Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/шш2022/01139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М

 Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Д.М ын өмчлөлийн Д аймгийн дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шинжээч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК болон Д.М  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Д.М ын өмчлөлийн  дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Э  ХXК, Д.М  нараас 1,453,654,360 төгрөгийг гаргуулж, К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Н газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.М ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 620 метр урттай төмөр зам, төлбөр төлөгч Э  ХХК-ийн өмчлөлийн нэгж талбарын  дугаартай талбайтай, эзэмших эрхтэй үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх зэргийг 2021 оны 08 сарын 24-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 сарын 30-ны өдөр хураах ажиллагаа явуулсан байна.

1.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч Э  ХХК, Д.М  нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үнийн санал өгөхдөө 1,500,000 ам.доллар гэж өгсөн байхад Н газар Ф ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ф ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн болохыг Н газар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч мэдлээ. Гэтэл Н газар Ф ХXК-ийг шинжээчээр томилж дээрх аймгийн суманд байрлах, зах зээлд эрэлт хэрэгцээтэй үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой төмөр зам, барилга зэргийг газрын хамтаар нэхэмжлэгч нарын өгсөн саналыг харгалзаж үзээгүй төдийгүй зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна.

Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулна..., мөн хуулийн 55.7-д ...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд буюу анх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэлийг буцаасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2021.12.01-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэвч шүүх нэхэмжлэгч Д.М ыг өөрийн хөрөнгийн хувьд эсвэл Э  ХХК-ийг төлөөлөн шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул шаардлага үндэслэлээ тодруулж дахин нэхэмжлэл гаргасан.

Н газар томилогдсон Ф XXК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Д.М ын өмчлөлийн барилгыг 701,694,000 төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замыг 520,000,000 төгрөгөөр, Э  ХХК-ийн эзэмшлийн газрыг 705,382,000 төгрөгөөр нийт 2,027,076,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан байна. Иймээс нэхэмжлэгч Д.М , Э ХХК нар нь тус бүрдээ өөрийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Нийслэлийн Н газар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр шийдвэрээр Д.М, Э  ХХК-иас 1,457,437,671 төгрөгийг гаргуулж, К ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э  ХХК, Д.М ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М ын өмчлөлийн байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, 1600 м.кв талбайтай, барилга, үйлдвэрлэлийн зориулалттай 620 метр урттай төмөр зам бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Э  ХХК-ийн эзэмшлийн  тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын  дугаар бүхий талбайтай газрыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр төлөгч Э  ХХК, Д.М  нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр авахад 1,500,000 доллараар үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч К ХХК хүлээн зөвшөөрөөгүй эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох тухай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр хариу ирүүлсэн тул талуудад шинжээч томилон үнэлгээ тогтоолгох болсныг мэдэгдэж 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Ф ХХКомпаниар тогтоолгоход 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч К-д 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр, төлбөр төлөгч Э  ХХКомпаний захирал Б.С, Д.М  нарт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар тус тус биечлэн мэдэгдэж эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар Э ХХК болон Д.М  нараас 1.453.654.360 төгрөгийг гаргуулж К-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан үнэлгээг шинжээч томилж хийлгэсэн байгаа. Тухайн шинжээчийн үнэлгээг манайх хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бодитойгоор үнэлсэн гэж үзэж байна. Шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Зах зээлийн үнэ яг хэд болохыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөд нотлох үүрэгтэй. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж одоог хүртэл биелэгдэхгүй, төлбөр төлөгдөх хугацаа удааширч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх12-14/

4.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ/хх-15/

4.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-16/

4.4 Аж ахуйн нэг байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-17/

4.5 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, /хх18-20/

4.6.2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх21/

4.7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 04 сарын 23-ны өдрийн тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоол, /хх22-26/

4.8. Нийслэлийн Н газар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг /хх27-28/

4.9. Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх29-50/

4.10.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай, 2021 оны 12 сарын 08-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх51-54/

 

5.Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:

5.1. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас /хх80/

5.2.2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж /хх81-84/

5.3.2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай үүсгэх тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн данс битүүмжлэх хасалт хийх тогтоол /хх85-86/

5.4.2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар /хх87-90/,

5.5.2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн битүүмжлэх хураах тогтоол, тэмдэглэл /хх91-98/,

5.6.2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Д.М , Э  ХХК-ийн үнийн санал, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн К ХХК-ийн үнийн санал /хх99-101/,

5.7.2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилох тухай 9/241 тоот тогтоол, тэмдэглэл /хх102-104/,

5.8.Ф ХХК-ийн үнэлгээний тайлан /хх105-121/,

5.9.2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэл тэмдэглэл /хх122-126/,

5.10. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эрх үүрэг тайлбарласан баримт, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчээс мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж /хх168-173/

 

6.Нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:

6.1.анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл, Д.М ын нэхэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК болон Д.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нар нь Д.М ын өмчлөлийн барилгыг 701,694,000 төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замыг 520,000,000 төгрөгөөр, Э  ХХК-ийн эзэмшлийн газрыг 705,382,000 төгрөгөөр нийт 2,027,076,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Э ХХК болон Д.М  нь 1,453,654,360 төгрөгийг К ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.М ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тоот хаягт байршилтай, талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, аймгийн баг, Үйлдвэрийн районд байрлах, талбайтай, аж ахуйн барилга, үйлдвэрлэлийн зориулалттай, 620 м урттай төмөр зам бүхий үл хөдлөх хөрөнгө,

хариуцагч Э  ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаар бүхий,  байрлах талбайтай, эзэмших эрхтэй үйлдвэрлэлийн зориулалттай газар, ... зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ /хх18-19, 82-84/.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх20-21, 80, 81/

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор үүсгэж, ажиллагааны явцад 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ. /хх22-26, 85, 91-98/

Талуудаас үнийн саналыг ирүүлсэн байх ба төлбөр төлөгч Э ХХК болон Д.М аас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр маргаан бүхий Д.М ын өмчлөлийн Д аймгийн  дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар зэргийг 1,500,000 ам доллар гэж үнэлснийг төлбөр авагч К ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр төлбөр төлөгчтэй үнийн саналыг тохиролцох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй тул зах зээлийн үнэлгээг шинжээч томилон тогтоож өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн байна. /хх99-101/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэхээр хуульчилсан бөгөөд үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр талуудаас ирсэн үнэлгээг харилцан танилцуулсан /хх103/ байх ба талууд тохиролцоогүй тул 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/241 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гарч /хх102/ Ф ХХК-ийг шинжээчээр томилж, талуудад шинжээч томилсон тухай танилцуулсан байна. /хх104/

4.2. Гомдол гаргах хугацааны тухайд:

Хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлцэж мөн өдрийн Нийслэлийн Н газар дугаартай албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2,027,076,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулжээ /хх122-126/.

Ингээд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул төлбөр төлөгч Д.М  нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг тус шүүх хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгч Д.М  нь нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ. /хх51-52/

Дахин шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба энэ талаар талууд маргаагүй.

Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э ХХК болон Д.М  нь шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.

 

4.3.Зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг талуудад тайлбарласан.

Шүүх хуралдааны явцад шинжээч Н.Ц үнэлгээний талаар тайлбарласан бөгөөд тэрээр дээрх маргаан бүхий эд хөрөнгийг зах зээлийн аргаар тооцож, үнэлгээг гаргасан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч газрыг Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай харьцуулсан гэж байгаа боловч өмнө хэрэглэж байсан зүйл солигдоогүй үлдсэн гэж тайлбарласан. Түүнчлэн судалсан эх сурвалжуудынхаа мэдээллүүдийг оруулсан. Жишиг хөрөнгөнүүдийн хувьд үнэлсэн хөрөнгөтэй ойролцоо байршилтай байгаа тул шаардлага хангаж байна гэж үзсэн. ...620 метр урттай төмөр замын үнэлгээг хийхдээ харьцуулах хөрөнгөөр Дархан-Уул аймагт байрлах төмөр замыг олж сонгон харьцуулж үнэлсэн. Салаа замтай газартай төмөр замыг зардаг жишиг байдаг. Үүний дагуу метр квадратыг 1.000.000 төгрөгөөр, 620 метр газартай хөрөнгө нь 620,000,000 төгрөг байхаар тогтоосон. Мазутын аж ахуйн барилга нь 4 ширхэг тул нийлбэр нь 1600 м.кв болсон. Тухайн барилгын аргыг өртгийн болон зах зээлийн аргаар үнэлсэн. Хоёулаа ач холбогдолтой арга байна гэж үзэж үнэлсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаарх баримтыг ирүүлээгүй, үнэлгээчин зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул түүний үндэслэлийг хүлээн авч, үнэлгээ хүчингүй болгох боломжгүй.

 

4.4. Шинжээч томилсон тухайд:

Нэхэмжлэгч талаас Ф ХХК-ийн захирал Ч.О гэх хүн Н.Ц гэх хүнд үнэлгээ хийлгэх итгэмжлэл олгосон байгаа боловч компанид хууль сануулсан баримт байхгүй байна. Ф ХХК-ийг ямар үйл ажиллагаа явуулдаг, ийм компани байдаг эсэх талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй гэж маргасан.

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын 1 дэх заалтаар Ф ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2, 3 дахь заалтад шинжээч Н.Ц  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч Н.Ц гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна /хх-102/.

Ф ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 29 минутад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүрэн төлөөлөх, захиалагч, харилцагчтай харилцах, гэрээ байгуулах, үнэлгээний төлөвлөгөө зохиох, биет үзлэг хийх, үнэлгээнд шаардлагатай мэдээлэл цуглуулж, судалгаа шинжилгээ хийх, үнэлгээний тайлан гаргах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Н.Ц 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчилжээ. /хх121/

Энэхүү итгэмжлэлийн дагуу Ф ХХК-ийн нэрийн өмнөөс Н.Ц шинжээч томилсон тухай тогтоолыг танилцуулж, холбогдох эрх, үүргийг тайлбарласан байгааг буруутгах үндэслэлгүй байна. /хх 171/

 

4.5.Дээрхийг нэгтгэн дүгнэж, маргаан бүхий эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгч Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

6.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Д.М ын өмчлөлийн Д аймгийн  дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК болон Д.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Э ХХК болон Д.М т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.НАРАНЧИМЭГ