Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Л.Б-д  холбогдох

төрд учирсан хохирол 5,562,856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31ий өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Г, хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Э, прокурор Д.П, иргэдийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор А.М-г тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан байх бөгөөд А.М шүүхэд гомдол гаргажээ. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-г урьд эрхэлж байсан тус хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 5,562,856 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2020 оны А/89 дүгээр тушаалаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5,562,856 төгрөгийг А.М-д олгогдсон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 5,562,856 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай шийдвэр гаргасан Л.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг нэг бүрчлэн уншиж танилцууллаа. Хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа тус хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.М-г ажлаас халсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Үүн дээр ажилгүй байсан хугацааны олговор, төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актаар захиргааны байгууллага эсхүл өөрөө нэхэмжлэл гаргах ёстой. Хариуцагчийн тайлбартай танилцсан. Тухайн мөнгө нь хууль зүйн багцаас гарсан байдаг. Тэгэхээр хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр Хууль зүйн яамнаас итгэмжлэл аваагүй байна гэдэг тайлбар өгсөн байсан. Үүн дээр Төрийн албаны зөвлөл итгэмжлэл авах ёсгүй юм. Прокурор нь төрийг төлөөлж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлсөн, халсантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин гаргах асуудал дээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Иймээс Төрийн албаны зөвлөл энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн абаны зөвлөлөөс иргэн Л.Б надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь: 1. Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2020 оны А/89 тоот А.М-д мөнгө олгосон гэсэн тушаал хэрэгт алга байна. 2. Хууль зүй, Дотоод хэргийн сайдын Төрийн албаны зөвлөлд манайхыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, манай яамнаас А.М-д олгосон мөнгийг нэхэмжилж авна гэсэн Иргэний хуульд заасан итгэмжлэл алга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ. 3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “...төр хариуцан арилгана гэж заасан байна. Тухайн шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид гаргасан учир би энэ асуудлыг хариуцахгүй гэж бодож байгаа. Өмнө нь А.М-н талаар захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гарсан байгаа гэв.

 

3. Прокурор Д.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Б-н хууль бус шийдвэрийн улмаас А.М ажлаас халагдсан. Ажлаас халсан шийдвэр нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдон улмаар ажилгүй байсан хугацааны 5,562,856 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Олгохоор шийдвэрлэхдээ ажлын албанаас гаргах шийдвэр гаргасан. Дахиад ажлын албанаас гаргах гээд байгаа юм биш үү гэж байна. Энэ шийдвэрээр ажлын албанаас гаргах шийдвэр гарсан боловч ажлын алба гаргаж өгөөгүй. Л.Б нь 2020 он дуустал ажилласан гэж байна. Тухайн хүний хариуцаж байсан ажлын албанаас гаргах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үйл баримт байна. Гаргаагүй учраас хууль зүйн сайдын багцаас мөнгийг гаргасан баримт хэрэгт тогтоогдож байна. Хууль зүйн сайдын тушаал байхгүй гэж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хариуцагч Л.Б А.М гэдэг хүн шүүхийн шийдвэрийн дагуу 5,562,856 төгрөгийг авсан гэдэг дээр маргахгүй байна. Үнийн дүн дээр маргахгүй байна гэж ойлголоо. Энэ мөнгө нь А.М-д олгогдсон юм байна. Олгогдсонтой холбоотой энэ мөнгө хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргах нь зүйтэй гэж үзсэн. Хууль хэрэглээний талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардах эрхийн үндэслэлүүдийг хэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тодорхой тусгасан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр хуульчилсан байна. Ийм учраас Л.Б-н хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байхад Л.Б-г хариуцагчаар татсан нь миний хувьд ойлгомжгүй байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгосон байхад 1 хүнийг хариуцагчаар татсан байна. Тэргүүлэгчдийг бүгдийг хариуцагчаар татах болов уу гэж дүгнэж байна. Төрийг хохиролгүй болгох нь бол зөв гэж дүгнэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолууд,

-А.М-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2020.06.17/,

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шийдвэр,

-Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/978 дугаар албан бичиг,

- Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/525 дугаар “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг.

 

6. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэл,

- Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

7. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч Л.Б-с 556,285.60 /таван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,006,570.40 /таван сая зургаан мянга таван зуун далан төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Л.Б-д холбогдуулан төрд учирсан хохирол 5,562,856 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

9. Хариуцагч Л.Б нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан, мөн тухайн шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид гаргасан учир би энэ асуудлыг хариуцахгүй гэж татгалзжээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг “...Хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа тус хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.М-г ажлаас халсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Үүн дээр ажилгүй байсан хугацааны олговор, төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актаар захиргааны байгууллага эсхүл өөрөө нэхэмжлэл гаргах ёстой. Намтай холбоотой төрийн албан хаагч нарыг ажлаас халдаг. Дараа нь ажилгүй байсан хугацааны цалин гаргаад төр хохирдог. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд тусгаж өгсөн. Мөнгийг нь өгдөггүй, буцаагаад ажилд нь томилдоггүй учраас Хууль зүйн сайдын багц гээд тусдаа сан гэж байгаа. А.М ажилдаа орох гээд очдог, мөнгөө авах гээд очдог. Гэтэл ажилд нь эгүүлэн авдаггүй, мөнгийг нь өгдөггүй. Ийм учраас Хууль зүй дотоод хэргийн сайдын сангаас мөнгө гарсан. Үүн дээр Төрийн албаны зөвлөл итгэмжлэл авах ёсгүй юм. Прокурор нь төрийг төлөөлж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлсөн, халсантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин гаргах асуудал дээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Хуулийн үйлчлэлийн асуудлаар ярьж байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хойшоо байх тусам хамаарах ёстой. Иймээс Төрийн албаны зөвлөл энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарлаж байна.

11. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нь үйл баримтын талаар буюу хариуцагч Л.Б нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-г ажлаас чөлөөлсөн, улмаар шүүхийн шийдвэрээр А.М-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгосон талаар маргаагүй, харин Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай шийдвэрээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас олговрыг гаргуулахаар заасан байхад Л.Б-с дээрх мөнгийг дахин гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, түүнчлэн хамтын шийдвэрээр чөлөөлсний төлөө дарга байсан хүнд хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй, 2019 оны 05 дугаар сарын 20-нд Захиргааны хэргийн шүүх ажлын албанаас гаргуулж шийдвэрлэсэн тул хууль хэрэглээний хэрэгжих явц хойшлоно гэж хариуцагчийн хууль бус гэм буруу болон хууль хэрэглээний асуудлаар маргажээ.

12. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-г ажлаас халсан байх бөгөөд  Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, А.М-н ажилгүй байсан хугацааны олговорт 5,562,856 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, улмаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А.М-д ХЗДХСайдын А/89 тоот тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр болгож 5,562,856 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох үйл баримт нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шийдвэр, А.М-н Хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

13. Төрийн албаны тухай хуульд төрийн албаны ангилал, төрийн албан тушаал, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 6, 10 дугаар зүйлд төрийн алба, төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилж, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэжээ.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” нь төрийн захиргааны албан тушаал байна гэж зааснаар А.М-н ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байр нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ алба байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байна.

14. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж,

50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заажээ.

Төрийн жинхэнэ албан хаагч А.М-г хууль бусаар төрийн албанаас халсан дээрх үйл баримт нь дээрх хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул Төрийн албаны зөвлөл нь төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

15. Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар Прокурор нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрхтэй болно.

16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтаар тодорхойлсон байх ба төрийн жинхэнэ албан хаагч А.М-г үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн болохыг Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шийдвэрээр тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5,562,856 төгрөгийг хууль зүйн багцаас олгосон, дээрх үйл баримт нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Төрийн албаны зөвлөл нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байна.

17. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар “ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас нь халах тухай” тогтоолд хурлын дарга Л.Б гарын үсэг зурсан боловч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлд “хуралдаанд Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, С.Н нар ирж ирц 90,9 хувьтай байв. Г.Б тэргүүлэгч алс ажилтай тул хүрэлцэн ирсэнгүй” гээд 11 Тэргүүлэгчдээс хуралд ирсэн 10 Тэргүүлэгчид “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-г ажлаас нь халах тухай тогтоолыг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлав” гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2006 оны/ хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”,

22.1.6-т “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” бүрэн эрхтэй байна.

Мөн хуульд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх талаар тусгайлан зохицуулаагүй тул шүүх бүрэлдэхүүн иргэдийн Хурлын Тэргүүлэгчид нь албан тушаалд томилох эрхтэй тул мөн чөлөөлөх эрх хэмжээтэй байна гэж дүгнэсэн болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж,

25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхийн саналаар тус тус батална” гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-г ажлаас халсан тогтоол нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр байсан болох нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар “ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас нь халах тухай” тогтоолоор тогтоогдож байна.

Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийг хамтын шийдвэрээр чөлөөлсний улмаас төрд учирсан хохирлыг хариуцагч Л.Б нь дангаараа хариуцах үндэслэлгүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан 10 Тэргүүлэгчдийн нэг болох Л.Б-д оногдох хэсгээр хариуцуулах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

18. Иймд хариуцагч Л. Л.Б-с 556,285.60 /таван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,006,570.40 /таван сая зургаан мянга таван зуун далан төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

19. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Д нь “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгосон байхад 1 хүнийг хариуцагчаар татсан байна. Тэргүүлэгчдийг бүгдийг хариуцагчаар татах болов уу гэж дүгнэж байна. Төрийг хохиролгүй болгох нь бол зөв гэж дүгнэж байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

20. Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 556,285.60 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 17,338 төгрөгийг хариуцагч Л.Б-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Л.Б-с 556,285.60 /таван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,006,570.40 /таван сая зургаан мянга таван зуун далан төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 556,285.60 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 17,338 төгрөгийг хариуцагч Л.Б-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ