Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00969

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00969

 

 

 

.......-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 31-ны өдрийн 102/ШШ2022/01161 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .......-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ....., ......... нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

..... нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр .......-той утсаар холбогдож ...яаралтай мөнгө хэрэгтэй байна. Мөнгө зээлээч 20 хоногийн дараа буцааж төлнө. Зээлсэн мөнгөн дээр улс халзан гэх хурдан удмын адууны төл өгнө гэж хэлсэн тул 4,500,000 төгрөг зээлдүүлсэн. Ингээд ХААН банк ХХК дахь эхнэр Б.Оюунтуяагийн 5070294503 тоот данснаас түүний төрсөн С.Солонгын дүү .........ийн 5068241523 тоот дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 20 хоногийн дараа 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр утасдаж мөнгө болон Улс халзан азарганы төлийг нэхсэн боловч өгөөгүй. Иймд .....ос 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч С.Солонгийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. ..... .......- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. .......- 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улс халзан азарганы төл болох даагыг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах харилцаа үүссэн. .......- нь С.Солонгыг дансаа явуулчих гэсэн тул ..... нь дүү .........ийн дансыг явуулж 4,500,000 төгрөг .........ийн дансанд орсон. ......... хэрэгт хамааралгүй. 2019 оны 11 дүгээр сарын үед улс халзан азарганы төл нь чонод бариулж үхсэн. Тохиролцсон ёсоор гэрээний үүргийг нөгөө талд шилжүүлэх боломжгүй болсон тул төлсөн төлбөрөө буцааж авъя гэж ярьсан. Нэгэнт өгөх ёстой байсан адууг өгөх боломжгүй болсон учраас 4,500,000 төгрөгийг төлнө. Иймд зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч .........ийн тайлбар, татгалзлын агуулга:

.......-ыг танихгүй, зээлдүүлсэн мөнгөний талаар мэдэхгүй. Сургуулиа төгсөөд нутаг буцахдаа өөрийн эзэмшлийн 5068241523 дансны виза картыг эгч .....д үлдээсэн гэжээ.

 

4.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заасныг баримтлан хариуцагч .....ос 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......-од олгож, хариуцагч .........ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....ос 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .......-од олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх .....ос 4,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлгүй дүгнэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ..... болон .......- нар нь урьд өмнө нь бие биенээ танихгүй Тэрэлжид байрлах амралтад танилцсан талаараа тайлбарласан. Хэргийн бодит үйл баримт нь нэхэмжлэгч нь хариуцагчаас улс халзан гээд хурдан удмын азарганы төл даагыг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулж 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тус хурдан удмын даагыг 2019 оны 11 дүгээр сард чоно идсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан бөгөөд махны чиглэлийн хоёр бүдүүн адуу өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Мөн худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж 4,500,000 төгрөгийг шилжүүлсний дараа даагаа хүлээн ав гэж хэлж байсан боловч аваагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна гэж зээлсэн. Буцаагаад мөнгийг чинь өгөхдөө хурдан удмын адууны төл нэмж өгье гэж хэлсэн. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч .......- нь хариуцагч ....., ......... нарт холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ......... эс зөвшөөрч ... түүнээс мөнгөн хөрөнгө аваагүй ХААН банк ХХК дахь өөрийн эзэмшлийн картыг эгч .....д өгсөн байсан... гэж, ..... ..........-той улс халзан гэх хурдан удмын азарганы төл даагыг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, .........ийн дансаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тус тус маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, .....д 4,500,000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлсэн мөнгөө өгөхдөө улс халзан азарганы төлнө өгнө гэж байсан гэсэн үндэслэл заасан.

 

1.б. Талуудын хэн алины тайлбарт 4,500,000 төгрөгийг өгч, авсан, улс халзан гэх хурдан удмын азарганы төл даага өгч авахаар тохиролцсон гэж тусгагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотлох баримт болдог. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч .......- нь улс халзан гэх хурдан удмын азарганы төл дааганы үнэ 4,500,000 төгрөгийг хариуцагч .....д шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч .......- нь хариуцагч .....ос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт улс халзан гэх хурдан удмын азарганы төл даагыг шилжүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй.

 

1.в. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улс халзан азарганы төл даага чонод идүүлсэн, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэх боломжгүй болсон талаар тайлбарласан байна. Иймд нэхэмжлэгч .......- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг хариуцагч .....ос буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

1.г. Хариуцагч ..... нь .........ийн эзэмшлийн картаар дамжуулан нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан гэж тайлбарласан ба энэ талаар зохигч маргаагүй байх тул анхан шатны шүүх .......- болон ......... нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч .....ос 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......-од олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хууль буруу хэрэглэсэн гэх гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, харин ...4,500,000 төгрөгийг шилжүүлсний дараа даагаа хүлээн ав гэсэн боловч аваагүй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01161 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 86,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ