Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01320

 
     

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч:  С дүүрэг, . дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-1 байр, 13 давхарт байрлах, И ББСБ ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б дүүрэг, .. дүгээр хороо, ... дугаар хороолол, .....гудамж, .. байр, ... тоот хаягт  оршин суух, Б ургийн овогтой З.Ч /РД:......../,

  Хариуцагч: Х дүүрэг, .... дүгээр хороо, ...., .... байр, ... тоотод оршин суух, С ургийн овогтой Г Ц /РД:........./ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,553,678 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Д.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч З.Ч, Г.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,553,678 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа: Иргэн З.Ч, Г.Ц нар нь И ББСБ ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/170200, 90101 тоот зээлийн гэрээг ....., 90101 тоот зээлийн барьцааны гэрээ, ..... тоот батлан даалтын гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг эргэн төлөхөөр сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Б дүүрэг, ... дугаар хороо, ....-2, ....... гудамж ....-ийн ....-р байрны .... тоот хаягтай байршилтай Улсын бүртгэлийн ........ дугаартай 49.23 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хийх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Гэрээний зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж, төлбөрийн зөрчлийг арилгаагүй. Зээлийн гэрээнд гаргасан зөрчил гаргасан тул зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тасалбар болгон цуцалж, зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээлд 28,082,154 төгрөг, зээлийн хүүд 10,136,821 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 334,703 төгрөг нийт 38,553,678 төгрөгийг зээлдэгч З.Ч, Г.Ц нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч З.Ч, Г.Ц нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан, төлбөр төлөлтөө гэрээнд үүрэг хүлээсний дагуу төлбөр төлөлт хийгдээд явж байсан. Үүнд санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй. Дэлхий даяар давамгайлсан цар тахлын улмаас Улсын их хурал, Засгийн газраас хөл хорих удаа дараагийн шийдвэр гаргасан. Үүний дагуу бид төлбөр төлөх, орлого олох боломж хаагдсан. Гэхдээ бид зүгээр байгаагүй. Хариуцагч талаас тухай үед нь зээл авсан компанийнхаа салбарын захиралтай утсаар болоод очиж уулзаж, тайлбаруудаа удаа дараа амаар болон бичгээр гаргаж өгч байсан. Бид нар хүнээс мөнгө авсан учраас төлбөрөө төлөх үүрэгтэй. Манай зүгээс шударгаар төлбөр төлөхийг дэмжиж байгаа. Удаа дараагийн хөл хорионоос хойш харьцангуй буурсны дараа төлбөрөө төлөх байдлаар харилцан, ярилцаж, харилцаа холбоотой байсан. Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад манай зүгээс яах ёстой вэ гэж эргэлзэж гайхсан асуудлууд гарч ирсэн. Бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй. Тиймээс тухайн үед шүүгчийн захирамж гарч шүүхийг хүндэтгэн үзсэнгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаад дахин хуулийн зөвлөх шинээр томилогдсон. Ийнхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Би хэдий төлөлтийн хугацаа алдсан ч гэсэн зээл төлөхгүй гэж хэлээгүй. Нэхэмжилж байгаа үнийн дүнг бууруулж өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс ажилдаа хариуцлагагүй хандсан, хоног хугацаа явж хүүг өнөөдрийг хүртэл тооцсон. Үүнд бас шударгаар хандана уу гэжээ.

 

3.Шүүхэд нотлох баримтыг

Нэхэмжлэгч талаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ..... тоот зээлийн гэрээ, ........... тоот барьцааны гэрээ, ......... тоот батлан даалтын гэрээ, зээлийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З.Ч, Г.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, барьцааны орон сууцыг шалгах үнэлгээний хуудас, И ББСБ ХК-ийн улсын бүртгэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гаргаж өгсөн,

Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ....... дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, шүүхэд гаргасан нэхэмжлэл нолох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...З.Ч, Г.Ц нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хийх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Гэрээний зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж, төлбөрийн зөрчлийг арилгаагүй. Зээлийн гэрээнд гаргасан зөрчил гаргасан тул зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тасалбар болгон цуцалж, үндсэн зээлд 28,082,154 төгрөг, зээлийн хүүд 10,136,821 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 334,703 төгрөг нийт 38,553,678 төгрөгийг зээлдэгч З.Ч, Г.Ц нараас гаргуулна. Шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ...Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас төлөөлөгч оролцоогүй учир шүүгчийн захирамж гарч нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс ажилдаа хариуцлагагүй хандсан, хоног хугацаа явж, хүүг өнөөдрийг хүртэл нэмж тооцсон. Зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж байгааг зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

 

3.Нэхэмжлэгч И ББСБ ХК, хариуцагч З.Ч нар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ..... тоот Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,50 хувийн хүү тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн сарын 0,70 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ. /хх-ийн 8-9, 12/

 

4.Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.Нэхэмжлэгч И ББСБ ХК, хариуцагч З.Ч нар харилцан тохиролцож, хүсэл зоригийнхоо дагуу зээлийн гэрээ байгуулсан, уг хэлцэл хууль зөрчсөн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв. Харин уг зээлийн гэрээг хариуцагч Г.Ц байгуулаагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг гэрээний талаас шаардах эрхтэй, зээлийн гэрээний үүрэг шүүхэд шаардсан байх тул хариуцагч Г.Ц нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй юм.

 

6.Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээл, зээлийг хүүг хугацаандаа төлөөгүй болохыг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.1.11, 10.2-т заасан нөхцөлийн дагуу гэрээг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, зээлийн хүү 10,136,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 334,703 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 28,082,154 төгрөг нийт 38,553,678 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Зээлдэгчийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.

 

9.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, шүүхэд И ББСБ ХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэл, талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч И ББСБ ХК, хариуцагч З.Чтэй байгуулсан зээлийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

 

10.Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэг талын санаачилгаар гэрээг хугацааны өмнө цуцалж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдаж дуусгавар болсноос хойш үүрэг үүсээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүүг нэмж тооцон дахин гэрээг цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

 

11.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 6,614,626 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,085 төгрөг, үндсэн зээл 28,082,154 төгрөг нийт 34,724,866 төгрөгийг хариуцагч З.Ч хариуцан төлөх үүрэгтэй байна.

 

12.Иймд хариуцагч З.Чээс 34,724,866 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Ц болон 3,828,812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

13.Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Г.Цтой байгуулсан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй.

 

14.Нэхэмжлэгч И ББСБ ХК, хариуцагч Г.Ц нар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр .... тоот барьцааны гэрээг байгуулж, Улсын бүртгэлийн ..... дугаартай, Х дүүрэг, ... дугаар хороо, ....а-2 /17121/ Өлзийтийн зам гудамж ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, 49.23 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

15.Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

16.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.

 

17.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад нийцэж байх тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Г.Цгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ..... дугаартай, Х дүүрэг, ... дугаар хороо, ....-2 /17121/ ......н зам гудамж .... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, 49.23 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцнаас үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

18.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,919 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Чээс 331,574 төгрөгийг, хариуцагч Г.Цгоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч З.Чээс 34,724,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Ц болон 3,828,812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Г.Цгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ...... дугаартай, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ....-2 // .... гудамж .... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, 49.23 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцнаас үүргийг гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч И ББСБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Чээс 331,574 төгрөг, хариуцагч Г.Цгоос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР