Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01642

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01642

 

 

 

 

 

Тэнгис авто тамбу ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Тэнгис авто тамбу ХХК-ийн хариуцагч У.Ууганбаяр, Б.Энхтулга нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 252 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, Б.Мөнхдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн У.Ууганбаяр, Б.Энхтулга нар нь манай компаниас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ТМ1905163 тоот зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг 30 хоногт сарын 7 хувийн хүүтэй зээлэн болон зээлийн хүүг авсан хугацаанд 1 сарын хугацаанд эргэн төлөх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 хоногийн хугацаатай буюу 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлж авсан. Манай компаниас тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр У.Ууганбаяр Б.Энхтулга нараас зээлийн гэрээний үүрэгт 3 456 820 төгрөг гаргуулах нэхэмжлэл өгсөн. Уг нэхэмжлэлд тусгасан дүнгийн нарийвчилсан задаргаа буюу нэхэмжлэлийн шаардлагын тодруулгыг хүргүүлж байна. У.Ууганбаяр, Б.Энхтулга нар үндсэн зээл, зээлийн хүү нийт 5 885 000 төгрөгөөс У.Ууганбаярын хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 385 000 төгрөгийн хүү өгч, үндсэн зээлийг 1 сарын хугацаатай сунгуулсан. Мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 385 000 төгрөгийн хүү өгч, үндсэн зээлийг дахин 1 сарын хугацаатай сунгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бас 385 000 төгрөгийн хүү өгч, үндсэн зээлийг дахин 1 сарын хугацаатай сунгуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бас 385 000 төгрөгийн хүү өгч төлөх боломжгүй байгаа тул дахин сунгаж өгөөч гэж дөрвөн удаагийн давтамжтай хүү өгч сунгасан. Ингээд үндсэн зээлийн 5 500 000 төгрөгөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийн хасалт, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөгийн хасалт хийлгэж, үндсэн мөнгөнөөс 4 000 000 төгрөг үлдсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөн төлөлт хийх боломжгүй байгаа тул дахин нэг сар сунгаж өгөөч гээд сарын 7 хувийн хүү 280 000 төгрөг өгч 1 сараар сунгуулсан. Ингээд үндсэн зээлийн 4 000 000 төгрөгөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөгийн хасалт хийлгэж бас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200 000 төгрөгийн хасалт хийлгэж, үндсэн мөнгөнөөс 3 600 000 төгрөг үлдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн төлөлт хийх боломжгүй байгаа тул дахин нэг сар сунгаж өгөөч гээд сарын 7 хувийн хүү 252 000 төгрөг өгч 1 сараар сунгуулсан. Үндсэн зээлийн 3 600 000 төгрөг, зээлийн хүү 252 000 төгрөг, нийт 3 852 000 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 48 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 152 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийн төлөлт хийсэн. 3 852 000 төгрөгөөс 1 600 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2 252 000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан ба зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл алданги тооцож эхэлсэн. 2 252 000 төгрөгийг 0,5 хувиар үржүүлж 11 260 төгрөг болсон. Алдангийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 107 хоногоор бодож нэхэмжилсэн. 11 260 төгрөгийг 107 хоногоор үржүүлж 1 204 820 төгрөг гарсан. Манайх хүү болон алданги тооцож нэхэмжилж байсан ч У.Ууганбаяр нь хүү болон алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн болохоор алданги болох 1 204 820 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, нэг сарын хүү 252 000 төгрөг нийт 2 252 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: У.Ууганбаяр нь Тэнгис авто тамбу ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5 500 000 төгрөгийг сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлсэн байдаг ба үндсэн зээлийн төлөлтөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 385 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 385 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 385 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 385 000 төгрөг нийт 4 удаагийн давтамжтайгаар 385 000 төгрөг төлсөн байдаг. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 280 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 252 000 төгрөг, мөн өдөр дахиад 48 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 152 000 төгрөг нийт 5 572 000 төгрөг төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээнд 5 885 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 1 сарын хугацаанд биелүүлэхээр тохиролцсон байдаг. Хэдийгээр Тэнгис авто тамбу ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа У.Ууганбаярыг үндсэн зээлээс 3 600 000 төгрөг төлсөн мөн У.Ууганбаярын хүсэлтээр зээлийн гэрээг сунгасан гэдэг боловч зээлийн гэрээний хугацааг сунгасан бичгээр хийсэн зүйл байдаггүй бөгөөд У.Ууганбаяраас зээлийн төлөлт хийсэн мөнгийг зээлийн хүүнд тооцож авсан нь буруу байна. Иргэний хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан байдаг бөгөөд энэ шаардлагын дагуу талууд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд мөн гэрээний хугацаа бичгийн хэлбэрээр баримт үйлдэж сунгасан байхаар зохицуулж өгсөн. Гэтэл талуудын хооронд бичгийн хэлбэрээр баримт үйлдэж хугацаа сунгалт хийгдээгүй байгаа нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд У.Ууганбаярын төлсөн 5 572 000 төгрөгөөс хүүнд төлсөн 385 000 төгрөгийг хасч үлдэгдэл 5 187 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Уранчимэгийн Ууганбаяр, Гурван мэргэд овогт Баасанжавын Энхтулга нараас 313 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тэнгис авто тамбуу ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 939 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 260 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У.Ууганбаяр, Б.Энхтулга нараас улсын тэмдэгтийн хураамжид 10 040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тэнгис авто тамбуу ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, Б.Мөнхдалай нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн үндэс нь зохигчдын хоорондох зээлийн гэрээний үүрэг буюу анх зээлсэн 5 500 000 төгрөг, түүний хүү, хэтэрсэн хугацааны хүү байсан бөгөөд хариуцагч тал зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүнд төлсөн дүнгээ үндсэн зээлээс төлсөн гэж маргажээ. Зээлдэгч зээлийн төлбөр хийх үедээ хариуцсан зээлийн эдийн засагчтай холбогдон хүсэл зоригоо илэрхийлж төлөлтийг дансаар шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн төлбөрийг төлсөн болон хүү, алданги, үндсэн зээлийн чухам алинаас хасалт хийгдсэн талаарх нотлох бичгийг ирж аваагүй. Энэ тохиолдолд шүүх нотлох баримт гаргуулах, эсвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг аль нэг талын тайлбарт авталгүй шинжилж үзэх ёстой байсан боловч хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас /нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/ харахад зээлдэгчийн төлсөн мөнгөн дүнг харахад аль нь хэтэрсэн хугацааны төлбөр, аль нь үндсэн зээлийн төлбөр болох нь маш тодорхой харагдана. Сийрүүлбэл: 2019 оны 5 дугаар сарын 16-нд 5 500 000 төгрөгийн зээл авсан. /5 000 000 * 7% = 385 000 төгрөг/ 2019 оны 6 дугаар сарын 15-нд үндсэн зээл, зээлийн хүүгийн 5 885 000 төгрөг төлөх ёстой байсан. 2019 оны 7 дугаар сарын 05-нд 385 000 төгрөг төлсөн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны хоорондох 1 сарын хүү/ -2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 385 000 төгрөг төлсөн /2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны хоорондох 1 сарын хүү/ 2019 оны 8 дугаар сарын 20-нд 385 000 төгрөг төлсөн /2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны хоорондох 1 сарын хүү/, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 385 000 төгрөг төлсөн /2019.08.15 - 2019.09.15 хоорондох 1 сарын хүү/ Эдгээр төлөлтүүдийг харахад 1-рт зээлдэгч хэдэн төгрөгийг ямар утгатайгаар төлж байгаагаа сайн мэдэж байсан, 2-рт эдгээр хүүгийн төлбөрийг төлөхдөө байнга хугацаа хоцроон төлж байсан нь харагдана. 2019.09.27-нд 1 000 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.09.28-нд 500 000 төгрөг төлсөн/ үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ Ингээд үндсэн зээлээс 4 000 000 төгрөг үлдсэн байна. /4 000 000 * 7% = 280 000 төгрөг/ 2019.10.17-нд 280 000 төгрөг төлсөн /2019.09.15 - 2019.10.15 хоорондох хүү/ 2019.10.25-нд 200 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.10.30-нд 200 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ Үндсэн зээлээс 3 600 000 төгрөг үлдсэн байна. /3 600 000 * 7 252 000 төгрөг/ 2019.11.16-нд 252 000 төгрөг төлсөн /2019.10.15-2019.11.15 хоорондох хүү/ 2019.11.16-нд 48 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.11.21-нд 300 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.11.23-нд 300 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.12.12-нд 500 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.12.18-нд 300 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ 2019.12.24-нд 152 000 төгрөг төлсөн /үндсэн зээлийн төлөлтөөр тооцон суутгасан/ Үндсэн зээлээс 2 000 000 төгрөг үлдэж байна. Мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үүргийг хүү гэх бөгөөд энэ нь ашигласан хугацаатай нягт холбоотой байдаг билээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээнд зээлийн хүүг 1 сард 7 хувь байна гэж тусгасан байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасанчлан зээлдэгч тал хугацаа хэтрүүлсэн сар тутамдаа үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон сар тутам 7 хувийн хүү төлөх үүрэгтэй ба хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх, төлүүлэхэд албан ёсны хүсэлт шаардлагагүй байдаг билээ. Өөрөөр хэлбэл хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгчийн төлсөн дүнгээс эхлээд хэтэрсэн хугацааны хүү авах, үлдсэн дүнг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцох нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх хэмжээний асуудал байдаг. Дээрх төлөлтүүдийн огноо, дүн зэргийг харахад хариуцагчийн үндсэн зээлийн төлбөр гэж маргаж буй төлөлтүүд нь ашигласан хугацааны хүү болох нь илт харагдаж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.5-д гэрээнд заасан хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан. Гэрээний хугацаа дууссанаас хойш талууд шинээр гэрээ байгуулаагүй, зээлийн хуваарийг ч албан ёсоор сунгаагүй тул анх байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Нэгэнт байгуулагдаагүй гэрээг байгуулагдсанд тооцож, бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхой логикгүй шийдвэр байна. Энд хийсвэр яригдаж байгаа 2 дахь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өмнөх хүчин төгөлдөр гэрээнд үндэслэн асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги болох 1 204 820 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Алданги авахаас татгалзсан учир нь анхны шүүх хурал дээр хариуцагч тал нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч, даруйхан төлнө гэсний учир нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхдалай нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байдаг. Гэтэл 2 дахь буюу хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг багасгах учир шалтгаан алга болсон байна. Шүүх хуралд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцсон Б.Мөнхдалайгаас учрыг тодруулахад: шүүгч нь ... алдангиасаа татгалзсан биз дээ ... гэж асуухаар нь татгалзсаан гэж хариулсан гэдэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эрх зүйн болон мэтгэлцэх дадлага чадвар муутайг далимдуулан самгардуулсан асуулт асууж, нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцах эрхгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэвээр шийдвэр гаргасан байна. Шүүх хуралдааныг даргалагч хурлыг удирдахдаа хуралдааны оролцогч бүр хууль, эрх зүйн мэдлэгтэй биш гэдгийг санаж, хуралдааны алхам бүрд оролцогчдын эрх үүрэг, болж буй процессын бодит байдлыг тайлбарлан ойлгуулж, хэргийн оролцогчдыг асуудалд тайвнаар хандах боломж олгон ажиллах ёстой гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй байдаг. Тиймээс уг гэрээнд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний гол шинж байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж үзэх ёстой. Гэтэл шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл гэж үзжээ. Нэг сард 7 хувийн хүү өгөх нөхцөлөөр, нэг сарын хугацаатай мөнгө зээлээд 12 сарын дараа ганцхан сарын хүүтэйгээр эргүүлэн төлөх нь шударга явдал бус. Нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийн шийдвэрийг илт үндэслэл муутай гэж үзэж байна. Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох хэсгүүдэд тус тус зааснаар зээлдүүлэгч хүү авах, алданги тооцох эрхтэй байтал энэ эрхийг шүүхээс ойлгомжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Зээлдүүлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д зааснаар алданги авах, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт зааснаар хүү авах эрхтэй билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Тэнгис авто тамбу ХХК нь хариуцагч У.Ууганбаяр, Б.Энхтулга нарт холбогдуулан үндсэн зээлд 2 000 000 төгрөг, зээлийн хүү 252 000 төгрөг, нийт 2 252 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч У.Ууганбаяр, Б.Энхтулга нар нь нэхэмжлэгч Тэнгис авто тамбу ХХК-аас 5 500 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдэн авсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Талууд гэрээний хугацааг бичгээр сунгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн хүүг сар тутамд төлж байсан гэж тайлбарладаг боловч хэзээ, ямар хэмжээгээр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заажээ. Хариуцагчийн зээлийн хүү төлсөн цаг хугацаанаас хамаарч нэхэмжлэгч хүү, алданги авах эрхтэй эсэх мөн түүний хэмжээг тооцоолон гаргахад зээлдэгчийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн санхүүгийн баримт хэрэгт ач холбогдолтой.

Дээрх ажиллагааг шүүх тодруулаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан ба энэхүү боломжийг шүүх ашиглаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 252 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ