-ийн төлсөн.

Манай компани 2015 оны санхүүгийн тайланд уг бараа материалыг худалдан авсан анхан шатны баримтууд, татварын 2015 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлан, 2016 оны 01 дүгээр сарын НӨАТ-ын тайлангуудад тусгасан.

Манай компани хувьд “Дарсантех” ХХК-тай худалдан авагч, худалдан борлуулагч гэсэн харилцаатай. Харин тухайн компани дотоод үйл ажиллагаа, санхүүгийн орлого, зарлага, алдагдлыг манай компани хариуцах ёсгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 339.1, 402 дугаар зүйлийн 402.2-т зааснаар “Дарсантех” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Цагаан зуун” ХХК-д холбогдох 56,654,545.44 төгрөг гаргуулах бууруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 469,322 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч *******, өмгөөлөгч Б.Батсүх нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. ... Татварын өр үүсэх гол нөхцөл нь Цагаан  зуун ХХК-ны захирал *******тай холбоотой, түүний хүсэлтийн дагуу ... нийт 400,277,000 төгрөгийн 7 ширхэг НӨАТ-н төлбөрийн баримтыг “Дарсантех” ХХК-с Цагаан зуун ХХК-д шилжүүлсэн. Манай компани Цагаан зуун” ХХК-н өмнөөс НӨАТ-н падаан бусдаас авч Цагаан зуун ХХК-руу шилжүүлж бусдын өмнөөс хариуцлага хүлээж татварын өр үүссэн. Өөрөөр хэлбэл, Цагаан зуун ХХК-н үйлдлээс болж гэм хор учирсан.

4.2.  ... Цагаан зуун ХХК-н *******д НӨАТ-н баримт хэрэг болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, “Дарсантех” ХХК нь 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 29-ны өдрүүдэд 7 ширхэг НӨАТ-н нийт 400,277,000 төгрөгийн төлбөрийн баримтыг шивсэн байдаг ба хариуцагч нь үүнийг 2016 оны 7 сард байгуулсан гэрээний төлбөр гэж маргадаг. Гэвч НӨАТ-н цаг хугацаа,гэрээ байгуулсан хугацаатай зөрдөг. Түүнчлэн *******ы “Дарсантех” ХХК-ны данс руу шилжүүлсэн 162,0 сая болон 158,0 сая төгрөг  *******ы дансны хуулга болон Хас банкны зарлагын баримтаар шилжиж орсон, шилжүүлсэн цаг хугацаа нь тодорхой байдаг. Хэрэв худалдан авалт хийж төлбөр төлсөн бол тухайн төлбөрийг  ******* руу дахин шилжүүлэх ёсгүй юм. Үүнээс дүгнэхэд гэм хор учруулсан нь тогтоогдож буй бөгөөд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үйл явдал тогтоох үйлдлийг үгүйсгэсэн үйлдэл юм.

4.3. ... анхнаасаа талуудын хооронд Иргэний хуулийн 39.1-д заасан хэлцэл байгуулагдсан, энэхүү  хэлцэл нь зөвхөн Цагаан зуун ХХК-н хүсэл зориг байсан, “Дарсантех” ХХК хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Энэхүү  хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр гэм хор учирсан. Энэхүү гэм хор нь татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар нотлогддог.

4.4. Анхан шатны шүүх даалгаврын гэрээтэй түүнчлэн гэм хор арилгуулах үүрэгтэй холбоотой харилцааг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  “Дарсантех” ХХК-н төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “Дарсантех” ХХК-н төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй “Цагаан зуун” ХХК-н, *******д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна. 

3. Хэргээс судлан үзвэл:

3.1. Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч ******* нэхэмжлэлдээ ... нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг “Дарсантех” ХХК-н нэр дээр худалдан авч, шилжүүлэн бичилт хийхээр тохиролцсоны дагуу 400,0 сая төгрөгийн НӨАТ-н баримтыг шилжүүлэн бичсэн ба энэ үйлдлийг бид хоёр хамтарч үйлдсэн.

Татварын улсын байцаагч нарын актыг үндэслэн тооцоход 400,277,000 төгрөгийн нөхөн татвар  40,277,000 төгрөг, торгуульд 12,042,000 төгрөг, алданги 12,848,263 төгрөг нийт 65,167,263 төгрөг болж улмаар бусдын өмнөөс дээрх төлбөрийг төлснөөр манай компанийн хэвийн үйл ажиллагаа доголдох хүнд нөхцөлд байгаа тул гэм буруутай үйлдлийнхээ хэм хэмжээгээр өр төлбөрөө хамтарч төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа тул “Цагаан зуун” ХХК-н, захирал *******аас /нэхэмжлэлд бичсэнээр оруулав/ 62,274,349 төгрөгийг гаргуулах  гэж.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан шаардлагадаа ... гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Цагаан зуун” ХХК-н захирал Р.Амаржаргалаас /нэхэмжлэлд  бичсэнээр оруулав/... тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан НӨАТ-н 36,363,636 төгрөг, торгууль 10,909,090 төгрөг, алданги 9,381,818 төгрөг,нийт 56,654,545 төгрөг гаргуулах гэжээ. /хх- 74/

4. Хариуцагч “Цагаан зуун” ХХК-н төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... тус компанитай 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 тоот “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан материалаа зээлээр худалдан авч 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлбөр болох 162,000,000 төгрөгийг, 08-ны өдөр 158,710,000 төгрөгийг төлсөн. Манай байгууллагын 2015 оны санхүүгийн тайланд уг бараа материалыг худалдан авсан анхан шатны баримтууд, татварын 2015 оны 12-р сарын НӨАТ-н тайлан, 2016 оны 1-р сарын НӨАТ-н тайлангуудад тус тус тусгагдсан байгаа.

Манай компаний хувьд “Дарсантех” ХХК-тай худалдан авагч, борлуулагч гэсэн зах зээлийн харьцаатай ажилласаар ирсэн. Гэтэл тухайн компанийн дотоод үйл ажиллагаа, санхүүгийн орлого, зарлага, алдагдлыг манай компани хүлээх ёстой мэт нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэх тайлбар  гаргаж маргасан байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэн Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 339.1 /шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэнээр/, 402 дугаар зүйлийн 402.2-т заасныг тус тус баримтлан зүйлчилж “Дарсантех” ХХК-н нэхэмжлэлтэй “Цагаан зуун” ХХК-д холбогдох 56,654,545.44 төгрөг гаргуулах бууруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-150-154/

6. Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсүх нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...гэм хор учруулсан нь тогтоогдож байгаа,  хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр гэм хор учирсан. Энэхүү гэм хор нь татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар нотлогддог.

Иймд анхан шатны шүүх даалгаврын гэрээтэй түүнчлэн гэм хор арилгуулах үүрэгтэй холбоотой харилцааг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.

7. Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч ******* нь татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас-г эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл, улмаар  Захиргааны хэргийн гурван шатны шүүхэд тус тус хандсан байх ба  энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

8. Тодруулбал, хэргийн 93, 170 дугаар талд авагдсан шийтгэлийн хуудас болон Татварын Ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол зэргээс  үзэхэд:

8.1.Татварын улсын байцаагч нар “Дарсантех” ХХК-ийн  2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд, санхүүгийн болон татварын тайлан зэрэг баримт материалд үндэслэн бүрэн хяналт шалгалт хийж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №192201898 тоот “шийтгэлийн хуудас”-р “Дарсантех” ХХК-н гаргасан 590,312,954.10 төгрөгийн зөрчилд 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулж, Нэмэгдсэн албан татвараар нөхөн ногдуулсан нь 59,031,295.40 төгрөг гэж, 

Уг шийтгэлийн хуудсаар ...Монголгранд эйнжил инвест ХХК болон Дашиншил ХХК-даас нийт 388,849,363.80 төгрөгийн хий бичилттэй худалдан авалтыг “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-н “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”,

Хуулийн 14.6-н “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах,  худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж заасныг тус тус зөрчсөн  гэж буруутган Татварын Ерөнхий хуулийн 60, 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн 388,849,363.80 төгрөгийн зөрчилд нь нөхөн татвар, торгууль, алданги тус тус ногдуулсан байна.

8.2. Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөл нь ... “Дарсантех” ХХК нь татвар төлөгчийн ... дугаартай Монголгранд эйнжил инвест ХХК-иас ...  нийт 5 ширхэг падаанаар нийт 390,530,909.20 төгрөгийн материал,

Дашиншил ХХК-иас ...нийт 3 ширхэг падаанаар нийт 189,249,363.70 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 12, 2016 оны 01,03 дугаар сарын тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тайлагнаж, төсөвт төлөх татварын дүнг 57,978,027.30 төгрөгөөр бууруулсан болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдож байна.

-гомдол гаргагч “Дарсантех” ХХК-н нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг нягтлахад  хүчин төгөлдөр гэж үзэх хуулийн шаардлага хангагдахгүй, 

... “Дарсантех” ХХК-ийн 2015-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд авагдсан  Дашиншил ХХК, Монголгранд эйнжил инвест ХХК-н цахим баримтыг “захирал Батсуурь нь цахим баримтын системээс татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж, бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон” нь  шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул уг худалдан авалтыг бодитой гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж,  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 06 дугаартай  тогтоолыг хэвээр баталжээ.  /хх-170/

9. Дээрхээс  дүгнэхэд: Хэдийгээр “Дархантех” ХХК нь Дашиншил, Монголгранд эйнжил инвест ХХК-даас  падаан бүхий худалдан авалт хийсэн гэх боловч энэхүү “падаан” нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, харин төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар  нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохыг хуулиар зохицуулсан.

10. Нягтлан бодох бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн

13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”.

13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамдаг,тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”. ...,

13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”.

13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заасан.

 11. “Дарсантех” ХХК-н нягтлан бодох бүртгэлийн дээрх хуулийг зөрчсөн болох нь Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх  татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол зэргээр тодорхойлогдож байна.

12. “Дарсантех” ХХК-ийн Дашиншил ХХК, Монголгранд эйнжил инвест ХХК-иудаас худалдан авалт хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй, улмаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь хуулийн шаардлага хангаагүй зэргээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан  ...  нэмэгдсэн өртгийн албан татварыг нь хасч тооцохгүй гэсэн хуулийг шаардлагыг зөрчсөн байх ба энэ нь  “Дарсантех” ХХК-г  буруутгах  үндэслэл болсон байна. 

13. Харин дээрх нэр бүхий хуулийн этгээдүүдийн хоорондын  ажил, үйлчилгээ нь  санхүүгийн баримтаар тогтоогдсон, анхан шатны баримтыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд  нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох болохыг  хууль зохицуулсан байна.  

Иймд хуулиар зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогддог учир  “Дарсантех” ХХК нь  хууль  зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

14. Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч ******* нь “Цагаан зуун” ХХК-н төлөөлөгч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, багасгасан шаардлага болон тэрээр өмгөөлөгчийн хамт гаргасан давж заалдах гомдолд  хариуцагч “Цагаан зуун” ХХК-н төлөөлөгч *******ы хүсэлтээр дээрх ажил, үйлчилгээг явуулсны улмаас хохирол учирсан, энэ нь гэм хорын хохирол хэмээн тайлбарладаг.

 Гэм хорын хохирол нь тухайн этгээд гэм буруутай байж хохирол хариуцна. Хэргээс үзэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэжээ.

Дээрх хуулийн зүйл, хэсгийн заалтаас үүргийн эрх зүйн салбарт үүргийн эрх зүйн тусгай ангид тусгайлан хуульчлаагүй гэрээг байгуулж болохоор ойлгогдож байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 Хэдийгээр нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-ийн төлөөлөгч ******* нь нэр бүхий хуулийн этгээдүүдээс падаан бүхий худалдан авалт хийсэн үйлдэл нь хариуцагч  “Цагаан зуун” ХХК-ийн төлөөлөгч *******ы хүсэлтээр  хийгдсэн, бидний хооронд хэлцэл хийгдсэн гэж тайлбарлаж байх  боловч хэргээс  судлахад үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч ******* нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч “Цагаан зуун” ХХК-н өмнө НӨАТ-н баримт олж өгөх үйлдэл хийх, уг үйлдэл хийхээс татгалзах үүргийн аль алиныг хүлээсэн,

мөн үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч “Цагаан зуун” ХХК-н төлөөлөгч ******* нь уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх-ийг хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд эрх, үүргээр холбогдсон үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

Нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-ийн төлөөлөгч *******,  хариуцагч “Цагаан зуун” ХХК-н төлөөлөгч ******* нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан иргэний эрх зүйн нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

16. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хуулиар хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн  хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Энэхүү “хууль зөрчсөн” хэлцэлд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог.

 17. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.

Энэхүү нэрлэгдээгүй гэрээ-ний  талуудын  хувьд харилцан буцааж өгөх зүйл байхгүй, өөрөөр хэлбэл, талуудын хооронд үр дагавар үүсээгүй байх тул энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

18. Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах,  нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

19. Харин нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-н төлөөлөгч ******* нь “Цагаан зуун” ХХК-н түүний төлөөлөгч ******* гэгчид  холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Цагаан зуун” ХХК-н төлөөлөгч ******* гэж бичсэн байгааг анхаарч тодруулалгүй Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж /хх-22/, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамж /хх-24/, баримт №3 /хх-25/, “хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж /хх53/, баримт №7 /хх-55/, Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх-58/, баримт № 9, 6 /хх-60,61/, Шүүх хуралдааны тэмдэглэл /хх-64/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах тухай Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол /хх-68/, шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж /хх-70/, баримт №9 /хх-72/, хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх-113/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-140/, давж заалдах гомдол /хх-190-193/ зэрэгт ******* гэж, зарим эрхийн актуудад *******, ******* гэж холимог байдлаар бичсэн алдаа гаргасан байгааг магадлалд тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ   НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 628  дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 339.1, 402 дугаар зүйлийн 402.2-т зааснаар  ... “гэснийг,

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар ... “ гэж  өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж  заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 441223 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

                          

       

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                        Х.БАЙГАЛМАА