Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00920

 

 

 

 

 

 

 

 

 

О.Х -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01296 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Х гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Л-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.С  нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний ээж Б.Батдолгорыг машинаараа дайрч амь насыг нь хохироосон. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны хурал болох өдөр оршуулга болон бусад зардлын 5,000,000 төгрөг дутуу байсан ба Б.С нгийн төрсөн эгч болох Б.Л- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хохирлыг төлж барагдуулна гээд надтай хохирол барагдуулах хэлцэл хийж, нотариатаар батлуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг анхан шатны шүүх хурлаас өмнө баримтын хүрээнд бүрэн төлсөн. Түүнчлэн нэмэлт зардлыг мөн давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлсөн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х ямар нэгэн санал гомдол гаргаагүй, түүний өмгөөлөгч мөн анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлбөр төлөгдөөгүй байсан, уг хохирлыг шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд төлж барагдуулсан, мөн хохирогчийн ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн, тусгайлан гаргах санал байхгүй гэх тайлбарыг тус тус гаргасан байдаг. Түүнчлэн хариуцагчийн хувьд эрүүгийн гэмт хэргийн шууд холбогдогч нь биш, холбогдогчийн өмнөөс ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, дээрх бичгийн хэлцлийн хувьд төлбөрийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л-ээс 5,000,000 төгрөгийг гаргуулан О.Х д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Х гээс 94,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Л-ээс 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэргийн оролцогчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг өгнө гэж давж заалдах шатны шүүх хуралдаан болсон өдөр нотариатаар баталгаажуулсан бичиг байгаа. 2,490,000 төгрөг өгсөн нь оршуулгын зардалд гарсан мөнгө юм. 5,000,000 төгрөг нь оршуулгын зардал болон бусад зардал болох сэтгэл санааны хохирол болгож нэмж өгнө гэж тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. 2020 онд 5,000,000 төгрөг өгнө гэж нотариатаар баталгаажуулсан гэрээний дагуу өгөх ёстой байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь хариуцагч Б.Л-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хохирол барагдуулах тухай хэлцлийг нотлох баримтаар гарган өгчээ.

 

3.Хариуцагч Б.Л- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлсөн, эрүүгийн гэмт хэргийн холбогдогч биш, дээрх хэлцлийн хувьд ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, уг хэлцлийг төөрөгдөлд орж байгуулсан гэж маргасан байна.

 

4.Хэрэгт иргэн Б.С гийн гэм бурууг тогтоосон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаартай тогтоол авагджээ. /хх 3-8, 9-13, 14-17/

Нэхэмжлэгч О.Х нь дээрх эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

5.Шүүгдэгч Б.С д холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгчийн эгч Б.Л- нь О.Х тэй Хохирол барагдуулах тухай хэлцэл байгуулжээ. Хэлцлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х д Батбаярын Сумъяацэрэнгийн төлөх оршуулгын зардал болон бусад хохирол болох 5,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Б.С гийн төрсөн эгч болох Б.Л- төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх эрх олгосон нөхцөлийг харилцан тохиролцон, бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан байна. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагад нийцсэн байх тул талуудыг хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр учир талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.Талууд дээрх хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

7.Хариуцагч Б.Л- нь хэлцлээр тохирсон хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь түүний тайлбараар нотлогджээ. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлон, хариуцагч Б.Л-ээс 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Х д олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч М.Лхагвасүрэнгийн хүсэлт болон зохигчдын хүсэлтийг харгалзан түүнийг эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад харшлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД