Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/1409

 

 

 

 

 

      2020           11            05                                       2020/ДШМ/1409

 

В.О, Б.Б, Б.Х, Д.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Үүлэн,

шүүгдэгч В.О, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/766 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч В.О нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн В.О, Д.Ц, Б.Б, Б.Х нарт холбогдох эрүүгийн 1805 01685 1385 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд өөрийн төрсөн ах Д.Ц-ын нэр дээр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Л.Б-ээс ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын ... арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 1.600.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг өөртөө шилжүүлэн авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханаар гэрчлүүлж иргэн Л.Б-ийн өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ц, В.О, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж       2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Б.Х-ий нэр дээр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Л.Б-ээс ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын ... арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн авч, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдан худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханаар гэрчлүүлж иргэн Л.Б-ийн өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины өмчлөх эрхийг Б.Х-ий нэр дээр шилжүүлэн авч 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ц, В.О, Б.Б нар нь бүлэглэж, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цайз” захын автобусны буудлын орчим А.М-ын ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашиныг “Зээлээр худалдаж авна, маргааш гэрээгээ хийнэ” гэж хуурч, урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгч, автомашины эзэмшлийг шилжүүлэн авч, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханаар гэрчлүүлж иргэн А.М-ын өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины өмчлөх эрхийг Б.Б-ий нэр дээр шилжүүлэн авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ц нь А.М-ын хувийн байдлыг тодруулсан иргэний цахим үнэмлэхийн лавлагааг ...улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашины урд салоны хайрцгаас зориуд хулгайлан авсан,

В.О, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд С.О-ийн нэр дээр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Л.Б-ээс ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 1.850.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханаар гэрчлүүлж, иргэн Л.Б-ийн өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашины өмчлөх эрхийг Б.Б-ий нэр дээр шилжүүлэн авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

В.О, Б.Б нар нь бүлэглэж “Миний хүү Б Энэтхэг улс руу бөөрний донор болох гэж байгаа. Энэтхэг улсаас донорын мөнгө 100.000 доллар ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.Э-аас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хаан банк”-ны Ард салбарын гадна 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8.316.000 төгрөг, мөн 450.000 төгрөг, нийт 10.866.000 төгрөгийн хохирол учруулсан,

В.О, Б.Б нар нь бүлэглэж “Манай хүүгийн нэр дээр гадаадаас 200.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөний шимтгэл гэж нийт 4.000.000 төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ чи мөнгө өгвөл би чамд 3 хоногийн дотор 500.000 төгрөг нэмж өгье” гэж хуурч Б.Б-оос 2018 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны салбарт 2.485.000 төгрөгийг бэлнээр, О.Н-аас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Алтан төгрөг” дэлгүүрт 2.350.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.660.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт интернет банкаар тус тус шилжүүлэн авч нийт 6.495.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 49.161.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, В.О, Б.Б, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Д.Ц, В.О, Б.Б, Б.Х нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Ц-ийг “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг зориуд хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийг 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-ийг 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 8 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-ээс нийт 13.459.666 төгрөг гаргуулан хохирогч Л.Б-д 3.145.833 төгрөг, хохирогч А.М-т 1.833.333 төгрөг, хохирогч Б.Э-д 5.333.000 төгрөг, хохирогч Б.Б-д 1.242.500 төгрөг, хохирогч О.Н-т 1.905.000 төгрөг, шүүгдэгч Б.Б-ээс нийт 13.459.666 төгрөг гаргуулан, хохирогч Л.Б-д 3.145.833 төгрөг, хохирогч А.М-т 1.833.333 төгрөг, хохирогч Б.Э-д 5.333.000 төгрөг, хохирогч Б.Б-д 1.242.500 төгрөг, хохирогч О.Н-т 1.905.000 төгрөг, шүүгдэгч Б.Х-ээс нийт 2.845.833 төгрөг гаргуулан, хохирогч Л.Б-д тус тус олгож, шүүгдэгч Д.Ц бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ар гэрийн хувьд надаас өөр ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс байхгүй. Эмээ минь 80 орчим насны тэтгэврийн хүн байдаг. Ээж минь 57 настай бөгөөд өндөр насны тэтгэвэрт байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, миний хувийн байдал, бодит байдалтай тохирч байгаагаас гадна хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалт нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэнсэх боломжгүй гэж үзсэн бол үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагатай. Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол болох 7.995.833 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, 2018 оны 1 дүгээр сараас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, зан байдлын хувьд засарч хүмүүжин байнгын ажил эрхэлж гэр бүлийхээ орлогын үндсэн эх үүсвэрийг бүрдүүлдэг, хөгшин настай эхийнхээ хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүй байх боломжтой байхад хорих ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг зөрчсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч В.О давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс оногдуулсан ял болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....Би 2 хүү 1 охины хамт амьдардаг. Бага охин минь 10 настай. 2 ахынхаа болон миний асаргаанд байдаг. Одоо бид гурвыг байхгүйд тодорхой асрах хүнгүй байгаа тул бага хүү болох Б.Х-ий бусдад учруулсан хохирол, оногдуулсан ялыг харгалзан үзэж залуу хүнд алдаагаа засах, хохирлоо төлөх боломж олгож, 8 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж хорихоос бусад төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч В.О, Б.Б нарын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х нар нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа. В.О нь 2 хүүхдийн хамт энэ хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн. В.О нь өрх толгойлсон эмэгтэй, түүний 10 настай охин нь харгалзах хүнгүй үлдсэн байгаа. В.О-т төрсөн ах, дүү нар байхгүй учраас Дархан-Уул аймагт хамаатны хүнийхээ гэрт нь байгаа. Б.Х-д анхан шатны шүүхээс 8 сарын хорих ял оногдуулсан. Түүний тухайд 2 үйлдэлтэй, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мөн хохирлоосоо тодорхой хэмжээг нь төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Иймд Б.Х-д оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Мөн В.О, Б.Б нарт оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ц нь бусдын эд хөрөнгийг 3 удаагийн үйлдлээр залилсан хэрэгт холбогдсон. Үүнээс 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч, М-ын машиныг залилсан болохоо хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруу дээрээ маргаж байгаа. Иймд шийтгэх тогтоол гарах үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байсан байна. Мөн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт Д.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэж дурдсан байна. Хэргийн 1 дүгээр хавтсын 60 дахь талд автомашин худалдах-худалдан авах тухай 5 хуудас баримтыг эд мөрийн баримтаар тооцсон байна. Иймд шийтгэх тогтоолын 7 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан дээрх 5 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх гэсэн өөрчлөлт оруулах саналтай байна. Мөн шүүгдэгч В.О нь бага насны буюу 10 настай охинтой байх тул Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу асран хамгаалагч томилохыг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргад даалгах нэмэлт заалт оруулах саналтай байна. Мөн Б.Х-д оногдуулсан 8 сарын хорих ялыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн ах Д.Ц-ын нэр дээр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан иргэн Л.Б-ээс ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын ... арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 1.600.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг өөртөө шилжүүлэн авсны дараа хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, хохирогч Л.Б-ийн өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч залилан 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц, В.О, Б.Б, Б.Хи нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Б.Х-ий нэр дээр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан иргэн Л.Б-ээс ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын ... арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн авсны дараа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдан худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, хохирогч Л.Б-ийн өмчлөлд байсан автомашины өмчлөх эрхийг Б.Х-ий нэр дээр шилжүүлэн залилан авч, улмаар бусдад зарж борлуулан 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц, В.О, Б.Б нар нь бүлэглэж мөн дээрх аргаар 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Цайз” захын автобусны буудлын орчим иргэн А.М-ын ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашиныг “Зээлээр худалдаж авна, маргааш гэрээгээ хийнэ” гэж хуурч, урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгч, автомашины эзэмшлийг шилжүүлэн авсны дараа, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, хохирогч А.М-ын өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины өмчлөх эрхийг Б.Б-ий нэр дээр шилжүүлэн залилан авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц нь иргэн А.М-ын хувийн байдлыг тодруулсан иргэний цахим үнэмлэхийн лавлагааг ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашины урд салоны хайрцгаас зориуд хулгайлан авсан,

Шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж мөн дээр аргаар 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд С.О-ийн нэр дээр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан иргэн Л.Б-ээс ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 1.850.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн авсны дараа, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж, хохирогч Л.Б-ийн өмчлөлд байсан ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашины өмчлөх эрхийг Б.Б-ий нэр дээр шилжүүлэн залилан авч, улмаар бусдад зарж борлуулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.О, Б.Б нар нь бүлэглэж “Миний хүү Б Энэтхэг улс руу бөөрний донор болох гэж байгаа. Энэтхэг улсаас донорын мөнгө 100.000 доллар ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Э-аас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны “Ард салбар”-ын гадна 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8.316.000 төгрөг, мөн 450.000 төгрөг, нийт 10.866.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Манай хүүгийн нэр дээр гадаадаас 200.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөний шимтгэл гэж нийт 4.000.000 төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ чи мөнгө өгвөл би чамд 3 хоногийн дотор 500.000 төгрөг нэмж өгье” гэж хуурч иргэн Б.Б-оос 2018 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны салбарт 2.485.000 төгрөгийг бэлнээр, иргэн О.Н-аас нараас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Алтан төгрөг” дэлгүүрт 2.350.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.660.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт интернет банкаар тус тус шилжүүлэн авч нийт 6.495.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 49.161.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Л.Б-ийн: “...зарын дагуу утсаар Ц гэх иргэн лизингээр автомашин сонирхож байна гэхээр нь уулзахаар болсон. Ингээд гэрээ хийж Ц нь надаас урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд үлдсэн 13.650.000 төгрөгийг лизингээр төлөхөөр болж “Тоёота Приус 20” загварын ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин аваад явсан. Уг залуу эхний нэг сарын нийт 600.000 төгрөг төлөөд алга болсон. ...Дараагаар нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөн зараар Б.Х гэх залуутай уулзсан. Гэрээ хийж Б.Х нь надаас урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд үлдсэн 13.650.000 төгрөгийг лизингээр төлөхөөр болж “Тоёота Приус 20” загварын ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин аваад явсан. Энэ залуу мөн 5 долоо хоногийн 750.000 төгрөг төлөөд алга болсон. ... Уг зарсан автомашинуудаа миний нэр дээр байгаа эсэхийг Автотээврийн Үндэсний төвөөс лавлахад бүгд бусдад худалдаалагдаж, нэр шилжсэн байсан. Тухайн гурван хүн хоорондоо холбоотой, миний гарын үсгийг дуурайлган зурж, цааш нь дамжуулан худалдсан байсан. Миний мөнгийг төлж барагдуулаагүй. ...” /1 хх 70/,

хохирогч А.М-ын: “...О, Б, Ц нар ирж үзээд “энэ машиныг авна” гээд явсан гэсэн. Тэгтэл О нь над руу утсаар холбогдоод “Эгч нь машиныг чинь түрээсээр авмаар байна. Миний дүү байлгаж байгаарай” гэж хэлээд 3 хоногийн дараа ирээд “Манай ах ирж байгаа. Урьдчилгаа төлбөрийг нь авчирч өгөх юм” гэсэн. Тэгтэл нэг 40 гаруй насны эрэгтэй ирж үзээд “болж байна” гээд, үзээд явсан. Надад О ахаасаа мөнгө авч 2.500.000 төгрөг өгсөн. Тэгээд “маргааш нь гэрээгээ хийнэ ээ” гээд машинаа аваад явсан. ...Миний машиныг эхнэр минь маань үзүүлсэн. Тэр үед О гэх эмэгтэй 2 хүүхэдтэй ирсэн гэсэн...” /1 хх 76, 92/,

хохирогч Б.Э-ийн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр намайг ажил дээрээ байхад манай эгч Б.З ирээд “Манай нөхрийн талын хамаатан Т.П болон Т.П-ын танил найз В.О нарт яаралтай мөнгөний хэрэг гараад байна. В.О-ийн хүүхэд Б-ий нэг банкны дансанд гадаад улсаас мөнгө орж ирээд түгжигдчихээд мөнгөө авч чадахгүй байна. Мөнгө хийсний дараа түгжээ нь гардаг гэнэ. 2 цагийн хугацаатай мөнгө зээлвэл 1.000.000 төгрөг дээр 500.000 төгрөг бодож хүү өгнө” гэж хэлэхээр нь энэ үгэнд нь итгээд...данснаасаа 2.100.000 төгрөгийг бэлнээр аваад Б.З-д ямар нэгэн баримт үйлдэхгүйгээр тоолж өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа миний мөнгийг өгөхгүй байхаар нь Б.Золтуяа эгчээс мөнгөө асуухад цаашаагаа Б.О-т өгсөн гэсэн. В.О-тэй утсаар ярихад “Надад дахиад 3.000 ам.доллар хэрэгтэй болчихлоо. Энэ мөнгийг олоод гадаад руу буюу Энэтхэг улс руу Вестерн Юнион үйлчилгээгээр хийлгэх хэрэгтэй байна, энэ мөнгийг хийчихвэл миний хүүгийн гадаад дансанд түгжигдсэн байгаа мөнгийг авах боломжтой болно. Чиний мөнгийг амласан ёсоороо энэ мөнгөө авчихаад буцааж өгнө” гэж хэлсэн. Улмаар В.О-ээс өмнө нь өгсөн байсан 2.100.000 төгрөгөө авахын тулд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр найз Ш.Б-ээс 8.316.000 төгрөгийг зээлж аваад, цааш нь...би өөрийн Хаан банкны 5077376615 дугаарын данснаас мөнгийг бэлнээр гарган авч Б.Золтуяа, Т.П, В.О болон түүний хүү Б нарыг байхад В.О-т бэлнээр тоолж өгсөн. Тэгээд дээрх Ард кино театрын хажууд талын Хаан банкны салбар дээрээс В.О-ийн хүү Б нь ганцаараа банкны вип өрөө рүү ороод мөнгийг гадаад руу шилжүүлчихлээ гэж хэлээд гараад ирсэн. Мөн дээрх мөнгө дээр нэмж надаас В.О валютын ханшны зөрүү мөнгө 450.000 төгрөг дутаад байна гэж хэлээд нэмж 450.000 төгрөг авсан. Тухайн үед В.О нь “Миний хүү Б Энэтхэг улс руу бөөрний донор болох гэж байгаа юм, донор болохоор болсон. Энэтхэг улсаас донорын мөнгө 100 гаруй сая төгрөг ирнэ” гээд нэг гэрчилгээ маягийн юм үзүүлж байсан. ...” /3 хх 12-13/,

хохирогч Б.Б-ийн: “...2018 оны 11 дүгээр сард миний хуучны танил О утсаар яриад уулзахад “Манай хүүгийн нэр дээр гадаадаас 200.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөний шимтгэл гэж нийт 4.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. “Хэрвээ чи мөнгө өгвөл би чамд 3 хоногийн дотор 500.000 төгрөг нэмж өгье” гэж хэлэхээр нь нөхөртэй нь найз байсан учир итгээд дүү О.Н-аас 4.050.000 төгрөг авч өгсөн. ...” /3 хх 238-239/,

хохирогч О.Н-ийн: “...Ээжийн дүү болох нагац ах Б надад “манай нэг найз 835 долларын шимтгэл төлчихвөл Монголбанкнаас гадаадын банкаар дамжуулан орж ирж байгаа мөнгөө авах гээд байна, найздаа 835 доллар буюу 2.350.000 төгрөг өгчих. Үдээс хойш мөнгө нь гарчихна. Энэ мөнгөн дээрээс чинь нэмээд 1.000.000 төгрөг өгчихье” гээд байхаар нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Алтан төгрөг” худалдааны төвийн АТМ машинаас 2.355.000 төгрөгийг аваад В.О-т 2.350.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Маргааш нь манай ах руу В.О залгаад “1.700.000 төгрөг өгчих одоо яг мөнгө орох гээд байна” гээд байхаар нь ах маань надад хэлээд би...интернет банкаар 5068169939 тоот данснаас 5132056593 тоот данс руу 1.660.000 төгрөгийг шилжүүлсэн. В.О нь надаас болон ахаас маань сүүлийн мөнгийг авахдаа “нэг мөсөн 3.000.000 төгрөг болгож нэмж өгье” гэж хэлээд авсан. ...” /3 хх 242-243/,

гэрч С.О-ийн: “...Х “машин авах гэсэн юм. Нэг гэр бүлийн хоёр хүнд нэг газраас машин өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд “Би урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нь өгөөд 7 хоног бүр 150.000 төгрөгийн түрээсийн мөнгө өгөх юм аа” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд машин зардаг хүн болох Б дээр “Сандэй” плазагийн замын эсрэг талд миний нэр дээр авах гэж байгаа “Приус 20” машин дээр очсон.  ...Тэгээд машиныг аваад андуудын орчим нэг нотариатын газарт очсон. ...” /1 хх 99/,

гэрч Б.Э-ын: “...В.О нь надтай холбогдоод “машин авах уу” гэж асуусан. Намайг ирж үзэхэд Саппорогийн гурвалжингийн гүүрний орчимд байрлах авто ломбардад 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан мөнгөлөг саарал өнгийн “Приус 20” загварын автомашин байсан. Тэгээд би ломбарданд 4.000.000 төгрөг төлөөд В.О-т 3.000.000 төгрөг өгч уг машиныг “Хөсөг трейд” дээр очиж нэр дээрээ шилжүүлж авсан. ...” /1 хх 104/,

гэрч Б.З-ийн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Т.П надтай холбогдоод “Танил В.О гэх хүнд яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гараад байгаа” талаар хэлээд надаас “таньдаг хүмүүст чинь бэлэн мөнгөтэй хүн байхгүй юу” гэж асуугаад 2 цагийн дотор 1 сая төгрөгөнд 500.000 төгрөгийн хүү бодож өөрт нь буцаагаад өгье гэж байсан. Тухайн үед би дүүгээ охиныхоо нэр дээр хадгаламж нээсэн талаар сонссон учир түүнээс асуухад надад итгээд 2.100.000 төгрөг өгсөн ба би тэр мөнгөн дээр нь өөрөөсөө 900.000 төгрөг нэмээд нийт 3.000.000 төгрөгийг Т.П-т бэлнээр өгсөн юм. Харин Т.П нь тухайн мөнгийг В.О гэх хүнд дамжуулан өгсөн гэж байсан. ...” /3 хх 16/,

гэрч Т.П-ын: “...Манай ангид сурдаг байсан Н гэх охины ээж нь болох В.О гэх хүн...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байх надтай уулзаад мөнгөний хэрэгцээ байна гээд хүмүүсээс асуугаад явж байсан. Тэгээд би ямар учиртай мөнгө хэрэгтэй болсон талаар асуухад “манай ангид сурч байсан Н гэх хүүхдийх нь бие муу, өвдсөн байгаа болохоор Энэтхэг улсаас тэтгэлэг авах гэж байгаа юм. Дансандаа 8 сая төгрөг байршуулчихвал миний хөөцөлдөж байгаа тэр тэтгэлгийн мөнгө орж ирэх гээд байна” гэж байсан. Ингээд би өөрөө 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 6 сая төгрөгийг өөрөөсөө бэлнээр өгсөн. ...Надаас 6 сая төгрөг авсныхаа дараа дахин 2 сая төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь би Б.З-д энэ асуудлын талаар хэлсэн юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр надад бэлнээр 3.000.000 төгрөг авчирч өгсөн. би тэр мөнгийг нь В.О-т шууд бэлнээр нь өгсөн ба сүүлд нь тодруулахад тухайн мөнгөний 2.100.000 төгрөг нь түүний дүү болох Б.Э-ийн мөнгө байсан юм байна лээ. ...2018 оны 6 дугаар сарын дунд үеэр дахин 8 сая төгрөг хэрэгтэй байна гээд Б.Э, Б.З нарт хэлсэн байна лээ. Ингээд Б.Э нь тухайн үед бэлнээр 8 сая орчим төгрөгийг бариад ирсэн. Тэгээд бүх мөнгөө В.О-т өгсөн. ...” /3 хх 19/,

шүүгдэгч В.О-ийн: “...Б-ээс машин авахаар болоод Ц бичиг баримтуудыг хөөцөлдөөд, Ц машинаа 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьж ... дугаартай машиныг хувь лизингийн зээлийн гэрээ хийж аваад Саппорогийн нотариат дээр очих Х-ий нэр дээр хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлсэн. Тэгээд зар мэдээ сониноос ченж дуудаж машиныг 6.700.000 төгрөгөөр зарсан. ...Ц энэ үед машин үзэж байхдаа лавлагааг нь авчихсан байсан. Тэгээд маргааш нь М-т 2.500.000 төгрөг өгөөд машиныг аваад, маргааш нь Саппоро дээр очоод ченжийг дуудаад зарсан. ...2018 оны 5, 6 дугаар сард Б.Э-аас...10.866.000 төгрөгийг түр хугацаагаар зээлж авсан. Энэ зээлж авсан мөнгөө өөрийн хүү болох Б.Б-ийг Нигер улсын бөөрний донор болох зорилготойгоор Энэтхэг улсаас имэйл хаягаар харьцаж байсан Энэтхэг улсын эмч Wayne Curl нь “хүү Б.Б-ий Хаан банкны олон улсын дансанд 90.000 доллар шилжүүлнэ, та нар энэ мөнгийг авахын тулд эхлээд Нигер улс руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлснээр би тухайн үед банкинд байгаа мөнгийг авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын хажууд талын Хаан банкин дээр Б.Э, Б.З, Т.П, хүү Б.Б нарын хамт байхдаа 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед 1.746 доллар, 1.576 доллар гэж 2 хувааж нийт 3.322 долларыг Нигер улсын Emmanuel Udofia гэх хүн рүү шилжүүлсэн. ...Өөрөө бөөрний донор болох гэсэн боловч биеийн эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй ба том хүү Б.Б маань өөрийн хүсэлтээр миний оронд хүсэлтээ өгсөн юм. Ингээд 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Энэтхэг улсын “Bhavin” нэртэй эмнэлгийн эмч Wayne Curl гэх хүнтэй интернетээр имэйлээр холбогдож хүү маань донор болохоор болсон. Гэтэл цагдаа, хуулийн байгууллагуудаар холбогдох баримтуудаа шалгуулдаг гээд төлбөрийг нь биднээс нэхсэн ба би өөрийн танил хүмүүстээ энэ талаар хэлж мөнгө зээлж авсан юм. Харин Б.Э гэх хүнийг тухайн үед таньдаггүй байсан ба хүмүүсээр дамжуулан танилцаж түүнээс нийт 10.866.000 төгрөгийг авсан. Эхлээд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.550.000 төгрөгийг П гэх охиныхоо бага ангийн багшаар нь дамжуулан авсан. Сүүлд 8.316.000 төгрөгийг Б.Э-аас өөрөө тоолж авсан. ...” /1 хх 85, 3 хх 23-24, 158/,

шүүгдэгч Б.Б-ий: “...Ц-аас мөнгө асуутал “Б гэх хүнээс би машин аваад нотариатаар хуурамч бичиг баримт үйлдээд ломбардад тавьчихсан байгаа. Та ч гэсэн тэгээд авчихаж болно” гэсэн. ...Б гэх хүнээс Ц, ээж, Х бид дөрөв очоод саарал өнгийн ... улсын дугаартай “Приус 20” загварын автомашиныг 2 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд хувь лизингээр 7 хоногт 150.000 төгрөг өгөхөөр худалдаж аваад нотариатын газарт автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг хэргийг хийхэд Ц хөөцөлдөж бүх материал, бичиг баримтыг янзалж өгсөн. Тэгээд машинаа аваад 1 сар орчим унаж байгаад “Да Хүрээ” захын машины ченжид ээж 6.600.000 төгрөгөөр зарсан. ...  дугаартай саарал өнгийн “Приус 20” загварын машин байсан. Уг машиныг 2.500.000 төгрөг урьдчилж өгөөд хувь лизингээр авахаар тохиролцсон. ...ээж хорооны оршин суугаа лавлагааны ард бичиг хийж 2.500.000 төгрөгийг М гэх хүнд өгөөд гэр рүүгээ авсан. Ц М-ын машинаас М-ын хурууны хээгээр гардаг лавлагааг хулгайлж авсан байсан. Би “Чи наадахаараа яах гэж байгаа юм” гэхэд Ц “хэрэг болно” гээд аваад явсан. Тэгээд тэр лавлагаагаар “Саппоро” худалдааны төвд байрлах нотариатын газарт очиж худалдах, худалдан авах гэрээ хийж миний нэр дээр шилжүүлж аваад маргааш нь “Да Хүрээ” захад машин зардаг ченжид 6.600.000 төгрөгөөр зарсан. ...2018 оны 1 дүгээр сард Х-ий ангийн хүүхэд болох О-д “ээж маань энэ хүнээс машин авах гэтэл нэг айлд нэгээс илүү машин өгөхгүй гээд байна. Чи нэр дээрээ аваад өгчих” гэж хэлээд нэр дээр нь Б-ээс бор ногоон өнгийн “Приус 20” загварын машин худалдан авсан. Ингэхдээ мөн адил 2.000.000 төгрөгийн урьдчилгаа гэж Б-д өгсөн. Тэгээд маргааш нь өмнөх хоёр машин зарсан ченжид 6.600.000 төгрөгт зарсан. ...” /1 хх 89, 186/,

шүүгдэгч Б.Х-ий: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б гэх хүнээс ... улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” загварын машиныг 2.000.000 төгрөг өгч хувь лизинг хийж 7 хоногт 150.000 төгрөг өгөхөөр гэрээ хийж авсан. ...Ц-т Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар байсныг нь Ц-аас би авсан. ...” /1 хх 91, 191/,

шүүгдэгч Д.Ц-ийн: “...Л.Б-тэй уулзаж ... улсын дугаартай “Приус 20” загварын автомашиныг авахаар болж гэрээ хийх болсон. ...Уг автомашиныг нийт 15.650.000 төгрөгөөр бодож авахаар болсон ба 1.650.000 төгрөгийг бэлнээр урьдчилгаа гэж өгсөн. Ингээд өдрийн 25.000 төгрөг өгч байхаар тооцож гэрээ байгуулсан. Гэрээн дээр ах ... гарын үсэг зурсан байгаа. Машинаа би өөрөө авсан. 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр би машинаа 6 сая төгрөгөөр үл таних хүнд зарсан. ...Б-тэй анх хийсэн гэрээн дээр байсан иргэний үнэмлэхийн хуулбарыг нь канондож байгаад ашигласан. ...Х өөрийнхөө болон О-ийн нэр дээр “Приус” загварын 2 автомашиныг авч цааш нь тус бүр 6.000.000-7.000.000 төгрөгөөр зарсан. ...”/ 1 хх 169-170, 182/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2445 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “ЛХ.Б” гэсний ард 2017 оны 12 дугаар сарын 05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б” гэсний ард, 2018 оны 2 дугаар сарын 08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б” гэсний ард байх Л.Б-ийн гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б-ийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “ЛХ.Б” гэсний ард, 2018 оны 12 дугаар сарын 05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б” гэсний ард, 2018 оны 2 дугаар сарын 08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б” гэсний ард байх Л.Б-ийн гэх гарын үсгүүд нь И.Б-аар “Б” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна. ...” /1 хх 110/,

Дамно ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ1-19-380 дугаартай: “... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.800.000 төгрөг. ...” /1 хх 131/,

Дамно ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ1-19-381 дугаартай: “...улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.500.000 төгрөг. ...” /1 хх 133/,

Дамно ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ1-19-382 дугаартай: “... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 8.500.000 төгрөг. ...” /1 хх 135/,

Дамно ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ1-19-379 дугаартай: “...улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 8.000.000 төгрөг. ...” /1 хх 135/ гэсэн дүгнэлтүүд,

Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1 хх 40-45, 63-66, 2 xx 5, 154, 229-233/, Автотээврийн Үндэсний төвөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 428 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, бүртгэлийн маягт /2 хх 26, 32-88/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 52-59, 4 хх 28, 92-102/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ц, В.О, Б.Б, Б.Х нарыг бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шүүгдэгч Д.Ц-ийг хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг зориуд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ц, В.О, Б.Б, Б.Х нарыг бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч В.О-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-д 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч В.О нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...”, “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүний эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х, Д.Ц нар нь хохирогч нарын эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь шүүгдэгч В.О-ийн “...Ц надад цаг хугацаандаа мөнгөө төлөөд яваад байвал зүгээр шүү дээ, баригдахгүй шүү дээ гэж хэлсэн...” /1 хх 85/, шүүгдэгч Б.Б-ий “...Ц-аас мөнгө асуутал “Б гэх хүнээс би машин аваад нотариатаар хуурамч баримт бичиг үйлдээд ломбардад тавьчихсан байгаа. Та ч гэсэн тэгээд авчихаж болно” гэсэн. Тэгтэл ээж Ц-т “Би тэгээд авъя. Чи надад 2.000.000 төгрөг зээлээд машинаа авсны дараа 2.500.000 төгрөг болгоод авчих” гэхэд Ц бодож үзье гээд орой нь зөвшөөрсөн. ...Би хууль бусаар хүний машиныг залилж аваад зарж байгаагаа мэдэж байсан. ...” /1 хх 89, 186-1870/, гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд залилах гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 60-61 дүгээр талд Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 180 дугаартай тогтоолоор эд мөрийн баримт хураан авах зөвшөөрлийн дагуу тус эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар Л.Б-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Приус 20” автомашиныг Д.Ц-т худалдсан гэрээг, Л.Б-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Приус 20” загаврын автомашиныг Б.Х-д худалдсан гэрээг, Л.Б-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Приус 20” загварын автомашиныг Б.Б-д худалдсан гэрээг, А.М-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Приус 20” загварын автомашиныг Б.Б-д худалдсан гэрээг эх хувиар нь хураан авч 5 хуудас материалыг эд мөрийн баримтаар тооцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгахаар заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн болохыг дурдалгүй орхигдуулсан байна.

Мөн прокуророос шүүгдэгч Д.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч В.О нь өөрийн хүү болох шүүгдэгч Б.Б, Б.Х болон 10 настай охины хамтаар амьдардаг байсан бөгөөд 10 настай охин нь асран хамгаалагчгүй байгаа талаар давж заалдсан гомдолдоо дурджээ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор заасан байх бөгөөд тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул Баянгол дүүргийн Засаг даргад дээрх асуудлыг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч В.О, Д.Ц, шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/766 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэсэн хэсгийг “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  5 хуудас “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн баримтуудыг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-ийн охин Б.Н-ий асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч В.В нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ