Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-, Х.Х- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01887 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М-, Х.Х- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХХК-д холбогдох,

 

Түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан 13 000 000 төгрөг, 36 сарын түрээсэнд илүү төлсөн 54 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М- нь 1999 оноос хойш Дэнжийн мянга “Х-” худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний ногоо худалдаалж ирсэн. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд одоогийн байршин ажиллаж байгаа “Х-” худалдааны төвд байрлах 51 м.кв талбайг “Х-” ХХК-ийн захирлаар н.Ч- ажиллаж байх үеэс сарын түрээсэнд 500 000-800 000 төгрөг төлж түрээсэлдэг байсан. Улмаар 2013 оны 10 сард тус компанийн захирал н.С дуудаж уулзаад чиний ажиллаж буй тээш лангууг сарын 3 000 000 төгрөгөөр урт хугацаагаар түрээсэлнэ. Чи өнгө үзэмжээ дээшлүүлээд энэ саналаар түрээсэл, үгүй гэвэл өөр хүнд түрээслүүлье гэж хэлэхээр нь олон жил ажилласан ажлын байраа алдахгүйн тулд ...10 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар түрээс нэмэхгүй гэсэн нөхцөлтэйгээр гэрээ хийе гэж санал тавихад н.С- захирал чамаас орж ирэх мөнгийг захын барилгад өргөтгөл шинэчлэл хийж буй барилгын компани руу байцаагч н.Д-оор дамжуулан хувь хүн хоорондын гэрээгээр авч шилжүүлье гэхэд нь түүний саналыг хүлээн авч 10 жилийн хугацаанд буюу удаан хугацаагаар түрээслэх тул эхний жилүүдэд ашиггүй ажиллах хэдий ч урт хугацаандаа ашигтай ажиллах байх гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд найз “В” ХХК-ийн захирал Х.Х-ын нэрээр “Х-” ХХК-д удаа дараа шаардлага тавьсны үндсэн дээр 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг тус захын зохион байгуулагч Ж.Д-той 1 жилийн хугацаатай Х.Х- байгуулсан. Түрээсийн 1 сарын төлбөрийг 1 000 000 төгрөгөөр тохиролцож байгуулсан. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х.Х- мөн Ж.Д-той түрээсийн гэрээг 10 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш намайг тус захын зохион байгуулагч Ж.Д- талбайгаа суллаж өг, засвар хийнэ гэж элдвээр доромжилж шаардаж эхэлсэн. Миний бие нь өнгөрсөн хугацаанд н.С- захиралтай анх тохиролцсоны дагуу 2014 онд өөрийн түрээсэлж байсан павильоны дээврийн төмөр сольсон, гадна дотор эмульс, шавар шохойн ажил, шалны халаалт, 4 ширхэг хаалга тусгаарлах вакум хаалт, камержуулах гээд нийт 13 000 000 төгрөгийн засвар хийж, орчноо тохижуулж засварласан. Мөн өнгөрсөн хугацаанд тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрт сар бүр 3 000 000 төгрөг төлж ирсэн. н.С- захирал тохиролцсон хугацаа болоогүй байхад ажлын байрыг суллахыг шаардаж 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрыг авсан тул 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 36 сарын түрээсэнд илүү төлсөн 54 000 000 төгрөг, түрээсэлж байсан байрны талбайн засварт зарцуулсан 13 000 000 төгрөг бүгд 67 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ер нь бол бүх зардал Д.М-гаас гарсан. Д.М-гийн өмнөөс гэрээ байгуулснаараа Х.Х- гэрээний оролцогч тал гэдгээрээ хамтран нэхэмжлэгчээр орж ирсэн. Хууль зүйн үндэслэлийн хувьд түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлж байсан харилцаа үүссэн нь тогтоогдож байгаа ба энэ харилцааны үндсэн дээр “Х-” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул 36 сарын хугацаанд илүү төлсөн 54 000 000 төгрөг, засварт зарцуулсан 13 000 000 төгрөг бүгд 67 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэгэнт “Х-” ХХК-тай түрээсийн харилцаатай байсан. Захыг төлөөлөх эрхтэй Ж.Д-той гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа учраас хүчин төгөлдөр хэлцэл. Мөн түрээсийн гэрээнд энэ гэрээтэй холбоотой маргаан үүсвэл арбитраар шийдвэрлүүлнэ гэж талууд гэрээгээрээ тохирсон байгаа боловч шүүхээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч нар нь н.Ч- болон Ж.Д- нартай тохиролцож уг ажлын байрыг түрээсэлж байсан. Уг объект “Х-” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар харагдана. Мөн “Х-” ХХК-ийн дансанд нэг ч төгрөг төлж байгаагүй. Дээрх түрээсийн төлбөрт төлсөн гэх мөнгө нь Ж.Д- гэдэг хувь хүний дансанд орсон байдаг. Иймд “Х-” ХХК нь уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Х.Х- лангуу түрээсэлж байгаагүй гэх мөртлөө лангуу түрээслэгчээр гэрээ байгуулсан гэдэг нь ойлгомжгүй. Х.Х- “Х-” ХХК-тай гэрээ байгуулаагүй. Ж.Д- захыг төлөөлөх эрхтэй гэх боловч эрхтэйг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Маргаан бүхий түрээсийн гэрээнд  энэ гэрээтэй холбоотой маргаан үүсвэл арбитраар шийдвэрлүүлнэ гэж талууд гэрээгээрээ тохирсон байгаа боловч шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-, Х.Х- нарын хариуцагч “Х-” ХХК-иас 67 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Х-” ХХК-ийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх: "..., нэхэмжлэгч барилгын зардлын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тухайн барилгын материалаар засвар хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Нэхэмжлэгч Д.М- “Х-” ХХК нарын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ байхгүй, амаар тохиролцсон боловч хариуцагч гэх “Х-” ХХК нь уг үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. “...нэхэмжлэгч Д.М- хариуцагч “Х-” ХХК нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ..." гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дараах нөхцөл байдал, хэргийн үйл баримтад нийцэхгүй байна. Үүнд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.М- би "Х-" захад 1999 оноос 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд лангуу түрээслэн хүнсний ногоо худалдаалж байсан, мөн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 36 сарын хугацаанд сар бүр 3 000 000 төгрөг түрээсийн төлбөрт төлж байсан үйл баримт тогтоогддог. Түрээсийн харилцаа үүссэн 17 жилийн хугацаанд "Х-" ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Ажлын байр түрээслэх гэрээ", 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "Түрээсийн гэрээ"-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээг захын зохион байгуулагч Ж.Д- хариуцагчийг төлөөлж нэхэмжлэгч нартай байгуулсан. Бусад түрээслэгчдийн тухайд ч захын зохион байгуулагч (байцаагч)-тай нэхэмжлэгч нарын нэгэн адил гэрээ байгуулдаг, түрээсийн төлбөрөө өгөх зэргээр тэдэнтэй харилцдаг бөгөөд хариуцагч компани ч тэднээр өөрийн компанийг төлөөлүүлдэг байсан нь тогтоогддог. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан "Х-" ХХК-ийн Зохион байгуулагч (Байцаагч) Ж.Д-оос 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан тайлбар: "... Би 1996.08.16-ны өдрөөс хойш “Х-” ХХК-д байцаагч, зохион байгуулагчаар тасралтгүй ажиллаж байгаа. Би зохион байгуулах бүх ажлаа хариуцдаг байсан. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нартай гэрээ байгуулах, түрээсийн төлбөр авах зэрэг ажлуудыг хариуцдаг байсан гэх, "Х-" ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Л.Цэдэнгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан тайлбар: "... Би компанийн хүний нөөцийн асуудал, ... мөн түрээслэгч нартай гэрээ байгуулах, байгуулсан гэрээг хадгалах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна ... Манай ахлах зохион байгуулагч хийдэг байсан Д- одоогийн миний хийж гүйцэтгэж байгаа ажлыг хийдэг байсан юм байна лээ гэх, "Х-" ХХК-ийн захирал асан Б.Ч-аас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан тайлбар: "... Уг газар нь компанийн эзэмшлийн газар боловч би өөрийн зардлаар байшин барьсан учраас ногооны худалдаа эрхэлдэг хүмүүст павильоноо түрээсэлж түрээсийн мөнгөө өөрөө авдаг байсан юмаа, би яг эзэмшигч нь биш ... Уг ногооны павильоны үйл ажиллагаа явуулдаг газар нь компанийн эзэмшлийн газар юм, Ж.Д- түрээсийн мөнгө авах эрхтэй үгүйг нь би мэдэхгүй. Ж.Д-т газраа хүлээлгээд өг гэхээр нь хүлээлгээд өгсөн гэх, "Х-" ХХК-ийн Зохион байгуулагч (Байцаагч) Ж.Д-ыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хохирогчоор байцаасан тэмдэглэлд"... Би 1996 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж “Х-” ХХК-д захын байцаагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа. Би зохион  байгуулах  ажлаа хариуцаад  түрээслэгч нартай  гэрээ хийгээд түрээсийн төлбөрөө авдаг байсан. Ингэж ажиллаж байх хугацаанд бөөний ногооны павильон дээр иргэн М- нь 2013 оны 10 сараас эхэлж сарын 3 000 000 төгрөгөөр уг павильоныг түрээсэлж байсан ... М- уг павильоноо сарын 3 000 000 төгрөгөөр 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түрээсэлсэн ... М- уг павильоныг түрээсэлж байхдаа дээд талын дээврийг сольж байхыг харж байсан гэх, "Х-" ХХК-ийн зохион байгуулагч (Байцаагч) Ж.Д-ыг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор дахин байцаасан тэмдэглэлд "... Х.Х- тусгаарлах хаалт, хаалга зэргийг хийсэн. Харин дээврийн төмрийг М- солиулж байсан гэх, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1461 дүгээр дүгнэлтэд "... 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн "Ажлын байр түрээслэх гэрээ" гэсэн баримт дээрхи гар бичвэр нь харьцуулсан шинжилгээнд ирүүлсэн Х.Х-, Ж.Д- нарын гар бичвэрийн туршилтын загвартай тохирохгүй байна. Баримт дээрх гар бичвэр нэмэлт засвар хийсэн гэх шинж тэмдэг илрээгүй. Баримт дээрх тоон болон гар бичвэрийг нэг хүн бичсэн байна. Харьцуулах шинжилгээнд Ж.Д-ын гарын үсгийн дардас гэх зүйл ирүүлээгүй байх тул адилтгалын шинжилгээ хийхээс татгалзав. Гэрээг нэг хэвлэх машинаар хэвлэсэн байна. "Х-" ХХК-ийг Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, захирал Т.С-г 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлд "... Ж.Д- нь манай байгууллагад зохион байгуулагч ажилтай бөгөөд түрээслэгч нартай гэрээ байгуулах ажлын байранд нь хяналт тавьж зохион байгуулах ажил үүргийг гүйцэтгэдэг ... уг объектын газар бол манай байгууллагын өмч мөн, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1942 дугаар дүгнэлтэд 2014оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн "Ажлын байр түрээслэх гэрээ" гэсэн баримтад "Түрээслэгч" талын Ж.Д- гэсний доор байрлах гарын үсгийн дардас нь харьцуулсан шинжилгээнд ирүүлсэн Ж.Д-ын гэх гарын үсгийн тэмдгийн дардсаар дарагдсан байна. Дээрх гарын үсгийг сканер ашиглан үйлдсэн гэх шинж тэмдэг илрээгүй, "Х-" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.О-ыг 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Гэрчээр байцаасан тэмдэглэл: "... “Х-” ХХК-ийн санхүү болон гэрээ хэлцэл бусад ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Би өөрөө гэрээ хийдэг байсан. Ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгасан байх ёстой ... Энэ гэрээг би хийсэн. Дээрх бичиглэл нь миний өөрийн бичиг байна ... ногооны павильон түрээслэгч М- манай өрөөнд орж ирээд түрээсийн гэрээ хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тухайн үедээ С- захирлаас энэ хүн гэрээ хийе гээд байна гэхэд С- захирал гэрээ өгөхөд буруутах зүйл байхгүй гэсэн. Тэгээд би зохион байгуулагч Д-д захирал гэрээ хийж болно гэж хэлсэн. Тэгээд тэрний дараа Д өөрөө М- болон Х- нарыг дагуулаад орж ирээд гэрээ хийгээд гэрээн дээрх бичиглэлийг би өөрөө бичиж Д- гарынхаа үсгийн дардсыг дарсан ... Гэрээний түрээслэгч хэсэгт зөвхөн Д-ын нэр нь байдаг бөгөөд гарын үсгийн дардсаараа баталгаажуулдаг байсан юм. "Х-" захад Д.М-г хүнсний ногооны лангуу түрээсэлж байх үед түүний худалдагчаар ажиллаж байсан С.Алтанцэцэгийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлд  "... Тухайн үед намайг ажиллаж байхад буюу 2014 онд тус лангуундаа худалдаа эрхлээд байж байхад тус захын байцаагч Д- гэдэг хүн нэг хувь түрээсийн гэрээг надад өгсөн ... надад хэлэхдээ энэ гэрээг М-д өгөөрөө л гэж хэлсэн, "Х-" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.О-ыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлд "... Тухайн гэрээг байгуулахад зохион байгуулагч Д- гаднаас М-, Х- гэдэг 2 эмэгтэйг дагуулж орж ирээд гэрээ байгуулах хүмүүс гэж хэлж байсан. Тухайн үед энэ асуудал тэр өдрөө шийдэгдээгүй. Би захирлаас зөвшөөрөл авах талаараа хэлээд захирал С-д М- гэдэг павильон түрээслэгч гэрээ хийе гэж байна гэж хэлсэн. Тэгээд С- захирал түрээсээ төлж байгаа бол гэрээг нь хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд би зохион байгуулагч Д-т гэрээг байгуулахаар болсон талаар нь хэлсэн. Тэгээд тухайн үед надад Х- гэдэг хүний цахим үнэмлэх байсан уу, хуулбар байсан уу түүнийг нь харж байгаад гэрээг байгуулсан ... байгуулахад Д- бид хоёр байсан. Би гэрээг бичээд Д-т өгсөн. Д- цаашаа яаж дамжуулсан талаар мэдэхгүй. Гэрээ байгуулахад эх бэлтгэл дээр би бичээд баталгаажуулах тамгыг захирал С- дардаг байсан. Харин Д- түрээслүүлэгчийг төлөөлж гарын үсгийн дардсаа дардаг байсан ... Би 2007 оноос 9 жил ажиллахдаа гэрээ байгуулж байсан. Тухайн үедээ заалны түрээслэгч нарын гэрээг зохион байгуулагч, байцаагч нар хийдэг, гадна тусдаа павильонуудын гэрээг би хийдэг байсан... Намайг ажлаас гарсны дараа 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 23:58 минутад Д- 99919102 гэсэн дугаараасаа Х-, М- хоёрын гэрээний асуудлаар 12 сараас хойш одоо болтол цагдаагаар яеж байна. Уг нь чамайг олж ир гэхээр нь би чамайг хаана байгаа талаар мэдэхгүй. Энэ асуудалд хамаагүй гэж хэлсэн. Гэтэл тэр 2 Д- зугтаад хийхгүй болохоор нябо Отгонжаргалтай гэрээ хийгээд мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байна. Намайг хавтаст хэрэгтэй танилцаж байсан чинь чи гэрээ хийснээ хүлээсэн байна лээ. Тэрнээс чинь болоод өр төлбөр нэхэмжилж байна. Уг нь чи оролцохгүй л байхгүй дээ. Би гэрээ хийдэггүй. Д- л хийдэг гээд хэлчих байсан юм. Би бүгдийг нь хүлээж байсан юм гэсэн мессеж явуулсан байсан. Энэ явуулсан мессеж нь миний гар утас дээр хадгалагдсан байгаа, Шүүхэд хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гаргасан тайлбарт "... нэхэмжлэлд дурдсан 51 м2 (3x17) талбай бүхий ажлын байр нь Х- ХХК-ийн эзэмшил газар дээр байрладаг ... Иргэн Д.М- нь нэхэмжлэлдээ дурдсанаар уг ажлын байрыг 18 жил ... түрээсэлж байсан ... түрээслэгч нар иргэн н.Д-той гэрээ байгуулан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түрээслэхдээ гэрээгээр тохирсон сарын 3 000 000 төгрөгийг н.Д-т тушааж байсан байна зэргээс "Х-" ХХК энэ хэргийн хариуцагч болох, Ж.Д- энэ компанийг төлөөлж бидэнтэй болон бусад түрээслэгч нартай гэрээ байгуулах эрхтэй, түрээсийн төлбөрийг компанийн нэрийн өмнөөс авагдаг байсан нь тодорхой харагддаг. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр талд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр "Тэнгэрийн шонхор" ХХК болон иргэн Ё.Д- нарын хооронд байгуулагдсан гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд энэ гэрээг түрээслүүлэгч талыг төлөөлж Ж.Д- гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарсан байдаг. Энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: "...Хэргийн 72 дугаар талд "Х-" ХХК-ийн зүгээс албан ёсоор ямар гэрээ байгуулан ажилладаг талаар н.Д- гэж хүний нэрээр байгуулсан гэрээг бид нотлох баримтаар өгсөн ба энэ нь жинхэнэ гэрээ юм..." гэсэн ба нэхэмжлэгч нарын хувьд ч иргэн Ё.Д-гийн нэгэн адил "Х-" ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулдаг этгээдтэй л гэрээг байгуулсан. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргасан тайлбартаа: "...н.Д- бусад харилцагчтай гэрээ хийдэг ... н.Д- түрээсийн төлбөр авдаг нь үнэн..." гэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн дүгнэж байгаачлан ямар ч ажил хэргийн харилцаа холбоогүй, гэрээ байгуулаагүй компанид холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй болно. Өмнө өгүүлснээс гадна нэхэмжлэгч нарыг "Х-" ХХК-тай түрээсийн харилцаатай байсан гэдгийг сүүлд иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Н-, Б.Х, С.А, Я.И нар ч нотолдог. Мөн Ж.Д- 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө: "... Тийм ажиллаж байх хугацаандаа эрхтэй байсан... Намайг өрх толгойлсон эмэгтэй болохоор надад фншЗоломж олгон энэ хэсгийг надад хариуцуулсан ... Миний хувийн юм. Хариулахгүй... Дээврийг сольж байсныг мэднэ ...", 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: "... Ч- гэж орлогч захирал ... Х- компанийн байшинд наалдуулан объект бариад түүнийгээ ... түрээсэлсэн ... Манайх ... Тийм. Захад 20-оод жил ажилласан. Өрх толгойлсон эмэгтэй болохоор өгсөн..."гэснээс үзвэл нэхэмжлэгч нарын түрээсэлж байсан талбайг иргэн Б.Ч-, Ж.Д- нарын өмчлөл, эзэмшлийн хөрөнгө гэж үзхээргүй байгаа бөгөөд хариуцагч ч тэднийх гэдгийг баримтаар нотолж чаддаггүй. Нөгөөтээгүүр бидний түрээсэлж байсан объектыг иргэн Б.Ч-, Ж.Д- нарынх гэх атлаа "Х-" ХХК-ийн захирал Т.С- нэхэмжлэгч Д.М-г 2013 оны 10 дугаар сард дуудан уулзаж, цаашид түрээсийн төлбөрийг нэмэх талаар хэлж, санал тавьдаг, захыг төлөөлсөн этгээдүүд нь талбайгаа даатгуулах шаардлага тавьдаг, захын тор хэрэглэхийг шаарддаг, зах өөрсдийн тарьсан огурцийг заруулдаг, төлбөр төлсөн баримт хэрэгтэй байгаа талаар хэлэхэд захаас баримт өгдөг, худалдаалж байгаа хүнсний ногоонд захын итгэмжлэгдсэн лобаратороос эрүүл ахуй, ариун цэврийн дүгнэлт гаргадаг, захаас худалдагчид энгэрийн тэмдэг олгодог, түрээслэгчид захад худалдаа эрхэлдэг, төлбөрийн тооцоогүй талаарх тодорхойлолт олгодог, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдахыг тогтмол шаарддаг, дэвтэр олгодог, ариутгал халдваргүйтэл хийдэг Ж.Д- гэрээ байгуулахдаа Т.С- захирлаас зөвшөөрөл авдаг гэх мэтээс үзвэл "Х-" ХХК лангуу (павильон, тээш, талбай) түрээслүүлж, сар бүр төлбөрөө Зохион байгуулагчдаараа дамжуулан авдаг байсан нь бүрэн нотлогдож байгаа юм. Эцэст нь нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхэд "Х-" ХХК ажил хэргийн нэр хүндээ эрхэмлэх атлаа нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүндийг гутаасан, бодит байдлыг илтэд гуйвуулсан тайлбарыг удаа дараа шүүх, хуулийн байгууллагад гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал, Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар: "...н.М- ... ямар нэгэн хэлбэрээр Х- ХХК-иас мөнгө нэхэж болох юм байна гэсэн гаргалгаа хайсан гэж таамаглаж байна..." гэх зэргээр хуулийн хүрээнд маргаан үүсгэсэн нэхэмжлэгч нарыг хариуцагч компаниас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа мэт тайлбарыг санаатай, нэг бус удаа гаргаж, нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүндэд халдаж, тэд нэхэмжлэл гаргасныхаа төлөө цагдаа, прокурорын байгууллагад удаа дараа дуудагдан шалгагдаж, иргэний хэргийн шүүхэд хүртэл өөрсдийн орлогоос хэд дахин давсан, төлж чадахааргүй, ихээхэн хэмжээний мөнгөн төлбөрийн нэхэмжлэл гаргасан ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцож, өнгөрсөн хугацаанд цаг хугацаа, сэтгэл санаагаар ихээхэн хохирсон болохыг шүүх анхаарч үзэж, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хүлээн зөвшөөрхүйц шийдвэр гаргаж өгнө гэдэг итгэлтэй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Х.Х-, Д.М- нар нь “Х-” ХХК-д холбогдуулан түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан 13 000 000 төгрөг, 36 сарын түрээсэнд илүү төлсөн 54 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нарын түрээсэлж байсан гэх лангуу нь “Х-” ХХК-ийн хөрөнгө биш, түрээсийн төлбөр компани аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж марган, нэхэмжлэгч Х.Х-ын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нар нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн болон 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ажлын байр түрээслэх гэрээг тус тус үндэслэн “Х-” ХХК-д түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 36 сарын түрээсэнд сар бүр 3 000 000 төгрөг, түрээсэлж байсан байрны талбайн засварт 13 000 000 төгрөг зарцуулсан боловч нөгөө тал хугацааны хувьд 10 жил түрээслүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй тул сарын түрээсийн мөнгийг 1 500 000 төгрөгөөр 36 сар илүү төлсөн тул 54 000 000 төгрөг, засварын 13 000 000 төгрөгийн хамт, бүгд 67 000 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Учир нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн болон 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ажлын байр түрээслэх гэрээг нэг талаас “Х-” ХХК-ийг төлөөлөн Ж.Д-, нөгөө талаас Х.Х- нар байгуулсан байх боловч Ж.Д- нь хариуцагчийг төлөөлж гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна./хэргийн 25-28 дугаар тал/

 

            Мөн нэхэмжлэгч нар түрээсийн төлбөрийг хариуцагч “Х-” ХХК-д бус, Ж.Д-ын хаан банкны 5017121501 тоот дансанд төлж байсан болох нь “Велсмон” ХХК-ийн болон нэхэмжлэгч Д.М-гийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Ж.Д- нь түрээсийн мөнгийг авч байсан, түрээсийн мөнгө миний хувийн юм, мөн хувиараа гэрээг Х-тай хийсэн, 2014 оноос хувийн павильоноо түрээслэх болсон, 14 дүгээр тээш миний өмч, Ч- гэдэг хүнээс хүлээн авч 2013 оноос хариуцах болсон гэж мэдүүлснээс үзвэл уг түрээсийн төлбөр болон 14 дүгээр тээш буюу маргаан бүхий түрээсийн гэрээний зүйл болох талбай хариуцагч “Х-” ХХК-д хамааралтай буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Нөгөө талаар дээрх түрээсийн талбай нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох талаар эрх бүхий байгууллагаас олгосон өмчлөлийн гэрчилгээгүй байна. Мөн дээрх гэрээг байгуулсан Ж.Д- нь хариуцагч байгууллагыг төлөөлж гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон итгэмжлэлээр тогтоогдохгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг гэрчийн мэдүүлэг шууд нотлох баримт болохгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч гаргаагүй байна. /хэргийн 39-41 дүгээр тал/

 

            Иймд хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх түрээсийн гэрээнүүдийг Ж.Д- нь хариуцагч байгууллагыг төлөөлж бус, өөрөө байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн уг заалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх дурьдах нь зүйтэй. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                 С.ЭНХТӨР