Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00733

 


2022 03 16 182/ШШ2022/00733

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 85а оффис төв, 2 дугаар давхарт байрлах, КЭК ХХК /РД:6211151/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 09-01 тоот хаягт байрлах, ЭАБ ХХК /РД:6145981/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16.922.830 төгрөг гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 4 тоотод оршин суух, 58 настай, эмэгтэй, Боржигон овгийн Шарав овогтой Оюунчимэг /РД:ХЙ63051828/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 85а оффис төв, 2 дугаар давхарт байрлах, КЭК ХХК /РД:6211151-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаJBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэх КЭК ХХК-д даалгах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. Өлзийцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга,

Гэрч: Ш. Хүрэлбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Кропс энд Кроунд ХХК нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

"Кропс энд Кроун" ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "ЭАБ ХХК болон Ш.О нартай "Өр шилжүүлж төлбөр барагдуулах тухай гэрээ" байгуулж Шаравын Оюунчимэгийн "Кропс энд кроун" ХХК-д төлбөл зохих 16,922,826 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 8,500,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 8,422,829.68 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Гэтэл гэрээгээр тохиролцсон хугацаа өнгөрөөд байхад төлөөгүйгэрээний үүргийн ноцтой зөрчлийг гаргасан. Үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3 дахь заалтын дагуу ажлын 3 өдрөөс ихгүй байхаар тохиролцсон. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй "Эм Ар Брэнд" ХХК-иас 16,922,830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. ЭАБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Кропс энд крон ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт, Эм Ар Брэнд" ХХК нь Кропс энд Кроунд ХХК, Ш.О нартай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "Өр шилжүүлж, төлбөр барагдуулах дуулах гэрээ" байгуулсан. Манай компани уг гэрээгээр иргэн Ш.От туслах зорилгоор түүний өмнөөс 16,922,829 төгрөгийг КЭК ХХК-д төлөх үүргийг хүлээсэн ба гэрээний дагуу нийт 10,199,250 төгрөгийг шилжүүлсэн болно.

Гэрээ байгуулагдсан өдөр 9,269,200 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 430,000 төгрөг нийт 10,199,200 төгрөгийг шилжүүлсэн.

Улмаар 2020 онд манай ЭАБ ХХК нь цаашид Ш.Отэй хамтран ажиллахаа больж, ковид цар тахлын сөрөг нөлөөллөөс болж тус компанийн бусдад төлөх өр төлбөрийн асуудлууд болон эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа доголдолд орсон тул гэрээний дагуу төлбөр төлөх ямарч боломжгүй болсон. ЭАБ ХХК-ийн захирлын зүгээс энэ талаар КЭК ХХК болон иргэн Ш.О нарт мэдэгдээд Ш.О болон КЭК ХХК нар нь дундын өр төлбөрийн тооцооны асуудлыг хоорондоо төлж барагдуулахманай компани уг гэрээнээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээний дүн болох 16,922,829 төгрөгөөс 10.199.150 төгрөгийг манай компанийн шилжүүлсэн тул үлдэгдэл болох 6,724,576 төгрөгийг компани хариуцах үндэслэлгүй.

Хоёрдугаарт, өр төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээний тал болох иргэн Ш.О нь бие шаардага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа. Иргэн Ш.Оийн зүгээс шүүхэд гаргасан шаардлага тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүхийн журмаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай танилцахад иргэн Ш.Оийн КЭК ХХК-д төлөх ёстой өр төлбөр нь анхнаасаа үндэслэлгүй талаар олж мэдсэн.

Тодруулбал ,иргэн Ш.О нь КЭК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямжавтай хамтран ажиллахаар тохиролцож өөрийн 100 хувь эзэмшлийн 18,175,000 төгрөгийн 51 хувийн хувьцааг ямар нэгэн өр төлбөргүйгээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр КЭК ХХК-д шилжүүлж өгсөн. Ингээд иргэн Ш.О болон КЭК ХХК нар нь хамтран Мон мастер ХХК-ийн компанийн үйл ажиллагааг хамтран явуулж, тус компанийн хувьцааг 51 ,49 хувиар тус тус эзэмшин, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээ байгуулах хүртэл нийт 9 сарын хугацаанд хамтран эзэмшиж байсан. Энэ хугацаанд ямар ч ашиг орлого олоогүй ба Кропс энд КроунХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямжав нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэх бүхий л зардлыг Ш.От хариуцуулсан.

Ш.Оийг эргүүлэн төлөх үүрэгтэй гэж тулган шаардаж, Ш.Оийн өр төлбөр нэмэгдсээр байсан тул Ш.О нь хамтын ажиллагаагаа дуусгах зорилгоор өөрийн үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн Монмастер ХХК-ийн 51 %-ийн хувцьцааг буцаан авч хамтын үйл ажиллагааг дуусгавар болохын тулд Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Хамтын үйл ажиллагааны үр дүнг дүгнэхэд, ЭАБ ХХК-ийн захирал Б.Нямжав нь компанийн өр төлбөрийг төлсөн, хөрөнгө оруулалт хийсэн, ямар ч орлого олохгүй, компанийн хувьцаа эзэмшигч Ш.О өр төлбөрийг хариуцах ёстой гэж ойлгуулсаны улмаас 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох гэрээнд заасан мөнгөн дүнийг иргэн Ш.О нь анхнаасаа төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээгээгүй байх тул уг өр төлбөрийг мөн манай компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О нь 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гадаад худалдаа, савхин бүтээгдэхүүн хийх чиглэлээр "Монмастер" ХХК-ийг 18,175,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө, өөрийн хүч хөдөлмөрөөр байнгын үйл ажиллагаатай компани болгосон билээ.

Компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өөрийн орон сууцыг "Голомт банк" ХХК-д барьцаалан зээл авч, үйлдвэрлэлдээ ашиглахаар БНХАУ-с нийт 6 ширхэг машин тоног төхөөрөмж худалдан авсан байдаг.

Ш.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас, компаниййн үйл ажиллагаа догдолж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, болж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч эхэлсэн учраас тухай үедээ хэд хэдэн удаагийн захиалга өгч, хамтран ажиллааж байсан КЭК ХХК-ийн захирлын дүү Б.Нямжавтай хамтран ажиллахаар болсон. Ингээд Б.Нямжав нь Кропс энд кроунХХК-ийн захирлаар томилогдож, хамтын үйл ажиллагааг удирдах зорилгоор Мон Мастер ХХК-ийн 51%-тай тэнцэх хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авснаар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Б.Нямжав нь Монмастер ХХК-ийн 51%-тай тэнцэх хэмжээний хувьцааг, Ш.О 49%-тай тэнцэх хувьцааг тус тус эзэмшихээр болж, талууд нийтдээ 9 сар орчим хугацаанд компанийн хувьцааг хамтран эзэмших болсон. 2019 оны 03 дугаар сард Б.Нямжав нь Мон мастер ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүжилт босгон үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зээл авъя, 2 талаасаа барьцаа хөрөнгө гаргая гэсэн тул, түүний шаардснаар Ш.О нь JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанд тавих зориулалтаар өгсөн байдаг. Хас банкнаас 28.400.000 төгрөгийн зээл авахдаа, уг тоног төхөөрөмжийг барьцаалж, зээл авсан боловч, Мон мастер ХХК-ийн үйл ажиллагаанд огт зарцуулаагүй, өөрсдийн компанийн үйл ажиллагаанд зарцуулж дууссан байдаг.

Ингээд бусдаас тусламж хүссэн горьдлого нь эцэст нь Ш.От дарамт болж, тэрээр үндэслэлгүйгээр их хэмжээний өрөнд орсон, энэ байдал цаашид үргэлжлэх нь түүний өр нэмэгдэхээс өөр үр дүнг авчрахгүй болох нь ойлгомжтой болсон учраас тэрээр аргагүй эрхэнд буюу садангийн дүү ЭАБ ХХК-ийн захирал Б.Энх-Оюунд хандаж туслахыг гуйсан.

Өөрөөр хэлбэл талуудын хамтын ажиллагаа ямар ч үр дүнд хүрээгүй, үр өгөөжгүй байсан тул Ш.О нь КЭК ХХК-тай цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн өөрийн үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн Монмастер ХХК-ийн 51%-ийн хувьцааг буцаан авч, хамтын ажиллагааг дуусгавар болгохыг хүсч, Кропс энд Кроунд ХХК-ийн захирал Б.Нямжавт энэ талаар саналаа хэлсэн байна. Улмаар хамтын ажиллагааныхаа үр дүнг дүгнэж, хувьцааныхаа төлбөр мөнгийг авья гэхэд Б.Нямжав нь "Манай талаас их хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан, ямар ч орлого олоогүй, та компанийн хувьцаа эзэмшигч учраас өр төлбөрөө өөрөө хариуцах ёстой" гэхчлэн ойлгуулж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдер Өр шилжүүлж, телбөр барагдуулах гэрээ-г байгуулан уг гэрээний 2.5-д Jinyao leather machinery factory үйлдвэрт үйлдвэрлэсэн jb420A арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлөх талаарх заалтыг оруулж, мөн өдөр Кропс энд КроунХХК-д 9,269 250 төгрөгийг төлж, Монмастер ХХК-ийн 51%-ийн хувьцааг шилжүүлэн авсан.

Нэгэнт Ш.От төлөх өр байхгүй учраас нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэх үүргийг хүлээнэ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасны дагуу JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэхийг КЭК ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

4. КЭК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг бие даасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Оийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

"ЭАБ ХХККЭК ХХК, иргэн Ш.О нарын хооронд байгуулагдсан Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 2.5 дахь заалтын дагуу А тал буюу КЭК ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөр болох 16,922,829 төгрөгийг хүлээн авсан даруйд өөрийн Хас банк ХХК дахь холбогдох зээлийн барьцаалбарт байгаа Jinyao leather machinery factory үйлдвэрт үйлдвэрлэсэн Јв420А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг чөлөөлж өгөх үүрэг хүлээнэ хэмээн тусгасан байгаа.

Гэтэл талуудын хооронд үүсээд байгаа маргаан нь өөрөө энэхүү гэрээний үүргээ гүйцэтгэж хариуцагч ЭАБ ХХК нь гэрээний төлбөрөө төлөөгүйтэй холбоотой бий болсон, нөгөө талаар хариуцагч нь ч үйл ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалж төлбөрөө хугацаандаа төлөөгүй болохоо 2021 оны 3 сарын 12-ны өдрийн тайлбартаа дурдсан байдаг. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй юм. Мөн шаардлагадаа тодорхойлсон хөрөнгө нь бодитоор ЭАБ ХХК болон Ш.О нарын эзэмшилд байгаа бөгөөд манай компанийн эзэмшилд байхгүй байгаа. Уг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодитоор ч хэрэгжих боломжгүй байх тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ компанийн дүрэм, ЭАБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг нотлох баримтуудыг, /х.х-ийн 3-11тал/

6.Хариуцагчаас, хуулийн этгээдийн дүрэм, Хаан банкны 2019 оны 08 дугаар сарын 29, 2020 оны 03 дугаар сарын 06, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, ЭАБ ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 31/20 тоот мэдэгдэл зэргийг, /х.х-ийн 23-31 тал/

7. Хариуцагчийн хүсэлтээр, Хас банк ХХК-ийн Баянзүрх салбараас КЭК ХХК-тай 2019 онд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс КЭК ХХК-ийн 2018, 2019 оны санхүүгийн тайлан, КЭК ХХК-иас Ш.Оийн авсан мөнгөн хөрөнгийн жагсаалт гэх зэрэг баримтуудыг, /х.х-ийн 81-103 тал/

8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс, хүсэлт, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банк Мон мастер ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, КЭК ХХК болон Мон мастер ХХК-тай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Мон мастер ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоол, Мон мастер ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тэмдэглэл, 2019 оны Компанийн эрх шилүүлэх гэрээ, Хаан банкны дансны хуулгууд зэрэг бусад нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн /х.х-ийн 151-236 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч КЭК ХХК нь ЭАБ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 16.922.830 төгрөг гаргуулах тухай,

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.О нь КЭК ХХК-д холбогдуулан JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус гаргасан.

3. КЭК ХХК нь ЭАБ ХХК-иас 16.922.830 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу ЭАБ ХХК нь Ш.Оийн төлөх өр төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн. ЭАБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 16.922.830 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

3.1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Өр шилжүүлж, төлбөр барагдуулах тухай гэрээнд үндэслэж байна.

3.2.  Хариуцагч ЭАБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч, КЭК ХХК, Ш.О нартай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ" байгуулж, Ш.От туслах зорилгоор, КЭК ХХК-ийн өмнө үүрэг хүлээж, Ш.Оийн өр төлбөрийг төлөх болж, гэрээ байгуулагдсан өдөр 9,269,200 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 430,000 төгрөг нийт 10.199.150 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл болох 6,724,576 төгрөгийг компани хариуцах үндэслэлгүй. Гэрээнээс татгалзах саналаа КЭК ХХК-д хүргүүлж байсан. Уг гэрээнд заасан мөнгөн дүнийг Ш.О нь анхнаасаа төлж барагдуулах үүргийг хүлээгээгүй байх тул өр төлбөрийг манай компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан мэтгэлцэж байна.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.О нь КЭК ХХК-д холбогдуулан JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэхийг КЭК ХХК-д даалгахаар гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлээр шаардаж байгаа гэж тодорхойлж, харин КЭК ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ ...Талуудын хооронд үүсээд байгаа маргаан нь хариуцагч ЭАБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүйтэй холбоотой бий болсон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй, шаардлагадаа тодорхойлсон хөрөнгө нь бодитоор ЭАБ ХХК болон Ш.О нарын эзэмшилд байгаа. Манай компанийн эзэмшилд байхгүй байгаа. Уг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, бодитоор ч хэрэгжих боломжгүй ...гэж тайлбарлан маргаж байна.

5. Шүүх, хэргийн оролцогчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуу, гэрч Ш.Хүрэлбаатарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Кропс энд кроунХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

6.1. КЭК ХХК, Ш.О, ЭАБ ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон гэрээ байгуулснаа талууд хэн алин нь маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

6.2. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар хэргийн үйл баримтаас үзэхэд, ЭАБ ХХК нь Ш.От туслах зорилгоор, КЭК ХХК-ийн өмнө Ш.Оийн хариуцан төлөх 16.922.829 төгрөгийн төлбөр төлөх үүргийг өөртөө шилжүүлэн авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 124.1-д зааснаар өр шилжүүлэх гэрээ гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3,187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг нь хуульд заасан үндэслэлээр үүсэх, мөн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар иргэний эрхийг хамгаалуулахаар зохицуулсан.

6.3. Иймд КЭК ХХК нь хариуцагч Эм ар брэндХХК-иас төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь дээрх хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

6.4. Хариуцагч ЭАБ ХХК нь Ш.Оийн өмнөөс 16.922.829 төгрөг төлөх үүргийг, Кропс энд кропс ХХК-ийн өмнө хүлээж, уг төлбөрийг хэсэгчилсэн байдлаар буюу 8.500.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, үлдэх 8.422.829 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлж барагдуулах үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж,

Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

6.5.ЭАБ ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 9.269,250 төгрөгийг, Ш.От, Ш.О нь уг мөнгийг ЭАБ ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ тайлбарыг, нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, түүнчлэн ЭАБ ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 430.000 төгрөгийг тус тус КЭК ХХК нь шилжүүлсэн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэг авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр төлөлтийг хасч, үлдэх төлбөрийг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй .

Иймд хариуцагч ЭАБ ХХК-иас 6.723.680 төгрөгийг гаргуулж, КЭК ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10.199.150 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.О шүүхэд гаргасан шаардлагадаа:

7.1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш. Оюунчимэг нь КЭК ХХК-иас JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагын үндэслэлээ ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106дугаар зүйлийн 106.3-т зааснаар КЭК ХХК-ийн захирал Б.Нямжавтай хамтран ажиллах зорилгоор Монмастер ХХК-ийн 51 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Хамтын ажиллагааны явцад ашиг олоогүй, компанийн хувьцааг буцаан шилжүүлж авсан. Өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй тул өөрийн эзэмшлийн JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлнэ гэх,

7.2. Хариуцагч Кроп энд кроун ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ .. талуудын хооронд үүсээд байгаа маргаан нь ЭАБ ХХК нь Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой бий болсон. Тухайн хөрөнгө бодитоор ЭАБ ХХК, Ш.О нарын эзэмшилд байгаа тул шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэж байна.

7.3. Шүүх хуралдаанаар талууд өгсөн тайлбар, гэрч Ш.Хүрэлбаатарын мэдүүлэг хэргийн үйл баримтаас үзэхэд, КЭК ХХК нь Мон мастер ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцоны дагуу Мон мастер ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэн авч, улмаар Б.Нямжав нь тус компанийн хувьцаа эзэмшигч болж, улмаар компанийн захирлаар Б.Нямжав томилогдож, хамтын ажиллагааг удирдах, тус компанийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Ш.Отэй хамтран ажиллах тохиролцжээ. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болн бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.

7.4. КЭК ХХК болон Мон мастерХХК -тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

7.5. Хамтран ажиллах явцад Кропс энд кроунХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэх Б.Нямжав нь Хас банк ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, холимог зориулалтаар 28.400.000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө буюу JBА20А арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг барьцаалсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

7.6. Мөн зээлийн гэрээний талууд, 2020 оны 12дугаар сарын 21-ний өдөр 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үргэлжлэх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байхаар тохиролцсон нь хэргийн оролцогчдын тайлбар болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Оийн шаардаж буй JBА20А маркийн арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмж нь Б.Нямжавын Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө байх бөгөөд Хас банк ХХК-ийн барьцааны эрх хэвээр байгаа тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлүүлэхийг шаардах эрх Ш.От үүсэхгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ.

Өөрөөр хэлбэл барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээний салшгүй хэсэг ба зээлийн үүрэг дуусгавар болоогүй, Хас банк ХХК болон Б.Нямжав нарын хооронд хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.

7.8. Ш.О нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тодорхойлж байх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд Ш.О нь өмчлөгч байхын зэрэгцээ хариуцагч КЭК ХХК-ийн эзэмшил хууль бус байх шаардлага нэгэн зэрэг байна.

Нөгөөтэйгүүр Хас банк ХХК-д барьцаа болох JBА20А маркийн арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмж Ш.О болон түүний нөхөр Ш.Хүрэлбаатар нарын эзэмшилд бодитоор байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Ш.Хүрэлбаатарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд дээрх тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэн үзэхэд , хариуцагч КЭК ХХК-ийн хууль бус эзэмшлээс JBА20А маркийн арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг чөлөөлүүлэх тухай Ш.Оийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч ЭАБ ХХК-иас 6.723.680 /зургаан сая долоон зуун хорин гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг гаргуулж КЭК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.199.150 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Кроп энд Кроун ХХК-ийн хууль бус эзэмшлээс JBА20А маркийн арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг чөлөөлүүлэх тухай Ш.Оийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч КЭК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.565 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ЭАБ ХХК-иас 122.529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кропус энд Кроун ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2021/05944 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ