Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2022/01055

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                       2022        04        14

             182/ШШ2022/01055

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М

Нэхэмжлэгч: Х.Х

 

Хариуцагч: Х ХХК

 

түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан гэж 13,000,000 төгрөг, 36 сарын түрээсийн төлбөрт илүү төлсөн гэж 54,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Н,

хариуцагчийн төлөөлөгч: Л.Ц,

хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие 1999 оноос хойш Дэнжийн мянга одоогийн Х худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний ногоо худалдаалж, ахуй амьдрал, гэр бүл нөхөр, бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэсээр өдийг хүрсэн. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд одоогийн байшин ажиллаж байгаа буюу Х худалдааны төвд байрлах 51 м.кв талбайг “Х” ХХК-ийн захирлаар н.Ч ажиллаж байх үеэс сарын түрээсэнд 500,000 төгрөг, 800,000 төгрөгийг төлж түрээсэлдэг байсан. Улмаар 2013 оны 10 дугаар сард тус компанийн захирал Т.С намайг дуудаж “чиний ажиллаж буй тээш лангууг сарын 3,000,000 төгрөгөөр урт хугацаагаар түрээсэлнэ. Чи өнгө үзэмжээ дээшлүүлээд энэ саналаар түрээсэл, үгүй гэвэл өөр хүнд өгье” гэхээр нь олон жил ажилласан ганц ажлын байраа алдахгүйн тулд би “10 жилийн хугацаанд ямар нэг байдлаар түрээс нэмэгдэхгүй гэсэн нөхцөл тусгаад гэрээ хийе” гэж санал тавихад Т.С захирал “чамаас орсон мөнгийг захын барилгад өргөтгөл шинэчлэл хийж буй барилгын компани руу байцаагч н.Ддамжуулж хувь хүн хоорондын гэрээгээр авч, шилжүүлмээр байна” гэхэд нь түүний саналыг хүлээн авч, 10 жилийн хугацаанд буюу удаан хугацаагаар түрээслэх тул эхний жилүүдэд ашиггүй ажиллах хэдий ч урт хугацаандаа ашигтай ажиллах байх гэж тооцоод зөвшөөрсөн. Ингээд өөрийн найз “В” ХХК-ийн захирал Х.Х-ын нэрээр “Х” ХХК-д удаа дараа шаардлага, хүсэлт тавьсны үндсэн дээр 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ”-г тус зохион байгуулагч Ж.Дтой 1 жилийн хугацаатай, түрээсийн нэг сарын төлбөрийн хэмжээг 1,000,000 төгрөгөөр тохиролцож байгуулсан. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөн Ж.Д-той “Түрээсийн гэрээ”-г 10 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш намайг тус компанийн зохион байгуулагч Ж.Д талбайгаа суллаж өг, засвар хийнэ гэж элдвээр доромжилж, дарамтлан, хэвийн худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөл боломжийг маань алдагдуулж, талбайгаа суллаж өгөхийг хууль бусаар шаардаж эхэлсэн. Миний зүгээс засвар хийх гэж байгаа бол засварын ажил дууссаны дараа намайг буцаагаад энэ талбайдаа оруулах баталгаа өгвөл би суллана, ажлын байраа алдмааргүй байна гэсэн зүй ёсны шаардлага тавьсан. Мөн энэ асуудлаар тус компанийн захирал Т.С-тэй уулзъя, ярилцъя гэхээр Ж.Д уулзуулахгүй, чи уулзах шаардлагагүй, би мэднэ, захирал өвчтэй байгаа гэх зэргээр элдвийн шалтаг тоочин дарамталдаг. Миний бие нь өнгөрсөн хугацаанд Т.С захиралтай анх тохиролцсоны дагуу 2014 онд өөрийн түрээсэлж буй талбайн дээврийн төмөр сольсон, гадна дотно эмульс, шавар, шохойн ажил, шалны халаалт, 4 ширхэг хаалга, тусгаарлах вакум хаалт, камержуулах гээд нийт 13,000,000 төгрөгийн засвар хийж, орчноо тохижуулж, засварласан. Мөн өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрт сар бүр 1,500,000 төгрөг илүү төлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд өөрийн найз Х.Х-ын нэрээр 2 удаа гэрээ байгуулахаас өмнө ямарваа байдлаар тус компанитай бичгээр гэрээ байгуулж байгаагүй, бичгээр гэрээ байгуулах санал тавихад захын удирдлагуудын зүгээс дургүйцдэг бөгөөд сар бүр тогтмол түрээсийн төлбөрөө төлөөд л талбайгаа түрээсэлж ирсэн. Х.Х-ын нэрээр гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрийг сар бүр түүнд бэлнээр өгч түүний “В” ХХК-ийн дансаар дамжуулан захын зохион байгуулагч Ж.Д-ын дансанд бэлэн бусаар сар бүрийн 20-ны дотор шилжүүлдэг байсан. Хариуцагч түрээсэлж байсан талбайг авсан тул талбайн засварт зарцуулсан 13,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 36 сарын түрээсийн төлбөрт илүү төлсөн 45,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан 51 м.кв талбай бүхий ажлын байр нь “Х” ХХК-ийн эзэмшил газар дээр байрладаг бөгөөд тухайн үед тус компанид ажиллаж байсан иргэн н.Чулуунбаатар өөрийн хөрөнгөөр барьж тохижуулан бусдад түрээсэлж орлогоо өөртөө авдаг байсан болно. Иргэн н.Ч “Х” ХХК-д ажиллахаа больж тэтгэвэртээ гарсан тул компанийн зүгээс шинэ ажлын байр барихаар болж газар чөлөөлж өгөх шаардлага тавьснаас үүдэн энэхүү маргаан гарсан болно. Иргэн Д.М нэхэмжлэлдээ дурдсанаар уг ажлын байрыг 18 жил иргэн н.Ч-тай түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж байсан бөгөөд улмаар иргэн н.Ч “Х” ХХК-аас тэтгэвэртээ гарахдаа уг ажлын байрыг иргэн н.Д-т хүлээлгэн өгсөн байдаг. Иймд түрээслэгч нар үргэлжлүүлэн түрээслэхдээ иргэн н.Д-той гэрээ байгуулан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл гэрээгээр тохирсон сарын 3,000,000 төгрөгийг н.Д-т тушааж байсан байна. Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд “Х” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан хэмээн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн тул энэ гэрээг хуурамч эсэхийг тогтоолгохоор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан болно. Мөрдөн байцаалтын явцад иргэн н.Ч, н.Д гэрээг бичсэн гэх н.О болон нэхэмжлэгч нараас мэдүүлэг авсан бөгөөд уг ажлын байрыг н.Ч түрээсэлж байсан, улмаар н.Д-т хүлээлгэн өгсөн, н.Долгор үргэлжлүүлэн түрээсэлж төлбөрийг нь авч байснаа тодорхой мэдүүлсэн байдаг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор “нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.О нь компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй байна”, “Х.Х нотлох баримтыг хуурамчаар үйлдээгүй байх бөгөөд харин түүний үйлдэл нь хууль ёсны шаардлагад нийцээгүй гэрээг мэдсээр байж шүүхэд гаргасан гэж үзэхээр байна” хэмжээн “Х” ХХК уг түрээсийн гэрээг байгуулаагүйг тогтоосон. Х.Хтендерт орохын тулд дээрх гэрээг хийсэн ба түрээсийн төлбөрийг 3 сая төгрөг байхад 1 сая бичүүлсэн байдаг. Иймд “Х” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нартай дээрх ажлын байртай холбоотойгоор түрээсийн гэрээ байгуулаагүй тул шаардаж буй 67 сая төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Х.Х-тай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээг байгуулж байгаагүй, уг гэрээний асуудлыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэргийн журмаар шалгуулахад түрээсийн гэрээнд У.Д гарын үсгээ зураагүй, харин нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.О нь бичиж Ж.Д-ын дардсыг дарсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Х.Х-ын үйлдэл нь хууль ёсны шаардлагад нийцээгүй гэрээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдсээр байж гаргасан, гэвч 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн бөгөөд Х.Хын дээр дурдсан үйлдэл нь хожим бий болсон нөхцөл байдал буюу гэмт хэрэгт шинээр тооцогдохоор байна гэж дүгнээд, холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн “Х” ХХК-тай байгуулсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны огноо бүхий “Ажлын байр түрээслэх гэрээ”-г дараах хууль зүйн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг нэмж тодруулж байна. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл.

Иргэн Х.Х болон “Х” ХХК нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тухайд: Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т “энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Х.Х нь Х худалдааны төвд байрлах хүнсний ногоо худалдаалдаг 51 м.кв талбайг түрээсэлдэггүй бөгөөд Батлан хамгаалах яамны энхийг сахиулах ажиллагаанд явах албан хаагчдын хүнсний ногоо бэлтгэн нийлүүлэх тендерт оролцох бичиг баримт хуурамчаар бүрдүүлэхийн тулд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Х.Х-ын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтод Д.М-ийн гуйлтаар “Х” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ”, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан нь үнэн болно. Миний бие тус захад талбай түрээслэн албан ёсоор худалдаа эрхэлдэггүй бөгөөд түрээсийн гэрээний төлбөрийг Д.М-аас бэлнээр авч өөрийн “В” ХХК-ийн дансаар дамжуулан Ж.Д-ын дансанд бэлэн бусаар шилжүүлдэг байсан гэж шүүхэд мэдүүлсэн. Х.Х-ын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт манай хуурай эгч М 1998 оноос хойш Х захын ногооны 14 дүгээр павильоныг сарын 500,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг байсан. Манай компани Батлан хамгаалах яамны энхийг сахиулах ажиллагаанд явах албан хаагчдын хүнсний ногоо бэлтгэн нийлүүлэх тендерт оролцох болсон учраас Долгор эгч, нябо нартай уулзаад манайх тендерт оролцох гэж байгаа юм аа тэгэхээр түрээсийн гэрээ байгуулсан байх шаардлагатай гэж хандахад 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж өгсөн. Бид нар хэтэрхий өндөр түрээстэй гэж байгаа бол 1,000,000 төгрөгөөр түрээсэлдэг гэсэн гэрээ байгуулаад өгөөч гэж гуйхад нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн байцаасан тэмдэглэлд Х бид 2 найзууд, бид 2 хамтран ажилладаг. Би 1999 оноос хойш Х захад ногоо зардаг байгаад 2004 оноос би одоогийн маргаан үүсээд байгаа газрыг түрээслэн хүнсний ногоо худалдаалдаг байсан. Би Х-аас хүнсний ногоогоо авч Х дээр худалдаалдаг. Гэрээ байгуулах явцад биечлэн байгаагүй. 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээг Д өөрөө бичсэн юм уу сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн.

Тодруулбал, Х худалдааны товд байрлах хүнсний ногоо худалдаалдаг талбайг бодитоор түрээсэлж, түрээсийн төлбөрийг төлж байсан этгээд нь Д.М бөгөөд харин Х.Х нь түрээсийн харилцааг үүсгэх ямар нэгэн хүсэлт зориг илэрхийлж байгаагүй, түрээсийн харилцаанд оролцож байгаагүй, зөвхөн Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт оролцохын тулд зориуд хуурамчаар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулжээ. Иймд Х.Х болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан гэх ажлын байр түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэн Х.Х болон “Х” ХХК нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тухайд: нэхэмжлэгч нарын зүгээс дээрх гэрээг “Х” ХХК-ийг төлөөлж Ж.Д хийсэн гэж тайлбарладаг. Харин “Х” ХХК энэ гэрээг байгуулаагүй, мөн Ж.Д компанийн өмнөөс Х.Х-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй байдаг. Харин нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.О нь бичиж, Ж.Д-ын дардсыг дарсан болох нь нотлогддог бөгөөд Ж.О нь “Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ба компанийг төлөөлж маргаан бүхий гэрээг хийх зөвшөөрлийг компанийн гүйцэтгэх удирдлага олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэн Х.Х болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ” нь 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байх тухайд: Х.Х-ын гэрээ байгуулсан сэдэл, хүсэл зориг, гэрээ байгуулсан процесс нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн, үүнийгээ өөрөө мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа үйлдэл нь шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэг болж байгаа. Х.Х болон “Х” ХХК нарын хооронд байгуулсан гэх “Ажлын байр түрээслэх гэрээ” нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд бүхэлдээ нийцээгүй, гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх тул түүнийг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Дээр дурдсан 3 үндэслэлээр Х.Хболон “Х” ХХК нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М нь “Х” ХХК-тай ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч олон хариуцагч нарын хооронд түрээсийн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч Д.М нь Х.Х-аар төлүүлэн түрээсийн гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч түүнийг төлөөлж түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Д.М-аас Х.Х-аар төлүүлэн түрээсийн гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч түүнийг төлөөлж түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Д.М-аас Х.Х-т олгогдсон итгэмжлэл хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Х” ХХК-тай байгуулсан гэх “Ажлын байр түрээслэх гэрээ”, мөн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Дтой байгуулсан гэх түрээсийн гэрээний эхний болон төгсгөлийн хэсэгт Д.М-г төлөөлж Х.Х гэрээ байгуулж байгаа гэсэн үг үсэг, тэмдэглэгээ байхгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.М нь түрээсийн төлбөрөө Ж.Д-ын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлан, түүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байх ба ямар нэгэн түрээсийн төлбөрийг “Х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн тухай ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, түрээсийн төлбөрийг “Х” ХХК авч байгаагүй. Түүнээс гадна Д.М-ийн түрээсэлж, хүнсний ногоо худалдаалдаг талбай нь “Х” ХХК-ийн хөрөнгө биш, харин иргэн н.Ч-ын өөрийн хөрөнгөөр битүүлж барьсан, засаж тохижуулсан түр обьект ба тиймээс түүний өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэл байхгүй байна. Уг түр объектын эзэмшигч нь иргэн н.Ч байсан бөгөөд энэхүү өөрийн эзэмшлээ Ж.Дт шилжүүлсэн, энэ талаар ямар нэгэн ашиглах, эсхүл түрээслэх асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэж, түрээсийн төлбөрийг дансаараа, хувьдаа авдаг байсан тухай шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг.

“Х” ХХК нь нэхэмжлэгч Х.Х-тай түрээсийн гэрээ байгуулаагүй, Х.Х-тай ямар нэгэн түрээсийн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Нэхэмжлэгч нар нь түрээст илүү төлсөн 54,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байгаа тухайд: Нэхэмжлэгч Д.М нь түрээсийн төлбөрт сарын 3,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрөөд, уг төлбөрөө Ж.Д-ын хувийн дансанд шилжүүлж байсан байна. Нэхэмжлэгч Д.М нь өөрийн хүсэлт зоригийн дагуу түрээсийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн ямар гэрээ болон баримтын үндсэн дээр шаардаж байгаа нь тодорхойгүй, нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нар түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан 13,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна.

 Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Д.М, Х.Х нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Д-ийг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

6. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн 2014 оны Ажлын байр түрээслэх гэрээ, 2015 оны Ажлын байр түрээслэх гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хөрөнгийн даатгалын баталгаа, “Ш” худалдааны төвийн итгэмжлэгдсэн лабораторийн эрүүл ахуйн, ариун цэврийн дүгнэлт, журам, Х захын бөөний худалдаа эрхлэгчийн үнэмлэх, М.Э.А.Ц-ийн лабораторийн дотоод хяналтын шаардах хуудас, дотоод хяналтын нэгжээс хүнсний ногооны 14 тоот бөөний цэгийн эзэн Д.М ажилтан С.А нарт өгсөн үүрэг даалгавар, ариутгал халдваргүйдэл хийсэн акт, бараа материалын зарлагын баримт, кассын орлогын ордер, хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, шүүхийн бүрдүүлсэн Ж.Д-ын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, гэрч Ж.О, Т.С, Ж.Д, Б.Ч, Х.Х, Д.М нарын мэдүүлэг,Улсын бүртгэлийн ерөнхий газраас болон Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Т” ХХК, “Х” ХХК, “В” ХХК-иудын дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм зэрэг баримт, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Х ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаарх баримтууд, шүүхээс Б.Х, С.А, Я.И, Ж.Д нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, түрээсийн талбайд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэргийн баримтаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 100 хаягт байрлах Х ХХК-ийн Шонхор худалдааны  төвийн зүүн жигүүрт байрлах 51 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.М хүнсний ногооны бөөний худалдааны зориулалтаар 1999 оноос хойш түрээслэн ажилласан, эхний үед түрээсийн төлбөр 500,000-800,000 төгрөг байсан, талбайг удаан хугацаагаар түрээслүүлнэ гэж 2014 оноос түрээсийн төлбөрийг 3,000,000 төгрөг болгон төлүүлж байсан ба Д.М уг талбайд халаалттай шал, хулдааслах, дээвэр, лампиран тааз, хаалга, вакум хаалт хийх, хана эмульсдэх зэрэг байдлаар засвар хийсэн, гэвч 2016 оноос Д.М талбайг түрээслэхгүй болсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх ба Д.М, Х.Х нар нь түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан гэж 13,000,000 төгрөг, 36 сарын түрээсийн төлбөрт илүү төлсөн гэж 54,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, улмаар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч маргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-ийн барилгын талбайг түрээслээгүй, энэ нь “Х” ХХК-ийн газар дээр компанийн дэд захирал Б.Ч-ын барьсан үл хөдлөх эд хөрөнгө-павильон, тэтгэвэрт гарахдаа Ж.Д-т шилжүүлсэн ба тэр түрээсэлж түрээсийн төлбөрийг авдаг гэж тайлбарлажээ. Мөн сөрөг нэхэмжлэлээ үндэслэхдээ Х.Х нь тендерт ороход материал бүрдүүлж, Д.М-ийн эзэмшиж ашиглаж байсан талбайг манайхаас түрээсэлж байгаа мэт гэрээ хийсэн нь хууль зөрчсөн, мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус болгуулна гэжээ.

 

3. “Х” ХХК, Х.Х захиралтай “В” ХХК-иуд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хийсэн байх бөгөөд түрээсийн зүйл нь Д.М-ийн түрээсээр ашиглаж байсан талбай, түрээсийн төлбөр нь 1,000,000 төгрөг гэж заажээ. Х.Хын компани “Х” ХХК-ийн павильоныг түрээсэлдэггүй атлаа, мөн түүнчлэн Д.М түрээсийн төлбөрт сард 3,000,000 төгрөг төлдөг байхад 1,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр уг ажлын байрыг түрээсэлдэг гэж гэрээ хийсэн нь бодит байдалтай нийцээгүй байх ба харин Х.Х тендерт орохын тулд тус гэрээг хийсэн гэсэн хариуцагчийн тайлбар үнэнд нийцэж байна гэж шүүх үзнэ. Х.Х тендерт орохын тулд ийм бодит биш баримт бүрдүүлсэн нь эрүүгийн журмаар шалгагдсан, одоо гэмт хэрэг гэж үзэх болсон энэ үйлдлийг урьд гэмт хэрэгт тооцдоггүй байсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдлууд байх бөгөөд ийнхүү 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь харагдаж байна.

 

4. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ж.Д, Х.Х нар “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулж, түрээсийн зүйлийг Х ХХК-ийн Шонхор худалдааны захын талбай-павильон, сарын түрээсийн төлбөрийг 3,000,000 төгрөг гэж тохиролцсон байх бөгөөд энэ гэрээ нь Д.М-ийн талбай түрээсэлж байсан нөхцөлтэй тохирч, энэ гэрээний дагуу Д.М нь түрээсийн талбай-павильоныг ашиглаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Д.М Х.Х нар найз нөхдийн харилцаатай, хамтран ажиллаж байсан, тухайлбал, зарим нэг бараа бүтээгдэхүүнийг Д.М-аар заруулах, түрээсийн талбайд засвар хийхэд Х.Х материал худалдан авч өгч байсан байдал харагддаг ба тэд нэг нэрээрээ түрээсийн гэрээг хийсэн нь хууль зөрчихгүй гэж үзнэ. Д.М-ийн эзэмшиж буй түрээсийн талбай нь үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул гэрээг тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаарддаггүй. Гэрээ 10 сарын хугацаатай байгуулагдсан боловч талбайг үргэлжлүүлэн ашиглахыг хэн аль нь эсэргүүцээгүй тул гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Нөгөө талаар, Д.М талбай-павильоныг бодитоор эзэмшиж ашиглан, түрээсийн төлбөрийг төлж байсан бөгөөд түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний онцгой хэлбэр болох тул Д.М-г эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу талбай-павильоныг ашиглаж байсан гэж бас үзэх боломжтой. Эд хөрөнгө хөлслөх гэрээ амаар байгуулагдаж болдог.

 

5. Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө өөрт нь хамааралгүй, Ж.Дхувиараа гэрээ хийж, түрээсийн төлбөрийг өөрөө авдаг гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, Д.М-г Х ХХК-тай гэрээтэй байсан гэж дараах зүйлүүдээр үндэслэнэ. Үүнд:

-үл хөдлөх эд хөрөнгө Х ХХК-ийн газар дээр баригдсан,

-түрээсийн талбайд ариутгал халдваргүйтэл хийх, эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээнд хамруулах, хөрөнгийн даатгалд хамруулах, дотоод хяналтын нэгжээс шаардах хуудас болон  үүрэг даалгавар өгөх, бөөний худалдаа эрхлэгчийн үнэмлэх олгох зэрэг ажлыг Х ХХК хариуцан хийж байсан,

-хэрэг бүртгэлтэнд Х ХХК-ийн дэд захирал байсан Б.Ч “дээр үл хөдлөх эд хөрөнгө-павильоныг компанийн зүгээс Ж.Д-т шилжүүл гэснээр шилжүүлсэн” гэж мэдүүлсэн,

-Ж.Д Х ХХК-ийн худалдааны захын талбай түрээслэх асуудлыг хариуцдаг байх ба Д.Мгийн түрээсэлдэг талбай-павильоныг Ж.Д өмчилдөг тухай ямар нэг баримт байхгүй,

-Ажлын байр түрээслэх тухай 2015 оны гэрээнд гэрээний зүйлийг Х ХХК-ийн Шонхор худалдааны захын павильон гэж тодорхойлсон зэрэг болно.

 

6. Дээрх  байдлуудаас Д.М Х ХХК-ийн түрээсийн талбай-павильоныг гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байна гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч түрээсийн талбайг эзэмшиж ашиглахдаа түрээсийн төлбөрийг сард 3,000,000 төгрөг гэж гэрээгээр тохиролцсон, төлж байсан тул түрээсийн төлбөрт илүү мөнгө төлсөн гэсэн  нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлага хангагдахгүй.

 

8. Нэхэмжлэгчийн хувьд талбайг удаан хугацаагаар түрээсэлнэ гэж бодож, тэрээр талбайг 10-аас дээш жил түрээсэлж, тэргүүн ээлжид түрээслэх буюу худалдан авах давуу эрхтэй болсон хүн түрээсийн талбайд салгаж үл болох засан сайжруулалт хийсэн, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар засвар хийснээс 2 жилийн дараа гэрээ цуцлагдсан байдаг тул засварын зардалд гарсан 9,521,100 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна. Талбайн түрээсийн төлбөрийг 2014 онд бусдаас илүүтэйгээр, 3,000,000 төгрөг болгож тогтоох үед түрээсийн талбайг засан авч удаан хугацаагаар түрээсэлж болох тухай асуудал яригдаж байсан, мөн засварлах /дулааны холболт хийх г м/ ажилд компанийн зүгээс оролцож байсан байдлууд тогтоогддог. Гэрч Ц.Д-оос шүүх хуралдаанд оролцож гэрчээр асуугдахдаа Д.М-ийн түрээсийн талбайн засвар дээр 2014, 2015 онд онд ажиллаж 2,800,000 төгрөгийн хөлс авснаа болон вакуум хаалга, хаалт, металл хаалга, панер, прус, шруп, хадаас, аргелит, лампир, эслэгт хавтан, цемент, эмульс зэрэг зарлагын баримтад тусгагдсан эд зүйлийг засварт ашигласнаа мэдүүлж байна. Зарим нэг шаардлага хангахгүй бараа материалын баримтыг хасаж тооцсон болно.

 

9. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангагдаж шийдвэрлэгдэж байгаа ба үндэслэлийг дээр дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “Х” ХХК-аас 9,521,100 төгрөгийг гаргуулж Д.М, Х.Х нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,478,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-ыг баримтлан “Х” ХХК, “В” ХХК-ийн захирал Х.Х нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 167,288 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД