Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01251

 

 

Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02504 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 198 дугаар магадлалтай,

Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй, /УБТТС ХХК/

Б.Сайнбилэгт холбогдох,

Гэрээний үүрэгт 6,613,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УБТТС ХХК болон Б.Сайнбилэг нарын хооронд 2013.01.28-ны өдрийн тт-13-012 тоот автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Улмаар уг гэрээг 2014.05.23-ны өдөр шинэчлэн тт-14-178 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 1230 УНМ улсын дугаартай Хьюндай Элэнтра маркийн автомашиныг Такси үйлчилгээний зориулалтаар эзэмших, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж,  түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг түрээслэгчийн эзэмшилд бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч 2013.02.01-ний өдөр талууд акт үйлдсэн байдаг. Гэрээний хугацаанд түрээслэгч Б.Сайнбилэг нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ олон удаа биелүүлээгүй, мөн гэрээний хугацаанд автомашинд маш их хэмжээний эвдрэл гэмтэл учруулж засварын их хэмжээний төлбөртэй болж цаашид гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон тул 2015.10.13-ны өдөр автомашиныг түр саатуулан акт үйлдэн  хураан авч нэмэлт хугацааг тогтоосон.

Нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй нийт 27 хоногийн 810,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, засварын 5,896,694 төгрөгийн төлбөр, гаднаас авсан сэлбэгийн 336,820 төгрөгийн төлбөр нийт 7,043,514 төгрөгийн төлбөртэй болсон тул гэрээний 14-р зүйлийн 14.2.10-т зааснаар 2016.5.30-ны өдөр дуусгавар болгож түрээслэгчийн гэрийн хаяг руу мэдэгдэх хуудас илгээсэн боловч хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар мэдэгдэх хуудас буцаад манай байгууллагад ирсэн. Ингээд түрээслэгчид мэдэгдэж чадаагүй тул 2017.10.16-ны өдрөөс уг автомашиныг Монгол Хюьндай ХХК-ийн засварын газарт засуулахаар өгсөн. Ингээд 2018.7.03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул 2018.10.22-ны өдөр тус шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Ингээд 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс хариуцагчийн хаягийг тогтоож өгсний дагуу 2019 оны 4-р сард нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд оролцож чадалгүй, нэхэмжлэлийг 2019.6.11-ний өдөр буцаалгасан. Гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор түрээслэгчээс УБТТС ХХК нь түрээсийн төлбөрийн 810,000 төгрөг, засварын 5,896,694 төгрөг, гаднаас авсан сэлбэгийн 336,820 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 7,113,714 төгрөгийн төлбөртэй байгаагаас түрээслэгчийн анх гэрээ байгуулахдаа барьцаалсан 500,000 төгрөгийг хасаж тооцон 6,613,714 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Сайнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж такси түрээсэлж ажилласан. УБТТС ХХК-д 2 жил 10 сар гарангийн хугацаанд ажиллаж 20 гаран сая төгрөгийн орлого гаргаж төлсөн байна. 2015.10.13-нд уг машиныг эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн өөрөө унаж очин хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанаас хойш хэдэн сарын дараа өөрийн таньдаг жолооч нараас сураглахад бааз өөр газар руу нүүсэн, миний машины моторыг нь цохиулчихсан гэж ярьж байсан. Бодвол өөрсдийнх нь ажилчдаас тос маслыг нь үзэхгүйгээр хүйтэнд асаан хөдөлгөснөөс болсон байх. Би уг автомашины 4 дэх түрээслэгч нь юм байна гэдгээ машин түрээсэлснээс жил гарангийн дараа мэдсэн. Уг машиныг өвөл түрээсэлж авсан ба хавар дулаан ороход будаг нь хуурч, ховхорч эхэлсэн. Уг байдлыг баазынханд хэлэхэд нэгэнт гэрээ байгуулчихсан, хүлээгээд авчихсан учир би тэр чигээрээ ажиллаж эхэлсэн. Одоо нэхэмжилж буй 6,613,714 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 жил 10 сар явах хугацаанд эрүүл мэнд их муудсан. Мөн надаас гадна гэрийнхэн маань маш их сэтгэл санааны дарамттай байсан. 4 хоног мөнгөө төлөөгүй тохиолдолд орлого хийдэг гол эх үүсвэр болон такси дуудлагыг хаадаг. Түүнээс олон хоновол машиныг хурааж авдаг бөгөөд Хяналт гэсэн машинтай тус баазын хүмүүс эхнэрээс мөнгө нэхдэг бөгөөд эхнэрийн утас руу байнга залгаж мөнгө нэхэж хүнд байдалд оруулдаг байсан. Эхнэр олон удаа цалингаасаа төлж байсан. Мөн эхнэрийн утасны 99769293, охины 99805680 дугаар баазад бүртгэлтэй байдаг ба одоо ч энэ дугааруудаа барьж байгаа. Гэвч энэ нэхэмжлэлдээ 99779293, 99605680 гэж бичсэн байх юм. Уг нэхэмжлэлийн 36 дугаар хуудсан дахь 2015.10.13-ны автомашин хүлээлцэх акт, 37-р хуудасны ар өвөр дэх автомашинд зайлшгүй хийх үзлэг, оношилгоо, их биеийн засвар үйлчилгээний үнэлгээ зэрэг хуудсуудад эсвэл миний гарын үсгийг дуурайлган зурсан, миний гарын үсэгтэй хуудсанд сүүлд нь энэ олон эвдрэл гэмтлийг нэмж бичсэн байх. Уг машины моторыг нь өөрсдөө цохиулаад баазын хашаан дотор удаан хугацаагаар байсан. Би 2015.10.13-наас хойш бааз дээр огт очоогүй болно. Энэ нэхэмжлэлд уг машины үнэ өртгийг оруулаагүй. Миний дараагийн түрээслэгчид мөн л өндөр үнэлгээгээр үнэлэн түрээсэлчихсэн байгаа байх. Миний өмнөх түрээслэгчид зохих орлогыг хийсэн л байгаа байх гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02504 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Сайнбилэгээс 728,520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,885,194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 198 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлсөн 109,114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: УБТТС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд миний бие манай компанийн нэхэмжлэлтэй иргэн Б.Сайнбилэгт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн 2019.11.20-ны өдрийн 183/ШШ2019/02504 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 198 тоот магадлалд доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Манай компани Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Б.Сайнбилэгээс санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6,612,714 төгрөг гаргуулахаар 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 810,000 төгрөгийн түрээсийн төлбөр, 348,320 төгрөгийн засварын төлбөр, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 1,228,520 төгрөгийг хангаж, үлдсэн засварын зардал болох 5,885,194 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлыг 2020.01.27-ны өдөр хянан хэлэлцэж давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж, тус өдрийн 198 тоот магадлалыг гаргасан. Магадлалд засварын төлбөрийг хангахгүй орхисон үндэслэлээ /2015.10.13-ны өдрийн автомашин хүлээлцэх акт үйлдэж, эд хөрөнгийг хүлээлцэх үед үүссэн байсан эвдрэл гэмтэл гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь талуудын үйлдсэн актад нэрлэн заасан гэмтэл, сэвтэй тохирохгүй байгаагаас гадна автомашин хүлээлцсэнээс хойш 3 жилийн дараа гарсан эвдрэлд засвар хийсэн бичгийн баримтыг үндэслэн хариуцагч төлбөрийг төлөх үндэслэлгүй байна/ гэж дүгнэжээ. Автомашин хүлээлцэх актанд нэрлэн заасан гэмтэл, сэв нь засварын баримттай бага зэрэг зөрдөг учир нь эд ангиудыг задлах үед нэмэлт гэмтэл илэрдэг. Мөн эд ангиудыг сольсноос болж заавал хийгддэг тохиргоо, засвар үйлчилгээ байдаг. Жишээ нь рулийн аппарат сольсноор тэнхлэг тохиргоо заавал хийгддэг. Иймээс нэмэгдэл засвар болон ажлын хөлс гардаг.

 

Мөн хариуцагч нь таксиг түрээсэлж байх хугацаандаа буюу 2015.06.19-нд 2,878,524 төгрөгийн засварыг хийлгэсэн байдаг. Үүнээс хойш гэрээ цуцлагдах хүртэл дээрх төлбөрөөс 350,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байгааг хасаж тооцсон байна. Гэрээ цуцлагдсанаас хойш 2017.10.16, 2018.02.26, 2018.03.15-нд тус тус засварласан. Эдгээр засварын баримтууд дээр засвар хийлгэх үед автомашины явсан км-ийн заалтыг тусгадаг. 2015.10.13-ны өдрийн актанд 171,111 км явсан гэж тэмдэглэсэн бол, 2018.02.12-ны засварын хуудсанд 171,112 км /хх 68-р хуудас/ явсан гэж тэмдэглэсэн байна. Эдгээр баримтуудаас харахад уг автомашин нь гэрээ цуцлагдсанаас хойш огт хөдлөөгүй компанийн зогсоолд байсан нь харагдаж байна. Мөн тухайн үед манай компани автомашиныг дараагийн түрээслэгч түрээслэх хүсэлт гаргатал засвар үйлчилгээнд оруулдаггүй байсан. Иймээс хураан авснаас хойш олон сарын дараа засуулсан байгаа. Дээр дурдагдсан түрээсэлж байсан үеийн засвар болон гэрээ цуцалснаас хойш хийгдсэн засварын төлбөрүүдийг нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д хөлслөгч хөлсөлсөн эд хөрөнгийг муутгасан бол хариуцлага хүлээхээргүй заасан байгаа ч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4-т Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах ... эрх, үүрэгтэй байж болно. Мөн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ гэж заасан нь элэгдэл хорогдлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг хуульд тусгасан байна. Мөн Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байхад хөлслөх гэрээний зохицуулалт буюу Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3, 291 дүгээр зүйлийн 291.1-д тус тус заасныг үндэслэн өөр бүлгийн зохицуулалт хэрэглэн засварын төлбөрийг хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэх агуулгаар тусгасан. Харин магадлалд гомдлын гол агуулгад дүгнэлт хийлгүй, Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар энгийн элэгдэл хорогдлыг нэхэмжлэх эрх байсаар атал энэ зүйлийг хэрэглэн засварын төлбөрийг хангаж шийдвэрлээгүй нь учир дутагдалтай байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн 5,885,194 төгрөгийг хариуцагч Б.Сайнбилэгээс гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь хариуцагч Б.Сайнбилэгт холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрийн 810,000 төгрөг, засварын зардлын 5,896,694 төгрөг, сэлбэгийн үнэ 336,820 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 6,613,714 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь Б.Сайнбилэгтэй 2013.01.28-ны өдөр Автомашин түрээслэх тухай ТТ-13-012 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Элентра маркийн автомашиныг Б.Сайнбилэгт түрээслүүлж, түрээслэгч түрээсийн төлбөрт сар бүр 660,000 төгрөг төлөхөөр, гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

Улмаар гэрээний талууд 2014.5.23-ны өдөр дээрх гэрээг шинэчлэн Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээний үнийг 16,021,591 төгрөг байхаар тохиролцон, түрээсийн төлбөр сарын 660,000 төгрөг, түрээсийн хүү 2 хувь, хугацааг 2 жил 1 сар байхаар, мөн 2015.4.27-ны өдөр мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ...гэрээний үнийг 14,147,055 төгрөг байхаар, гэрээний хугацааг 1 жил 11 сар, түрээсийн төлбөр сарын 660,000 төгрөг, түрээсийн хүү 3 хувь байхаар тус тус өөрчилсөн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2заасан санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөл, шаардлагыг хангасан гэрээ байгуулагдсан талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар түрээслүүлэгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй гарах зардлыг төлүүлэхээр түрээслэгчээс шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б.Сайнбилэг нь автомашин хүлээлцсэн актад дурдсан хойд гупер солих, будах зардлын 144,500 төгрөг, урд гупер засаж будах зардлын 153,000 төгрөг, баруун хойд хаалганы шилний 50,820 төгрөг зэрэг автомашиныг засварлахад гарсан зардлын нийт 348,320 төгрөг, мөн түрээсийн төлбөрийн 810,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөгийг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон байна.

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр 810,000 төгрөг, автомашиныг засварлахад гарсан зардлын 348,320 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 70,200 төгрөг нийт 1,228,520 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн, уг үнийн дүнгээс барьцааны 500,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 728,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн шийдэл хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02504 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 198 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                                              Д.ЦОЛМОН