Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/00536

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  "С ц" ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох  

"С ц" ХХК-ийн үүргийн гүйцэтгэл барьцаалсан хөрөнгөнд 2021 оны 07 сарын 05-ны өдөр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн үнэлгээ болон 2021 оны 08 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Гэрч Б.Б,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч "С ц" ХХК-ийн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"С ц" ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В гудамжны ******* дугаарт бүртгэлтэй 166 м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018167 дугаарт бүртгэлтэй 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1600 м.кв талбайтай /шинэ нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1599 м.кв талбайтай/ эзэмших эрхийн газрын хамт нэр бүхий эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хурааж 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилж үнэлүүлэхэд 253.306.470 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлсэн нь Ү- 2202017970 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай хөргүүртэй агуулахыг 2003 онд 200,000,000 төгрөгөөр материал болон хөлсийг өгч бариулсан байдаг байхад миний 5 хөрөнгийг 1 хөрөнгийн үнээр үнэлсэнд гомдолтой байна.

Дуудлага худалдааг надад мэдэгдэлгүй явуулсан байсан. Иргэн Ц миний эрх зүйн байдал хүнд байгааг далимдуулан төлбөр авагч Баярмаа нь Үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлүүлж авах санаа зорилготой байсан нь илт байна. Манай компаний үнэлгээ 450,000,000-500,000,000 төгрөгийн үнэлгээтэй. 409 дүгээр ангид байхдаа НШШГГ дуудлага худалдааг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. 2021 оны 07 сарын 22-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан хариу ирээгүй. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албадан дуудлага худалдаагаар дээрх хөрөнгүүдийг нийт 168,814,666 төгрөгөөр худалдан борлуулсанд гомдолтой байна. "С ц" ХХК-ийн захирал Б.Ц миний бие 2021 оны 03 дугар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хоригдож байхдаа 407 дугаар хаалттай хорих ангиас 2021 оны 07 дугаар сарын 29-нд НШШГГ-т дуудлага худалдааг хойшлуулж өгөх хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй 2021 оны 07 сарын 06-нд Өршөөлийн хуульд хамрагдан 2021 оны 08 сарын 02-ны өдөр хорих 407 дүгээр ангиас суллагдан гарсан бөгөөд 2021 оны 08 сарын 04-нд гүйцэтгэгч А.Осорбарам утсаар 407-р ангиас дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт явуулсан байна ирж уулзаарай гэж хэлсэн.

Тухайн үед миний эрүүл мэндийн байдал муу байсан учир энэ байдлаа хэлээд гүйцэтгэгчид 2021 оны 08 дугаар сарын 10-нд гүйцэтгэгчтэй очиж уулзахад 2021.08.06-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдагдсан талаар хэлж мэдсэн. Хөрөнгө Эстимэйт”-ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ 2020 оны барилгын төсөвт өртгийн үнэлгээг баримталж 1 ам метр талбайн үнийн өсөлтийн индексийг 1,10 тооцсон, мөн үнэлгээнд өртгийн хандпагийн аргаар үнэлсэн тооцоогоор үнэлсэн байна. Зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. 2021 оны үнийн өсөлтийн индекс шинэчлэгдэн батлагдсаныг Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын FB хуудаснаас харж болно. Үүнд: үнийн өсөлтийг иргэний барилгад 2,43-аар тооцохоор тусгагдсан байна. /Хавсралт 1/

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээр Экспертиз хийлгэхийг хүсэж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгө үнэлсэн Хөрөнгө Эстимэйт”-ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3759 дүгээр шийдвэрээр "С ц" ХХК-иас 169.773.827 төгрөгийг гаргуулж "Ц ф" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Сэтгэлийн цэнгүүн”- ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В гудамжны 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202018168 дугаарт бүртгэлтэй 166 м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгзлтэй 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202018167 дугаарт бүртгэлтэй 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1600 м.кв талбайтай /шинэ нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1599 м.кв талбайтай/ эзэмших зрхийн газрын хамт битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4-187/10814 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч "С ц" ХХК-ийн захирал Б.Цт хүлээлгэн өгөхөд үнийн санал өгөхөөс татгалзаж, талууд тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй тул 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6/103 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-эстимэйт”-ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнэлгээг 253.306.470 төгрөгөөр тогтоосон байна. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй С ц”-ХХК-ийн захирал Б.Цтой уулзаж 1- 187/12432 тоот үнэлгээний мэдэгдэл болон үнэлгээний тайланг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзаж мэдэгдлийг хүлээн авахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааг хэтрүүлэн 96 хоног хэтрүүлэн гомдол гарсан байна. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/49 тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 407 дугаар хаалттай нээлттэй хорих ангийн дотоод сүлжээгээр хүргүүлэхэд төлбөр төлөгч "С ц" ХХК-ийн захирал Б.Ц нь албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтийг тус газарт ирүүлсэн байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Төлбөр авагч дуудлага худалдааг 6 cap хүртэл хугацааагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно” гэж заасан тул төлбөр авагчаар хүсэлт ирүүлээгүй тул хойшлуулах боломжгүй болно.

Тус газраас 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар 179.814.529 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Ц ф" ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа. 2018 оноос хойш 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураараа төлөх үйлдэл гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэл дээр дурьдсан байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 19 жилийн өмнө барьсан байгаа. Бодит байдал манай зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн зургаас харагдана. Үнэлгээ бодитой үнэлэгдсэн гэж үзэж байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-29 дүгээр талд авагдсан баримтуудыг, хариуцагчаас 46-163 дугаар талд авагдсан баримтуудыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хавтаст хэргийн 195-213 талд авагдсан гэрэл зургуудийг тус тус шүүхэд гаргаж өгсөн. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч "С ц" ХХК нь хариуцагч НШШГГ холбогдуулан Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлыг гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, талууд тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй тул шинжээчээр томилж үнэлгээ тогтоосон, үнэлгээг зөвшөөрөхгүй гомдлоо шүүхэд 96 хоногоор хэтрүүлсэн, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлэхэд хойшлуулах хүсэлт ирүүлсэн, төлбөр авагчийн хүсэлтээр дуудлага худалдааг хойшлуулдаг тул төлбөр төлөгчийн хүсэлтээр хойшлуулах үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 101/ШШ2018/03759 дугаар шийдвэрээр хариуцагч "С ц" ХХК-иас 168,546,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц ф ББСБ ХХК-д олгож, хариуцагч дээрх дүнгээр төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Хувьсгалчид В гудамж 3 тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай агуулахын зориулалттай Ү-22002018168 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай Ү-2202018167 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1600 м.кв талбайтай, улсын бүртгэлийн №000300443, нэгж талбарын ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28ы өдрийн 10740 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 00754 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигджээ.

5. Шүүхийн шийдвэр, тогтоол, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20380514 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 06-р сарын 04-ний өдрөөс эхлэн гүйцэтгэхийг 187-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид зөвшөөрсөн байна.

Төлбөр төлөгч "С ц" ХХК-ийн захирал Б.Цын гэрийн хаягаар, компанийн хаягаар шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийхэд хаягтаа байхгүй талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна.

6. Үүний дараа 2020 оны 8 дугаар 13-ны өдөр "С ц" ХХК-ийн захирал Б.Цт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20380514/04, 20380514/04, 20380514/04 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-оор барьцаа хөрөнгийг битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг битүүмжлэх тогтоолуудын хувийн хамт Б.Цт гардуулан өгсөн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байна. 

7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай хийж өгөх хүсэлтийг төлбөр авагч Ц ф ББСБ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудсаар хийгдсэн ажиллагааны талаар хүсэлт гаргагчид хариу мэдэгджээ. /хх-73-74 тал/

8. Дээрх хугацаанаас хойш төлбөр төлөгчийн хаягаар очиход тухайн хаягт байхгүй гэх, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тул мэдэгдэх хуудсыг хаалганд нь нааж үлдээх зэрэг ажиллагаа хийсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх-75-79 тал/

9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20380514/12 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор барьцаа хөрөнгийг хурааж, эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүргийг Г.Б гэх этгээдэд оногдуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч "С ц" ХХК-д мэдэгдсэн байна. /хх-86-90 тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид 2020 оны 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус мэдэгдэхэд төлбөр төлөгч нь үл хөдлөх хөрөнгөө зарж байгаа тул үнийн санал өгөхөөс татгалзаж, төлбөр авагч нь шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх-96, 99 тал/

10. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/21 тогтоолоор Баянзүрх дүүргийн 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20380514/12 тоот тогтоолыг гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй хугацаа хэтрүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүйд тооцож, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20380514/14 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг хурааж, эд хөрөнгийг хамгаалах үүргийг Б.Цын хүү П.Т-д оногдуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөр тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч "С ц" ХХК-д мэдэгдсэн байна. /хх-107-112 тал/

Б.Цын хүү П.Ц-тэй уулзсан тэмдэглэлд Б.Цыг 409-р хорих ангид байгаа талаар тусгагджээ.

11. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4-187/10814 дугаартай албан бичгээр "С ц" ХХК-д үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж, төлбөр төлөгч шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх-114-119 тал/

Мөн төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж байсан баримтууд авагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/103 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулж, шинжээчид эрх үүрэг, хууль тайлбарласан баримт хэрэгт авагджээ. /хх-120-123 тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэв.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилох тогтоолдоо шинжилгээ хийх байгууллагыг зааж, шинжээчийн эрхлэх ажил, тухайн дүгнэлт гаргахад эзэмшсэн мэдлэг, шинжээчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа байдал, татгалзан гарах шалтгаан байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэргийг шинжээчээр ажиллах этгээдээс тодруулж, эрх, үүрэг, хууль тайлбарласан баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэсэнтэй нийцэж байна.

Хөрөнгө эстимэйт” ХХК нь үнэлгээ хийсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 05ий өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг НШШГГ ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1-187/12432, 1-187/12433 албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-148-150 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан ба төлбөр төлөгч нь тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу хуулийн хугацаа хэтрүүлэн гомдлын шаардлага гаргасан байна. /хх-1-3 тал/

Мөн нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлээ хөрөнгийн үнэлгээг хийхдээ 2020 оны барилгын төсөвт өртгийн үнэлгээг баримталж 1 ам.метр талбайн үнийн өсөлтийн индексийг 1,10 тооцсон нь 2021 оны шинэчлэгдэн батлагдсан үнийн өсөлтийг иргэний барилгад 2,43-аар тооцохоор тусгагдсанаар багаар тусгаж хэт доогуур тогтоосон гэх боловч шүүх хуралдаанд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Б гэрчийн мэдүүлэгтээ ...Үнэлгээний тайланг Олон улсын стандарт, хуулийн дагуу үнэлгээг хийсэн. Ингэхдээ үнэлгээний 3 аргыг ашигласан байгаа. Үнэлгээ хийхдээ өөрсдөө биеэр очиж танилцаж, түүн дээр чанарын үнэлгээг тогтоосон байгаа. Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Хувьсгалчдын б гудамж, 3 тоотод байрлах 166 мкв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх, 200 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, 79 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх, 90 мкв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх, агуулахын хажууд үргэлжилсэн 20 мкв хувийн сууц, эзэмших эрхийн 1600 мкв талбайтай газар зэрэгт үнэлгээ хийсэн, бид очиж барилгын хийцтэй танилцсан. 2021 оны 7 сарын 5-ны өдрийн байдлаар тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр 253,306,470 төгрөг болсон байгаа. Үүнийг багаар үнэлсэн гэж үзэхгүй байгаа. Яг л зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн... гэж мэдүүлсэн байдал, шинжээч нь дүгнэлт гаргахдаа хөрөнгийн байдалтай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр очиж танилцан, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлтээ гаргаж, зах зээлд худалдаж байгаа бусад адил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулалт хийж, зах зээлийн хандлагаарх тооцооллоор эцсийн үнэлгээг гаргасан болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан ба үнэлгээг хэт багаар үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

12. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг тухайд;

Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/49 тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон 253,306,470 төгрөгийн 70 хувь болох 177,314,529 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4-187/13209 мэдэгдлээр төлбөр төлөгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн байна. /хх-152 тал/

Төлбөр төлөгч "С ц" ХХК-ийн захирал Б.Ц нь анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж заасан ба төлбөр авагч хүсэлт ирүүлээгүй тул дуудлага худалдааг хойшлуулах үндэслэл болохгүй гэж хариуцагч тайлбарлаж байна.

Анхны албадан дуудлага худалдаа тогтоолд заасан хугацаа болох 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр болж үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэж заасан нь хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчид мэдэгдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах санал гаргаагүй, үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн атлаа үнэлгээний талаар гомдол гаргаагүй тул хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан нь хуульд нийцжээ.

"С ц" ХХК нь дуудлага худалдаа явагдсантай холбоотой хүсэлт, гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн тул төлбөр төлөгч нь шүүхэд хандсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасантай нийцэж байна. /хх-6-7 тал/

Иймд хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05ий өдрийн Чингэлтэй дүүргийн Хувьсгалчид В гудамж 3 тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай агуулахын зориулалттай Ү-22002018168 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай Ү-2202018167 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1600 м.кв талбайтай, улсын бүртгэлийн №000300443, нэгж талбарын ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар”-ыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ холбогдуулан гаргасан "С ц" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөнд 2021 оны 07 сарын 05-ны өдөр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн үнэлгээ болон 2021 оны 08 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэгч "С ц" ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн Сэтгэлийн цэнгүүн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70  дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/16120 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ