Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2019/03057/И |
Дугаар | 183/шш2019/02504 |
Огноо | 2019-11-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 183/шш2019/02504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0000000000000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000000000000000холбогдох,
Гэрээний үүрэгт 6 613 714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Б.Снар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
00000ХХК болон Б.Снарын хооронд 2013.01.28-ны өдрийн тт-13-012 тоот автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Улмаар уг гэрээг 2014.05.23-ны өдөр шинэчлэн тт-14-178 тоот Автомашин санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 12-30 УНМ улсын дугаартай Хюандай Элантра маркийн автомашиныг Такси үйлчилгээний зориулалтаар эзэмших, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашин түрээслэгчийн эзэмшилд бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч 2013.02.01-ний өдөр талууд акт үйлдсэн байдаг.
Гэрээний хугацаанд түрээслэгч Б.Снь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ олон удаа биелүүлээгүй, мөн гэрээний хугацаанд автомашинд маш их хэмжээний эвдрэл гэмтэл учруулж засварын их хэмжээний төлбөртэй болж цаашид гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон тул 2015.10.13-ны өдөр автомашиныг түр саатуулан акт үйлдэн хураан авч нэмэлт хугацааг тогтоосон. Нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй нийт 27 хоногийн 810 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, засварын 5 896 694 төгрөгийн төлбөр, гаднаас авсан сэлбэгийн 336 820 төгрөгийн төлбөр нийт 7 043 514 төгрөгийн төлбөртэй болсон тул гэрээний 14-р зүйлийн 14.2.10-т зааснаар 2016.5.30-ны өдөр дуусгавар болгож түрээслэгчийн гэрийн хаягруу мэдэгдэх хуудас илгээсэн боловч хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар мэдэгдэх хуудас буцаад манай байгууллагад ирсэн.
Ингээд түрээслэгчид мэдэгдэж чадаагүй тул 2017.10.16-ны өдрөөс уг автомашиныг Монгол Хюьндай ХХК-ийн засварын газарт засуулахаар өгсөн. Ингээд 2018.7.03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул 2018.10.22-ны өдөр тус шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Ингээд 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс хариуцагчийн хаягийг тогтоож өгсний дагуу 2019 оны 4-р сард нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд оролцож чадалгүй, нэхэмжлэлийг 2019.6.11-ний өдөр буцаалгасан.
Гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор түрээслэгчээс 00000ХХК нь түрээсийн төлбөрийн 810 000 төгрөг, засварын 5 896 694 төгрөг, гаднаас авсан сэлбэгийн 336 820 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70 200 төгрөг, нийт 7 113 714 төгрөгийн төлбөртэй байгаагаас түрээслэгчийн анх гэрээ байгуулахдаа барьцаалсан 500 000 төгрөгийг хасч тооцон 6 613 714 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Сшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж такси түрээсэлж ажилласан. 00000ХХК-д 2 жил 10 сар гарангийн хугацаанд ажиллаж 20 гаран сая төгрөгийн орлого гаргаж төлсөн байна. 2015.10.13-нд уг машиныг эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн өөрөө унаж очин хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанаас хойш хэдэн сарын дараа өөрийн таньдаг жолооч нараас сураглахад бааз өөр газарруу нүүсэн, миний машины моторыг нь цохиулчихсан гэж ярьж байсан. Бодвол өөрсдийнх нь ажилчдаас тос маслыг нь үзэхгүйгээр хүйтэнд асаан хөдөлгөснөөс болсон байх. Би уг автомашины 4 дэх түрээслэгч нь юм байна гэдгээ машин түрээсэлснээс жил гарангийн дараа мэдсэн. Уг машиныг өвөл түрээсэлж авсан ба хавар дулаан ороход будаг нь хуурч, ховхорч эхэлсэн. Уг байдлыг баазынханд хэлэхэд нэгэнт гэрээ байгуулчихсан, хүлээгээд авчихсан учир би тэр чигээрээ ажиллаж эхэлсэн. Одоо нэхэмжилж буй 6 613 714 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 жил 10 сар явах хугацаанд эрүүл мэнд их муудсан. Мөн надаас гадна гэрийнхэн маань маш их сэтгэл санааны дарамттай байсан. 4 хоног мөнгөө төлөөгүй тохиолдолд орлого хийдэг гол эх үүсвэр болон такси дуудлагыг хаадаг. Түүнээс олон хоновол машиныг хурааж авдаг бөгөөд Хяналт гэсэн машинтай тус баазын хүмүүс эхнэрээс мөнгө нэхдэг бөгөөд эхнэрийн утасруу байнга залгаж мөнгө нэхэж хүнд байдалд оруулдаг байсан. Эхнэр олон удаа цалингаасаа төлж байсан. Мөн эхнэрийн утасны 99769293, охины 99805680 дугаар баазад бүртгэлтэй байдаг ба одоо ч энэ дугааруудаа барьж байгаа. Гэвч энэ нэхэмжлэлдээ 99779293, 99605680 гэж бичсэн байх юм.Уг нэхэмжлэлийн 36 дугаар хуудсан дахь 2015.10.13-ны автомашин хүлээлцэх акт, 37-р хуудасны ар өвөр дэх автомашинд зайлшгүй хийх үзлэг, оношлогоо, их биеийн засвар үйлчилгээний үнэлгээ зэрэг хуудсуудад эсвэл миний гарын үсгийг дуурайлган зурсан, миний гарын үсэгтэй хуудсанд сүүлд нь энэ олон эвдрэл гэмтлийг нэмж бичсэн байх. Уг машины моторыг нь өөрсдөө цохиулаад баазын хашаан дотор удаан хугацаагаар байсан. Би 2015.10.13-аас хойш бааз дээр огт очоогүй болно. Энэ нэхэмжлэлд уг машины үнэ өртгийг оруулаагүй. Миний дараагийн түрээслэгчид мөн л өндөр үнэлгээгээр үнэлэн түрээслэчихсэн байгаа байх. Миний өмнөх түрээслэгчид зохих орлогыг хийсэн л байгаа байх гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 00000ХХК нь автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6 613 714 төгрөгийг хариуцагч Б.С гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 00000ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нь “... 2013.01.28-нд Автомашин түрээслэх гэрээг нийт 23 091 596 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр байгуулж, уг гэрээг 2014.05.23-ны өдөр шинэчлэн тт-14-178 тоот Автомашин санхүүгийн түрээсийн гэрээг түрээсийн гэрээний үнийг өмнөх гэрээний үлдэгдэл 12 593 876 төгрөг, гэрээний дагуу хүү тооцон 3 457 715 төгрөг нийт 16 021 591 төгрөг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээ болсноос хойш түрээсийн төлбөр 810 000 төгрөг, засварын зардал 5 896 694 төгрөг, гаднаас авсан сэлбэгийн зардал 336 820 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70 200 төгрөг, нийт 7 113 714 төгрөгийн төлбөртэй байгаагаас түрээслэгчийн анх гэрээ байгуулахдаа барьцаалсан 500 000 төгрөгийг хасч тооцон 6 613 714 төгрөгийн төлбөрийг Б.С гаргуулахаар нэхэмжилж байна ...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Снь “... 00000ХХК-д 2 жил 10 сар гарангийн хугацаанд ажиллаж 20 гаран сая төгрөгийн орлого гаргаж төлсөн.Түрээсийн төлбөрт 810 000 төгрөгийн төлбөр дутуу байгаа нь үнэн маргахгүй, 2015.10.13-нд уг машиныг эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн өөрөө унаж очин хүлээлгэж өгсөн байхад автомашинд зайлшгүй хийх үзлэг, оношлогоо гэж засвар хийсэн зардлыг нэхэмжилсэнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, засвар нь түрээсийн зүйлдээ шингээд түрээслэгчийн эд хөрөнгө сайжирч байгаа учраас уг зардлыг хариуцахгүй, мөн эхнэр болон охины утас одоо хүртэл холбогдож байгаа тул эрэн сурвалжлахад гарсан зардлыг зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.
Зохигчид 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулан автомашин, автомашинд суурилуулсан нэмэлт хэрэгсэл, тоноглолын хамт таксын үйлчилгээний зориулалтаар, түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 21 000 000 төгрөг байхаар гэрээ байгуулжээ. /х.х-ийн 6-10, 19 хуудас/
Үүний дараа зохигчид 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, гэрээний нийт үнийг эхний гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр 16 021 591 төгрөг, түрээсийн хүү 2 хувь, нэг сарын түрээсийн төлбөр 660 000 төгрөг, Элентра маркийн KMHDT41BABU219450 арлын дугаар бүхий автомашин болон нэмэлт тоноглолын хамт хариуцагч Б.Сайнбилэгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, гэрээнд заасан хугацаа дуусгавар болгоход төлбөр төлөх үүргийг түрээслэгч бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан, дээрх хоёр гэрээний дагуу гэрээний хугацаанд хариуцагч нийт 18 427 186 төгрөг /х.х-ийн 19, 20, 32, 33/ төлж, түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч 2015.10.13-ны өдөр түрээсийн зүйл болох автомашиныг хураан авсан болох нь нотлогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /х.х-ийн 11-18, 36/
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Лизинг авагч нь автомашины үнээс гадна хүү, бусад зардлыг оруулан түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхойлж гэрээний зүйлийн өртөг болон түрээслүүлэгчийн ашгийг хамтад нь тооцох замаар тогтоосон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-7.1.2 дах хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр, түрээсийн хүүгээс бүрдэнэ гэж тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.”гэж заасан байх тул мөн хуулийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх, мөн 289.1.5-т “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” үүргийг тус тус түрээслэгч хүлээдэг байна.
Зохигчид гэрээний үнийг 16 021 591 төгрөгөөр тогтоосон бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацааанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг дангаар цуцалж, төлөгдөөгүй түрээсийн төлбөр 810 000 төгрөгийг нэхэмжилж байх ба уг төлбөрийг хариуцагч төлөх талаар маргаагүй, уг шаардлагыг төлөхөд татгалзах зүйлгүй гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг хууль болон гэрээгээр шаардах эрхтэй байх тул хариуцагчаас төлөгдөөгүй түрээсийн төлбөр 810 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Талууд гэрээний зүйл болох автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 00000448 тоот акт үйлдэн хүлээлцсэн байх бөгөөд тайлбар хэсэгт 1,2,3,4,5,6,7,8 бүгд сэвтэй багаж засах будах, хойд гупер засах будах, зүүн хойд керло засах будах, урд гупер, баруун урд керло засах, баруун урд хаалга, баруун хойд хаалганы шил солих, баруун хойд керло засах будах гэж тэмдэглэл үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 36/
Дээрх актад хариуцагч гарын үсэг зурсанд маргахгүй харин нэхэмжлэгч нь тайлбар дээрх агуулга бүхий зүйлийг нөхөж бөглөсөн, тайлбар хэсэгт ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй актад гарын үсэг зурсан,хүлээлгэж өгөхөд ийм хэмжээний эвдрэл байгаагүй гэж маргаж байх боловч хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2014.05.23-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т “Автомашин болон нэмэлт тоноглолд учирсан аливаа хохирлыг даатгалын нөхөн олговор, Гуравдагч этгээдийн төлбөр эсвэл өөрийн өмчийн хөрөнгөөр зөвхөн Түрээслүүлэгчийн тогтоосон чанарын түвшинд сэргээн засах үүрэгтэй” гэж харилцан тохиролцсон байх тул автомашиныг хүлээлцэхэд үүссэн эвдрэл гэмтлийг засварлахтай холбоотой зардлыг хариуцагч төлөх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч уг шаардлагын хүрээнд засварын зардлын нэхэмжлэх ирүүлснээс актад дурдсан завсар үйлчилгээнд гарсан зардал хойд буфер солих будах 144 500 төгрөг, урд буфер засаж будах 153 000 төгрөг, баруун хойд хаалганы шил 50 820 төгрөг нийт 348 320 төгрөг, нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /х.х-ийн 57,78/
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т “... бол хөлслүлсэн эд хөрөнгөнд засвар, үйлчилгээ хийх” үүргийг хөлслүүлэгч буюу түрээслүүлэгч хүлээж байна. Мөн хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д “Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдол хариуцлага хүлээхгүй” гэж заасан байх тул түрээсийн эд хөрөнгийг түрээслэгч ашиглах явцад гарч байгаа ердийн элэгдэлтэй холбогдуулан түрээсийн зүйлийг засаж сайжруулахад гарсан засвар, үйлчилгээний зардал 5 896 694 төгрөг, сэлбэгийн зардал 336 820 төгрөг нийт 6 233 514 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” мөн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, ... хохиролд тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлахад гаргасан зардал 70 200 төгрөг нь гарах ёсгүй зардал байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дээрхийг нэгтгэн нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр 810 000 төгрөг, актаар эвдрэлтэй хүлээлгэж өгсөн зүйлийг засварлахад гарсан зардал 348 320 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 70 200 төгрөг нийт 1 228 520 төгрөг гаргуулахаар байх бөгөөд хариуцагч түрээсийн гэрээ байгуулахад барьцаанд байршуулсан 500 000 төгрөгийг /х.х-ийн 76/ хасаж үлдэх 728 520 төгрөг /1 228 520 – 500 000/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 885 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.С 728 520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч 00000ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 885 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22 034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ