Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/01188

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/01188

Улаанбаатар хот

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Б дүүрэг, 1 хороо, Н хороолол, 1 байр 1 тоотод оршин суух, Б ургийн овогтой Г Б /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б дүүрэг, 1 дугаар хороо, Ү гудамж, 1 дугаар байр, 1 тоотод байрлах, ДБХХК /РД:00000/-д холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ГБ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БЭ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга БД нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ГБ нь хариуцагч ДБХХК-д холбогдуулан 90,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч ГБ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ДБХХК-тай байгуулсан. Энэ гэрээний дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаанд оролцсон. Гэрээнд талууд тухайн үеийн ханшаар 50,000 ам.доллар ажлын хөлсийг тохиролцсон. Гэрээний үндсэн заалт дээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд гэрээний төлбөрийг төлнө, урьдчилгаанд 66,225,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг маргаан шийдвэрлэгдсэний дараа төлнө гэж заасан. Энэ хэрэгт надаас гадна 4 өмгөөлөгчтэй нэг баг ажилласан. Энэ маргаан шийдэгдэж 2020 оны 12 сарын 01-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2000 оны 1 сарын 1-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2000 оны 1 сарын 1-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдэгдсэн. Гэрээ хийснээс хойш төлөөлөгчөөр би оролцож, өмгөөлөгчөөр н.Д, н.А, н.Ц оролцсон. Энэ гэрээний хөлсөнд эдгээр өмгөөлөгчдийн цалин хөлс тооцогдсон. Манай өмгөөллийн фирм энэ хэрэг дээр нийтдээ 2 жил гаруйн хугацаанд төвлөрч ажилласан. Хэрэг маргааны хувьд Захиргааны байгууллагын буруутай үйлдэл байна гэдэг нь тогтоогдож ДБХХК-ийн эрх ашгийг хангасан шийдвэр гарч лицензийн төлбөр төлсөн төлбөрийг буцаан авах эрх нь нээгдэж мөн лицензийн зөвшөөрөл авах эрх нь нээгдсэн юм. Энэ ажлыг хийж гүйцэтгээд 2021 оны 11 сард бүх ажлаа дүгнээд шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт материалыг хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлгэж өгснөөр 10,000,000 төгрөгийг авсан. Үүлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ажлаа зохих ёсны дагуу хийж гүйцэтгэсэн тул үлдэх 90,000,000 төгрөгийг ДБХХК-иас гаргуулахаар шаардсан. Хариуцагчаас 26,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг сүүлд актаа хүлээлгэж өгөхдөө 10,000,000 төгрөгийг нийт 47,000,000 төгрөг авсан байна. Иймд үлдэх 85,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ДБХХК нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэн ГБтой манай компани 2019 оны 03 сарын 04-ний өдөр гэрээ хийж ажиллуулсан. Тухайн үед гэрээ хийхдээ гэрээнд захирал Л гарын үсэг зураагүй гэж үздэг. Дахин 2020 оны 12 дугаар сард 20,000 ам доллар буюу 57,700,000 төгрөгөөр тохиролцсон гэрээг хийсэн. Үүнээс одоогийн байдлаар 42,700,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг манай компаниас барагдуулах боломжтой гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс: Иргэний болон Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх үнэмлэх, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний Хятад, Монгол хувь, ДБХХК-иас ГБод олгосон итгэмжлэл, ДБХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/11111 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр тогтоол,

 

Хариуцагчаас: 2019 оны 03 сарын 04-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ГБ нь хариуцагч ДБХХК-д холбогдуулан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 90,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 85,450,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч ГБ нь хариуцагч ДБХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр ажлын хөлс 50,000 ам.доллар буюу 132,450,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруй 66,225,000 төгрөг, үлдэх 66,225,000 төгрөгийг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу захиргааны хэрэгт оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Хэрэг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, бид ажил гүйцэтгэсэн тайланг хүлээлгэж өгсөн. Ажлын хөлс 47,000,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл 85,450,000 төгрөгийг төлөхгүй байна. Харин 52,700,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г сүүлд хариуцагчийн санхүүд баримт бүрдүүлэх хэрэгтэй болсон гэж хэлсэн учир гарын үсэг зурж өгсөн. Уг гэрээнд захирал гарын үсэг зураагүй, энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ. гэж,

  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...2019 оны Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г эрхгүй этгээдтэй байгуулсан. Учир нь энэ гэрээнд захирал Л биш дүү З гарын үсэг зурсан гэж үздэг. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 20,000 ам.доллар буюу 52,700,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г 2020 оны 12 дугаар сард байгуулсан бөгөөд ажлын хөлс 52,700,000 төгрөгөөс 42,700,000 төгрөгийг төлсөн, дутуу 10,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарлажээ.

 

4.Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ГБ, ДБХХК-ийн хороонд байгуулагдсан 50,000 ам.доллар буюу 132,450,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шаардлага гаргасан бол хариуцагч мөн өдөр талуудын хоронд байгуулагдсан 20,000 ам.доллар буюу 52,700,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г үндэслэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

5.Шүүхэд зохигчид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20,000 ам.доллар буюу 52,700,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г 2020 оны 12 дугаар сард хийсэн, гэрээнд ДБХХК-ийн захирал Л гарын үсэг зураагүй талаар маргаангүй байна.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 132,450,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-нд ДБХХК-ийн захирал гарын үсэг зураагүй гэж тайлбарласан боловч татгалзлаа нотолж баримт гаргаагүй, хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

7.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заасан.

 

8.Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд 2020 оны 12 дугаар сард 20,000 ам.доллар буюу 52,700,000 төгрөгийн дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 50,000 ам.доллар буюу 132,450,000 төгрөг дүн бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарах, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

9.Зохигч ДБХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт ГБ нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэн, хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн, ажлын гүйцэтгэлийг хариуцагч хүлээн авсан, хариуцагчаас нэхэмжлэгчид 47,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн талаар маргаагүй.

 

10.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 4.1, 4.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг буюу үлдэгдэл төлбөр 85,450,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

11.Иймд хариуцагч ДБХХК-иас гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 85,450,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБод олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 585,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДБХХК-иас 85,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГБод олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГБоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДБХХК-иас 585,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР