Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/01898

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо  Т ХХК /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо УУ  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг   овогт Б Э  

 

2,252,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М

                                 хариуцагчийн өмгөөлөгч Ю.С

                              нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн У.У, Б.Э нар нь манай компаниас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ТМ1905163 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 30 хоногт сарын 7 хувийн хүүтэй зээлэн болон зээлийн хүүг авсан хугацаанд 1 сарын хугацаанд эргэн төлөх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 хоногийн хугацаатай буюу 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан. Манай компаниас тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр У.У Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 3,456,820 төгрөг гаргуулах нэхэмжлэл өгсөн. Уг нэхэмжлэлд тусгасан дүнгийн нарийвчилсан задаргаа буюу нэхэмжлэлийн шаардлагын тодруулгыг хүргүүлж байна. У.У, Б.Э нар Үндсэн зээл зээлийн хүүтэй нийт 5,885,000 төгрөгөөс У.Уын хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 385,000 төгрөгийн хүү өгч үндсэн зээлийг 1 сарын хугацаатай сунгуулсан. Мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 385,000 төгрөгийн хүү өгч үндсэн зээлийг дахин 1 сарын хугацаатай сунгуулсан. 2019  оны 8 дугаар сарын 20-ны өдөр бас 385,000 төгрөгийн хүү өгч үндсэн зээлийг дахин 1 сарын хугацаатай сунгуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бас 385,000 төгрөгийн хүү өгч төлөх боломжгүй байгаа тул дахиж сунгаж өгөөч гэж дөрвөн удаагийн давтамжтай хүү өгч сунгасан. Ингээд үндсэн зээлийн 5,500,000 төгрөгөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийн хасалт, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийн хасалт хийлгэж үндсэн мөнгөнөөс 4,000,000 төгрөг үлдсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөн төлөлт хийх боломжгүй байгаа тул дахин нэг сар сунгаж өгөөч гээд сарын 7 хувийн хүү 280,000 төгрөг өгч 1 сараар сунгуулсан. Ингээд үндсэн зээлийн 4,000,000 төгрөгөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийн хасалт хийлгэж бас 2019 оны 11 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийн хасалт хийлгэж үндсэн мөнгөнөөс 3,600,000 төгрөг үлдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн төлөлт хийх боломжгүй байгаа тул дахин нэг сар сунгаж өгөөч гээд сарын 7 хувийн хүү 252,000 төгрөг өгч 1 сараар сунгуулсан. Үндсэн зээлийн 3,600,000 төгрөг, зээлийн хүү 252,000 төгрөг, нийт 3,852,000 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 48,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 152,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгийн төлөлт хийсэн. 3,852,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2,252,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан ба зээлийн гэрээний 1.6 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног  тутам 0,5 хувиар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл алданги тооцож эхэлсэн. 2,252,000 төгрөгийг 0,5 хувиар үржүүлж 11,260 төгрөг болсон. Алдангийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 107 хоногоор бодож нэхэмжилсэн. 11,260 төгрөгийг 107 хоногоор үржүүлж 1,204,820 төгрөг гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч нараас үндсэн зээлийн 2,000,000 төгрөг, зээлийн хүү 252,000 төгрөг, алданги 1,204,820 төгрөг, нийт 3,456,820 төгрөг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.У нь өөрийн биеэр 1 удаа ирж хугацаа сунгах хүсэлт гаргаж байсан. Тухайн үед хугацаа сунгах хүсэлтийг нь бичгээр хийж аваагүй амаар тохиролцоод явсан байдаг. Хариуцагч нь уул уурхайн ажлаар хөдөө, гадаа явдаг учраас дан утсаар холбоо барьж “...Би хөдөө ажлаар явж байгаа тул очих боломжгүй байна. Хүү төлөөд хугацаа сунгая...” гэж хэлдэг байсан ба хүүгээ өөрөө бодоод манай данс руу шилжүүлдэг байсан. Хариуцагчийн хувьд төлөх ёстой хүүг өөрөө бодож төлөөд одоо үндсэн зээлийн төлбөр хэд вэ гэж асуулгүй бүгдийг нь мэддэг байсан тул хугацаа сунгалт хийгээд явж байсан гэдэгтээ маргах зүйл байхгүй гэж бодож байна. У.У эхний удаа өөрийн биеэр ирж хугацаа сунгая гэж хэлж байсан. Дараа дараагийн хугацаа сунгалтыг ч мөн адил утсаар холбогдож “...Очих боломжгүй, хөдөө байна. Хугацаагаа сунгая...” гэдэг байсан. Манайх тухайн үед ирж хүсэлт өгөөд баримт үйлдэж хугацаа сунга гэхэд “...Очих боломжгүй байна шууд хүүгээ шилжүүлчихье...” гээд манай данс руу мөнгө шилжүүлдэг байсан.  Манайх хүү болон алданги тооцож нэхэмжилж байсан ч У.У нь хүү болон алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн болохоор алданги болох 1,204,820 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан байгаа. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, нэг сарын хүү 252,000 төгрөг нийт 2,252,000 төгрөг гаргуулж өгнө үү.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.У нь “Т” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5,500,000 төгрөгийг сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлсэн байдаг ба үндсэн зээлийн төлөлтөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 385,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 385,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 385,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 385,000 төгрөг нийт 4 удаагийн давтамжтайгаар 385,000 төгрөг төлсөн байдаг. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 280,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 252,000 төгрөг, мөн өдөр дахиад 48,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 152,000 төгрөг нийт 5,572,000 төгрөг төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээнд 5,885,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 1 сарын хугацаанд биелүүлэхээр тохиролцсон байдаг. Хэдийгээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа У.Уыг үндсэн зээлээс 3,600,000 төгрөг төлсөн мөн У.Уын хүсэлтээр зээлийн гэрээг сунгасан гэдэг боловч зээлийн гэрээний хугацааг сунгасан бичгээр хийсэн зүйл байдаггүй бөгөөд У.Уаас зээлийн төлөлт хийсэн мөнгийг зээлийн хүүнд тооцож авсан нь буруу байна. Иргэний хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан байдаг бөгөөд энэ шаардлагын дагуу талууд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд мөн гэрээний хугацаа бичгийн хэлбэрээр баримт үйлдэж сунгасан байхаар зохицуулж өгсөн. Гэтэл талуудын хооронд бичгийн хэлбэрээр баримт үйлдэж хугацаа сунгалт хийгдээгүй байгаа нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд У.Уын төлсөн 5,572,000 төгрөгөөс хүүнд төлсөн 385,000 төгрөгийг хасч үлдэгдэл 5,187,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч У.У, Б.Э нарт холбогдуулан 3,456,820 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги болох 1,204,820 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2,252,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “зээлийн гэрээ”-г бичгээр хийж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 5,500,000 төгрөг шилжүүлэх, уг мөнгийг хариуцагч сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаанд буцааж төлөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн гэрээг байгуулсан асуудлаар болон төлсөн мөнгөний хэмжээнд зохигч маргаагүй, харин хариуцагч “зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн төлбөрт төлсөн мөнгийг хүүд тооцсон нь буруу” гэж маргав.

   

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний журмыг зохицуулсан бөгөөд уг гэрээг бичгээр байгуулсан байх хэлбэрийн шаардлага тавигддаг. Энэхүү гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэжээ. Иймд зээлийн гэрээний хугацааг сунгах тохиролцоог бичгээр хийгээгүй тохиолдолд хугацаа сунгасан гэж үзэхгүй бөгөөд тухайн хугацааны хүүг зээлдүүлэгч шаардах эрхгүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн зээлийн хүүд төлсөн гэх 2,072,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүд тооцох үндэслэлгүй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 5,885,000 төгрөг төлөхөөс 5,572,000 төгрөг төлсөн байх тул гүйцэтгээгүй үүрэг болох 313,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас 313,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1,939,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б овогт У У, Б Э нараас 313,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ту” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,939,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,260 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У.У, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 10,040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ту” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА