Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2022/01054

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         14                                       182/ШШ2022/01054

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МР ХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,550,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н,

Хариуцагчийн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019.08.05-ны өдөр НПХХК нь МР ХХК-тай Мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр МРХХК нь Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөл дээр ашиглах М100 мазут болох газрын тосны бүтээгдэхүүнийг зөвхөн НПХХК-аас авахаар тохирсон. Улмаар нэхэмжлэгч талаас 2019.08.16-ны өдөр 53,700 л, 08 сарын 26‑ны өдөр 53,700 л, 09 сарын 16‑ны өдөр 51,240 л, 09 сарын 27‑ны өдөр 19,530 л, 09 сарын 30‑ны өдөр 19,530 л, 10 сарын 04‑ний өдөр 53,700 л, 10 сарын 10‑ны өдөр 53,700 л, 2020.04.30‑ны өдөр 53,700 л мазут, нийт 8 удаагийн ачилтаар 358,800 литр, 1 литр мазутын үнэ 1500 төгрөг, нийт 538,200,000 төгрөгийн үнэ бүхий мазутыг хариуцагч МРХХК‑нд нийлүүлсэн, манай нийлүүлсэн мазутыг ашиглаж, төслөө дуусгасан байгаа.

Хариуцагчийн зүгээс хамгийн сүүлд 2020.04.30‑ны өдөр худалдан авсан 53,700 литр мазутын урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг 2020.05.01-ний өдөр шилжүүлсэн. Үлдэх 50.500.000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Уг нийлүүлэлтээс өмнөх нийлүүлэлтийн төлбөр болох 487,650,000 төгрөгийг хариуцагч тал манай байгууллагад төлсөн талаар ямар нэгэн маргаангүй. Мазутын нийлүүлэлттэй холбоотой ямар нэгэн гомдлын шаардлагыг хариуцагч тал манайд тавьж байгаагүй, бидний зүгээс шаардлага хангасан мазут нийлүүлж байсан. Гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч талаас уг төлбөрийг гаргуулахаар удаа дараа шаардсан, төлнө гэдэг боловч төлөөгүй. Тийм учраас хариуцагч МРХХК-аас мазут худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн хамгийн сүүлийн нийлүүлэлтээс үлдсэн төлбөрийн үлдэгдэл болох 50.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь НПХХК-аас нийт 538.000.000 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн дурдсан 50.500.000 төгрөгийг төлбөрийг өгөөгүй царцаасан нөхцөл байдал үүссэн. Манай зүгээс НПХХК-аас авсан бүтээгдэхүүний нийт хэмжээ болон үнийн дүн дээр маргахгүй. Гэхдээ тухайн мазутыг НПХХК өөрсдөө хилээр оруулж ирээд манайд худалдаж байна гэж ойлгосон боловч тийм байгаагүй учир төлбөрийг царцаах шийдвэрт хүрсэн. Манай зүгээс дотооддоо аудитын шалгалт хийхэд НП ХХК-ийн нийлүүлсэн мазутын чанарын асуудал яригдсан. Манай байгууллагын хийж гүйцэтгэж байсан Баянхонгор аймагт байрлах Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн 126.7 км зам дээр зөвхөн НПХХК-ийн нийлүүлсэн  мазутыг хэрэглээгүй, хэд хэдэн нийлүүлэгчээс мазут авсан. Тэгэхлээр ажлын явцад мазутын доголдолтой холбоотой асуудал үүсэж байсан учир бид бүх нийлүүлэгч компаниудаасаа шинжилгээний бичгийг шаардахад НПХХК-аас дээрх хуулбар бичиг ирсэн, эх хувийг нь шаардахад ирүүлээгүй, тийм учраас өөр байгууллагаас авсан мазутаа бидэнд өндөр үнээр зарсан байх магадлалтай гэсэн эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.08.05‑ны өдрийн мазут худалдах, худалдан авах гэрээ, борлуулсан мазутын тооцоо, 50,550,000 төгрөгийн нэхэмжлэх, 30,000,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020.04.23‑ны өдрийн 2020/09 дугаар үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2021.02.02‑ны өдрийн 02 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 09 сарын хариу хүргүүлэх тухай албан бичиг, 50,550,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн баримт өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч НПХХК нь хариуцагч МР ХХК‑нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг манай байгууллага гэрээнд заасны дагуу 2019.08.16‑ны өдрөөс эхлэн 2020.04.30‑ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн нийлүүлэлтээр 358,800 л мазутыг ямар нэгэн доголдолгүй, чанарын шаардлага хангасан байдлаар хариуцагч МРХХК-нд нийлүүлж гэрээний үүргийг биелүүлсэн, хариуцагч нь тухай бүр төлбөрийг төлж байсан, мазутын талаар манай байгууллагад ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй, харин сүүлийн нийлүүлэлт болсон 2020.04.30‑ны өдрийн 53,700 л мазутын төлбөрийн урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,550,000 төгрөгийг төлөхгүй байгаа учир шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гэрээний дагуу хүлээн авсан мазутын тоо хэмжээ, төлбөр төлсөн байдал, үлдэгдэл 50,550,000 төгрөгийн талаар маргахгүй боловч энэ 50,550,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж царцаасан, учир нь манай байгууллагын дотоод аудитын шалгалтаар нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн мазутын шинжилгээний бичиг хуулбар байсан бөгөөд эх хувийг нь шаардахад нэхэмжлэгч тал ирүүлээгүй, өөрөөр хэлбэл өөр байгууллагаас авсан мазутыг бидэнд өндөр үнээр нийлүүлсэн байх магадлалтай гэсэн эргэлзээ төрүүлсэн учир төлбөр төлөх боломжгүй гэж мэтгэлцсэн.  

 

3.Зохигчдын хооронд 2019.08.05‑ны өдөр мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч НП ХХК нь М‑100 маркийн мазутыг, хариуцагч МРХХК‑ийн захиалсан тоо хэмжээгээр, нэгж үнийг тээвэр, НӨАТ шингэсэн үнэ болох 1500 төгрөгөөр тооцон хариуцагч МРХХК‑ийн хэрэгжүүлж буй Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төслийн асфальто бетоны үйлдвэр хүртэл, тус төслийг дуусах хүртэл хугацаанд тээвэрлэн хүлээлгэн өгөх, мөн энэхүү төсөлд зориулан нийт 3 ширхэг, тус бүр нь 25 м куб багтаамжтай, хэвтээ ган савыг мазут хүлээн авах, халаах зориулалтаар бүрэн тоноглон үнэ төлбөргүйгээр хариуцагч МРХХК‑нд Улаанбаатар хот нөхцөлөөр хүлээлгэн өгөх, хариуцагч МРХХК нь худалдан авсан мазутын төлбөрийг төлөх, гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд сав суурилуулсан зардлыг үл маргах журмаар 3 нугалж төлөх үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

Энэхүү гэрээний 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 10 дугаар зүйлийн 10.2‑т заасны дагуу нэхэмжлэгч НПХХК нь хариуцагч МРХХК‑ийн төсөлд зориулан нийт 3 ширхэг, тус бүр нь 25 м куб багтаамжтай, хэвтээ ган савыг мазут хүлээн авах, халаах зориулалтаар бүрэн тоноглон хариуцагч МРХХК‑нд хүлээлгэн өгсөн, түүнчлэн 2019.08.16-ны өдөр 53,700 л, 08 сарын 26‑ны өдөр 53,700 л, 09 сарын 16‑ны өдөр 51,240 л, 09 сарын 27‑ны өдөр 19,530 л, 09 сарын 30‑ны өдөр 19,530 л, 10 сарын 04‑ний өдөр 53,700 л, 10 сарын 10‑ны өдөр 53,700 л, 2020.04.30‑ны өдөр 53,700 л мазут, нийт 8 удаагийн ачилтаар 358,800 литр, 538,200,000 төгрөгийн үнэ бүхий мазутыг хариуцагч МРХХК‑нд нийлүүлсэн байна.

 

4.Хариуцагч МРХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5‑д зааснаар 358,800 литр, 538,200,000 төгрөгийн үнэ бүхий мазутыг нэхэмжлэгч НПХХК-иас хүлээн авч, нийт 487,650,000 төгрөгийг төлсөн, 2020.04.30-ны өдрийн нийлүүлсэн 53,700 л мазутын төлбөрийн үлдэгдэл 50,550,000 /538,200,000‑487,650,000/ төгрөгийг төлөөгүй, үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулсан болох нь 2020.04.29-ний өдрийн pm@mn гэх цахим хаягаас [email protected] гэсэн цахим хаягт, [email protected] гэсэн цахим хаягаас pm@mn гэсэн цахим хаягт хариу илгээсэн мэйл болон [email protected] гэсэн мэйлд шүүхээс үзлэг хийж баримтжуулсан үзлэгийн тэмдэглэл, хэвлэж авсан хавсралт баримт болох тооцооны үлдэгдлийн баталгаагаар давхар тогтоогдсон бөгөөд хариуцагч МРХХК‑ийн төслийн ажил 2020 оны 12 сард дууссан, энэ талаар зохигчдын хэн аль нь маргасангүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч НПХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу мазут хүлээн авах хэвтээ ган сав, М‑100 маркийн мазутыг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч МРХХК нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар, гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй, 50,550,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэгэнт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч НПХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2‑т зааснаар үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр удаа дараа шаардаж, хариуцагч МРХХК‑нд нэхэмжлэх, албан бичиг хүргүүлсэн  байх боловч хариуцагч МРХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5‑д зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

5.Иймд хариуцагч талын гаргасан “...манай байгууллагын дотоод аудитын шалгалтаар нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн мазутын шинжилгээний бичиг хуулбар байсан бөгөөд эх хувийг нь шаардахад нэхэмжлэгч тал ирүүлээгүй, өөрөөр хэлбэл өөр байгууллагаас авсан мазутыг бидэнд өндөр үнээр нийлүүлсэн байх магадлалтай гэсэн эргэлзээ төрүүлсэн учир төлбөр төлөх боломжгүй...” гэх агуулга бүхий тайлбар няцаагдав.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч МРХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3‑т зааснаар М‑100 маркийн мазутын танилцуулга, шинжилгээний бичиг болон бусад мэдээллийг нэхэмжлэгч НПХХК‑иас шаардаж авах эрхтэй, ийнхүү шаардсан тохиолдолд нэхэмжлэгч НПХХК нь танилцуулах үүрэгтэй байх бөгөөд энэ үүргийнхээ дагуу М‑100 маркийн мазутын шинжилгээний бичгийг хариуцагч МРХХК‑нд хуулбарлан хүргүүлсэн, шинжилгээний бичиг хуулбар байсан, эх хувийг ирүүлээгүй гэдэг шалтгаан нь төлбөр төлөхөөс татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

6.Тодруулбал, хариуцагч МРХХК нь хүлээн авсан мазут ямар нэгэн доголдолтой, чанарын шаардлага хангаагүй, тоо хэмжээ дутсан байсан, бусдын мазутыг нийлүүлсэн, шинжилгээний бичгийг эхээр нь өгөхгүй байсан гэж үзсэн бол энэ талаар тухайн үедээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан 6 сарын хугацаанд хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг нэхэмжлэгч НПХХК-нд гаргах эрхтэй байсан, харин тэрээр энэ эрхээ хэрэгжүүлээгүй, ямар нэгэн гомдлын шаардлагыг гаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч НПХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар 2020.04.30-ны өдрийн нийлүүлсэн 53,700 л мазутын төлбөрийн үлдэгдэл 50,550,000 төгрөгийг хариуцагч МРХХК‑иас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч МРХХК нь 50,550,000 төгрөгийг нэхэмжлэгч МРХХК‑нд төлөх үүрэгтэй байх тул хариуцагч МРХХК‑иас 50,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НПХХК‑нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   7.Нэхэмжлэгч НПХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 410,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МРХХК‑иас 410,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НПХХК‑нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч МРХХК‑иас 50,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НПХХК‑нд олгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч НПХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 410,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МРХХК‑иас 410,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НПХХК‑нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА