Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/01056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот хаягт байрлах, Ж ХХК /РД:/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Э хотхон,  дугаар байр,  тоот хаягт оршин суух, З зүр овогт С Ү /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,628,200 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, хариуцагч С.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь С.Үүрийнцолмонд холбогдуулан гэм хорын хохиролд 14,558,00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 0000 улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ0301190323 дугаар автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, мөн өдрийн №ЗБ0301190323 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу манай компанийн өмчлөлд шилжсэн. Уг автомашиныг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч С.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ жолоодож замын хашлага, гэрэлтүүлгийн шон мөргөсөн байна. Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулиар С.Ү хариуцлага ногдуулсан байдаг. Тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийлгэхэд 52 төрлийн эд анги эвдэрсэн тул солих, засах шаардлагатай гэж 13,190,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Журмын хашааны төлбөрт 520,000 төгрөг, ачилтын төлбөр 120,00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 649,000 төгрөг, оношлогооны төлбөрт 50,000 төгрөг, нотариатын зардалд 29,00 төгрөг, эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 14,628,200 төгрөгийг хохирлыг хариуцагчаас гаргуулна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тухайн автомашиныг манай найз залуу н.А гэж хүнээс 3,000,000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд осол болох өдөр анх удаа харахад машин их эвдрэлтэй, урьд куфер нь унжсан байсан. Ослын улмаас учирсан гэмтэл нь маш бага. Тэр бүх гэмтэл ослын үед бий болоогүй, зарим нь өмнө нь тийм болчихсон байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг О.З байгуулсан. Зээлдэгч О.З байгуулсан зээлийн гэрээгээ дүгнээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Бусдад учирсан гэм хорыг өөрөө шилжүүлэн өгсөн бол өмчлөгч, эзэмшигч хариуцдаг. С.Ү нь хариуцвал зохих этгээд биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч С.Ү нь согтуугаар машин барьж, хохирол учруулсан нь буруу. Хариуцагч талын гэм бурууг шалган тогтоосон байсан ч хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг харахад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ буруу гаргасан байх. Гол нь уг машины эзэнтэй хийсэн гэрээгээ цуцлах, өөрийн өмч болгосноо бодит баримтаар нотлоогүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 00-00  улсын дугаартай Тоёота кроун тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ЗТО-248 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, 2021.08.10-ны өдрийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2021.08.11-ний өдрийн үнэлгээний төлбөр төлсөн баримт, 2021.08.09-ний 00-00 журмын хашааны төлбөр төлсөн баримт, Бодь трансын 2021.08.22-ны төлбөрийн баримт, Чингис маркетинг ХХК-ийн 2021.08.09-ний 50,000 төгрөгийн зарлагын баримт, Ч ХХК-ийн 2021.08.09-ний 50 тоот оношлогооны тодорхойлолт, 2021.08.05-ны нотариатын мөнгөний тасалбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2038 тоот шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021.10.28-ны өдрийн тодорхойлолт, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-иас О.З өгсөн 2020.11.23-ны 20/340 тоот мэдэгдэл, 2021.01.25-ны 21/28, 2021.03.25-ны 21/162, 2021.05.24-ний 21/457 тоот мэдэгдлийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас автомашины фото зураг, М.О Хаан банкны 0000000 тоот дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс О.З байгуулсан 2019.12.23-ны өдрийн №ЗГ0301190323 тоот автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, 2019.12.23-ны өдрийн №ЗБ0301190323 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, М.О гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 00000 улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ0301190323 дугаар автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, мөн өдрийн №ЗБ0301190323 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу манай компанийн өмчлөлд шилжсэн. Манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг С.Ү 2021 оны 6 дугаар сарын 02-ны шөнө согтуугаар жолоодож яваад хохирол учруулсан. С.Ү гэм бурууг тогтоож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Хохирлын хэмжээг тогтоолгохоор үнэлгээ хийлгэхэд 13,190,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 649,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 520,000 төгрөг, өөрөө явах боломжгүй байсан тул ачилтын төлбөрт 120,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 50,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 29,000 төгрөг, оршин суугаа хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 14,628,200 төгрөгийг гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

3.1. Тухайн автомашиныг манай найз залуу н.А гэж хүнээс 3,000,000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд осол болох өдөр анх удаа харахад машин их эвдрэлтэй, урьд куфер нь унжсан байсан. Ослын улмаас учирсан гэмтэл нь маш бага. Тэр бүх гэмтэл ослын үед бий болоогүй, зарим нь өмнө нь тийм болчихсон байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг О.З байгуулсан. Зээлдэгч О.З байгуулсан зээлийн гэрээгээ дүгнээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Бусдад учирсан гэм хорыг өөрөө шилжүүлэн өгсөн бол өмчлөгч, эзэмшигч хариуцдаг. С.Ү нь хариуцвал зохих этгээд биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн О.З байгуулсан зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зөрчил хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материал, үнэлгээний тайлбан, төлбөр төлсөн баримт, оношлогооны тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Ж ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ0301190323 дугаартай автомашин барьцаалсан зээлийн гэрээг О.З байгуулж, 14,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдүүлж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗБ0301190323 дугаартэй эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, 0000 улсын дугаартай, Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний дагуу Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжин ирсэн байна.

6. Хариуцагч С.Ү нь тус 0000 улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явж, зам тээврийн осол гаргаж, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3100020210022746 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаар тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар гэм хор учруулсан С.Ү автомашиныг засварлахад шаардлагатай 13,190,000 төгрөг, автомашины эвдрэлийг тогтоолгохтой холбогдон гарсан зардал 819,000 төгрөг, журмын хашааны төлбөр 520,000 төгрөг, бусад зардал 99,200 төгрөг, нийт 14,28,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

8. Хариуцагч нь хариуцвал зохих этгээд биш, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй гэж маргаж байна.

9. Тээврийн хэрэгслийг ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах асуудлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зохицуулсан тул нэхэмжлэгч нь энэ зүйлээр шаардах учиртай.

10. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан ба энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм.

10. Нэхэмжлэгч нь зээлдэгч О.З өгч байсан гэх мэдэгдлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулсан тул 0000 УАА улсын дугаартай автомашины өмчлөгч болсон гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа зээлдэгч О.З байгуулсан2019.12.23-ны өдрийн №ЗБ0301190323 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.2-т Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол түүнээс фидуцийн зүйлийг үл маргах журмаар, бодитойгоор гаргуулан авахаар шаардах, 3.1.5-д Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан эсвэл зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдүүлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 8.2-т Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийн үүрэг бүрэн биелэгдэж, үүрэг гүйцэтгэгч фидуцийн зүйлийг буцаан авсан, эсхүл гэрээнд заасны дагуу фидуцийн зүйл зээлдүүлэгчийн өмчлөлд бүрэн шилжсэнээр энэхүү гэрээ дуусгавар болно гэж тус тус тохиролцсон байна.

Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт нь зээлдэгч О.З зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагүйг нотлох баримт болохоос О.З байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч О.З фидуцийн зүйлийг бодитооор гаргуулан авсан болон авах тухай баримт биш, фидуцийн зүйл нэхэмжлэгчид бүрмөсөн шилжиж ирсэн гэдгээ нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй.

Хэдийгээр фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмших эрх нь нэхэмжлэгчид шилжин ирсэн боловч энэ нь түр зуурын буюу зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсноор бүрмөсөн шилжиж ирэх, эсвэл зээлдэгчид буцаан шилжүүлэх агуулгатай.

11. Иргэдийн төлөөлөгчийн машины эзэнтэй хийсэн гэрээгээ цуцалж, өөрийн өмч болгосноо бодит баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ буруу гаргасан гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу зээлдэгч О.З фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, өөрийн өмчлөлд бүрмөсөн шилжин ирснээ нотлож чадаагүй тул автомашинд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй байна. Иймд С.Ү холбогдох гэм хорын хохиролд 14,628,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтланхариуцагч С.Ү гэм хорын хохиролд 14,628,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ Н.ХАНГАЛ