Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00059

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч С.Лхагважанцан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содхойн Лхагважанцанд холбогдох 201622000634 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ганган хар Содхойн Лхагважанцан, 1975 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЖ75070210 дугаартай,

Шүүгдэгч С.Лхагважанцан нь  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд барилгын үйл ажиллагаа явуулж байсан иргэн Г.Ганбатын байрлаж байсан гэрт согтуугаар орж маргалдсаны улмаас баруун талын гуян тус газар хутгалж бие махбодид нь баруун гуяны артерийн салаа, баруун суудлын мэдрэл гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Лхагважанцан нь сотгуугаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Ганбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгалж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Лхагважанцангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Намайг ороход хоёр залуу унтаж байсан. Нэг залуу нь сэрэнгүүтээ намайг хулгайч гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд бид хоёр зодолдож байгаад нэг мэдсэн тэр залууг гэмтээчихсэн байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Би улаан дээлтэй хүнийг /Лхагважанцан /-г амрах өрөөнд байсан архи ундааг авч байгааг хараад хэл амаар доромжилж тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би түрүүлээд Лхагважанцангийн нүүр лүү нь гараараа алгадсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад нэг мэдсэн чинь би хутгалуулсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч С.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Лхагважанцан хутгалуулсан гэх хүнтэй континерийн яг хаалган дээр ноцолдоод зогсож байсан. Тэгтэл миний хажууд зогсож байсан залуу очиж салгасан. Тэгээд та хүн хутгалчихлаа ш дээ гэж хашгирсан. Цагаан өнгийн давхар кабинтай машинтай барилгын ажилчид бололтой хүмүүс ирж хутгалуулсан гэх хүнийг эмнэлэг авч явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Амралтын байрны гаднаас саарал дээлтэй хүн Мөрөн бид хоёр луу гараараа даллаж харагдсан. Тэгэхээр нь би Мөрөнг очоод нөгөө дугуй авах гээд хүн ирсэн байх гэж хэлээд явуулсан. Тэгээд удаагүй Мөрөн амралтын байрны тэндээс дуудсан. Намайг амралтын байрруу очиход Ганбат ах амралтын өрөөний хаалганаас гадагшаагаа унаж байсан. Улаан дээлтэй хүн гартаа барьсан хутгаа шалруу унагааж байсан. Тэгээд Ганбат ахыг дүү Ганхүрэл сумын эмнэлэг рүү аваад явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Манай эмнэлэгт Г.Ганбат ирэхдээ гуяны хойд хэсэгт хүнд хутгалуулсан гэсэн шалтгаантай нилээд хүндэвтэр байдалтай, цус их алдаж ухаан балартсан байдалтай ирсэн. Гуяны ар хэсэгт байх шархыг цэвэрлэж боолт хийж өгсөн. Г.Ганбат боолт хийлгэж аваад Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч М.Мөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Амралтын байрруу харсан чинь улаан дээлтэй залуу амралтын өрөөнд байсан архи, ундаа, усыг дээлийнхээ өвөрлүү хийж байсан. Ганбат ах орон дээрээс босож ирээд улаан дээлтэй ахтай маргалдаж байсан чинь улаан дээлтэй ах Ганбат ахын орон дээр байсан хутгыг авангуутаа баруун гуяных нь ард хутгалаад Ганбат ах унасан. Тэгээд би Ууганаа ах руу орилсон. Ганхүрэл ах Ганбат ахыг эмнэлэг хүргэж өсгөн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30 дугаар хуудас/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Уг дүгнэлтэд дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг 14677 тоот дүгнэлтийг гаргахдаа техникийн алдаа гаргаж гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж буруу бичигдсэн байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14677 дугаартай дүгнэлтэд:

1 Г.Ганбатын биед баруун гуяны артерийн салаа, баруун суудлын мэдрэл гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тогтоол /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Г.Ганбат нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Лхагважанцанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

201622000634 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 69 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Хохирогч Г.Ганбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 6, эцэг, эх, 7-14 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, 7 настай охин Мөнх-Оргил нь байнгын асаргаанд байдаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, өндөр настай эцэг эхээ асран халамжилдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000634 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ганган хар Содхойн Лхагважанцанг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Содхойн Лхагважанцанг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Лхагважанцанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Лхагважанцанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  С.Лхагважанцангийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

     6. Эрүүгийн 201622000634 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лхагважанцанд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР