Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00898

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00898

 

 

 

 

...........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00694 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........ийн нэхэмжлэлтэй, хариуцагч.................. УҮГ-т холбогдох тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..........., түүний өмгөөлөгч Ч.Удаанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, түүний өмгөөлөгч Т.Энхбулгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

........... миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр.................. УҮГ-т бичиг хэрэг, няраваар ажилд орсон. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн захирлын Б/62 дугаар тушаалаар сугалаа зохион байгуулах албаны сугалаа зохион байгуулах мэргэжилтнээр томилсон боловч хүний нөөцийн мэргэжилтэн байхгүй тул хүний нөөцийн ажилтны чиг үүргийг гүйцэтгүүлж байсан. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусах байсан учир өмнөх ажилдаа орох хүсэлтээ өгөхөд шийдвэрлэж өгөөгүй. Бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх шалтгаанаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтнээр томилж гомдол барагдуулах дуудлагын ажилтны чиг үүргийг гүйцэтгүүлэхээр Б/53 тоот тушаал гарсан. Уг тушаал өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргээс өөр, ажиллах нөхцөл байдлыг дордуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална гэж, мөн хуулийн 35.1.4-д Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасныг хангаагүй. Бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх боловч ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд Захиргааны албанд хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр өөр хүмүүс ажиллаж байгаа.

Иймд тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож Систем нэвтрүүлэлтийн албаны сугалаа зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-ын цалингийн жишигт нийцүүлэн нэг сарын дундаж цалин хөлсийг 2,500,000 төгрөгөөр тооцож 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Гааль, татвар мэдээллийн технологийн төв УҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар ...........ийг бичиг хэргийн ажилтан, няравын албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гааль, татварын мэдээллийн технологийн төв УҮГ-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар ...........ийг Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн албан тушаалд томилсон. ........... уг тушаалыг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

...........ийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Сангийн сайдын 2019 оны 32 болон 2020 оны 15 дугаар.................." УҮГ-ын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай тушаалуудаар байгууллагын бүтэц орон тоо 2 удаа шинэчлэгдэн батлагдаж, Сугалаа зохион байгуулах алба нь Систем нэвтрүүлэлтийн алба болон өөрчлөгдсөн. ........... нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдөл гаргасан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж.................. УҮГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар шилжүүлэн томилох тухай тушаалаар Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн ...........ийг Систем нэвтрүүлэлтийн албанд томилсон. ........... өмнө нь Сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтэн албан тушаалд 1,403,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэн 1,600,000 төгрөгийн цалинтай тул цалингийн хэмжээг буураагүй.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-ын дүрмийн 5.4.4-т батлагдсан бүтэц, орон тоонд багтаан үйлдвэрийн газрын ажилчдыг томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль болон гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх үүрэг хүлээсэн. ...........өд ажилд томилсон тушаалыг танилцуулсан бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажил албан үүргээ гүйцэтгэхийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/380 дугаар албан бичгээр мэдэгдсэн................... УҮГ-т гомдол барагдуулах дуудлагын ажилтан гэх албан тушаал, ажлын байр байхгүй бөгөөд Систем нэвтрүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд томилж, хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэхийг ...........өд мэдэгдсэн.

...........ийг систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэн албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр томилсон байхад ажил үүргээ хүлээн авахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. ...........ийг 2,500,000 төгрөгөөр цалинжуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ...........ийг.................. Улсын үйлдвэрийн газрын Систем нэвтрүүлэлтийн албаны сугалаа зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч.................. улсын төсөвт үйлдвэрийн газраас 12,790,690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...........өд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар ...........ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2021 оны 10 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч.................. улсын төсөвт үйлдвэрийн газарт үүрэг болгож, нэхэмжлэгч ...........ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,150 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч ...........өд олгож, хариуцагч.................. улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 219,601 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх Хариуцагч нь нэхэмжлэгчийг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 21.4, 23 дугаар зүйлийн 23.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтуудтай нийцээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь буруу. Сангийн сайдын 2019 оны 32 дугаар, 2020 оны 15 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сугалаа зохион байгуулах алба байхгүй болсон. Тодруулбал, нэхэмжлэгчийг 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авах үед Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Стратеги төлөвлөлтийн хэлтэс, Мэдээлэл статистикийн алба, Технологи хөгжүүлэлтийн алба, Сугалаа зохион байгуулах алба нь Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Захиргааны алба, Санхүүгийн цахим, мэдээллийн алба, Систем төлөвлөлт, статистикийн алба, Систем хөгжүүлэлтийн алба, Систем нэвтрүүлэлтийн алба болгож өөрчлөгдсөн. Эдгээр тушаалыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх тал бүрээс нь харьцуулан үзээгүйд гомдолтой байна. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалах үүргээ биелүүлсэн. Шүүх ...хариуцагч нэхэмжлэгчийг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5 дахь заалттай нийцээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь уг маргаанд хамааралгүй зохицуулалтыг хэрэглэсэн. Учир нь энэ маргаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээнд хамааралгүй. Мөн ажил олгогч ажилтны өргөдлийг хүлээн авч шилжүүлэн томилсон болохоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Мөн ажил олгогч тушаал гаргахдаа ажилтантай зөвшилцөх шаардлагатай байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу авсан. Шүүх ... тус газар нь нэхэмжлэгчийг ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх тул ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас нь халсан гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажил олгогч нь ажилтныг ажиллуулахаар өөрөөс шалтгаалах боломжит бүх арга хэмжээг авч, ажилтны ажлын байрыг хадгалсаар байсан төдийгүй 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/438 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч тэрээр ажилдаа ирээгүй. Ажилтан нь түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн өдрөөс хойш 2 сар гаруй хугацаанд ажилдаа ирээгүй тул ажил олгогч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, зохигчдын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгчийн цалин 1,403,000 төгрөг байсан. Шүүх ... Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтний сарын цалин 2,500,000 төгрөг байхаар тооцон шийдвэрлэх нь хуульд нийцнэ... хэмээн дүгнэсэн нь Хөдөлмөрийн гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд илтэд халдсан, талуудын чөлөөт байдлын зарчмыг ноцтой зөрчсөн. Хэдийгээр тус газрын цалингийн жишиг батлагдсан хэдий ч захирал нь тус үйлдвэрийн газрын дүрмийн 5.4.2, 5.4.4-т заасан эрхийн хүрээнд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалингийн жишиг, тухайн ажилтны ажлын туршлага, ур чадварыг харгалзан үзэж цалингийн хэмжээг харилцан адилгүй тогтоодог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуучин ажлаа хийх хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлсэн боловч тухайн ажлын байранд ажиллах сонирхолгүй бол шүүхийн журмаар маргаж болно гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэж тайлбарладаг боловч тухайн үндэслэлээр ажилтныг өөр албан тушаалд томилох боломжгүй. Нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан сугалаа зохион байгуулах албаны мэргэжилтний чиг үүргийг гүйцэтгэгч мэргэжилтнээр н.Баярцэцэг гэх хүнийг томилон ажиллуулж байгаа гэх үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ........... нь хариуцагч.................. УҮГ-т холбогдуулан тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. ........... нь Гааль, татварын мэдээллийн технологийн төв УҮГ-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар Сугалаа, зохион байгуулах албаны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан болох нь хэрэгт авагдсан тус төвийн захирлын тушаал, талуудын тайлбараар тогтоогдсон байна. (хх-ийн 3,5)

 

1.в. Сангийн сайдын 2019 оны 32 дугаар, 2020 оны 15 дугаар тушаалаар.................. УҮГ-ын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн жишгийг баталж, Сугалаа зохион байгуулах албыг Систем нэвтрүүлэлтийн алба болгон өөрчилж, тус албаны мэргэжилтний цалингийн жишгийг 2,500,000 төгрөг байхаар тогтоожээ. (хх-ийн 38-43)

 

1.г. Нэхэмжлэгч Б.Сарантөгс нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусч байгаа тул мөн сарын 11-ний өдрөөс эхлэн хуучин ажилдаа орох хүсэлт гаргажээ. Хариуцагч.................. УҮГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаартай Шилжүүлэн томилох тухай тушаалаар Б.Сарантөгсийг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтнээр томилсон байна. (хх-ийн 7-8)

 

1.д. Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулжээ. Иймд ажил олгогч.................. УҮГ нь ажилтан Б.Сарантөгсийн ажиллаж байсан сугалаа, зохион байгуулах албаны мэргэжилтний ажлын байрыг хадгалах үүрэгтэй байхаас гадна мөн хуулийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.

 

1.е. Гэвч хариуцагч.................. УҮГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар нэхэмжлэгч Б.Сарантөгсийг Систем нэвтрүүлэлтийн албаны мэргэжилтэний ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасантай нийцээгүй байна.

 

Хариуцагч байгууллагын Сугалаа зохион байгуулах алба-ны нэр Систем нэвтрүүлэлтийн алба болж өөрчлөгдсөн боловч уг албаны чиг үүрэг, бүтцийн харьяалал болон мэргэжилтний гүйцэтгэх ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хариуцагчийн сугалаа зохион байгуулах чиг үүрэг байхгүй болоогүй болох нь П.Энхзаяагийн ажлын байрны тодорхойлолтын ...3. Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа 3.Сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах... гэсэн хэсэг, гэрч Г.Ундралын ...манай алба нэгдүгээрт системийн тест буюу алдаатай хөгжүүлэлт хийсэн эсэхийг шалгаж нэвтрүүлдэг, хоёрдугаарт сугалаа зохион байгуулдаг, гуравдугаарт хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй. (хх-ийн 54, 154)

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь өмнө нь сугалаа, зохион байгуулах албаны мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Сарантөгсийг Систем нэвтрүүлэлтийн албаны хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол барагдуулах чиглэлээр ажиллуулахаар танилцуулсан болох нь гэрч Г.Ундралын мэдүүлгээр нотлогдсон байх тул ажилтантай зөвшилцөх байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. (хх-ийн 154)

 

1.ё. Иймд хариуцагч Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ нь хүүхэд асрах чөлөөтэй байсан ...........ийн өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажилд томилоогүй, өөр ажилд шилжүүлэн томилсон байх тул ажлаас нь халсантай адилтган үзэх талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, ...........ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,790,690 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1,69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасантай нийцжээ.

 

1.ж. Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар тушаалын хавсралтаар хариуцагч байгууллагын мэргэжилтний цалингийн жишгийг 1,403,000 төгрөгөөр тогтоож /хх-ийн 37/ , талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд энэ хэмжээгээр үндсэн цалинг тохиролцож (хх-ийн 4) байсан тул анхан шатны шүүх мөн Сангийн сайдын 2019 оны 32 дугаар болон 2020 оны 15 дугаар тушаалын хавсралтаар системийн мэргэжилтний цалингийн жишгийг 2,500,000 төгрөг байхаар тогтоосныг баримталж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тодорхойлсон нь буруу биш байна. (хх-ийн 38-43)

 

1.з. Харин анхан шатны шүүх шийдвэртээ энэ маргаанд хамааралгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 байнгын ажлын байр, 5 дугаар зүйлийн 5.2 Ажил олгогчийн үүрэг, 7 дугаар зүйлийн 7.3 ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, 21 дүгээр зүйлийн 21.1 хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, 21.1.3 үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, 21.4 хөдөлмөрийн нөхцөл, 23 дугаар зүйлийн 23.2.2 хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах, 40 дүгээр зүйлийн 40.5 хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд мэдэгдэх зэрэг зохицуулалтуудыг хэрэглэсэн нь буруу болсон байхаас гадна мөн хуулийн 128.2.1 гэж уг хуульд байхгүй заалт хэрэглэсэн алдаа гаргасан байна. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох алдаа биш болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 219,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ