Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00910

 
     

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, А ургийн овогтой Ч П, /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0-0 тоот хаягт байрлах, ЭТ " ХХК /РД:6552021/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч С.Я,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.П нь хариуцагч ЭТ ХХК-д холбогдуулан 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлолдоо: Нэхэмжлэгч нь ЭТ ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, С дүүрэг, 00 дугаар хороо, Б нэртэй газар, 0 ширхэг амины орон сууцыг тохиролцон, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 421,800,000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бариулахаар харилцан тохиролцсон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээ байгуулахад гэрээний нийт дүнгийн 30 хувь буюу 126,530,000 төгрөг, үүний дараа торх босож, бетон цутгасны дараа 30 хувийг, засал чимэглэл, сантехник, цахилгааны ажил эхлэхэд 30 хувийг, барилгын ажил дууссаны дараа 5 хувь буюу 21,090,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр буюу 5 хувийг, гүйцэтгэлийн баталгаа хэлбэрээр гэрээт ажил дуусаж актаар хүлээлцсэнээс хойш 0 сар хүртэл хугацаагаар төлөхөөр тус тус тохирсон байдаг. Гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 100,540,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 100,540,000 төгрөг, 2021 оны 0 дугаар сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөг, 8 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 8 дугаар сарын 04-ний өдөр мөн 6,540,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр хариуцагчид 379,620,000 төгрөгийг төлсөн байдаг. Аль болох ажил хийж байгаа талдаа амар төхөмтэй байх үүднээс гэрээний төлбөрөө гэрээнд зааснаас түрүүлж өгч байсан. Гэтэл гүйцэтгэгч талын зүгээс амины орон сууцуудыг хүлээлгэн өгөх талаар тохирсон гэрээний хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж болсон. Нэхэмжлэгчийн зүгээс зохих шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч 0ширхэг амины орон сууцыг дуусгаж, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд шаардлага тавихад хүлээлгэж өгнө гэдэг тайлбарыг хэлдэг байсан учир нэхэмжлэгч харзнаж, хүлээдэг байсан. 2021 оны 9 дүгээр сарын дундуур гэрээний гүйцэтгэл хэт удаад байсан учир нэхэмжлэгч гүйцэтгэгч талтай уулзаж ярилцахад гүйцэтгэгч талын зүгээс гэрээнд заасан ажлыг цаашид гүйцэтгэж чадахгүй, гүйцэтгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч өөрөөс шалтгаалсан бүхий л зүйлийг хийсэн байхад яагаад ажлаа хийхгүй байгаа талаар асууж тодруулахад хариуцагч мөнгө байхгүй, гүйцээж чадахгүй талаар хэлсэн тул талуудын хооронд маргаан үүсэж, гэрээний дагуу ажлаа хийхгүй болох нь ойлгомжтой болсон. Ингээд хоёр тал 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцлах акт үйлдэж, хоорондын маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр болсон. Гэрээг цуцлахын хамтаар гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулах, мөн гэрээний дагуу ямар, ямар ажлууд хийж гүйцэтгэх ёстой, ямар ажил хийж гүйцэтгээгүй байгаа тодорхой болгох үүднээс талууд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баригдаж дуусаагүй 0ширхэг баригдаж дуусаагүй амины орон сууц байгаа газарт очиж, бөөндөө байлцаж, хаус тус бүр дээр газар дээр нь очиж акт үйлдэж баталгаажуулсан байдаг. 0ширхэг амины хаусын барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах ажлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар хийж гүйцэтгэх болсон бөгөөд 0ширхэг амины хаусын ажлыг гүйцэтгэж дуусгах төсвийг талуудын баталгаажуулсан актад үндэслэн, мэргэшсэн төсөвчнөөр гаргуулсан. Ийнхүү гаргуулахад 241,216,571 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсөв гарсан учраас энэхүү төлбөрийг нэхэмжлэгч гүйцэтгэгч талаас нэхэмжилж байгаа. Мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.2.3-т энэ гэрээний 8.1-т заасны дагуу гэрээг цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Иймээс хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүн болох 241,216,571 төгрөгийн 10 хувь буюу 24,121,657.10 төгрөгийг гүйцэтгэгч талаас нэхэмжлэх эрхтэй. Иймд хариуцагч ЭТ ХХК-аас нийт 200,338,228.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: БТ ХХК-ийн 0байшинг гэрээлж аваад, гардаж гүйцэтгэсэн хүн нь. Материалын зарцуулалттай холбоотой нэхэмжлэгч Ч.Птай тулж ажиллаж байсан. Хугацаа хоцорсон дээр манайх 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хийсэн санагдаж байна. Захиалагч тал дэд бүтцээр хангаж өгөх ёстой байсан. Дэд бүтцэд юу орох вэ гэхээр цахилгаан хангамж, усан хангамж, зам дээр яригдсан. Замыг бид газар дээр нь очиж үзээд, зассан зам байна. Цаашаа бараа материалаа машинаар зөөнө. Тог, усаа хэзээ тавих гэхэд дараагийн 7 хоногт гэж хэлсэн. Дараа долоо хоногт гэсэн боловч 9 сард гүйцэтгээгүй. 10 сард гүйцэтгээгүй. 10 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр дараалсан нойтон цас ороод, Ч.Пыг өөрийг нь болон инженер, техникийн ажилчидтай нь бүгдийг нь дуудаж ирээд бид ажлаа зогсооё, байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо. Та газар дээр нь ирж үзээч гэж 2, 3 хоног хэлж байж өөрөө ирж үзээд, аргагүйн эрхэнд тийм юм байна. Зогсоож. Намар та нарын ажлыг эхэлнэ гэдгийг би яаж мэдэх юм. Та нар авсан мөнгөндөө манай банк бус санхүүгийн байгууллага дээр гэрээ хий. Нэг бол бид гэрээг чинь өөрчилнө. Ямар ч байсан ажлаа зогсоочих. Би хуулийн зөвлөхтэйгөө уулзаж байгаад гэрээгээ өөрчлөөд, хавар эхлэхээр чинь бид шийдье гээд цаг хойшилсон байдаг. Тэр болтол бид гарах ёсгүй зардал болох бензиний зардал, ус зөөврийн зардал, тог үүсгүүр түрээсэлсэн зардал зэрэг олон зардлууд гараад хугацаа нь хойшилсон. Тэр болгоныг бид тухайн үед хариуцагч байсан н.Төгсөө, мөн Ч.П зардалд удаа дараа мэдэгдэж байсан. Цаг хугацаа хойшилсны хувьд 2020 онд гэрээ хийсэн. Гэрээ хийсэн эхний ажил ингээд хойшилсон. Дараагийнх нь жилээс цар тахал гараад, бид 11 сарын сүүлээс эхлээд дараа жилийнх нь 5 дугаар сарын сүүл хүртэл Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу хөл хорионд байсан. Хөл хорио дууссаны дараа бид ажилдаа орсон. Цар тахал гэдгийг бид ойлгохдоо зөвхөн хөл хориод болчих байх гэж бодсон. Хөл хорио тавигдсаны дараа хөл хорионоос үүдсэн Хятадын хил хаагдсаны улмаас барааны хомсдолд орж, барааны үнэ өмнөхөөсөө 4-5 дахин нэмэгдсэн. Би 3 дугаар санхүүжилтээ авахдаа Ч.П захиралтай өөрийн биеэр уулзсан. Ч.П захирлаа та барилгын хүн байна. Гадуур юмны үнэ тэнгэрт хадаад авах уу, яах уу. Би таныг 3 дугаар санхүүжилтээ авахаас өмнө хэлж байгаа шүү. Авсан хойноо мөнгө чинь хүрэхгүй шүү гэж хэлээгүй. Авахаас өмнө мөнгө чинь хүрэхгүй байна яах вэ гэж удаа дараа хэлэхэд явуулах нь тодорхой. Бололцоогоороо бүгдээрээ явуулъя гэж хэлдэг байсан. Нийт 18 байшин баригдаж байснаас нөгөө 2 компанийн захирлуудтай ярьж байгаад чи уулзсан уу, би уулзсан уу, Ч.П захирал юу гэж байна гэхээр нь за явуулж бай. Бололцоогоо хөл хорио тавигдсан юм чинь ажлаа явуулж бай. Үнийн өсөлтийн хувьд бид ч гэсэн мэдэж байна. Бүгдээрээ ярилцаж байгаад ажлаа бололцоогоороо явуулж бай гэсэн үүрэг аваад ажлаа явуулж байсан. 3 дугаар санхүүжилтийг хийх ажлынхаа 60 хувийг хийсэн байна гэж олгодог мөнгө. Инженер, техникийн ажилчид нь хянаж байж хийдэг. 60 хувь нь болсон байна. Дараагийнхаа санхүүжилтийг өгөөрэй гэж инженерүүд нь томилогдоод, хэлээд өгдөг ийм учиртай санхүүжилт. Би 2021 онд цар тахал тавигдангуут 2 гэрээ хийгээд, 2 байшин барьсан. Нэг нь м.кв-ыг нь 1,250,000 төгрөгөөр, нөгөөхийг нь м.кв-ыг нь 1,400,000 төгрөгөөр бариад хүрээгүй. Ч.П захирлаа би 1,250,000-1,400,000 төгрөгөөр аваад хүрэхгүй байна. Би таныг барилгын компанийн хүн биш бол зуун айлаар дагуулж явмаар байна. Барилгын материалын үнэ 5,000, 10,000 төгрөгөөр биш 4-5 дахин нэмэгдлээ шүү гэж дахиж хэлж байж би мөнгөө авсан. Энэ давагдашгүй хүчин зүйл. 5,000, 10,000 төгрөгөөр нэмэгдсэн бол бид ажлаа дуусгах гээд гүрийж байгаад түншүүдтэйгээ уулзаж байгаад, энийг хуучнаар ингээд өгчих гээд авч болно. 4-5 дахин нэмэгдсэн болохоор авбал ав. Авахгүй бол боль гэсэн янзтай сууж байсан. Хил нээгдээгүй учраас одоо ч гэсэн тийм байгаа. Үнийн өсөлтөөс болоод хүнд байдалд орсон байхад надаас 260,000,000 гаруй төгрөг нэхэмжлээд байна. Би үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хамгийн анх гэрээ хийхдээ үзүүлсэн зургийг би хэрэгт хавсаргаж өгсөн. Төсөв гэж байхгүй. Сүүлд гаргаж өгсөн том зургийг яагаад гаргаж өгснийг ойлгохгүй байна. Өмнөх өгсөн зургаас дараагийн өгсөн зураг хүртэл хийхэд 260 сая байтугай зардал гарна. Тодорхой, тодорхой бус юмнууд их байна. Надад туслан гүйцэтгэгч 2 бригадын өөрсдөөр нь гараар нь бичүүлээд, бензиний үнэ нэмэгдсэн болохоор м.кв тутамд нь 70,000 төгрөг өгвөл энийг чинь дуусгана гээд хоёуланг нь хавсаргасан. Миний гаргасан үнэ таны байшин м.кв тутамдаа тэдэн төгрөг болоод, нийт 137,000,000 төгрөг дуусгаж өгье та энийг надад өгчих гэхэд би чамд 10 хувь л өгнө гэсэн. Цаашаа чадахгүй, чи өөрөө наадхаа хий гэсэн. Тэгээд би аргагүй байдалд байна. Эсвэл би ажлаа зогсооё. Та надад энийг өгвөл би ажлыг чинь цааш нь үргэлжлүүлье гэсэн албан бичгийг өрөөнд нь өгөхөд Ч.П захирал надад МБ би чамд зөвлөгөө өгье. Шүүхэд хандаад би шинэчилсэн үнээр нэхэмжилнэ. Тэгэхээр чи бүр хүнд байдалд орно. Чи байгаа мөнгөө шавхаад өгвөл чамд ашигтай гэж надад зөвлөгөө өгч байсан. Би энийг юу гэж ойлгосон бэ гэхээр би шинэчилсэн үнээр 137,000,000 төгрөгөөр багтааж хийнэ гэж байгаа. Дүнг нь сайн санахгүй байна. Нийт 0байшин чинь ийм мөнгөтэй байхад би дуусгана гэж байхад та яагаад шинэчилсэн үнээр нэхнэ гээд миний мөнгийг өгөхгүй байж давуулж нэхээд байгаа би ойлгохгүй байна. Гэрээний гол маргаан энд байна гэж би үзэж байна. Би жишээ болгож 2 байшин ярьсан. Тэр хоёр хүн барилгын тухай ойлголт байхгүй болохоор би 100 айлаар дагуулж яваад би таны гэрээний дагуу ийм, ийм дүнтэй авсан. Тэгэхэд энэ материал ийм дүнтэй байсан. Оспрей хавтанг 19,500 төгрөгөөр авч байсан. Одоо танайд 60 оспрей хавтан орох гэсэн чинь 19,500 төгрөгийн энэ оспрей чинь 62,500 төгрөг болчхоод байна. Нэг м.кв рейк 1 дүгээр сорт нь 21,000 төгрөг байсан бол одоо 57,000 төгрөг болоод байна гэж мэдэхгүй хүмүүсийг дагуулж явж үзүүлээд зөрүүг нь авч байсан. Ч.П захиралд би таныг дагуулж явах нь хаашаа юм. Барилгын хүн юм байна. Үнэ нь нэмэгдсэн байна яах вэ гэхэд за яах вэ. Хэдүүлээ тухайн үед нь зохицуулаад явна. Ямар ч байсан юмаа хийж бай гэдэг тайлбар тавиад зөндөө явсан. Цаг хугацааны хувьд хоцрох нь хоцорсон. Цар тахал болон цаг уурын давагдашгүй байдлаас болсон. Би 2 компанийн захирлыг энд байлцуулж байгаад яримаар л байна. Ч.П захирлыг өөрийг нь байлцуулмаар байна. Үнэхээр хэцүү байдалд ороод, өрөнд орчхоод байна. Жишээ болгож байгаа 2 байрнаас би нийт 18,000,000 төгрөгийн өртэй. Дарж дуусаагүй байна. М.кв-ыг нь 1,400,000 төгрөгөөр авсан барилга дээр өртэй гараад байгаа. Тэгэхээр 1,000,000 төгрөгөөр авсан барилга явах ямар ч үндэслэл байхгүй. Ийм учиртай, ийм маргаан. Юмны үнэ өссөн гэжээ.

 

4.Нэхэмжлэгч шүүхэд Ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, ажил гүйцэтгэх гэрээ цуцлах нэмэлт хавсралт, ажил гүйцэтгэх гэрээний ажил үүргийн биелэлт болон үлдэгдэл ажлыг дүгнэх акт, Ч.Пын амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж дуусах төсөв, Хаан банкны шилжүүлгийн баримт, Нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт, Ч.П, О.М нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Ч.П, Э.Э нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Монкор ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зарцуулалтын баримт, зарлагын баримт, борлуулалтын падан, Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт, нэхэмжлэх баримт, 18 айлын зуслангийн хотхоны зураг төсөл нотлох баримтаар гаргасан байна.

 

5.Хариуцагч шүүхэд ЭТ ХХК-ийн гэрчилгээ, МБ Хаан банкин дахь дансны хуулга, Санхүүжилтийн зарцуулалтын тайлан, бараа материал худалдан авсан баримт, барилгын зураг, ЭТ ХХК-ийн Захиалгат ажлын гэрээг түр зогсоох тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Анх 421,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. 9 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь санхүүжилт буюу 126,500,000 төгрөг авсан. Гаднах ажлыг хүйтрэхээс өмнө дуусгах байсан. Гэрээн дээр 20-оос дээш хүн ажиллана гэж байгаа. Дунджаар 15 орчим хүн ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Ажлыг 10 дугаар сарын 27-ны өдөр дуусах ёстой байсан ч дараа жил нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр акт үйлдэхэд дуусаагүй байсан. Ажлаа хийгээгүй тул гэрээг цуцалж акт үйлдсэн. Акт үйлдээд дутуу ажлууд байна гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Тэрийг хийж гүйцэтгэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч акт үйлдсэн. Хийгдээгүй ажлыг бид төсөв хийлгэж нэхэмжлэл гаргасан. 191,000,000 төгрөгийн зардал бодитоор гарсан. Дуусгах зардлын төсөв, бодитоор гарч байгаа зардал хоёр өөр. Төсөв шууд дуусах хэмжээний зардлыг гаргасан. Өнөөдрийн байдлаар бодитоор гарсан зардал 191,000,000 төгрөг. Гэрээнд гэрээний зөрчлийн улмаас гэрээг цуцалсан тохиолдолд захиалагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар торгууль авахаар заасан учир бид торгуулийг нэхэмжилсэн. Хариуцагчийн буруугаас болж нэмэлт зардал гарсан. Гэрээг цуцлах үндэслэлд мөн хариуцагчийн буруугаас шалтгаалсан. Энэ байдлаас болоод өөрөө нэмэлт зардал гарсан. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бол 421,000,000 төгрөгтөө багтаад ажил дууч хохирол гарахгүй байсан. 0ширхэг амины хаусын барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах ажлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар хийж гүйцэтгэх болсон. 0ширхэг амины хаусын ажлыг гүйцэтгэж дуусгах төсвийг талуудын баталгаажуулсан актад үндэслэн, мэргэшсэн төсөвчнөөр гаргуулахад 241,216,571 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсөв гарсан. Энэхүү төлбөрийг нэхэмжлэгч гүйцэтгэгч талаас нэхэмжилж байгаа. Мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.2.3-т энэ гэрээний 8.1-т заасны дагуу гэрээг цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Иймээс хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүн болох 241,216,571 төгрөгийн 10 хувь буюу 24,121,657.10 төгрөг нийт 265,338,228.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч ...Ажил гүйцэтгэх хугацаа хоцроход нэхэмжлэгч талаас цахилгаан, усаар хангах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Намар цас бороо орж, ажил хийх боломжгүй болсон учир нэхэмжлэгч Ч.Птай тохиролцсоны дагуу ажлаа зогсоосон. Дараа жил нь цар тахал гарч барааны үнэ өссөн. Гэрээ байгуулахад төсөв гэж байгаагүй тул барааны үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэлт зардал 137,000,000 төгрөг төлсөн тохиолдолд ажлыг дуусгахаар хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 26,000,000 төгрөгийн санхүүжилт авсан. Дахиж санхүүжилт хийгээгүй тул үлдсэн ажлыг хийх боломжгүй болсон. Ажлаа 70-80 хувьтай хийсэн. Үнийн өсөлтөөс үлдсэн 20 хувийн ажлаа хийж чадахгүй. Ажил дуусгахад шаардлагатай мөнгийг олгооч гээд үнээ бичээд, гаргаад өгсөн үнийг зөвшөөрөхгүй гэрээгээ цуцалсан. Дараа нь мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Нэхэмжлэгч Ч.П, хариуцагч ЭТ ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ХТ-20/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч ЭТ ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат байрлах 0айлын амины нийт 421.8 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Ч.П нь ажлын хөлс 1м.кв талбай 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 421,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 6-15/

 

5.Талууд хүсэл зоригийнхоо дагуу гэрээг байгуулсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

6.Гэрээний тусгай нөхцөлийн 2-т ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд дуусгахаар, гадна хийгдэх бүх ажлыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

7.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д заасны дагуу гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 220дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

8.Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгч талаас цахилгаан, усаар хангаагүйгээс хугацаа алдсан, үүнтэй холбоотойгоор намар цас, бороо орж ажиллах боломжгүй болсон гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчээс шалтгаалан ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

9.Харин хариуцагч тохиролцсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, хугацаа хойшлуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу гэрээний хугацааг хойшлуулж, ажлыг 2021 онд үргэлжлүүлэн хийсэн болох нь 2021 оны 00дугаар сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөг, 08 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 08 дугаар сарын 04-ний өдөр 6,540,000 төгрөгийн санхүүжилт хийж, төлбөр төлсөн баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

10.Мөн хариуцагч талаас нэхэмжлэгчид 2021 онд цар тахлаас шалтгаалж бараа материалын үнэ өсөж, гэрээгээр тохиролцсон төсвөөр ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон учир бараа материалын үнийн зөрүү 1 м.кв талбайд 347,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт авч ажлыг дуусгах боломжтойг мэдэгджээ.

 

11.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1.-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно., 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй., 345.3-т Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй, 345.4-т Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

 

12.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Гэрээний тусгай нөхцөлийн 1-т амины орон сууцыг захиалагчтай тохиролцсон загвар дизайны /хавсралт 2/ дагуу, гадна фасад, цахилгаан, сантехник зэрэг бүхий л ажлын хамт түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр, 12-т ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хуваан олгохоор, гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1-т захиалагчийн зөвшөөрсөн материалаар ажлыг хийж гүйцэтгэх, 3.6-д ажлын гүйцэтгэл саатах, тасалдах, эсвэл нэмэлт зардал гарч болохоор бол захиалагчид мэдэгдэх талаар тус тус тусгасан байна.

 

13.Дээрхээс дүгнэвэл гэрээгээр түлхүүр гардуулах нөхцөл заасан боловч захиалагчийн заасан буюу зөвшөөрсөн материалыг авч ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн захиалагчтай тохиролцсоны дагуу гэрээний хугацааг хойшлуулж, бараа материалын үнийн өсөлттэй холбоотой төсвийн хэмжээ нэмэгдэхийг мэдэгдсэн байна.

 

14.Гэвч нэхэмжлэгч нэмэлт санхүүжилт олгохоос татгалзаж, талууд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцлахаар шийдвэрлэж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажлын дутуу хийгдсэн ажлын талаар барилга тус бүрээр акт үйлдсэн байна. /1хх-ийн 21, 22-40/

Талууд харилцан тохиолцсоны дагуу гэрээг цуцалж гэрээний харилцааг дуусгавар болгосон байх тул барилгын ажлыг хийж гүйцэтгэх ажлын зардал буюу хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй.

 

15.Мөн гэрээний 8.2.3-т Гэрээг цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж тусгасан байна.

 

16.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан. Гэрээ цуцлах шийдвэр талууд харилцан зөвшөөрч шийдвэрлэсэн. Гэрээ цуцлах үндэслэлд хариуцагч буруугүй байх тул гэрээгээр тохирсон торгууль төлөх үндэслэлгүй.

 

17.Иймд хариуцагч ЭТ ХХК-д холбогдох 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

18.Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,484,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч ЭТ ХХК-иас 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныд дагуу нэхэмжлэгч Ч.Паас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,484,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.