Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01296

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 11 өдөр

           Дугаар 102/ШШ2022/01296

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, шүүгч Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.... тоотод  оршин суух, регистр ..., Д... овогт О...-ын Х...,  

Хариуцагч:... тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух,  регистр  ...., Ж.... овогт Б....ын Л...,

Нэхэмжлэлийн шаардлага:5 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч  О.Х..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар зохигчдын зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  О.Х... нь Б.Л...д холбогдуулан хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Б.С... нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний ээж Б.Б...ыг өөрийн машинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны хурал болох өдөр оршуулга болон бусад зардлын 5 000 000 төгрөг дутуу байсан ба Б.С...гийн төрсөн эгч болох Б.Л... нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хохирлыг төлж барагдуулна гээд надтай хохирол барагдуулах хэлцэл хийж, нотариатаар батлуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч    тайлбартаа:

I

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг анхан шатны шүүх хурлаас өмнө баримтын хүрээнд бүрэн төлсөн байдаг, түүнчлэн нэмэлт зардлыг мөн давж заалдах шатны шүүх хурлаас өмнө мөн төлсөн байдаг буюу эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хуралдах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х... шүүх хуралдаанд ямар нэгэн санал гомдол гаргаагүй, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс ч анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлбөр төлөгдөөгүй байсан, уг хохирлыг шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд төлж барагдуулсан, мөн хохирогчийн ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн, тусгайлан гаргах санал байхгүй гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байдаг, өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хохирлыг бүрэн төлсөн нь анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар магадлалаар тус тус тогтоогддог, түүнчлэн хариуцагчийн хувьд эрүүгийн гэмт хэргийн шууд холбогдогч нь биш, холбогдогчийн өмнөөс ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, дээрх бичгийн баримтын өгсөн хэлцлийн хувьд төлбөрийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс:Б.Л... О.Х... нарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн “Хохирол барагдуулах хэлцэл, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас: Б.С...гийн Хаан банкин дахь дансны хуулгыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.Үүнд: Б.Л...тэй 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хохирол барагдуулах гэрээнд заасан 5 000 000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг анхан шатны шүүх хурлаас өмнө бүрэн төлсөн, Б.Л... нь эрүүгийн гэмт хэргийн холбогдогч биш, эрүүгийн хэргийн холбогдогчийн өмнөөс ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, дээрх хэлцлийн хувьд төлбөрийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй, хариуцагч төөрөгдөлд орж уг хэлцлийг хийсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Хохирол барагдуулах хэлцэл, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоол зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.С.... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 6 дугаар бичил хорооллын 19, 20 дугаар байрны тоглоомын талбайн замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б...ыг дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаар тогтоолоор нотлогдож байна.

Б.Л... нь О.Х...тэй 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хохирол барагдуулах тухай хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцэлд “Эрүүгийн хэргийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б....ын С...гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х...д төлөх оршуулгын зардал болон бусад хохирол болох 5 000 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Б.С...гийн төрсөн эгч болох Б.Л... төлөхөөр харилцан тохиролцон хэлцэл хийв, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй” гэжээ.

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан үндэслэлд нийцэж байх бөгөөд талууд энэхүү хэлцлийн хүчин төгөлдөр байдалд маргахгүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэг хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болдог байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан зохицуулалтын аль үндэслэлээр төөрөгдсөн тухайгаа тайлбарлаагүй бөгөөд төөрөгдсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 94 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 заасныг баримтлан Б.Л...ээс 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулан О.Х...д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Х...гээс 94 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Л...ээс 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН

                   ШҮҮГЧИД                                                 Г.АРИУНАА

                                                                                     Н.ХАНГАЛ