Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00805

 

 

“С” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00536 дугаар шийдвэртэй

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

“С” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ болон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В гудамжны 3 тоотод байрлах “С” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 166 м.кв талбайтай агуулах, 90 м.кв талбайтай агуулах, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1600 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын хамт нэр бүхий эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хурааж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг томилж үнэлүүлэхэд 253,306,470 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлсэн нь 90 м.кв талбайтай хөргүүртэй агуулахыг 2003 онд 200,000,000 төгрөгөөр материал болон хөлсийг өгч бариулсан байдаг байхад миний 5 хөрөнгийг 1 хөрөнгийн үнээр үнэлсэнд гомдолтой байна. Дуудлага худалдааг надад мэдэгдэлгүй явуулсан байсан. Манай компани үнэлгээг 450,000,000-500,000,000 төгрөг гэж өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албадан дуудлага худалдаагаар дээрх хөрөнгүүдийг нийт 168,814,666 төгрөгөөр худалдан борлуулсанд гомдолтой байна. “С” ХХК-ийн захирал Б.Ц 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хоригдож байхдаа 407 дугаар хаалттай хорих ангиас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр НШШГГ-т дуудлага худалдааг хойшлуулж өгөх хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөлийн хуульд хамрагдан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хорих 407 дүгээр ангиас суллагдан гарсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч А.Осорбарам утсаар 407-р ангиас дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт явуулсан байна ирж уулзаарай гэж хэлсэн. Тухайн үед миний эрүүл мэндийн байдал муу байсан учир энэ байдлаа хэлээд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгчтэй очиж уулзахад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдагдсан талаар хэлж мэдсэн. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ 2020 оны барилгын төсөвт өртгийн үнэлгээг баримталж 1 ам метр талбайн үнийн өсөлтийн индексийг 1,10 тооцсон, мөн үнэлгээнд өртгийн хандлагийн аргаар үнэлсэн тооцоогоор үнэлсэн байна. Зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. 2021 оны үнийн өсөлтийн индекс шинэчлэгдэн батлагдсаныг Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын FB хуудаснаас харж болно. Үнийн өсөлтийг иргэний барилгад 2,43-аар тооцохоор тусгагдсан байна. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээр Экспертиз хийлгэхийг хүсэж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгө үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3759 дугаар шийдвэрээр “С” ХХК-аас 169,773,827 төгрөгийг гаргуулж “Ц ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “С” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В гудамжны 3 тоотод байрлах 166 м.кв талбайтай агуулах, 90 м.кв талбайтай агуулах, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1600 м.кв талбайтай /шинэ нэгж талбарын 1500704122 дугаарт бүртгэлтэй 1599 м.кв талбайтай/ эзэмших эрхийн газрын хамт битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч “С” ХХК-ийн захирал Б.Цт хүлээлгэн өгөхөд үнийн санал өгөхөөс татгалзаж, талууд тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/103 тоот тогтоолоор “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнэлгээг 253,306,470 төгрөгөөр тогтоосон байна. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй “С” ХХК-ийн захирал Б.Цтой уулзаж 1- 187/12432 тоот үнэлгээний мэдэгдэл болон үнэлгээний тайланг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзан мэдэгдлийг хүлээн аваагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн 96 хоног хэтрүүлэн гомдол гарсан байна. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/49 тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 407 дугаар хаалттай нээлттэй хорих ангийн дотоод сүлжээгээр хүргүүлэхэд төлбөр төлөгч “С” ХХК-ийн захирал Б.Ц нь албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтийг тус газарт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагчаас хүсэлт ирүүлээгүй тул хойшлуулах боломжгүй болно. Тус газраас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар 179,814,529 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа. 2018 оноос хойш 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураараа төлөх үйлдэл гаргаагүй. Нэхэмжлэл дээр дурьдсан байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 19 жилийн өмнө барьсан байгаа. Бодит байдал манай зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн зургаас харагдана. Үнэлгээ бодитой үнэлэгдсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нт холбогдуулан гаргасан “С” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөнд 2021 оны 07 сарын 05-ны өдөр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн үнэлгээ болон 2021 оны 08 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Цын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэлээр миний эрхийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Миний өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, миний бие эд хөрөнгөө алдсаны улмаас шүүхэд байтугай өмгөөлөгчид төлөх төлбөр олдохгүй хугацаа алдсан, заавал оролцуулах хүсэлт гаргасан боловч, “хүндэтгэн үзэх шалтгаангүй” хэмээн хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Хорихоос суллагдаад миний бие муу, мөн зорчих эрх хязгаарлуулсан байх үед буюу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албадан худалдааг явуулсан байсан нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Миний бие хойшлуулах хүсэлтээ гаргасан байхад миний эзгүйгээр албадан дуудлага худалдаа явуулсан. Энэ нь дуудлага худалдаа хэрхэн яаж явагдсан, хэн хэн оролцсон, тэмдэглэлтэй танилцаж, санал гаргах эрхийг минь зөрчсөн нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн “С” ХХК-д миний оруулсан олон жилийн хүч хөдөлмөр, үр шимийг 200,000,000 гаруй сая төгрөгөөр үнэлэн, зах зээлийн хүнд ажил орлого, бизнес хаагдсанаас үүдсэн өр төлбөрийг төлөөгүйн төлбөрт орсон, нөгөө талаар төлбөр авагч "Ц ББСБ" ХХК-ийн нэг талд үйлчлэн хэт доогуур буюу нэг дахин багаар үнэлэх, үл хөдлөх хөрөнгө, газрыг маань хууль бусаар, “Албадан дуудлага худалдаа” нэрээр авч байгаад гомдолтой байна. Иймд миний гаргасан гомдлын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээ болон 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Нт холбогдуулан “С” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ болон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03759 дугаар шийдвэрээр хариуцагч “С” ХХК-аас 168,546,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгож, хариуцагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /1хх.47-55/

5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгийг хураасан байна. /1хх.64-72, 86-91/

7. Хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын талаар тохиролцоогүй, төлбөр төлөгч үнийн санал өгөхөөс татгалзаж, төлбөр авагч “Ц ББСБ” ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/103 дугаар тогтоолоор “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /1хх.120/

8. “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д барьцаа хөрөнгүүд болох Чингэлтэй дүүргийн Хувьсгалчид В гудамж 3 тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг нийт 253,306,470 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх.122-148/  

9. Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

10. Анхан шатны шүүх “Хөрөнгө эстимэйт” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г Нт ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1-187/12432, 1-187/12433 албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх.148-150/

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан ба төлбөр төлөгч нь тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу хуулийн хугацаа хэтрүүлэн гомдлын шаардлага гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

12. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогоогүй. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан байна. Иймд төлбөр төлөгч “С” ХХК-ийн төлөөлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч байгууллага зөрчөөгүй байна.  

Иймд анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш болжээ. 

13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох байсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            14. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, би эд хөрөнгөө алдсаны улмаас шүүхэд байтугай өмгөөлөгчид төлөх төлбөр олдохгүй хугацаа алдсан, заавал оролцуулах хүсэлт гаргасан боловч, “хүндэтгэн үзэх шалтгаангүй” хэмээн хэрэгсэхгүй болгон хурлыг хийж, эрх зүйн байдлыг дордуулсан” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй.  

Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/01964 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна. Товлогдсон шүүх хуралдаанд хэргийн оролцогч ирэх үүрэгтэй.  /хх.216-218/

Анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/03464 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Өмгөөлөгч ирж яваа, хэргийн материалтай танилцаагүй тул хурал хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                 

 

  

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                   Ц.ИЧИНХОРЛОО