Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/00927

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХХХХХХХХХХ  тоотод  байрлах, О ХХК - ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Агар нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХКнь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00860 дугаартай тогтоолоор О ХХК-иас ХХК-иас 1 197 744 067 төгрөг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө буюу гуравдагч этгээд Г.Б өмчлөлийн эрхийн улсын Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С ХХК-ийг шинжээчээр томилон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 116 834 140 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын өндөр зэрэглэлийн орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн 116 834 140 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах байдлаар тодруулж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор О ХХК-иас 1 197 000 000 төгрөг гаргуулан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Г.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах 50 м.кв талбай орон сууц барьцаатай байсан. Тус орон сууцыг үнэлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилохдоо хууль зөрчсөн. Шинжээчээр С ХХК оролцож зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн. Үүнд өмчлөгчөөс үнийн санал аваагүй, төлбөр төлөгч дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт өгөөгүй. Хэрэв үнийн санал авч, ажиллагаа хийсэн бол талууд харилцан тохиролцох боломжтой байсан. Уг байрыг Г.Б барьцаанд өгч, өөрөө  авсан боловч бидний хооронд төлбөр тооцооны маргаан байгаа учраас 116 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Иймээс шинжээч томилсон тогтоол, үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчид хуульд заасны дагуу хариуцлага тооцуулах хүсэлтэй байна гэсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э хариу тайлбартаа: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэрээр Од ХХК-иас 1 197 744 067 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20290409 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч О ХХК-нд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Г.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20290409/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20290409/07 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал ирүүлэхэд харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/372 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийн шинжээч Г.О-г томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 116 834 140 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээг төлбөр төлөгч О ХХК-ийн захирал Г.З-д мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажилгааны оролцогч гуравдагч этгээд Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр тус газар хүсэлт гаргаж шинжээчийн үнэлсэн 116 834 140 төгрөгөөр худалдан авч мөнгийг тус өдөр газрын Голомт банкны 3405133858 тоот дансанд шилжүүлж 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4-179/1395 тоот албан бичгээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхыг төлбөр авагчид хүргүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 116 834 140 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлж хөрөнгийг чөлөөлүүлсэн.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн О ХХК-иас Г.Э-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ГХ2019/01005 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/10799 дүгээр шүүгчийн захирамж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20290409 дүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Ү-2205018458 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 860 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/372 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн С ХХК-ийн Г.О-т олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн С ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн тоот болон үнэлгээний тайлан, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-22000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ГХ2019/01005 дугаар гүйцэтгэх хуудас, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Г.Э болон Ш.Б нарын байгуулсан Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 3, 4, 5-6, 7, 8, 9, 10, 11-14, 15-18, 19-24, 25, 26-27, 28, 29, 30-59, 71, 72, 73, 143-р хуудас/,

хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-238/58 тоот П.Э-т олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/10799 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 ны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 860 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20290409 дүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 201 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон О ХХКнарын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/372 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн С ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн тоот болон үнэлгээний тайлан /хэргийн 62, 74, 75-76, 77-83, 84-90, 91-96, 97, 98-100, 101-103, 104-105,  106, 107-138, хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, үнийн санал аваагүй, эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн, өмчлөгч үнэлгээг зөвшөөрч уг эд хөрөнгийг өөрөө худалдан авсан, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, О ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 389 927 335 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд №183/ШШ2018/02440 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 197 744 067 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 192 183 268 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б аймгийн Х сум, 4 дүгээр баг, нарс-2 хэсэг, зүсмэл 2 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 2523,4 м.кв тайлбай бүхий үйлдвэрийн зориулалттай автограж, 508,3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 00443000 дугаар, нэгж талбарын 630200000 дугаар бүхий 17 273 м.кв тайлбай бүхий эзэмшлийн газар зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдаж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 11-14-р хуудас/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч О ХХК-иас 1 026 336 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171 407 317 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулжээ. /хэргийн 15-18-р хуудас/

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 001/ХТ2019/00860 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хэргийн 19-24-р хуудас/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаар шийдвэр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 183/ШЗ2019/10799 дүгээр шүүгчийн захирамж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 183/ГХ2019/01005 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №20290409 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2200000 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор уг орон сууцыг хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, үнийн санал аваагүй, хэт доогуур үнэлсэн гэж маргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч О ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З-д битүүмжлэгдсэн хураагдсан тогтоолыг танилцуулсан, уг ажиллагааг хийхэд байлцсан боловч эд хөрөнгийн үнэлгээний талаар хүсэлтээ ирүүлээгүй талаар зохигч маргаагүй бөгөөд талууд үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилохоор Г.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэхээр “С” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/372 тоот тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх талаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан “хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах” талаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, гаргасан шийдвэрийн талаар тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргах эрх нь нээлттэй боловч уг эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 Хэрэгт авагдсан шинжээчээр томилогдсон “С” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тухай” тайланд “...Г.Б-н өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн үнийг 116 834 140 төгрөг болохыг тодорхойлов” гэжээ. /хэргийн 30-р хуудас/

Нэхэмжлэгч нь үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ орлогын хандлагын аргыг орхигдуулсан, харьцуулсан хөрөнгө нь хэзээ ашиглалтад орсон эсэх болон хийц бүтээц нь тодорхойгүй эд хөрөнгөтэй харьцуулсан гэсэн боловч хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “С” ХХК-ийн үнэлгээний тайланд 8.1-д хөрөнгийн үнэлгээний орлогын хандлага, өртгийн хандлага, жишиг үнийн хандлагын аргыг ашигласан, 9.1-д орон сууцны зориулалттай байх тул орлогын хандлагаар тооцоогүй, өртгийн хандлага болон жишиг үнийн аргаар тооцсон, харьцуулсан хөрөнгийн ашиглалтад орсон огноо болон бусад мэдээлэл нь тайланд тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг үл хөдлөх хөрөнгө болох Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг орон сууцтай ижил төрлийн орон сууц хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 116 834 140 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан болох нь тогтоогдож байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан боловч үнэлгээний талаархи гомдлоо 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, шүүхэд гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон   

                                                    ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Б дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-22000000 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ХУЛАН