Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01161

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

           Дугаар 102/ШШ2022/01161

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ...., Боржигон овогт У...гийн Г...,

Хариуцагч:.... тоотод оршин суух, регистр ..., Тайж овогт С...ийн С...,

Хариуцагч:....тоотод оршин суух, регистр ...., Тайж овогт С...ийн П...,

Нэхэмжлэлийн шаардлага:4 500 000 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч У.Г...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О..., хариуцагч С.....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч С.П... нь хэргийг өөрийнхөө эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Г... нь С.С..., С.П... нарт холбогдуулан зээлийн 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2019 оны 7 дугаар сарын дундуур Тэрэлжид амралтанд амарч байхдаа танилцсан С...д  2019 оны 7 дугаар сарын 26-ны 4 500 000 төгрөг зээлдүүлсэн, мөнгийг буцааж 20 хоногийн дараа өгье, нэмээд хурдан удмын азарганы төл өгье гэж хэлсэн.Ингээд би  эхнэр Б.О....ийнхаа Хаан банкны ... тоот данснаас түүний төрсөн дүү С...-ийн П...ийн Хаан банкны .... тоот дансанд 4 500 000 төгрөгийг шилжүүлсэн, тохирсон ёсоор 20 гаруй хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр утасдаж мөнгө болон Улс халзаны төлийг нэхсэн боловч өгөхгүй байна.Иймд С.С...огоос зээлийн үндсэн төлбөр 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.С... нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний нөхөр У.Г... руу утсаар холбогдож яаралтай мөнгө хэрэгтэй байна.Та мөнгө зээлээч удаахгүй 20 хоногийн дараа буцааж төлнө.Ингэхдээ улс халзан адууны төл өгнө гэж хэлсэн.Тэгээд би мөнгө шилжүүлэхээр болж С.С...ын явуулсан дансыг хийж үзэхэд С.П... гэх данс гарч ирсэн.С.С...ос хэний данс вэ гэж асуухад миний төрсөн дүү С.П...ийн данс, бид 2 зээлж байгаа юм гэж хэлсэн.Тэгээд би 4 500 000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн, 20 хоногийн дараа залгахад утсаа аваагүй, дараа нь 9 дүгээр сарын сүүлээр залгахад авто осолд орчихлоо гэж хэлсэн тул нэг хэсэг мөнгөө нэхээгүй.Үүний дараа жил сураггүй алга болохоор нь залгахад С.С... би хорт хавдар тусаж гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байна гэж хэлсэн.Нутгийн хүнээс нь дуулахад худал хэлж байгаа мэт санагдсан тул шүүхэд хандсан, одоо С.С..., С.П... нараас 4 500 000 төгрөгийг нэхэмжилж байна, адууны төл гэхгүй үндсэн зээлсэн мөнгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч С.С..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.С.С... У.Г... нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдөр зээлийн гэрээ үүсээгүй, 4 500 000 төгрөгийг зээлье гэж ярилцаагүй.У.Г... 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдөр улс халзан азарганы төл болох даагыг 4 500 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах харилцаа үүссэн, У.Г... дансаа явуулчих гэсэн тул С.С... нь дүү С.П...ийн дансыг явуулж, У.Г...оос гэх гүйлгээний утгаар 4 500 000 төгрөг С.П...ийн дансанд орсон.С.П... хэрэгт хамааралгүй, 2019 оны 11 дүгээр сарын үед улс халзан азарганы төл нь чононд бариулж үхсэн. Тохиролцсон ёсоор гэрээний үүргийг нөгөө талд шилжүүлэх боломжгүй болсон тул төлсөн төлбөрөө буцааж авъя гэж ярьсан.Нэгэнт өгөх ёстой байсан адууг өгөх боломжгүй болсон учраас 4 500 000 төгрөгийг төлнө гэж С.С... хэлсэн. Нэхэмжлэгч нь С.Солонгыг сайн таньдаггүй байж мөнгө зээлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа зээлийн харилцаа үүсээгүй.Хэрэв зээлийн харилцаа үүссэн бол гэрээг бичгээр байгуулж, хүү алданги тооцох байсан.Иймд зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 4 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч С.П... хариу тайлбартаа:Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт ирсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сард Гэрэлт гэх амралтын газар очоогүй, нэхэмжлэгч У.Г...ыг танихгүй, зээлдүүлсэн мөнгөний талаар мэдэхгүй.Би сургуулиа төгсөөд нутаг буцахдаа өөрийн эзэмшлийн .... дансны виза картаа эгч болох С.С...д үлдээсэн.Г... гэдэг хүнээс мөнгө зээлээгүй тул хариуцлага хүлээхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, Б.О...гийн Хаан банкин дах дансны хуулга, У.Г..., Б.О... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ... дугаартай С.С...ыг эрэн сурвалжлуулсан шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  У.Г...ын нэхэмжлэлээс хариуцагч С.С...ос 4 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, хариуцагч С.П...ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

С.С..., С.П... нарт  2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлсэн 4 500 000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч С.С... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:У.Г...той худалдах худалдан авах хэлцэл хийсэн, мөнгө зээлээгүй, зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч С.П... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Би У.Г...ыг танихгүй, мөнгө зээлээгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.О...гийн Хаан банкан дахь дансны хуулга, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн .... дугаартай С.С...ыг эрэн сурвалжлуулсан шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн .... дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

У.Г..., С.С... нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлдүүлэгч У.Г... нь зээлийн 4 500 000 төгрөгийг эхнэр Б.О...гийнхаа Хаан банкан дахь данснаас шилжүүлсэн, зээлдэгч С.С... нь уг зээлийн мөнгийг дүү С.П...ийнхоо  Хаан банкан дахь дансаар шилжүүлж авсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Зээлдэгч С.С... нь зээлийн мөнгийг эргүүлж төлөөгүй болох нь талуудын тайлбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн .... дугаартай С.С...ыг эрэн сурвалжлуулсан шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн .... дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нотлогдож байна.

Харин У.Г... С.П... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч У.Г... нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 3, 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөгийг С.С...ос шаардсан байна.

Иймд хариуцагч С.П...ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн У.Г... С.С... нарын хооронд улс халзан азарганы төлийг 4 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэх хариуцагч С.С..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С...ос 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч С.С...ос 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Г...од олгож, хариуцагч С.П...ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С...ос 86 950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Г...од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН