Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01184

 

 

О- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00927 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00860 дугаартай тогтоолоор О- ХХК-аас 1,197,744,067 төгрөг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө буюу гуравдагч этгээд Г.Б-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3 өрөө орон сууцыг 116,834,140 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын өндөр зэрэглэлийн орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 116,834,140 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэрээр О- ХХК-аас 1,197,744,067 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцны үнийн санал талууд харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/372 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 116,834,140 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээг төлбөр төлөгч О- ХХК-ийн захирал Г.Зоригтод мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажилгааны оролцогч гуравдагч этгээд Г.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр тус газар хүсэлт гаргаж шинжээчийн үнэлсэн 116,834,140 төгрөгөөр худалдан авч мөнгийг тус өдөр газрын Голомт банкны 3405133858 тоот дансанд шилжүүлж 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4-179/1395 тоот албан бичгээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг төлбөр авагчид хүргүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 116,834,140 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлж хөрөнгийг чөлөөлүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Органик монгол бренд ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 50 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хотын өндөр зэрэглэлийн орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Тус орон сууцыг үнэлэхдээ Н- шинжээч томилохдоо хууль зөрчсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөрчиж ажиллагаа явуулсан. Үүнд өмчлөгчөөс үнийн санал аваагүй, төлбөр төлөгч дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт өгөөгүй. Хэрэв үнийн санал авч, ажиллагаа хийсэн бол талууд харилцан тохиролцох боломжтой байсан. Уг байрыг Г.Б- барьцаанд өгч, өөрөө авсан боловч төлбөр төлөгч Г.Б- нарын хооронд төлбөр тооцооны маргаан байсан учраас 116,834,140 төгрөгөөр үнэлсэн нь хэт доогуур үнэлсэн. Мөн тус орон сууцанд үнэлгээ хийхдээ орлогын хандлагыг орхигдуулсан, харьцуулсан хөрөнгө нь хэзээ хаана ашиглалтад орсон эсэх хийц бүтэц нь тодорхойгүй эд хөрөнгөтэй харьцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаар шийдвэрээр О- ХХК-аас 1,197,744,067 төгрөг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлээс 192,183,268 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00860 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх-ийн 11-24-р тал/

 

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

 

4.б.Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1005 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 5-р тал/

 

4.в.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох Г.Б-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байрны 26 тоот, 50 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хураасан байна. /хх-ийн 9-10-р тал/.

 

4.г.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 106-р тал/. Төлбөр төлөгч, өмчлөгч нарын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээ зүйлийн 44.3 дах хэсэгт зааснаар дээрх ажиллагаануудтай холбоотой гомдлыг хариуцагч байгууллагад гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шинжээч томилохдоо хууль зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.д.Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь дээрх 3 өрөө орон сууцыг 116,834,140 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч О- ХХК-ийн захирал Г.Зоригтод мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 30-р тал/

 

4.е.Эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хуулиар тусгайлан зохицуулсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар талууд үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах журамтай. Үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч компаний захирал 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн атлаа 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нөгөө талаар, шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

4.ё.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй гэж заасан тул үнэлгээ хийхдээ орлогын хандлагыг орхигдуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ