Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2022/01142

 

 

 

 

 

 

2022 06 15 210/МА2022/01142

 

 

Ц.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01102 дугаар шийдвэртэй, Ц.О ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК болон Б.Д нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ү-2101000825 дугаарт бүртгэгдсэн 688802 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Хаан банкны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2007 онд Б.Дөлгөөн, Ю.Уянга нарт орон сууц түрээслүүлсэн. 2008 онд орон сууцыг барьцаалж, банкнаас 10,000,000 төгрөг зээлж түрээсийн төлбөрөө жилээр бүтэн хийнэ гэж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Дөлгөөний нэр дээр шилжүүлж, 2 жилийн дараа хүү Б.Булган-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл банкнаас 10,000,000 төгрөг биш, 32,000,000 төгрөг зээлсэн болохыг мэдсэн. Ингээд шүүхээр эрэн сурвалжлуулах явцад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэн. Б.Д шалгагдаж байх явцдаа таны орон сууцыг буцааж өгнө гэдэг байсан. Хариуцагч Б.Д нь Хаан банкны зээлийн төлбөрийг төлөөгүй. Б.Д анхнаасаа орон сууцыг худалдан авах зорилгогүй, банкнаас зээл авахын тулд худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл болно. Б.Дөлгөөн, Ю.Уянга нар Х ХХК -тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан ба барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймд орон сууцыг Б.Дөлгөөнд худалдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 68880 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгон, орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн Хаан банкны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8/78 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Б.Дөлгөөний өгсөн 5,000,000 төгрөг, Капитал банканд төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан төлнө гэжээ.

2. Хариуцагч Б.Дөлгөөний гаргасан тайлбар, татгалзлын агуулга: 2007 онд Ц.О ийн орон сууцны нэг өрөөг түрээслэсэн. Ц.О өөрийн орон сууцаа Капитал банканд 7,000,000 төгрөгийн барьцаанд барьцаалсан, их хэмжээний өр төлбөртэй байсан. Ц.О ийн өрийг дарахад 3,000,000-5,000,000 төгрөг хэрэгтэй байна, өндөр цалинтай намайг их хэмжээний зээл авч өрийг дарах, үлдсэн мөнгөөр нь ашигтай ажиллаж би орох оронтой болох нөхцөлийг гаргаж ирсэн. Энэ нь аль аль талдаа ашигтай харагдаж байсан тул зөвшөөрч Ү-2101000825 дугаарт бүртгэгдсэн 68880 тоот гэрчилгээг Ц.О тэй хамтран гаргасан. Ц.О нь өөрийн танил н.Энхтүвшингийн хамт миний оролцоогүйгээр зээлийг бүтээж 30,000,000 төгрөгийн зээл гаргаж Ц.О ийн Капитал банкан дах 7,000,000 төгрөгийн зээлийг төлж, Ц.О т бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн. Ингээд банкны зээлийн төлбөр сар бүр 675,000 төгрөг тогтмол төлж байсан. 2008 онд бие өвдөж зээлээ төлж чадаагүй. Мөн Ц.О цагдаагийн газарт өргөдөл гарган намайг шалгуулж 1 жил 6 сар хоригдсоноор орон сууцны төлбөр хийх бүх нөхцөл хаагдсан. Ц.О ийн орон сууцыг алдахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Тухайн үед Ц.О ийн орон сууц нь Капитал банкны барьцаанд байсныг мэдсэн бол энэ хэлцлийг хийхгүй байсан. Энэ асуудлыг надаас нуух хэрэггүй байсан. Ц.О ийн орон сууцны гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхэд надад татгалзах зүйлгүй гэжээ.

3. Хариуцагч Х ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Х ХХК -тай зээлдэгч Б.Дөлгөөн, Ю.Уянга нар нь 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8/78 тоот зээлийн гэрээ байгуулж 32,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд 8/78 тоот барьцааны гэрээ байгуулан Б.Дөлгөөний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000068880 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2101000825 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нэг тал, оролцогч биш тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрх бүхий этгээд биш. Мөн барьцааны гэрээг ямар хуулийн заалт, хуулийн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг чөлөөлж, өмчлөх эрхээ сэргээлгэх гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж хуулиар тодорхойлсон бөгөөд дээр нэр дурдсан гэрээний оролцогч нарын зүгээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хуулиар олгогдсон эрх, үүрэг хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа энэхүү нөхцөлд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор бусад этгээд маргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Одончимэг Б.Д нарын хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Одончимэгийг тогтоож, С.Одончимэгээс 12,000,000 төгрөгийг гаргуулж Б.Дөлгөөнд олгож, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулж гаргасан 68880 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хаан банкны Орхон салбар болон Б.Д нарын хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоот, 43,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зээлийн үүргийн барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 655,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 506,925 төгрөгийг Б.Дөлгөөнөөс, 148,975 төгрөгийг Х ХХК -аас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Одончимэгт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Б.Дөлгөөний орон сууц шилжүүлж авсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан нь прокурорын хариу мэдэгдэх хуудсаас харагдана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хаан банкны Орхон салбар нь зээлдэгч Б.Дөлгөөнийг орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор нэхэмжлэлд дурдсан 2 өрөө орон сууцыг барьцаалсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Орон сууцны өмчлөгч Б.Д болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул зээлдүүлэгч Хаан банк нь түүнийг өмчлөгч гэж үзэж зээлийн болон барьцаа гэрээ байгуулсан бөгөөд уг барьцааны бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь буруу ташаа гэж эсэргүүцээгүй, шүүхээр маргаагүй. Иймд Ц.О , Б.Д нарын хооронд үүссэн маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан банкны эрх зөрчигдөх ёсгүй болохыг харгалзан үзэхийг хүсч байна. Х ХХК нь орон сууцны өмчлөх эрх Б.Дөлгөөний нэр дээр бүртгэлтэй байх үед түүний тус банкнаас авч байгаа зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан бөгөөд банкны хувьд барьцааны эрхийг зээлийн гэрээний үндсэн дээр шударгаар барьцаалсан. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.1, 172.6 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх нь эд хөрөнгөд ногдуулсан үүрэг байдаг бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцаалагчийн эрхийг хөндөхгүй. Х ХХК -ийн нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул зээлийн гэрээний төлбөр дуусах хүртэл маргаан бүхий орон сууцыг чөлөөлөх боломжгүй. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримталсан нь хуулийн үндэслэлгүй. Учир нь хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсоноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх, цааш хэрэгжих боломжгүй болдог хэлцлийг хамааруулан ойлгодог. Тэрнээс хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хийгдсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээс зээлийн гэрээ, түүний үүрэг нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад өмчлөх эрхийг дагаж хийгддэг худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосоноор барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх орон сууцны өмчлөгчөөр Ц.О ийг тогтоож, Ц.О ээс мөнгө гаргуулж хариуцагч Б.Дөлгөөнд олгож, Ц.О т улсын тэмдэгтийн хураамжийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Х ХХК -ийн гомдолд Ц.О нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарласан. Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамт шилжиж болно гэж заасан. Гэтэл Х ХХК -д нэгэн зэрэг хамт шилжих нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6 дахь хэсэгт ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж заасан. Гэтэл үүрэг гүйцэтгэгч тухайн шаардлагыг хангаагүй. Иймд хариуцагч Х ХХК -ийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хэргийг хяналаа.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Х ХХК болон Б.Д нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ү-2101000825 дугаарт бүртгэгдсэн 688802 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Хаан банкны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Д нь өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Х ХХК нь тус банкны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2007 онд өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны хажуу өрөөг Б.Дөлгөөнд хөлслүүлсэн, түүнд итгэж орон сууцыг өмчлөлд шилжүүлэн банкнаас зээл авахуулсан боловч тохиролцсоноос илүү хэмжээгээр зээл авч тэрээр банкны зээлээ төлөөгүй гэж, хариуцагч Х ХХК татгалзлын үндэслэлээ ...зээлийн болон барьцааны гэрээний оролцогч бус этгээд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хийгдсэн бусад хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Ц.О , Б.Д нар 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Ц.О ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоотод байрлах 43,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-8/

6.а Хариуцагч Б.Д нь 2007 онд Ц.О ийн өмнөөс Капитал банк ХХК-д 7,000,000 төгрөг төлсөн ба Капитал банк ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд зээл, хүүгийн төлбөрийг барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлжээ. Зохигчид шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар маргаагүй байна.

6.б Мөн хариуцагч Б.Д нь Ц.О т бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн ба нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж тайлбарладаг. Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээгээр 2008 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх боловч Ц.О нь өөрөө хүлээн зөвшөөрч орон сууцны өмчлөх эрхийг Б.Дөлгөөнд шилжүүлж, тэрээр 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000825 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 23 дугаар байр, 68 тоотод байрлах 43,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх Б.Дөлгөөнд шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-9/

7.а Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Дөлгөөнийг орон сууц худалдан авах биш, худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч халхавчлагдсан гэх гэрээтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна.

7.б Анхан шатны шүүх талуудын хооронд 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж дүгнэж уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг бөгөөд хэлцэл хийгч тал халхавч хэлцлээр ямарваа нэг үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй болно.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өөр бусад гэрээг халхавчилсан гэж үзэх агуулга харагдахгүй байх тул талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

7.в Иймд орон сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгчөөр Ц.О ийг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хариуцагч Б.Дөлгөөнд холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ү-2101000825 дугаарт бүртгэгдсэн 688802 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.а Зохигчид 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8/78 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Х ХХК нь 32,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Д нь зээлийг хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.Дөлгөөний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна. /хх47-51/

8.б Хариуцагч Б.Д нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан Х ХХК -тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй. Учир нь Ц.О нь Б.Дөлгөөн, Х ХХК -ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний оролцогч биш бөгөөд уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй.

8.в Иймд өмчлөх эрхээ хуулийн дагуу шилжүүлэн авсан этгээд өөрийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул Хаан банкны Орхон салбар болон Б.Д нрын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, зээлийн барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Ц.О нь гэрээний үүрэгтэй холбогдуулан учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Дөлгөөнд холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ү-2101000825 дугаарт бүртгэгдсэн 688802 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Х ХХК -д холбогдох Хаан банкны Орхон салбар болон Б.Д нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН