Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01185

 

 

Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/01054 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Н- ХХК нь Mакс рөүд ХХК-тай мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь нийт 8 удаагийн ачилтаар 358,800 литр, 1 литр мазутын үнэ 1500 төгрөг, нийт 538,200,000 төгрөгийн үнэ бүхий мазутыг хариуцагч М- ХХКд нийлүүлсэн, манай нийлүүлсэн мазутыг ашиглаж, төслөө дуусгасан байгаа. Хариуцагчийн зүгээс хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 30ны өдөр худалдан авсан 53,700 литр мазутын урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Үлдэх 50,500,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Уг нийлүүлэлтээс өмнөх нийлүүлэлтийн төлбөр болох 487,650,000 төгрөгийг хариуцагч тал манай байгууллагад төлсөн талаар ямар нэгэн маргаангүй. Мазутын нийлүүлэлттэй холбоотой ямар нэгэн гомдлын шаардлагыг хариуцагч тал манайд тавьж байгаагүй, бидний зүгээс шаардлага хангасан мазут нийлүүлж байсан. Гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч талаас уг төлбөрийг гаргуулахаар удаа дараа шаардсан, төлнө гэдэг боловч төлөөгүй. Тийм учраас хариуцагч М- ХХК-аас мазут худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн хамгийн сүүлийн нийлүүлэлтээс үлдсэн төлбөрийн үлдэгдэл болох 50.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Н- ХХК-аас нийт 538,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн дурдсан 50,500,000 төгрөгийг төлбөрийг өгөөгүй царцаасан нөхцөл байдал үүссэн. Манай зүгээс Н- ХХК-аас авсан бүтээгдэхүүний нийт хэмжээ болон үнийн дүн дээр маргахгүй. Гэхдээ тухайн мазутыг Н- ХХК өөрсдөө хилээр оруулж ирээд манайд худалдаж байна гэж ойлгосон боловч тийм байгаагүй учир төлбөрийг царцаах шийдвэрт хүрсэн. Манай зүгээс дотооддоо аудитын шалгалт хийхэд Н- ХХК-ийн нийлүүлсэн мазутын чанарын асуудал яригдсан. Манай байгууллагын хийж гүйцэтгэж байсан Баянхонгор аймагт байрлах Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн 126.7 км зам дээр зөвхөн Н- ХХК-ийн нийлүүлсэн мазутыг хэрэглээгүй, хэд хэдэн нийлүүлэгчээс мазут авсан. Тэгэхлээр ажлын явцад мазутын доголдолтой холбоотой асуудал үүсэж байсан учир бид бүх нийлүүлэгч компаниудаасаа шинжилгээний бичгийг шаардахад Н- ХХК-аас дээрх хуулбар бичиг ирсэн, эх хувийг нь шаардахад ирүүлээгүй, тийм учраас өөр байгууллагаас авсан мазутаа бидэнд өндөр үнээр зарсан байх магадлалтай гэсэн эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ХХКаас 50,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХКнд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н- ХХКийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М- ХХК-аас 410,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХКнд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нефть проект ХХК нь 3 ширхэг 25 м.куб багтаамжтай, хэвтээ ган савыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх байсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно. Худалдан авагч тал нь нийлүүлэгч талын зүгээс 3 ширхэг 25 м.куб багтаамжтай, хэвтээ ган савыг үнэ төлбөргүйгээр нийлүүлнэ гэсэн учир тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс даруй 1 дахин илүү үнэтэй буюу 1 литр мазутыг 1,500 төгрөгөөр худалдан авахаар мазутыг зөвхөн нийлүүлэгч талаас авахаар давуу эрх олгож харилцан тохирч гэрээ байгуулсан. Гэвч нийлүүлэгч тал нь нь 3 ширхэг 25 м.куб багтаамжтай, хэвтээ ган савыг нийлүүлээгүй байхад шүүхийн тогтоолд нийлүүлсэн мэтээр бичиж нийлүүлэгч тал нь гэрээний үүргээ бүрэн биелvvлсэн гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Талуудын байгуулсан мазут худалдах худалдан авах гэрээний 3.3-т Худалдагч нь М-100 маркийн мазутын танилцуулга шинжилгээний бичиг болон бусад мэдээлэлийг худалдан авагчид шаардсан тохиолдолд танилцуулах үүрэгтэй гэж заасан ба гэрээний хугацаанд нийлүүлэгч талаас шинжилгээн бичгийг шаардаж байсан боловч 1 удаа шинжилгээ хийлгэсэн компанийн нэрийг дарж, хуулбар шинжилгээний бичиг өгсөн. Уг шинжилгээний бичгийг нотлох баримтаар шүүхэд өгөх гэсэн боловч шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар аваагүй ба Нийлүүлэгч тал шинжилгээний эх бичгийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүгч нь хэргийг тал бүрээс нь үзэж нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр дан ганц нэхэмжлэгчийн үгээр зөвхөн нэг талын эрх ашгийн хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн буюу нэхэмжлэгч компани гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн хоёр үндэслэлээр гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. М- ХХК нь анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шинжилгээний бичиг болон нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан. Эдгээр баримтууд нь маргааны үйл баримт буюу нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд хамааралгүй. Нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь М100 маркийн чанарын доголдолгүй мазутыг нийлүүлэх үүрэг хүлээсэн. М100 маркийн мазут нь өөрийн үйлдвэрийн мазут бүхэлдээ биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Компаниас өөрсдөө үйлдвэрлэсэн боловч хүрэлцэхгүй байсан учраас М100 маркийн мазутыг өөр компанийн үйлдвэрээс өөрсдийн зарж борлуулдаг зах зээлийн үнээс өндөр ханшаар худалдан авч нийлүүлсэнд маргаан үүссэн. Нийлүүлсэн мазутын чанартай холбоотой шинжилгээний бичгээр доголтой, чанаргүй гэдгийг дүгнэсэн бол шүүхэд хандахаас өмнө гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага тавиад гомдол гаргах боломжтой байсан ч бүх азотыг ашиглаж замаа барьж дууссаны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбар өгсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М- ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 50,550,000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Н- ХХК нь өөр компаниас мазут авч манай компанид өндөр үнээр худалдсан, мөн мазутын шинжилгээний бичгийг эх хувиар гаргаж өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна. /хх-ийн 36-р тал/

 

3.Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н- ХХК нь 1500 төгрөгийн нэгж үнэ бүхий, М-100 маркийн мазутыг худалдах, хариуцагч М- ХХК нь бүтээгдэхүүнийг өөрийн мэдэлд шилжсэн өдрөөр нэхэмжлэх дүнгээр ажлын 2-3 хоногт дансаар шилжүүлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нийт 358,800 литр буюу 538,200,000 төгрөгийн мазутыг хариуцагчид нийлүүлсэн болох нь талуудын тайлбар, мазут худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогдоогджээ. /хх-ийн 7-8-р тал/

 

3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

3.б.Гэрээний талууд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөрийн үлдэгдэл 50,550,000 төгрөг болохыг тооцоо нийлж баталгаажуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

3.в.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр л үүрэг үүсдэг. Хариуцагч М- ХХК нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч Н- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн, мөн хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 50,550,000 төгрөг байгаа нөхцөл байдлыг үгүйсгээгүй тул хариуцагчийн татгалзалд дурьдсан асуудлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

3.г.Учир нь нэхэмжлэгч Н- ХХК нь биет байдлын болон эрхийн доголдолтой эд зүйл худалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иймд шинжилгээний бичгийг эх хувиар ирүүлээгүй нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

3.д.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт журмын дагуу үнэлж, хариуцагч М- ХХК-аас 50,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Н- ХХК нь гэрээнд заасан 3 ширхэг, тус бүр нь 25 м.кубын багтаамжтай, хэвтээ ган савыг үнэ төлбөргүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх 3 ган савыг хариуцагчид нийлүүлээгүй тохиолдолд гэрээний төлбөрөөс шууд суутгах агуулга гэрээнд тусгагдаагүй, нөгөө талаар хариуцагч М- ХХК нь мазут худалдах, худалдан авах гэрээний 10.2-т заасан асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/01054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ