Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00996

 

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00996

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00733 дугаар шийдвэртэй,

К ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 16,922,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

К ХХК-д холбогдуулан

Тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах тухай гуравдагч этгээд Ш.О-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. К ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Э ХХК болон Ш.О- нартай "Өр шилжүүлж, төлбөр барагдуулах тухай гэрээ" байгуулж Ш.О-ээс К ХХК-д төлөх 16,922,826 төгрөгийг Э ХХК 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 8,500,000 төгрөгөөр, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 8,422,829 төгрөгөөр тус тус хувааж төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр тохиролцсон хугацаа өнгөрсөн байхад төлбөрийг төлөөгүй.

Иймд Э ХХК-иас 16,922,830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Э ХХК нь К ХХК, Ш.О- нартай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "Өр шилжүүлж, төлбөр барагдуулах тухай гэрээ" байгуулсан. Манай компани Ш.О-т туслах зорилгоор түүний өмнөөс 16,922,829 төгрөгийг К ХХК-д төлөх үүргийг хүлээсэн.

Гэрээ байгуулагдсан өдөр 9,269,200 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 430,000 төгрөг, нийт 10,199,200 төгрөгийг шилжүүлсэн.

2020 онд манай компани цаашид Ш.О-тэй хамтран ажиллахаа больсон, Ковид цар тахлын сөрөг нөлөөллөөс болж тус компанийн бусдад төлөх өр төлбөрийн асуудлууд үүсч, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа доголдолд орсон тул гэрээний дагуу төлбөр төлөх боломжгүй болсон.

Ш.О- болон К ХХК-ийн дундын өр төлбөрийн тооцооны асуудлыг хоорондоо төлж барагдуулах, манай компани уг гэрээнээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг тэдэнд хүргүүлсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-ний дүн болох 16,922,829 төгрөгөөс 10,199,150 төгрөгийг манай компани шилжүүлсэн, үлдэгдэл болох 6,724,576 төгрөгийг компани хариуцах үндэслэлгүй.

К ХХК-д төлөх ёстой Ш.О-ийн өр төлбөр нь анхнаасаа үндэслэлгүй талаар олж мэдлээ. "Өр шилжүүлж, төлбөр барагдуулах тухай гэрээ"-ний зүйл болох мөнгийг Ш.О- нь анхнаасаа төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээгээгүй байх тул уг өр төлбөрийг мөн манай компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Ш.О-ийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга: Ш.О- нь 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гадаад худалдаа, савхин бүтээгдэхүүн хийх чиглэлээр "М" ХХК-ийг 18,175,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөтэй, өөрийн хүч хөдөлмөрөөр байнгын үйл ажиллагаатай компани болгосон. Компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өөрийн орон сууцыг "Голомт банк" ХХК-д барьцаалан зээл авч, үйлдвэрлэлдээ ашиглахаар Хятад улсаас нийт 6 ширхэг машин, тоног төхөөрөмж худалдан авсан.

Ш.О-ийн эрүүл мэндийн шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа доголдолж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч эхэлсэн учраас тухай үедээ хэд хэдэн удаагийн захиалга өгч, хамтран ажиллаж байсан К ХХК-ийн захирлын дүү Б.Нямжавтай хамтран ажиллахаар болсон. Ингээд Б.Нямжав нь К ХХК-ийн захирлаар томилогдож, хамтын үйл ажиллагааг удирдах зорилгоор М ХХК-ийн 51 хувьтай тэнцэх хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авснаар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Б.Нямжав нь М ХХК-ийн 51 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг, Ш.О- 49 хувьтай тэнцэх хувьцааг тус тус эзэмшихээр болж, талууд нийтдээ 9 сар орчим хугацаанд компанийн хувьцааг хамтран эзэмших болсон.

2019 оны 03 дугаар сард Б.Нямжав нь М ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүжилт босгон үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зээл авах, 2 талаасаа барьцаа хөрөнгө гаргах санал гаргаж, түүний шаардснаар Ш.О- нь арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг барьцаанд тавих зориулалтаар түүнд өгсөн байдаг. Б.Нямжав нь Хас банк ХХК-аас 28,400,000 төгрөгийн зээл авахдаа уг тоног төхөөрөмжийг барьцаалсан боловч, М ХХК-ийн үйл ажиллагаанд огт зарцуулаагүй, өөрсдийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.

Ш.О- нь үндэслэлгүйгээр их хэмжээний өрөнд орсон учраас тэрээр садангийн дүү, Э ХХК-ийн захирал Б.Энх-Оюунд хандаж туслахыг гуйсан. Өөрөөр хэлбэл, талуудын хамтын ажиллагаа ямар ч үр дүнд хүрээгүй, үр өгөөжгүй байсан тул Ш.О- нь К ХХК-тай цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн өөрийн үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн М ХХК-ийн 51 хувийн хувьцааг буцаан авч, хамтын ажиллагааг дуусгавар болгохыг хүсч, Кд ХХК-ийн захирал Б.Нямжавт энэ талаар хэлсэн.

Улмаар хамтын ажиллагааныхаа үр дүнг дүгнэж, хувьцааныхаа төлбөр мөнгийг авах гэхэд Б.Нямжав нь "Манай талаас их хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан, ямар ч орлого олоогүй, та компанийн хувьцаа эзэмшигч учраас өр төлбөрөө өөрөө хариуцах ёстой" гэж ойлгуулж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулан, гэрээнд арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлөх талаарх заалтыг оруулсан. Мөн өдөр К ХХК-д 9,269,250 төгрөгийг төлж, М ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэн авсан.

Нэгэнт Ш.О-т төлөх өр байхгүй учраас нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэх үүргийг хүлээнэ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасны дагуу арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэхийг К ХХК-д даалгаж өгнө үү.

 

4. Бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Э ХХК, К ХХК, Ш.О- нарын хооронд байгуулагдсан Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 2.5-т А тал буюу К ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөр болох 16,922,829 төгрөгийг хүлээн авсан даруйд өөрийн Хас банк ХХК дахь холбогдох зээлийн барьцаалбарт байгаа арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг чөлөөлж өгөх үүрэг хүлээнэ хэмээн тусгасан.

Гэтэл Э ХХК нь гэрээний төлбөрөө төлөөгүй. Тухайн барьцаа хөрөнгө нь бодитоор Э ХХК болон Ш.О- нарын эзэмшилд байгаа бөгөөд манай компанийн эзэмшилд байхгүй. Уг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодитоор ч хэрэгжих боломжгүй байх тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас 6,723,680 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,199,150 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Кроп энд кроун ХХК-ийн хууль бус эзэмшлээс JBА20А маркийн арьс нимгэлэх зориулалттай машин тоног төхөөрөмжийг чөлөөлүүлэх тухай Ш.О-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,565 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 122,529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кропус энд Кроун ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хэн аль нь хамтран ажилласнаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ хамтын ажиллагаагаа дуусгавар болгож хариуцагч Э ХХК-тай Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний дагуу хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчид 16,922,829 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 8,500,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 8,422,829 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 430,000 төгрөг шилжүүлсэнээс өөр төлбөрийг хийгээгүй.

Харин гуравдагч этгээд Ш.О-ээс М ХХК-ийн хувьцаа шилжүүлэхтэй холбоотой харилцаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд бий болсон бөгөөд үүнийгээ талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан ...хамтын ажиллагаагаа дуусгавар болгож садангийн дүү болох Э ХХК-ийн захирал Б.Энх-Оюунд хандан туслахыг хүссэн гэх тайлбараар нотлогддог. Гуравдагч этгээд Ш.О- нь талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр болох 9,269,250 төгрөгийг Э ХХК-аас шилжүүлсэн байх боломжтой бөгөөд түүнийг нэхэмжлэгчийн хувьцааны төлбөр болгон тухайн өдөр шилжүүлсэн байдаг.

Гэтэл шүүх Э ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 9,269,250 төгрөгийг Ш.О-т шилжүүлсэн, Ш.О- нь уг мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлэх үүргээ биелээгүй гэж үзэхээр байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зориг, бичмэл нотлох баримт, талуудын тайлбар зэргээс харахад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2 өөр тусдаа харилцааг зохицуулсан үр дагавар бүхий Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, төлбөр тооцоогоо хэрхэн хийхээ тохиролцсон байхад гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид төлсөн хувьцааны төлбөрөө хариуцагч Э ХХК-аас авсан үйлдлийг тусдаа гэрээ буюу хариуцагч нэхэмжлэгчид төлөх төлбөрийн гүйцэтгэлээ биелүүлсэнд тооцож төлбөрөөс хасаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэв шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч болон хариуцагч нь Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөрөө гуравдагч этгээдээр дамжуулж хийх байсан бол гэрээ байгуулах шаардлагагүй, нөгөө талаар тухайн өдөр 8,500,000 төгрөгийн төлбөрийг л төлөх байсан, мөн гэрээндээ нэхэмжлэгчийн дансаар шилжүүлнэ гэж тодорхой зохицуулалтуудыг оруулах шаардлагагүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 10,199,150 төгрөгийг хариуцагчаас Ш.О-т шилжүүлсэн хувьцааны төлбөр болох 9,269,250 төгрөгийг хасч тооцон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрээс Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК-иас 6,723,680 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

7.1. Хариуцагч талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-нээс татгалзсан, гуравдагч этгээд Ш.О-ийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэрээнд дурдсан 16,922,829 төгрөгийн өр төлбөр нь анхнаасаа үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул уг мөнгийг хариуцан төлөхгүй хэмээн хоёр үндэслэлээр маргадаг.

Гэтэл шүүх хариуцагч гэрээнээс татгалзсан талаар ач холбогдол өгч, уг үйл баримтыг дүгнээгүй нь учир дутагдалтай байна.

7.2. Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүх 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/Ш32021/10872 дугаар захирамжаар гаргуулсан Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн К ХХК-ийн 2018, 2019 оны санхүүгийн тайланд бусдаас авах авлага байхгүй болох нь тогтоогддог. Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч К ХХК-иас Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 16,922,826.68 төгрөгийн өр төлбөрийг нотлох санхүүгийн баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 26 хуудас баримтуудыг ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтуудтай танилцахад дийлэнх нь К ХХК-ийн үйл ажиллагаанд, түүнчлэн арьс шир зэрэг бараа материал авахад зарцуулагдсан байх ба эдгээр баримтуудаар иргэн Ш.О- нь маргаан бүхий гэрээнд заасан өр төлбөрийн асуудлыг дангаар хариуцан төлж барагдуулах үүрэгтэй болох нь тогтоогддоггүй болно. Зүй нь К болон Ш.О- нар хамтран М ХХК-ийг ажиллуулсан бол Компанийн тухай хуульд зааснаар орлого олсон тохиолдолд ашгаа хуваах, алдагдалтай ажилласан тохиолдолд уг эрсдэлийг хамтран хариуцах үүрэгтэй.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Ш.О- нь К ХХК-д төлбөр төлөх үүргийг хүлээх үндэслэл бүхий түүний гарын үсгээр баталгаажсан нэг ч баримт, мөн К ХХК-тай тооцоо нийлсэн акт байдаггүй ба нэхэмжлэгчийн зүгээс уг өр төлбөр юуны учир үүссэн талаар үндэслэлтэй тайлбарладаггүй юм.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаас харахад урьдчилсан нөхцөл хангагдаагүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл К ХХК болон Ш.О- нарын хооронд төлбөр тооцоо нийлж, өр төлбөрийн асуудлаар огт гэрээ хэлцэл байгуулагдаагүй байхад Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчиж, нотлох баримтуудыг буруу буюу дутуу үнэлсэн.

Иргэн Ш.О- нь М" ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмшдэг бөгөөд тус компани савхин бүтээгдэхүүн хийх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор өөрийн орон сууцыг Голомт банкинд 2014 онд барьцаалж, зээлийн хөрөнгөөр хэд хэдэн тоног төхөөрөмж худалдан авсны нэг нь арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмж юм.

Талуудын хэн аль нь арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийн өмчлөгч М ХХК гэдэгт маргадаггүй.

Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул хэд хэдэн удаагийн захиалга өгч байсан К ХХК-тай хамтарч ажиллахаар тохиролцож, одоогийн захирал Б.Нямжав нь улсын бүртгэлд бүртгүүлснээр, Ш.О- нь М ХХК-ийн 51 хувийн хувьцааг үнэ төлбөргүй К ХХК-д шилжүүлснээр талуудын хамтын ажиллагаа эхэлсэн байдаг.

Ингээд Б.Нямжавын шаардсанаар санхүүжилт босгох зорилгоор 2019 оны 03 дугаар сард Хас банк ХХК-иас 28,4 сая төгрөгийг зээлж, Б.Нямжав нь дангаар захиран зарцуулсан хэдий ч уг зээлийг бодит байдал дээр М ХХК-ийн үйл ажиллагаанд 100 хувь зарцуулаагүй.

Өөрөөр хэлбэл тус өр төлбөр үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогддог. К ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд аливаа этгээдээс авах өр төлбөртэй талаарх авлага бүртгэлгүй байдаг ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад илгээн баталгаажуулсан санхүүгийн тайланг үнэн зөв гэж үзнэ. К ХХК-иас гарган өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудыг Хас банк ХХК-иас авсан зээлийн зарцуулалт гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч М ХХК-ийн үйл ажиллагаанд бус К ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь нотлогддогоос гадна тооцоо нийлсэн гэж тайлбарлаж буй тус баримтад Ш.О-ийн гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй болно.

Гэрч н.Хүрэлбаатар нь Б.Нямжавын шаардаж буй өр төлбөрт түүхий эд болох арьсны үнэ орсон байдаг ба уг арьсаар Ш.О- болон н.Хүрэлбаатар нар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж, буцаан хүлээлгэж өгсөн гэдгийг шүүхэд мэдүүлдэг. Уг үйл баримтад нэхэмжлэгч тал маргадаггүй болно.

Ийнхүү түүхий эд, арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдад худалдан борлуулсан орлогоор Хас банк ХХК-иас авсан 28,4 сая төгрөгийн зээлээс төлж, үлдэгдэл төлбөр нь 9,0 сая төгрөг болсон байхад тус зээлийг бүтэн хэмжээгээр ганцхан Ш.О-ээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тус 28,4 сая төгрөгийн зээлийг М ХХК-ийн үйл ажиллагаанд 100 хувийг зарцуулаагүй буюу өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан үйлдэлдээ К ХХК нь хариуцлага хүлээх учиртай тул тус зээлийг Хас банк ХХК-д төлж барагдуулан арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэх үүргийг хүлээнэ. Иймд арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийн өмчлөгч М ХХК буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш.О-ийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх шийдвэрийн 4 дэх талд бие даасан шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 106.2, 106.3 дахь заалт гэж тусгасан атлаа үндэслэх хэсэгт мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан шаардаж байна гэж дүгнэн, улмаар тухайн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эцэст нь Б.Нямжав санхүүгийн тайлан баланс гаргадаг, санхүүгийн нарийн мэдлэгтэй байдлаа ашиглан, гарсан бүхий л зардлуудыг дангаар хариуцах мэтээр Ш.О-т ойлгуулж, үндэслэлгүйгээр өр төлбөр үүсгэн, компанийн хувьцаагаар барьцаалж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа тайлбар хийн, өөрийн тайлбарыг хэрэгт авагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний огноо, тус гэрээг гэрчилсэн нотариатч нь нэг хүн байдаг, тус компаниас гарган өгсөн тооцоололд Ш.О-ийн гарын үсэг, тамга тэмдэг байхгүй буюу талуудыг тооцоо нийлсэн гэж үзэх баримт биш талаар дурдсан хэдий ч уг үйл баримтыг үнэлж, дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна

Түүнчлэн К ХХК нь Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу нэхэмжилж буй өрийг Хас банк ХХК-иас авсан зээл хэмээн тайлбарлаж, уг зээлийг М ХХК-д 100 хувь зарцуулсан тул оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардаж байгаа гэх боловч шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Хариуцагч талаас төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Хас банк ХХК-аас 28,400,000 төгрөгийн зээл авч, М ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулснаас үүссэн өр төлбөр 16,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэдэг. Гэтэл үүнийг нотлох баримт байдаггүй. Хариуцагч талаас уг төлбөрийг ямар учраас Ш.О- хариуцах ёстой талаар нотлох баримт гаргуулахыг хүссэн боловч К ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан талаарх санхүүгийн баримтуудыг ирүүлсэн. Ш.О-, К ХХК нар нь хамтран ажиллаад ашиг, орлого олсон бол түүнийг тэнцүү хуваах үүрэгтэй.

 

10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээд Ш.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон гуравдагч нарын хэн аль нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хамтын ажиллагааны хүрээнд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасны дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг талууд хамтран хариуцах ёстой. Нэхэмжлэгч нь Хас банк ХХК-аас авсан 28,400,000 төгрөгийг хөрөнгө оруулагчийн хувьд буцааж авсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4 тоот албан бичгээр мэдэгдээд, 29,500,000 төгрөгийн зарцуулалт хийсэн гэдгээ тайлбарлаж, баримтуудыг өгсөн. Нийт 44 баримт өгснөөс 33 баримт нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангадаггүй. Мөн М ХХК-ийн үйл ажиллагаанд бус К ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан талаарх баримтууд байсан. Тус компанийн санхүүгийн тайлан хэрэгт авагдсан. Уг тайланд тус компани нь хэн нэгнээс өр төлбөр авах талаар тусгаагүй байдаг бөгөөд тухайн тайланг үнэн, зөв гэж үзэж байна. М ХХК-ийн 51, 49 хувийн хувьцааг хамтран эзэмшиж байсан учраас хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, алдагдлыг эзэмшиж буй хувь хэмжээгээр хариуцах үүрэгтэй. Иймд зөвхөн Ш.О-ээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

11. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хамтран ажиллах гэрээг амаар тохиролцсон талаар талуудын хэн аль нь маргадаггүй. Гэрээг хүлээн зөвшөөрөөд, үүргийнхээ тодорхой хувийг биелүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрээнээс татгалзсан гэж тайлбар гаргасан. Гэрээнээс татгалзаж буйгаа гуравдагч этгээдэд мэдэгдсэн, харин нэхэмжлэгч талд мэдэгдээгүй. Хүчин төгөлдөр гэрээтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Өр барагдуулах гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар анхан шатны шүүх хуралдаанаас өмнө маргаагүй. Гэрээний төлбөр 16,922,826 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дараа 2 хувааж төлөх ёстой гэдгийг тохиролцсон. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өр барагдуулах гэрээ болон М ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 16,000,000 төгрөгт оруулан тооцох байсан бол тухайн өдрөө тооцоонд оруулан хасах байсан. Тухайн гэрээнд хэзээ, ямар дансанд төлөх ёстой гэдгийг тохиролцсон. Уг үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал гэрээнээс татгалзаж байгаа талаараа нэхэмжлэгч талд мэдэгдээгүй. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

12. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгө болох арьс нимгэлэх зориулалттай тоног төхөөрөмж нь одоо Ш.О- болон түүний нөхөр н.Хүрэлбаатар нарын эзэмшилд байгаа нь анхан шатны шүүх хуралдаанд н.Хүрэлбаатарын гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Гуравдагч этгээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч нотлогддоггүй. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч К ХХК нь Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 16,922,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.О- нь К ХХК-д холбогдуулан арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай шаардлагыг тус тус гаргасан.

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч К ХХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. К ХХК, Ш.О-, Э ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээгээр Э ХХК нь Ш.О-ээс К ХХК-д төлөх 16,922,829 төгрөгийн өрийг шилжүүлэн авахаар тохиролцсон, Э ХХК болон Ш.О- нарын хооронд ийнхүү өр шилжүүлэх, шилжүүлж авахдаа шаардах эрх эзэмшигч буюу К ХХК-тай тохиролцсон талаархи Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Гэрээнд зааснаар Э ХХК нь 16,922,829 төгрөгийг 2 хувааж буюу 8,500,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 8,422,829 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр К ХХК-д төлөхөөр тохиролцсон байна.

 

4.а. Анхан шатны шүүх Э ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 430,000 төгрөгийг тус тус К ХХК-д төлсөн үйл баримтын талаар зөв дүгнэжээ.

 

4.б. Харин шүүх Э ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 9,269,250 төгрөгийг К ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байх ба уг алдааг залруулах боломжтой байна.

 

4.в. Хаан банк ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэлд 9,269,250 төгрөгийн шилжүүлэг Э ХХК болон Ш.О- нарын хооронд хийгдсэн бөгөөд утгыг ЕВ-М ХХК 51% буюу 510 ш хувьцааны үнэ гэж тодорхойлсон /1 дүгээр хавтасны 28, 236 дахь тал/, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ш.О-ээс 9,269,250 төгрөгийг хувьцааны өр төлөв утгаар нэхэмжлэгчид шилжүүлснийг Өр барагдуулах тухай дээрх гэрээний үүргийг Э ХХК гүйцэтгэсэн гэж дүгнэхээргүй байна. Учир нь К ХХК болон Ш.О- нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр М ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Ш.О- нь уг компанийн 51 хувь буюу 510 ширхэг хувьцааг 9,269,250 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /1хх 205-211/

 

4.г. Иймд Ш.О- нь Б.Нямжавт үнэ төлбөргүй шилжүүлсэн хувьцаагаа буцаан үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гэх нөхцөл нь дээрх гэрээтэй шууд хамааралгүй юм.

 

Өр шилжүүлэх, төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэг дуусгавар болоогүй тул хариуцагч Э ХХК-иас 15,992,830 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

4.д. Уг гэрээг байгуулах үндэслэл болсон Ш.О-ээс К ХХК-т төлөх өр төлбөр үүсээгүй гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. Өр шилжүүлэх, төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Гуравдагч этгээд Ш.О-ийн гаргасан бие даасан шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5.а. Гуравдагч этгээд Ш.О-ийн өмчлөлийн арьс нимгэлэх зориулалттай машин, тоног төхөөрөмжийг түүний зөвшөөрөлтэйгээр К ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Нямжав нь Хас банк ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 28,400,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд барьцаалжээ. Уг тоног төхөөрөмж нь Хас банк ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө байх бөгөөд Хас банк ХХК-ийн барьцааны дуусгавар болоогүй байна.

 

5.б. Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд оновчгүй заалт баримталсан байгааг залруулах нь зүйтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан өмчлөгчийн бусад этгээдийн хууль бус ашиглалт, эзэмшил зэрэг эрхтэй холбоотой гаргах шаардлагыг үндэслэн тогтоох хэсэгт баримталсан нь буруу.

Барьцааны гэрээ зохих ёсоор байгуулагдсан тул барьцааны эрх дуусгавар болсон тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх үр дагавар үүсдэг. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх дуусгавар болох урьдчилсан нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд аль ч үндэслэл бий болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

6. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулахаар өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00733 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...6,723,680 төгрөгийг... гэснийг ...15,992,830 төгрөгийг... гэж, ...10,199,150 төгрөг... гэснийг ...930,000 төгрөг... гэж,

2 дахь заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт... гэснийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт... гэж,

3 дахь заалтын ...122,529 төгрөгийг... гэснийг ...237,914 төгрөгийг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,529 төгрөгийг, гуравдагч этгээд Ш.О- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 163,260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА