Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01245

 

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01245

 

И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01320 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн хариуцагч З.Ч, Г.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 38,553,678 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн З.Ч, Г.Ц нар нь И ББСБ ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/170200, 90101 тоот зээлийн гэрээг C/170200, 90101 тоот зээлийн барьцааны гэрээ, G170290/101 тоот батлан даалтын гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг эргэн төлөхөөр сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Y2206059251 дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хийх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд гаргасан зөрчил гаргасан тул зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тасалбар болгон цуцалж, зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээлд 28,082,154 төгрөг, зээлийн хүүд 10,136,821 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 334,703 төгрөг нийт 38,553,678 төгрөгийг зээлдэгч З.Ч, Г.Ц нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан, төлбөр төлөлтөө гэрээнд үүрэг хүлээсний дагуу төлбөр төлөлт хийгдээд явж байсан. Үүнд санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй. Дэлхий даяар давамгайлсан цар тахлын улмаас Улсын их хурал, Засгийн газраас хөл хорих удаа дараагийн шийдвэр гаргасан. Үүний дагуу бид төлбөр төлөх, орлого олох боломж хаагдсан. Хариуцагч талаас тухай үед нь зээл авсан компанийнхаа салбарын захиралтай утсаар болоод очиж уулзаж, тайлбаруудаа удаа дараа амаар болон бичгээр гаргаж өгч байсан. Манай зүгээс шударгаар төлбөр төлөхийг дэмжиж байгаа. Удаа дараагийн хөл хорионоос хойш харьцангуй буурсны дараа төлбөрөө төлөх байдлаар харилцан, ярилцаж, харилцаа холбоотой байсан. Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад манай зүгээс яах ёстой вэ гэж эргэлзэж гайхсан асуудлууд гарч ирсэн. Бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй. Тиймээс тухайн үед шүүгчийн захирамж гарч шүүхийг хүндэтгэн үзсэнгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаад дахин хуулийн зөвлөх шинээр томилогдсон. Ийнхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Би хэдий төлөлтийн хугацаа алдсан ч гэсэн зээл төлөхгүй гэж хэлээгүй. Нэхэмжилж байгаа үнийн дүнг бууруулж өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс ажилдаа хариуцлагагүй хандсан, хоног хугацаа явж хүүг өнөөдрийг хүртэл тооцсон. Үүнд бас шударгаар хандана уу гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч З.Чээс 34,724,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Ц болон 3,828,812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Г.Цгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2206059251 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 /17121/ Өлзийтийн зам гудамж 1017 дугаар байр, 44 тоот хаягт байршилтай, 49.23 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцнаас үүргийг гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч И ББСБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Чээс 331,574 төгрөг, хариуцагч Г.Цгоос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх шийдвэр гаргахдаа зарим нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэр үед хүүгийн асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Энэ үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд яригдаж гэрээ цуцлагдсан гэж би ойлгож ирсэн. Гэтэл шүүх хуралдаан болж шүүхийн шийдвэр гарах үеийн төлбөр тооцоог хийж шийдвэрлэх нь учир дутагдалтай юм. Нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээл дуусгавар болж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлд тодорхой болох ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Ер нь дэлхий нийтээр цар тахалын үед өөрөөр хандаж байсан бөгөөд зээлийн төлөлтийг хойшлуулах хөнгөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнийг харгалзан үзэж шийдвэр гаргасан. Зээлийн хүүг хойшлуулсан үед зээлийн бүх хүүүг бодож гаргасанд гомдолтой байна. Мөн зээлийн хүүг тооцохдоо нэг сарын хүү болох 1,850,000 төгрөгийг илүү боджээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх мөнгийг хасаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх З.Чээс 34,724,866 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч З.Ч, Г.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,553,678 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зээлийн хүүгийн хэмжээг эс зөвшөөрч маргажээ

 

3. И ББСБ ХК болон З.Ч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр В17020090101 тоот зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0,7 хувиар зээлдүүлсэн, И ББСБ ХК болон Г.Ц нарын хооронд С17020090101 тоот барьцааны гэрээ, G17020090101 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 1-2, 7-12/

 

Дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 4.8-д заасан зээл, хүүг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн. анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 108/ШЗ2021/12918 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. /хх 42-44/

Зээлийн гэрээ цуцлагдсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 28,082,154.31 төгрөг, хүү 6,614,626.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,085.30 төгрөг, нийт 34,724,866.17 төгрөг байгаа нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүх хариуцагч З.Чээс 34,724,866 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул зээлийн хүүг тооцохдоо нэг сарын хүү болох 1,850,000 төгрөгийг илүү бодсон тул 1,850,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийн 9 дүгээр талд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбарыг үндэслэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байна. Улмаар хариуцагч зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Цгийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар зохигчид гомдол гаргаагүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.