Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01066

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01066

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01056 дугаар шийдвэртэй

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Үд холбогдох

Гэм хорын хохиролд 14,628,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Содгэрэл, Ц.Үүрийнтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чинбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ0301190323 дугаар автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, мөн өдрийн №ЗБ0301190323 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу 00-00 УАА улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин нь манай компанийн өмчлөлд шилжсэн. Уг автомашиныг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч С.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ жолоодож замын хашлага, гэрэлтүүлгийн шон мөргөсөн байна. Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулиар С.Үд хариуцлага ногдуулсан байдаг. Тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийлгэхэд 52 төрлийн эд анги эвдэрсэн тул солих, засах шаардлагатай гэж 13,190,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Журмын хашааны төлбөрт 520,000 төгрөг, ачилтын төлбөр 120,00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 649,000 төгрөг, оношлогооны төлбөрт 50,000 төгрөг, нотариатын зардалд 29,00 төгрөг, эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 14,628,200 төгрөгийг хохирлыг хариуцагчаас гаргуулна гэжээ.

2. Хариуцагч С.Ү, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Тухайн автомашиныг манай найз залуу н.Анхбаяр гэж хүнээс 3,000,000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд осол болох өдөр анх удаа харахад машин их эвдрэлтэй, урьд куфер нь унжсан байсан. Ослын улмаас учирсан гэмтэл нь маш бага. Тэр бүх гэмтэл ослын үед бий болоогүй, зарим нь өмнө нь тийм болчихсон байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг О.Золзаяатай байгуулсан. Зээлдэгч О.Золзаяатай байгуулсан зээлийн гэрээгээ дүгнээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Бусдад учирсан гэм хорыг өөрөө шилжүүлэн өгсөн бол өмчлөгч, эзэмшигч хариуцдаг. С.Ү нь хариуцвал зохих этгээд биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Үгоос гэм хорын хохиролд 14,628,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгийн давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор гомдол гаргаж байгаа болно. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ЗГ0301190323 дугаар автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, мөн өдрийн ЗБОЗО1190323 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 00-00УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмчлөлд шилжсэн. Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг үндэслэж бид тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэтэл шүүхээс үзэхдээ нэхэмжлэгчид эзэмших эрх түр зуур шилжиж ирсэн гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна. Шүүхээс үзэхдээ бүрмөсөн өмчлөлд шилжүүлээгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1,100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өмчлөгчид бүхий л эрх нь байдаг бол эзэмшигч зөвхөн тухайн эд хөрөнгөнд өөрийн бодит эрх мэдлээ л хэрэгжүүлдэг. Иймд манай байгууллага өмчлөгчийн хувьд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заахдаа түр хугацаанд эсвэл бүрмөсөн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд тухайн эд хөрөнгө байх талаар хуульчлаагүй байдаг. Нэгэнт гэрээний дагуу өмчлөгч болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг бодитоор гаргуулан авах, үүргээ хугацаандаа гүйцэтгэвэл буцаан үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх гэсэн харилцааг зохицуулдаг онцлог зохицуулалттай гэрээ юм. Гэтэл шүүх хуулийг өөрөөр тайлбарлаж, буруугаар хэрэглэж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр шаардах нь зүйтэй гэсэн. Гэтэл энэ заалтаар бусдад учирсан гэм хорыг арилгах нөхцөлийг зохицуулсан болохоос биш тухайн тээврийн хэрэгслийн гэм хор хамааралгүй юм. Ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зааснаар гэм буруутай этгээдээс шаардах нь зүйтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн давж заалдах гомдолд хариу гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Үгоос гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С.Үд холбогдуулан гэм хорын хохиролд 14,628,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж ХХК нь О.Золзаяатай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ030119023 тоот Автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр 14,200,000 төгрөгийг 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдрийн №ЗБ0301190323 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ээр 00-00 УАА улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг Ж ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх.72-73/

5. Хариуцагч С.Ү нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож замын хашлага, гэрэлтүүлгийн шон мөргөсөн үйл баримт тогтоогджээ. /хх. 11-29/

6. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга юм.

7. Фидуцийн буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үндсэн зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд дээрх маргаанд фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан бөгөөд авто машиныг шилжүүлсэн этгээдийн эрх ашигт уг маргаанд сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болно.

9. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 231,091 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО