Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2022/01119

 

 

 

 

 

 

2022 06 13 210/МА2022/01119

 

 

Ч.П ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2022/00910 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.П ын хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан 265,338,228 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ят, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Э ХХК -тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэртэй газар, 6 ширхэг амины орон сууцыг тохиролцон, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 421,800,000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бариулахаар харилцан тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээ байгуулахад гэрээний нийт дүнгийн 30 хувь буюу 126,530,000 төгрөг, үүний дараа торх босож, бетон цутгасны дараа 30 хувийг, засал чимэглэл, сантехник, цахилгааны ажил эхлэхэд 30 хувийг, барилгын ажил дууссаны дараа 5 хувь буюу 21,090,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр буюу 5 хувийг, гүйцэтгэлийн баталгаа хэлбэрээр гэрээт ажил дуусаж актаар хүлээлцсэнээс хойш 6 сар хүртэл хугацаагаар төлөхөөр тус тус тохиролцсон. Гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр хариуцагчид 379,620,000 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээний хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардсан боловч цаашид гүйцэтгэж чадахгүй, гүйцэтгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцлах акт үйлдэж, 6 ширхэг амины хаусын ажлыг гүйцэтгэж дуусгах төсвийг талуудын баталгаажуулсан актад үндэслэн, мэргэшсэн төсөвчнөөр гаргуулахад 241,216,571 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсөв гарсан учраас энэхүү төлбөрийг нэхэмжлэгч гүйцэтгэгч талаас нэхэмжилсэн. Мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.2.3-т зааснаар хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүн болох 241,216,571 төгрөгийн 10 хувь буюу 24,121,657.10 төгрөгийг гүйцэтгэгч талаас нэхэмжлэх эрхтэй. Иймд хариуцагч Э ХХК -аас нийт 265,338,228.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э ХХК -ийн 6 байшинг барьж гүйцэтгэсэн. Материалын зарцуулалттай холбоотой Ч.П тай тулж ажилласан. Захиалагч тал дэд бүтэц буюу цахилгаан хангамж ханган өгөх ёстой байсан боловч гүйцэтгээгүйгээс 10 дугаар сард цас орж, Ч.П ыг газар дээр нь ирж үзүүлээд ажлыг зогсоож хойшлуулсан. Гэвч цар тахлын улмаас хөл хорионд байсан. Хөл хорио дууссаны дараа бид ажилдаа орсон. Гэтэл Хятадын хил хаагдсаны улмаас барааны хомсдолд орж, барааны үнэ өмнөхөөсөө 4-5 дахин нэмэгдсэн. 3 дугаар санхүүжилт авахдаа энэ талаар Ч.П д хэлэхэд бололцоогоороо ажлаа хийе, үнийн өсөлтийг мэдэж байгаа гэсэн. Иймд 3 дугаар санхүүжилтийг хийх ажлын 60 хувийг хийсэн. 2021 онд 2 гэрээ байгуулж, нэг нь м.кв-ыг нь 1,250,000 төгрөгөөр, нөгөө нь 1,400,000 төгрөгөөр бариад хүрээгүй. Барилгын материалын үнэ 5,000 төгрөг, 10,000 төгрөгөөр биш 4-5 дахин нэмэгдэж, хил нээгдээгүй, үнийн өсөлтөөс болж хүнд байдалд орсон байхад надаас 260,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анх гэрээ байгуулахад үзүүлсэн зургийг хэрэгт хавсаргаж өгсөн. Төсөв гэх байхгүй. Сүүлд гаргаж өгсөн том зургийг яагаад гаргаж өгснийг ойлгохгүй байна. Өмнөх өгсөн зургаас дараагийн өгсөн зураг хүртэл хийхэд 260,000,000 төгрөг байтугай зардал гарна. 137,000,000 төгрөг дуусгаж өгье гэхэд 10 хувь өгнө өөрөө хий гэсэн. Хэрэв хийхгүй бол шинэчилсэн үнээр нэхнэ гээд миний мөнгийг өгөхгүй байж давуулж нэхээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед үнэ нь нэмэгдсэн яах вэ гэхэд зохицуулаад ямар ч байсан хийж бай гэдэг. Цаг хугацааны хувьд хоцрох нь хоцорсон. Цар тахал болон цаг уурын давагдашгүй байдлаас болсон. Барилгын материалын үнэ өссөж, хүнд байдалд орж, өрөнд орчихоод байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Э ХХК -аас 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.П ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныд дагуу нэхэмжлэгч Ч.П аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,484,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэртээ гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг хойшлуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулахыг зөвшөөрөөгүй. Ажил гүйцэтгэх болон хөлс төлөх хугацаа гэрээнд харилцан адилгүй тусгагдсан ба хугацаа хэтэрсэнд нэхэмжлэгч тал буруугүй. Барилгын материалыг худалдан авч урьдчилан бэлтгээгүй байдал, хугацаа хоцроосонтой холбоотой үнийн өсөлт, бусад үр дагавар нь үүргийн зөрчил гаргасан тал болох хариуцагч талд хамааралтай. Хариуцагч нь гэрээт ажлаа дур мэдэн орхиж явсан, төсвийн хэмжээ нэмэгдэх талаар мэдэгдээгүй, хэрэгт авагдсан мэдэгдлийг хүлээлгэн өгөөгүй, нотолж чадаагүй байхад энэ талаар дүгнэсэн нь буруу бөгөөд хэт нэг талд ашигтайгаар тайлбарласан. Гэрээний төлбөрийг хүлээн авахдаа үнийн өсөлтийн талаар мэдэгдээгүй. Гэрээ цуцлах актыг талууд харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь ажлаа хугацаандаа хийгээгүй, гэрээний зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн. Гэрээ цуцлах үндэслэл нь гэрээний зөрчил бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг хойшлуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 2.13-т захиалагч төлбөрийг хэсэгчлэн буюу гүйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд хариуцагч буюу гүйцэтгэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн зөвшөөрсөн үндсэн дээр гэрээг удаа дараа сунгасан. Нэхэмжлэгч талаас харилцан тохиролцсон гэрээний хуваарийн дагуу төлбөрөө төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн барилгын материалыг урьдчилан бэлтгэх боломжтой гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь барилгын санхүүжилтийг хэсэгчлэн олгож байгаа нөхцөлд тохируулан барилгын материалаа бэлдэх боломжтой. Мөн ажлыг орхиж яваагүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээнд мөнгө хүлээж авсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдсэн болох нь тогтоогдсон байхад мэдэгдлийг хүлээж аваагүй, мэдээгүй гэсэн нь үндэслэлгүй. Дээрх шалтгааны улмаас гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас дээрх үүргийг биелүүлж, нэмэлт зардал гаргах буюу төсвөө нэмэгдүүлэх шаардлагатайг захиалагчид мэдэгдсэн. Захиалагч, нэмэлт зардал олгохоос татгалзсан, анхны төсвөөр ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож акт үйлдсэн. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Ч.П нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдээгүй үлдсэн ажлын зардал 241,216,571 төгрөг, торгууль 241,121,657 төгрөг, нийт 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Анх 421,800,000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 379,620,000 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч ажлаа хийгээгүй тул гэрээг цуцалж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр акт үйлдсэн, хариуцагч дутуу ажлууд байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн буруугаас нэмэлт зардал гарсан. 6 ширхэг амины орон сууцны ажлыг гүйцэтгэж дуусгах төсвийг талуудын баталгаажуулсан актад үндэслэн мэргэшсэн төсөвчнөөр гаргуулахад 241,216,571 төгрөг болсоныг гэрээний 8.2.3-т заасан торгууль 24,121,657.10 төгрөгийн хамт гаргуулна гэж, хариуцагч тайлбар, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч талаас цахилгаан, усаар хангах үүргээ биелүүлээгүйгээс гэрээний хугацаа хэтэрсэн, намар цас, бороо орж, ажил хийх боломжгүй болсон тул нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу ажлаа зогсоосон. Дараа жил нь цар тахал гарч барааны үнэ өссөн. Нэмэлт зардал 137,000,000 төгрөг төлсөн тохиолдолд ажлыг дуусгах хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Ажил 70-80 хувьтай хийсэн гэж тус тус тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч Э ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат нэртэй газарт нийт 421.8 м.кв талбайтай 6 айлын амины орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Ч.П нь ажлын хөлс 421,800,000 төгрөг төлөхөөр тус тус тохирсон, нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 379,620,000 төгрөгийг төлсөн, зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг цуцалж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр актаар ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн, нэхэмжлэгч талаас хийгдээгүй ажлын гүйцэтгэлийн төсвийг мэргэжлийн төсөвчин Р.Ижилсэхбаяраар гаргуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ. /1хх6-160/

6. Талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч Ч.П нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд цахилгаан, усан хангамжийг хариуцах үүрэг хүлээгээгүй байх ба нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн, үүнээс шалтгаалан барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэлт санхүүжилт шаардлагатай талаар албан бичгийг хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаараа нотлоогүй тул Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. /1хх234/

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Э ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсний 90 хувийг хүлээн авсан атлаа барилгын ажлыг зогсоосон явдалд нэхэмжлэгч талаас буруугүй байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Харин, нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд ажлын хөлс бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т. хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасны дагуу торгууль шаардах эрхгүй.

Иймд талуудын актаар баталгаажуулсан дутуу ажлын гүйцэтгэлд үндэслэн гаргасан гүйцэтгэлийн төсвийн шууд зардлаас захиалагчийн төлөөгүй байгаа ажлын хөлсний үлдэгдлийг хасч 128,444,821 /170,624,821-42,180,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2022/00910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э ХХК -аас 128,444,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.П д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,893,407 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Э ХХК -аас 800,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,484,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН