Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2022/00694

 


 

2022 03 15 182/ШШ2022/00694

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 139 тоотод оршин суух, 29 настай, эмэгтэй, Дулаан овгийн Түвшинсайханы Сарантөгс /РД:ФА92021304/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 38, Монгол жигүүр ХХК-ийн байр, 4 дүгээр давхарт байрлах, ГТСМТйн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар /РД:6067409/-т холбогдох,

Гааль , татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирлын 2021 оны 10дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах,урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох , ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. Удаанжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба,

Гэрч:Г.Ундрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.С миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр "ГТСМТйн төв" УҮГ-т бичиг хэрэг, няраваар ажилд орсон. Тус байгууллагад хүний нөөц хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байгаагүй учир намайг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн захирлын Б/62 тоот тушаалаар сугалаа зохион байгуулах албаны сугалаа зохион байгуулах мэргэжилтэнээр томилсон боловч хүний нөөцийн ажилтны чиг үүргийг гүйцэтгүүлж байсан.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар уйлийн 106.1 дэх заалтын дагуу хүүхэд асрах чөлөө авч үргэлжлүүлэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны (Б/28 тоот тушаал) өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан.

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусах байсан учир 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуучин ажил албандаа эгүүлэн ажиллах хүсэлтээ өгөхөд, өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын орон тоо шинээр батлагдсан байхад тухайн ажлаа хийх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй.

Мөн анх томилогдсон сугалаа зохион байгуулах мэргэжилтэний чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэх хүсэлтийг зөвшөөрөөгүй. Харин бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх шалтгаанаар 2021 оны 10 дугаар сарын 12д намайг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтнээр томилж гомдол барагдуулах дуудлагын ажилтны чиг үүргийг гүйцэтгүүлэхээр Б/53 тоот тушаал гарсан.

Уг тушаал нь миний өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргээс өөр, миний ажиллах нөхцөл байдлыг дордуулсан, мөн Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална мөн 35.1.4-д Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэх заалтыг хангаагүй гэж үзэж байна.

Хэдий бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх боловч миний ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд Захиргааны албанд хүний нөөц хариуцсан мэргэжилтэн гэх нэршлээр н.Болормаа сугалаа зохион байгуулах мэргэжилтэнгээр н.Баярцэцэг гэх хүмүүс ажиллаж байгаа болно.

Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр сугалаа зохион байгуулах алба нь систем нэвтрэлтийн алба болж өөрчлөгдсөн гэдгийг ойлгосон.

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг гаргахдаа сугалаа хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжилтэнгээр томилно гэсэн боловч, уг тушаалд миний гүйцэтгэх ажлын чиг үүргийг тусгаагүй, систем нэвтрүүлэлтийн албанд очиход гомдол барагдуудах дуудлагын ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах л боломжтой гээд үндсэн ажилд минь буцаан ажиллуулахгүй байна. Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх хугацаа авч, эвлэрлийн санал хүргүүлсэн боловч хариуцагч байгууллагын захирал нь сугалаа хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжилтэнгээр томилох болон 2.500.000 төгрөгөөр цалинжуулах боломжгүй гэж батлагдсан төсвөөс доогуур цалин санал болгож байна.

Хариуцагчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлээгүй, миний ажлын байрыг хадгалаагүй, цалингийн жишгээс доогуур цалин санал болгох зэргээр эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж, шүүхэд хандаж, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байгаа. Энэ тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн өөр шүүгч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Иймд тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, Т.С намайг Систем нэвтрүүлэлтийн албаны сугалаа зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжилтэний ажилд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 тоот тушаалын хавсралтаар баталсан гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-ын цалингийн жишигт нийцүүлэн нэг сарын дундаж цалин хөлсийг 2.500.000 төгрөгөөр тооцож, 2021 оны 10 сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. ГТСМТйн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Сая шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, танилцлаа . Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэвээр байна гэж ойлгож байна.

"Гааль, татвар мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Т.Сийг бичиг хэргийн ажилтан, няравын албан тушаалд томилжхөдөлмөрийн гэрээг байгуулсан.

"Гааль, татварын мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 4 дугээр сарын 21-ний өдрийн Б/62 тоот тушаалаар захиргаа, хүний нөөцийн хэлтсийн бичиг хэрэг, нярав Т.Сийг Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн албан тушаалд томилсон. Тус тушаал гарсантай холбогдуулан Т.С нь тухайн албан тушаал, ажлын байрыг хүлээн зөвшөөрч2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан.

Т.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу жирэмсний амралтаа авах хүсэлт гаргасны дагуу "ГТСМТйн төв" УҮГ-ын захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны А/25 тоот тушаалаар Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн Т. Сарантөгсд хуульд заасан хүүхэд асрах чөлөөг олгосон.

Б. Сарантөгс нь хүний нөөцийн мэргэжилтэн гэх албан тушаалд огт ажиллаж байгаагүй.2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан.

Т.Сийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Сангийн сайдын 2019 оны 32 тоот тушаал, 2020 оны 15 тоот "ГТСМТйн төв" УҮГ-ын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" тушаалуудаар байгууллагын бүтэц орон тоо 2 удаа шинэчлэгдэн батлагдаж,Сугалаа зохион байгуулах алба нь Систем нэвтрүүлэлтийн алба болон өөрчлөгдсөн. Т.С нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдөл гаргасан .

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.1-т Ажил, үүргээ гүйцэтгээгүй уед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална мөн хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хуухэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаал хэвээр хадгална гэж тус тус заасан.

Ажил олгогчийн зугээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж "Гааль, татвар, санхуугийн мэдээллийн технологийн төв УУГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний едрийн Б/53 тоот Шилжүүлэн томилох тухай тушаалаар Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн Т.Сарантегсийг Систем нэвтрүүлэлтийн албанд томилсон.

Т.С нь өмнө нь Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн албан тушаалд 1.403.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 тоот тушаалаар ажилд нь томилсон Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэн 1.600.000 төгрөгийн цалинтай.Өөрөөр хэлбэл өмнө нь ажиллаж байсан цалингийн хэмжээ буураагүй.

Гааль, татвар, санхүүгийн мэдээлллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4-т батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын ажилчдыг томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль болон гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх үүрэг хүлээсэн.

Т. Сарантөгсөд ажилд томилсон тушаалыг танилцуулсан бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажил албан үүргээ гүйцэтгэхийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзалт хийн танилцуулан мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны едрийн 01/380 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Мөн нэхэмжлэгч Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтнээр томилж гомдол барагдуулах дуудлагын ажилтаны чиг үүргийг гүйцэтгүүлэх тушаал гарсан гэж тайлбарлаж байгаа боловч, "ГТСМТйн ТӨВ" УУГ-т гомдол барагдуулах дуудлагын ажилтан гэх албан тушаал, ажлын байр байхгүй бөгөөд Систем нэвтрүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд томилж, хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэхийг нэхэмжлэгч Т.Сөд удаа дараа мэдэгдсэн.

Т.Сийг систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэн албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр томилсон байхад ажил үүргээ хүлээн авахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ажиллуулах боломжгүй гэх хариу өгч байгаагүй. Сангийн сайдын тушаалаар батлагдсан цалингийн жишиг төсвийн дагуу цалин хөлс олгодог. Т.Сийг 2.500.000 төгрөгөөр цалинжуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Энэ талаар эвлэрлийн уулзалт хийх үед тайлбарласан боловч, ойлгохыг хүсэхгүй байна.

Т. Сарантөгсд тушаалыг танилцуулж, ажлаа хүлээн авахыг мэдэгдсэн. Гэтэл ажлаа хүлээн аваагүй учраас тус газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Т.С энэ тушаалд дахин маргаж, энэ дүүргийн өөр шүүгч иргэний хэрэг үүсгэсэн. Манай байгууллага энэ хүний арга эвийг олох гэж их үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс, Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/62 дугаар Ажилтан томилох тухай тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ГТСМТйн төвийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар Жирэмсний болон амаржсны амралт олгох тухай тушаал, Т.Сарантгөсийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлт, ГТСМТйн төвийн захирлын 2021 оны 10дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаал, хүүхдийн төсний гэрчилгээ зэрэг бусад нотллх баримтуудыг,/х.х-ийн 3-8 тал/

4. Хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,

Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн захирлын 2016 оны 04дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар Ажилтан томилох тухай тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ,2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/62 дугаар Ажилтан томилох тухай тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/25 дугаар Чөлөө олгох тухай тушаал, 2018 оны 10дугаар сарын 15-ны өдрийн Б/28дугаар Жирэмсний болон амаржсаны амрлат олгох тухай тушаал, Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар /ГТСМТйн төвийн зохион байгжуулалтын бүтэц, цалингийн жишгийг тогтоох тухай тушаал болон тушаалын хавсралтууд, Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар ГТСМТйн төв улсын үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хягзаар, цалингийн жишгийг тогтоох тухай тушаал болон тушаалын хавсралтууд, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар ГТСМТйн төв улсын үйлдвэрийн бүтэц, орон тооны дээд хягзаар, цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухайтушаал болон тушаалын хавсралтууд, Т.Сийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өргөдөл, ГТСМТн төвийн захирлын 2021 оны 10дугаар сарын 18-ны өдрийн 01/380 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, тус газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/23 дугаар ажлын байрны тодорхойлолт батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Т.Сийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/95 дугаар тушаал, тус газрын захирлын 2022 оны 01дүгээр сарын 04-ний өдрийн 01/03 тоот хариу хүргүүлэх тухай албан тоот зэрэг бусад нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн. /х.х-ийн 27-55 тал /

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Гааль,татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газарт холбогдуулан анх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдврлэх ажиллагааны явцад ,Систем нэвтрүүлэлтийн алыаны сугалаа зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжилтэнгээр томилохыг даалгах, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 тоот тушаалын хавсралтаар баталсан гааль , татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын цалингийн жишигт нийцүүлэн нэг сарын цалин хөлсийг 2.500.000 төгрөгөөр тооцож, 2021 оны 10 сараас 2021 оны 12 сарын цалин 7.500.000 төгрөг гаргуулах , мөн хугацааны нийгмийн боллн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах гэж шаардлагаа тодорхойлсон боловч, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад , Гааль , татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирлын 2021 оны 10дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолшгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол,

Хариуцагч ГТСМТйн төв Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан, Гааль , татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ.

Хариуцагч, нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүрт хариу тайлбар гарган мэтгэлцэж байгаа болно.

Зохигчид нь Т.Сийг ажилд шилжүүлэн томилсон ажил олгогчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар тушаал хуулийн үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний бие нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө нь ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан. ГТСМТйн төв-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаал гарч, намайг систем нэвтрүүлэлтийн алыбаны мэргэжилтнээр томилу, гомдол барагдуулах дуудлагын ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын байр хэвээр байхад, өөр ажилд томилсон ажиллах нөхцөлийг дордуулсан, миний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй ... гэж тодорхойлж байна.

Хариуцагч Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газар , нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Т. Сарантөгсийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Сангийн сайдын 2019 оны 32 тоот ,2020 оны 15 тоот Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хягзаар, цалин жишгийг шинэчлэн батлах тухай тушаалуудаар байгууллагын бүтэц орон тоо 2 удаа шинэчлэн батлагдаж, Сугалаа зохион байгуулах алба нь Систем нэвтрүүлэлтйн алба болж өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан. Иймд ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/53 тоот тушаалаар Т.Сийг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтнээр томилсон. Манайд дуудлагын ажилтан гэх ажил албан тушаал байхгүй. Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэн сарын 1.600.000 төгрөгийн цалинтай. 2.500.000 төгрөгөөр цалинжуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

Шүүх, хэргийн оролцогчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, гэрч Г.Ундралын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр Т.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба нэхэмжлэгч Т.С нь нэхэмжлэлээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.

Хариуцагч Гааль , татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг нь тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Диваачамбыг томилж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 01/444 тоот итгэмжлэл олгожээ. Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 102 тал /

1. Нэхэмжлэгч Т. Сарантөгс нь Гааль, татварын мэдээллийн технологийн төв / хуучин нэрээр /-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар тус төвийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн бичиг хэрэг, няравын ажилд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад, тус төвийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар, сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэний албан тушаалд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс томилогдон ажиллаж байжээ./х.х-ийн 3 ,27 тал /

Зохигчид, Т.Сийг ГТСМТйн төв улсын үйлдвэрийн газрын сугалаа зохион байгуулах албаны сугалаа зохион байгуулах мэргэжилтэнээр ажиллаж байсан тухайд маргахгүй байгаа болно./х.х-ийн 30-31 тал /

2. Т. Сарантөгс нь тус газрын сугалаа зохион байгуулах албаны сугалаа зохион байгуулах мэргэжилтэнээр ажиллаж байгаад, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авч,улмаар 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс жирэмсэний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, цалингийн жишгийг тогтоох тухай тушаал, тус газрын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/62 дугаар тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрин дотоод журам, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 3-6, 9,14,35-43,74-85, 108-110 тал /

3. Сангийн Сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалаар Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хягзаар , цалин жишгийг тус тус шинэчлэн тогтоожээ./х.х-ийн 38-43 тал /

Өөрөөр хэлбэл Т.Сийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1,106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтэй, орон тоо 2 удаа өөрчлөгдөж, Сугалаа зохион байгуулах алба нь Систем нэвтрүүлэлтийн алыба болж өөрчлөгдсөн тухайд талууд маргахгүй байна.

4.Т.С нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технолгийн төв улсын үйлдвэрийн газарт гаргаж, улмаар тус газрын захирал 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/53 тоот шилжүүлэн томилох тухай тушаал гаргажээ.

Дээрх Б/53 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 177 тоот тогтоол, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын дүрмийн 5дугаар зүйлийн 5.4.4,5.4.10 дах заалтуудыг үндэслэн Сангийн Сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалаар Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сугалаа зохион байгуулах албаны, сугалаа зохион байгуулах мэргэжилтэн Т.Сийг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэн албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шилжүүлэн томилсон Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.3,21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3,21.4,23 дугаар зүйлийн 23.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1,106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтуудтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Ажил олгогч нь Б/53 тоот тушаалыг хуульд заасан хэлбэр агуулгын хувьд гаргаагүй, ажилтантай харилцан тохиролцоогүй, шууд өөр ажилд шилжүүлснээр, түүний өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөж байгаа гэж үзэх тул ажил олгогч, ажилтантай заавал зөвшилцөх шаардлагатай байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Ийнхүү ажилтнаас зөвшөөрөл авснаар ажилтан уг ажилд ажиллахаас татгалзах, эсхүл гэрээний талууд цалин хөлс, гүйцэтгэх үүрэг зэргийн талаар харилцан зөвшилцөх, эсхүл ажилтанд хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрх нээгддэг байна.

Сангийн Сайдын 2019 оны 02дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалаар Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаар , цалин жишгийг тус тус шинэчлэн батласан байх бөгөөд тус газрын нийт орон тооны хязгаарыг 56, цалингийн жишгийг албан тушаалын шатлалаас нь хамааруулж, 2.500.000 төгрөг-4.500.000 төгрөг байхаар тогтоожээ.

5. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын өгсөн тайлбар , хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сугалаа зохион байгуулах алба нь гагцхүү Систем нэвтрүүлэлтийн алба гэж нэршлийн хувьд өөрчлөгдснөөс бус тухайн албаны чиг үүрэг, бүтцийн харъяалал болон мэргэжилтэний гүйцэтгэх ажлын чиг үүрэг, ажлын байр хэвээр байгаа болох нь тогтоогдож байна.

6.Тодруулбал, шинэ бүтцээр бий болсон Систем нэвтрүүлэлтийн алба нь 9 орон тоотой байх ба сугалаа зохион байгуулах мэргэжилтэний ажил үүргийг н.Баярцэцэг гүйцэтгэж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар гэрч Г. Ундралын мэдүүлэг болон хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

Иймд Гааль татварын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын ...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор ажил олгогч 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/53 тоот шилжүүлэн томилох тушаалыг гаргасан гэх хариу тайлбарыг зөвтгөх боломжгүй, ажил олгогч нь уг тушаалын үндэслэлээ нотлоогүй.

Хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байр хадгалагдах талаар хуульд тусгайлан заасан байхад Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газар нь Т.Сийн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх тул ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас нь халсан гэж үзнэ.

7. Нэхэмжлэгч Т.Сийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хушацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Сангийн Сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын цалингийн жишгийг тогтоосон хэмжээгээр буюу Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэний сарын цалин хөлсийг 2.500.000 төгрөг байхаар тооцон шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1,69 дүгээр зүйлийн 69.1-дэх заалтад нийцнэ.

Т. Сарантөгсийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /нэг өдрийн дундаж цалин хөлс 116.279 төгрөгөөр тооцож/ нийт 110 хоногийн цалин хөлс болох 12.790.690 төгрөгийг хариуцагч ГТСМТйн төв Улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Т. Сарантөгсөд олгох нь зүйтэй.

Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажил олгогчийн ГТСМТйн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 10дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

8.Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

9.Шүүх, Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5,44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэнэ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх боловч энэхүү маргаан нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Сийг Гааль,татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын Систем нэвтрүүлэлтийн албаны сугалаа зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Гааль,татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас 12.790.690 / арван хоёр сая долоон зуун ерэн мянга зургаан зуун ерэн / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т. Сарантөгсөд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар Т.Сийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2021 оны 10 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ГТСМТйн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5,44 дүгээр зүйлийн 44 .1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Т.Сийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.150 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Сөд олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч ГТСМТйн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 219.601 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ