Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01061

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01061

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/01188 дугаар шийдвэртэй,

Б-ын нэхэмжлэлтэй

Д ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 85,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Элбэгзаяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Д ХХК-тай байгуулсан. Энэ гэрээний дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаанд оролцсон. Гэрээнд талууд тухайн үеийн ханшаар 50,000 ам.доллар ажлын хөлсийг тохиролцсон. Гэрээний үндсэн заалт дээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд гэрээний төлбөрийг төлнө, урьдчилгаанд 66,225,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг маргаан шийдвэрлэгдсэний дараа төлнө гэж заасан.

Энэ ажлыг хийж гүйцэтгээд 2021 оны 11 сард бүх ажлаа дүгнээд шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт материалыг хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлгэж өгснөөр 10,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөр 85,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани Б-той 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийж ажиллуулсан. Тухайн үед гэрээ хийхдээ гэрээнд захирал Л /L/ гарын үсэг зураагүй гэж үздэг. Дахин 2020 оны 12 дугаар сард 20,000 ам доллар буюу 57,700,000 төгрөгөөр тохиролцсон гэрээг хийсэн. Үүнээс одоогийн байдлаар 42,700,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг манай компаниас барагдуулах боломжтой.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 85,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-од олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 585,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 50,000 ам.долларын үнийн дүн бүхий гэрээнд манай компанийг төлөөлөх эрхтэй этгээд бус өөр этгээд буюу Л /L/ гарын үсэг зурсан. Тус үнийн дүн бүхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар сарын 56.1.8-д заасан шаардлагыг хангахгүй байх хүчин төгөлдөр бус байхаар байна. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус бол талуудын хооронд аливаа үүргийн харилцаа үүсэхгүй.

4.2. Харин нэхэмжлэгч Б- нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийг төлөөлөн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаанд нэхэмжлэгчээр оролцохоор болсны дагуу ажлын хөлсөд 20,000 ам.доллар буюу 52,700,000 төгрөг өгөхөөр болж бид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу бидний зүгээс 42,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөг төлөх дутуу байгаа. Энэхүү гэрээг байгуулснаа нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхээс тус гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, талууд тус гэрээг байгуулсан эсэхэд маргаагүй байтал зохигчдын хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг үгүйсгэж шүүхээс байгуулагдаагүй гэж дүгнэсэн.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Уг хэрэгт 2019 оноос хойш ажилласан. Би гэрээ хийсэн боловч манай хуулийн фирмийн 5 өмгөөлөгч оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж, шүүхийн шийдвэр эцэслэн гарсан. Энэ 2 жилийн хугацаанд ажлын тайлангаа сар бүр өгдөг байсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар бүх хийсэн ажлаа хүлээлгэж өгсөн. Гэрээг тус компанийн ерөнхий захирал нь орчуулагтайгаа ирж хийсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн монгол хэл дээр бичигдсэн гэрээ байдаг. Үндсэн гэрээг хэргээс харсан. Энэ нь хятад хэл дээр бичигдсэн, монгол орчуулгатай гэрээ байдаг. Гэрээ нь хүчин төгөлдөр, ерөнхий захирал нь гарын үсэг зурсан. Орчуулгыг өөрсдөө хийсэн байдаг. Ажлын гүйцэтгэлийг дуусгасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 85,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Д ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Хятад Улсын иргэн Л /L/ болох нь тус компанийг улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна. /хх 14-16/

 

Б- болон Д ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг монгол хэл болон хятад хэл дээр байгуулсан гэх хуулбар баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 5-9/

Энэ 2 гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг алийг нь ч хангаагүй байна.

 

Түүнчлэн талууд аль хувийг эх хувь гэж тодорхойлсон баримтгүй байна. Хэрэв хятад хэл дээрх гэрээг эх хувь гэж тодорхойлсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэх шаардлагыг хангаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх бичмэл нотлох баримт болон гадаад хэл дээр үйлдсэн баримтад тавигдах шаардлагыг хангаагүй баримтыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь алдаатай болжээ.

 

Хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэнэ.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/01188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА