Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/01102

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                      2022        04          20

             182/ШШ2022/01102

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.О

 

Хариуцагч: Б.Д

 

Хариуцагч: “Х” ХХК

 

орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Ү-******* дугаарт бүртгэгдсэн 688802 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, тус байрны өмчлөгчөөр тогтоолгох, Х банкны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Ц.О,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

хариуцагч Б.Д,

хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О би Орхон аймаг, Баян-Өндөр сум,  Уртбулаг багийн ******* тоотод 1991 оноос өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Миний бие 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан учир хажуу өрөөгөө Б.Д, эхнэр Ю.У нарт 2007 оны сүүлээр түрээслүүлэх болсон. Амьдрах хугацаандаа мөнгөний хэрэг байна танд байрыг барьцаанд тавиад банкнаас 10 сая төгрөг зээлээд түрээсийн төлбөрөө жилээр бүтэн хийнэ гэж 2008 онд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж Б.Д өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Миний бие байраа Б.Д-д итгээд түр шилжүүлж өгөөд 2 жилийн дараа хүү Б.Б-ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож байсан. Ингээд 2008 оны сүүлээр Б.Д амралтаа авч хот яваад ирэхээр болж, энэ хугацаанд банкнаас 10 сая биш 32 сая төгрөг зээлсэн болохыг мэдсэн, мөн гэрийн тавилга ганц нэгээр нь зөөгөөд байхаар нь тухайн үед цагдаад өгч шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн боловч прокурорт буцаад хэрхэн шийдвэрлэснийг мэдэж чадахгүй байсаар 2021 онд Б.Дийг шүүхээр эрэн сурвалжлуулах явцад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэн. Б.Д шалгагдаж байх явцдаа таны байрыг буцааж өгнө л гэдэг байсан, үүнээс хойш сураг тасарч Б.Д-ийг эрж олж чадахгүй мөн шүүх цагдаагаас асуудлыг маань шийдвэрлээд өгнө гэж бодсоор байраа нэр дээрээ шилжүүлж авч чадахгүй олон жил өнгөрлөө. Байрыг хариуцагч Б.Д нь Х-ны зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд байрыг Д-нд худалдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 68880 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгон, байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн Х-ны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8/78 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Дий өгсөн 5 сая төгрөг, К банканд төлсөн 7 сая төгрөгийг буцаан төлнө гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тарууд маргаан бүхий байрыг 10 сая төгрөгийн барьцаанд тавихаар тохиролцсон боловч Д 32 сая төгрөгийн барьцаанд тавьсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргуулж шалгуулсан. Энэ хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, дунд нь Д оргон зайлснаас хэрэг түдгэлзсэн. Орхон аймгийн шүүхээс магадлалыг авч байж, 2020 оны 11 дүгээр сард прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг авч гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг шийдвэрлэхгүй гэсэн. Ингээд шүүхэд хандсан. Банкнаас зээлийн талаар асуухад төлөгдөөгүй байсан. Д анхнаасаа байрыг худалдан авах зорилгогүй, банкнаас зээл авахын тулд байрыг худалдах худалдан авах гэрээг хийсэн тул энэ нь Иргэний хуулийн 56.1.3-т заасан хэлцэл болно. Д, У нар Х-тай зээл барьцааны гэрээ хийсэн ба барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул гэрээ 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Үүнд нэхэмжлэл гаргах сонирхогч этгээд нь Ц.О юм. Хуулийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан. Х-ны ажилтан Э, С нар Д-ийн эрүүгийн хэрэгт хамт шалгагдаж байгаад тусгаарлагдсан байсан. Нэхэмжлэгч нь Д-өөс 5 сая төгрөг авсан байдаг, Д түүний К банкны зээлд 7 сая төгрөг төлсөн гэдэг гэв.

 

3. Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д би 2007 онд Эрдэнэт хотын УБҮ-н ДЦС-д шилжин ирж ажиллах болсон үеэс иргэн Ц.Оийн байрны нэг өрөөг түрээслэн амьдрах болсон. Энэ үед иргэн Ц.О өөрийн байраа К банканд 7 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Үүнээс гадна гадуур их хэмжээний өр төлбөртэй байсан. Би тухайн үед К банкны өрийн асуудлыг мэдээгүй. Иргэн Ц.О-ийн гадуур өрийг дарахад 3-5 сая төгрөг хэрэгтэй байгааг өөрөө надад хэлж УБҮ-т өндөр цалинтай намайг их хэмжээний зээл авч энэ өрийг дарах үлдсэн мөнгөөр нь ашигтай ажиллаж би орох оронтой болох нөхцөлийг гаргаж ирсэн. Энэ нь аль аль талдаа ашигтай харагдаж байсан тул би зөвшөөрч Ү-******* дугаарт бүртгэгдсэн 68880 тоот гэрчилгээг Ц.О-тэй хамтран гаргасан. Тухайн үед надад Эрдэнэт хотод таних мэдэх хүнгүй зээл гарах нөхцөл бүрдээгүй, гэрчилгээг шилжүүлэх талаар мэдэх зүйлгүй байсан. Харин иргэн Ц.О нь өөрийн танил зээлийг нь гаргаж өгдөг хүн гэж Энхтүвшин гэдэг залууг дагуулж ирснээр энэ хүн бараг миний оролцоогүйгээр бүх зүйлийг шийдэж нэг л мэдэхэд зээл нь бүтсэн байсан. Ингээд тэр хүн 30 сая төгрөгийн зээл гаргаж Ц.О-ийн К банкан дахь 7 сая төгрөгийн зээлийг дарах хэрэгтэйг хэлж би 7 сая төгрөг К банканд хийн, Ц.О-т өөрт нь бэлнээр 5 сая төгрөг өгсөн. Ингээд би банкны зээлийн төлбөр сар бүр 675,000 төгрөг тогтмол хийж байсан. 2008 оны эхээр миний бие эрс өвдөж бараг хэвтэрт орох шахуу болсон тул /хожим нь хоригдсоны дараа энэ өвчнөөр хагалгаанд орсон/ ажлаа хийж чадалгүй акт аван хагалгаанд орохоо хүлээн сар гаруй хэвтэх үед банкны төлбөр тасарч нэхэгдэж эхэлсэн тул Ц.О цагдаад өгч 1 жил 6 сар хоригдсоноор байрны төлбөр хийх бүх нөхцөл алдагдсан. Өвчтэй байх хугацаандаа байрны сарын төлбөр хийхийн тулд гэрт байсан угаалгын машин, плитка зэргийг зарж борлуулан банканд хийснийг Ц.О юмаа зөөсөн гэж андуурсан байна. Удаан хугацаагаар хоригдох үед надтай хамтран мөнгөний ажил хийж байсан хүмүүс тэр чигээрээ алга болж, байсан мөнгөө алдахад хүрч дээр нь ажилгүй болж, ажилд орж чадахаа больж, гэр бүл маань салж амьдрал эрч тэс болон төлбөрийн чадвар алдагдсан тул өдрийг хүртэл иргэн Ц.О-ийн байрны гэрчилгээний асуудлыг шийдэх талаар тус болж чадахгүй байгаадаа харамсаж байна. Би иргэн Ц.О-ийн байрыг алдахгүйн тулд чадах бүхнээ хийж байсан. Одоо ч гэсэн чадах бүхнээрээ энэ хүнийг дэмжихэд бэлэн байна. Тухайн үед иргэн Ц.О-ийн байр нь К банканд 7 сая төгрөгийн өрөнд тавигдсан байсныг мэдсэн бол би энэ хэлцлийг иргэн Ц.О-тэй хийхгүй байсан. Энэ асуудлыг надаас нуух хэрэггүй байсан. Иргэн Ц.О-ийн байрны гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхэд надад татгалзах зүйлгүй бөгөөд миний талаас хамаарах бүх л зүйлд туслахад бэлэн. Би анхнаас л энэ хүний байрыг алдахгүйн тулд бүх л чадлаараа хичээж байдгийг анхаарч үзнэ үү гэв.

 

4. Хариуцагч “Х” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг сэргээх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ. Гэтэл Барьцааны гэрээ нь “Х” ХХК-ийн Орхон салбар болон иргэн Б.Д, Ю.У нарын хооронд хийгдсэн гэрээ байх бөгөөд нэгдүгээрт, нэхэмжлэгч нь Барьцааны гэрээний нэг тал, оролцогч биш тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрх бүхий этгээд биш. Хоёрдугаарт, Барьцааны гэрээг ямар хуулийн заалт, хуулийн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, байрыг чөлөөлж, өмчлөх эрхээ сэргээлгэх гэж байгаа нь үндэслэлгүй байна. “Х” ХХК-ийн Орхон салбараас зээлдэгч Б.Д, Ю.У нар нь 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8/78 тоот зээлийн гэрээ байгуулж 32,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар Орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд 8/78 тоот барьцааны гэрээ байгуулан Б.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000068880 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж хуулиар тодорхойлсон бөгөөд дээр нэр дурдсан гэрээний оролцогч нарын зүгээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хуулиар олгогдсон эрх, үүрэг хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа энэхүү нөхцөлд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бусад этгээд маргах эрхгүй гэж үзэж байна. Иймд Ц.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Д-ийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн цагаатгах тогтоол, магадлал, шүүхэд ирсэн, явсан бичгийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн болон Улсын ерөнхий прокурорын Ц.О-т хариу мэдэгдсэн хуудас, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч Б.Д-өөс ирүүлсэн хариу тайлбар, хариуцагч “Х” ХХК-аас ирүүлсэн “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, шүүгчийн нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас байрны хувийн хэргээс хуулбарлаж ирүүлсэн баримт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Д, “Х” ХХК нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Ү-******* дугаарт бүртгэгдсэн 688802 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, тус байрны өмчлөгчөөр тогтоолгох, Хны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч “Х” ХХК Хны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж болгуулж, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

2. Талуудын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч С.О-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны хажуу өрөөг хариуцагч Б.Д эхнэрийн хамт 2007 оноос хөлслөн амьдарсан ба Б.Д банкнаас зээл авахад орон сууцыг барьцаалахын тулд С.О-тэй 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж, дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан, ингэхдээ уг орон сууцыг барьцаалж К банкнаас авсан С.О-ийн зээлд 7,000,000 төгрөгийг төлсөн, мөн С.О-т 5,000,000 төгрөгийг бэлэн өгсөн, Б.Д өмчлөлдөө шилжүүлж авсан орон сууцыг барьцаалж Хны Орхон салбараас 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 32,000,000 төгрөгийг зээлдэн авсан, одоо зээл төлөгдөөгүй байгаа үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн хувьд, Б.Д-ийг орон сууц барьцаалж 10,000,000 төгрөг зээлдэхийг зөвшөөрсөн байхад 32,000,000 төгрөг зээлдэн авч залилсан гэсэн үндэслэлээр Б.Д-ийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, Б.Д дээрх үйлдэлд Хны салбарын ажилтнуудтай хамт шалгагдсан, улмаар эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдлууд тогтоогдож байна.

 

3. С.О Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцанд 1989 оноос одоог хүртэл амьдарч буй нь нэхэмжлэгчийн тайлбар, багийн засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

 

4. С.О Б.Д нарын хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна.

С.О өөрийн зээлийг төлүүлж, Б.Д-ий авах зээлд барьцаалуулах зорилгоор тохиролцож орон сууцаа Б.Д-д ашиглуулахдаа тэд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн нь бодит байдалд нийцээгүй, өөр гэрээг халхавчилж хийсэн гэрээ болох нь тогтоогдож байна. Хэн аль нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үр дагаврыг хүсээгүй, үүнийг талууд тайлбарладаг, үнэ гэж мөнгө төлөөгүй атлаа гэрээнд гэрээний зүйлийн үнийг 40,000,000 төгрөг гэж тодорхойлж байжээ.

Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ байх тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хангагдаж байна.

 

5. Б.Д Хны Орхон салбараас 32,000,000 төгрөг зээлдэхдээ дээрх орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болж чадахгүй байна. Б.Д С.О-ийн орон сууцыг хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлэн авч, зээлийн үүрэгт барьцаалсан байна. Б.Д-ий орон сууц шилжүүлж авсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан нь прокурорын хариу мэдэгдэх хуудсаас харагдана. Нэхэмжлэгч хариуцагч өөрийг нь залилсан гэж гомдол гарган эрүүгийн журмаар шалгуулж, уг хэрэг 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээр хэлэлцэгдэн хариуцагчийг цагаатгах тогтоол гарсан боловч 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн, шүүхээс хэргийг прокурорт хүлээлгэн өгөхөд яллагдагч байхгүй байсан тухай баримтууд, мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг дурдсан прокурорын хариу мэдэгдэх хуудас хэрэгт байна.

Орон сууцыг Б.Д зээлийн үүрэгт барьцаалж Х-ны Орхон салбартай байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх тул орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу С.О энэ шаардлагыг гаргах эрхтэй гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгчийн орон сууцыг Б.Д-ий өмчлөлд бүртгэсэн 68880 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч хариуцагч Б.Д-д холбогдуулж гаргасан нь үндэслэлгүй тул энэ шаардлага хангагдахгүй.

 

7. Орон сууцны өмчлөл С.О-т шилжиж буйтай холбоотойгоор Б.Д-ий С.О-ийн зээлд төлсөн 7,000,000 төгрөг, мөн С.О-т бэлэн өгсөн 5,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг С.О-ээс гаргуулж Б.Д-д олгох нь зүйтэй байна.

 

            8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй тухайд,

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

            Нэхэмжлэгч хариуцагчийг өөрийнх нь орон сууцыг залилан шилжүүлж авсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан, энэ хэрэгт Б.Д 523 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээр хэлэлцэгдэн хариуцагчийг цагаатгах тогтоол гарсан боловч 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, шүүхээс хэргийг прокурорт хүлээлгэн өгөхөд яллагдагч алга болсон, Б.Д-ийг эрэн сурвалжилсан, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газраас хариу мэдэгдсэн, энэ үеэс нэхэмжлэгч иргэний журмаар шүүхэд хандах шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-т заасныг баримтлан

С.О Б.Д нарын хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр С.О-ийг тогтоож, С.О-ээс 12,000,000 төгрөгийг гаргуулж Б.Д-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулж гаргасан 68880 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.4-т заасныг баримтлан

Хны Орхон салбар болон Б.Д нарын хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг зээлийн үүргийн барьцаанаас чөлөөлсүгэй.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 655,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 506,925 төгрөгийг Б.Д-өөс, 148,975 төгрөгийг Х ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгосугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД