Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00024

 

О.Нямбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0057/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүгдэгч: О.Нямбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд

Нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолтой О.Нямбатад холбогдох 201622000710 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тогоруутан овогт Оюунцэцэгийн Нямбат, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЭ87102971/.

О.Нямбат нь 2016 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 41-13 тоот хашааны гадаа иргэн Б.Нямдоржийг таксины мөнгө төлсөнгүй гэх шалтгааны улмаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Тогоруутан овогт Оюунцэцэгийн Нямбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нямбатыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний болон бусад зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нямбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Нямбат давж заалдах гомдолдоо: ... Оюунцэцэгийн Нямбат би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Б.Нямдоржийн үгийг болон түүний ээж болон хойд эцгийнх нь худал гэрчилсэн мэдүүлгийг анхаарч түүнд үндэслэн шийдвэр гаргасан. Б.Нямдоржийн зодуулсан гээд байгаа шөнө буюу 2016.11.09-нөөс 10-нд шилжих шөнө Б.Нямдорж нь Мөрөн сумын 8-р багийн нутагт байрлалтай “Next electronics” дэлгүүрийн орчмоос бус “Шөнийн дэлгүүр”-ээс миний машинд суусан. Мөн 2017.03.20-ны өдөр болсон шүүх хурал дээр мөн орой өөртэйгөө хамт явсан Лхагва-Очир, Очир гэх хоёр хүн байсан гэсэн атлаа дараагийн шүүх хурал дээр нэг хүн байсан мэтээр зөрүүтэй худал ярьж байсан. Шүүх эмнэлгийн шинжээч нь Б.Нямдоржид учирсан гэмтлийг бусдад цохиулахаас гадна унах үед ч үүсэх боломжтой гэсэн байсан. Хохирогч болоод байгаа Б.Нямдорж нь хашааныхаа үүдэнд очоод буугаад хашаа руугаа орох гэсэн боловч хаалга нь цоожтой байсан бололтой хашаагаа давж орсон. Гэртээ орчхоод буцаж гарч ирээд “Мөнгө байхгүй байна” гээд утсаа өгөөд буцаж орохдоо хаалга нь онгойхгүй байсан тул “Ээж хаалгаа” гэж дуудаж байгаад хаалгаа хий татаж халтирахад хойшоогоо маш хүчтэй савж унаж байсан. Хэрэв гэмтэл учирсан нь үнэн юм бол үүнээс ч учирсан байх боломжтой. Би шүүх хуралдааны явцад дээрх зүйлийн талаар хэлж, анхаарч шалгаж өгөхийг хүссэн боловч анхаараагүй. Миний ярьсныг хохирогчийн ярьсантай харьцуулан үзэж хэн нь үнэн ярьж байгааг тодруулаагүй. Б.Нямдорж нь тухайн үедээ их согтуу байсан. Ер нь энэ явдлыг мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна. Би түүнийг зодсон бол утсыг нь өөрөө аваачиж өгөхгүй, өгөх гэж хөөцөлдөхгүй, хоёр хоног утсыг нь цэнэглэж хадгалахгүй байсан.  Шударга байсныхаа төлөө хэн нэгэн согтуу хүний үгээр ял шийтгүүлж байгаадаа гомдолтой байна. Иймээс хэргийг дахин үзэж надад шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Нямбат нь 2016 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 41-13 тоот хашааны гадаа иргэн Б.Нямдоржийг таксины мөнгө төлсөнгүй гэх шалтгааны улмаас зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 632 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Нямбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх О.Нямбатад ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хуульд нийцжээ. 

Шүүх О.Нямбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ дагаж мөрдөгдөж эхэлсэн байх ба энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь зөв байна.

Шүүгдэгч О.Нямбат нь “...үйлдсэн гэмт хэргээ хүлээхгүй, шударга байсныхаа төлөө хэн нэгэн согтуу хүний үгээр ял шийтгүүлж байгаадаа гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ