Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1391

 

 

                                                       

А.Б, Д.Б,

Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Н.Намжилцогт,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Н.Жамъяндорж,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Одгал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1535 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Д, Ш.Б нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Н.Намжилцогт нарын хамтран гаргасан, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Н.Жамъяндорж нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Одгалын гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар А.Б, Д.Б, Г.Б нарт холбогдох 1906024331841 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. З овгийн Аийн Б, 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 2, эхийн хамт;

            2. Г овгийн Гын Б, 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн төгсөх дамжаанд суралцдаг, ам бүл 7, эх, эмэг эх, дүү нарын хамт;

            3. С овгийн Дийн Б, 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн төгсөх дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт;

            Шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхоны 102 дугаар байрны 40 тоот иргэн Ш.Бын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй байх эрхэд халдан дураараа авирласан,

            шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нар нь 2019 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн хүний өөрөөр хэлбэл, хохирогч Ш.Б, Б.Д нарын Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,

            шүүгдэгч Д.Б нь ганцаараа 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ш.Быг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Б, Д.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З овогт Аийн Б, Г овогт Гын Б, С овогт Дийн Б нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Г.Бод 1 жил хорих ял, шүүгдэгч Д.Бд 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хохирогч Б.Д, Ш.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Ш.Б, Б.Д нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч нарын зүгээс анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1535 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин улсын яллагч нь яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байтал шүүх шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь, тэдгээрийн дээрх зүйлд заасан гэмт хэргийг улсын яллагчаас зөв зүйлчлэн ирүүлсэн байхад шүүх хэт хөнгөрүүлж шийдэж, ял завшуулж байна. Хэрэг учрал 2019 онд болсноос хойш бид хуулийн дагуу үнэн зөв мэдүүлэг өгч, хэргийн үнэн зөвийг олуулахыг л хүссэнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авах зорилгоор шунахайрч дайраагүй. Гэмт хэрэгтнүүдийн гэм буруугийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн асуудлыг л нэхэмжилсэн юм. Бид бусдын хүүхдүүдийг гэм буруугүй байхад нь худал хэлж гүтгэсэн зүйлгүй. Тэд шүүх хурал хүртэл огт уучлалт гуйгаагүй. Харин ч шүүх хуралдааны үеэр биднийг мэдүүлэг өгөхөд инээлдэж, тохуурхан зүй бус үйлдлүүд гаргаж байсныг харахад тэд гэм буруудаа огт гэмшээгүй, ойлгоогүй байсан нь харагдсан. Шүүхээс гэм буруутай гэж тооцсон. Тухайн үед бид орондоо орсон, гэртээ тайван амарч байсан ба Б миний эхнэр Б, Дгийн найз охин Х нар хэргийн үнэн бодит байдлыг мэдүүлсээр ирсэн. Нэгдүгээрт, эдгээр хүүхдүүд олуулаа согтуу байсан. Хоёрдугаарт, шөнийн цагаар хүний орон байранд нэвтрэн орж амгалан тайван байдал алдагдуулсан. Хөгшин хүмүүсийг хүндэтгэх, айх эмээх битгий хэл барьж авч зодож байгаа энэ балмад үйлдлийг л бид үнэн зөвөөр нь шийдүүлье гэж бодсон. Иймд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1535 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан яллах дүгнэлтэд яллаж ирүүлснээр шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох эрүүгийн хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө болсон болно. Хэргийн гол санаа зорилго нь тухайн үед үерхдэг байсан Х гэх бүсгүйтэй уулзаж, цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл харилцаагаа дуусгах талаар ярилцах зорилготой явж очсон. Тэгэхэд Д, Б нар надад хүч хэрэглэн гэр рүүгээ оруулан хазаж, хөшиглөж, нүд рүү хуруугаа чичих зэргээр зодож эхэлсэн ба “нүдийг нь ухаад авчихъя” гээд орилоод байсан. Тухайн үед би бөөрний архаг дутагдалтай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэх гэж байсан. Миний хувьд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, танхайрах зорилго огт агуулаагүй. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Надад учруулсан гэмтлийг мөрдөгч илтэд нөгөө талд шийдвэрлэж, үүнийг шүүх шалгалгүй орхигдуулсанд маш их гомдолтой байна. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн үйл явдал болоод цагдаагийн байгууллагад очсон үеэс эхлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, уучлалт гуйж байсан. Гэвч шүүх энэ байдлыг минь харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хохирогч нар ял багадсан гэж гомдол гаргасанд хувь хүн талаасаа их гомдож байна. Би 2020 оны 10 дугаар сард тусдаа гарч гэр бүл болоод хүүхэдтэй болсон. Энэ жил найз охинтойгоо хуримаа хийх гэж байсан. Мөн Монгол Улсын Их сургуулийн Мэдээллийн технологийн төгсөх курсийн оюутан бөгөөд ар гэрийн байдал хүнд, эхнэр маань ажил хийдэггүй, сургуульдаа явж чадахгүй, хүүхдээ асарч байгаа. Эмээ минь өндөр настай, бие нь муу байгаа. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн шөнийн цагаар айлд очсон нь үнэн, найз Быг найз охинтойгоо уулзана гэж бодсон. Найз залуу болон хадмынх нь байгаа гэж мэдээгүй. Тэрээр уурлан найзыг минь зодоход найзыгаа хамгаалан буруу үйлдэлд татагдан орсондоо маш их харамсаж байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн билээ. Миний бие Монгол Улсын Их сургуулийн төгсөх дамжааны оюутан бөгөөд ийм зохисгүй үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна. Иймд миний анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, төгсөх дамжааны оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, сурч боловсрох эрхийг хангах үүднээс надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Би нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй гэж өөрийн биеэр андгайлж байна. ...” гэв.

            Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Н.Намжилцогт нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нийтийн хэв журмыг хэрхэн бүлэглэн зөрчиж, хэнд хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нарын оролцсон оролцоо, тэдгээрийн нотлогдсон талаарх дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйн дээр шүүх хэргийн талаар хэт ерөнхий хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй ба Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1697 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1227 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Хэргийг прокурорт буцааснаас хойш нэмэлт ажиллагаа нь В.Чанарбат гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан ба уг хүн нь хэргийн талаар мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Мөн О.Батхуяг, Л.Аззаяа, П.Бат-Очир, хөрш айл болох 42 тоотын хүнтэй утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг байна. Энэхүү 6 хуудас бүхий баримт гэх зүйл дээр үндэслэн прокурор нь А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэг дээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Ш.Бын гэрт очоод Ш.Б, хүү Б.Д нарт зодуулсан байх ба нүд рүү нь хуруугаараа хатгасан, нуруунаас нь хазсан, цохисон, өшиглөсөн зэргээс үүдэн дух, баруун гар, бүсэлхийн хэсэг, баруун хөмсөг, зовхи, бүсэлхий, баруун нүдний алиманд гэмтэл авч хохирсон байна. Хохирогч Б.Д нь “би биеэ хамгаалсан” гэж мэдүүлдэг ба А.Б нь хохирогч руу дайрч давшилсан зүйл байхгүй ба хохирогч нь ямар нэгэн гэмтэл аваагүй байгаа нь үүнийг нотолж байгаа болно. Шүүхээс энэхүү хохирогч Б.Дгийн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж прокуророос шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтоогоогүй ба шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрт зайлшгүй дүгнэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бий болгосон үйлдэл хоорондын шалтгаант холбоо, түүний хүрээг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлан үнэлгээ, дүгнэлт өгөх нь хэргийн бодит үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг дээд шатны шүүхүүдээс үнэлэх гол шалгуур болдог. Дээрх үндэслэлүүд нь шүүхийн шийдвэр, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох илтэд харагдах нөхцөл байдал атал баталсан эсхүл няцаасан аль ч дүгнэлт прокурор, анхан шатны шүүхийн шатанд хийгдээгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д тус тус заасныг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1535 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гомдлыг дэмжиж байна. Шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэвэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна. А.Б Хар тамхитай тэмцэх хэлтэст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан хэрэгт буруутгагдаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэргээ нэгтгэн шалгуулж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх нь ашигтай буюу эрх зүйн байдлыг тань дээрдүүлнэ гэж үзэж байна. Мөн энэ талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хуралдаанд ярьсан боловч шүүх хүлээж авалгүй шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, бүлэглэж олон нийтийн аюулгүй байдал алдагдуулсан үйлдэл харагддаггүй. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Н.Жамъяндорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэргийн тухайд, эрүүгийн хариуцлагын зорилгод дурдагдсан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл бүрэн хангагдсан байна. Харин гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн ажиллагаа шийдвэр дутагдсан байна гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа гэм буруугийн хурал дээр илэрхийлсэн байдаг. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хангалттай нотлогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэсэн заалтыг үндэслэн манай үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ... Давж заалдах гомдолтой холбогдуулан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар дамжаанд суралцдаг гэх тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, мөн миний үйлчлүүлэгч нийгмийн идэвх сайтай, сургуулиа төлөөлж эрдэм шинжилгээний ажил болон спорт, урлагийн наадамд орж байсан өргөмжлөл, медаль зэрэг 11 хуудас баримтыг гаргаж өгч байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн “Тус шүүх хуралдаанд хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна, нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Т.Одгал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Г.Бын хувийн байдлыг буруу тодруулсан. Г овогт Гын Б нь эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туулын 89-48 тоотод амьдардаг. Эхнэр нь Г.Боос илүү цалин авдаг тул хүүхдээ харж байсан. Одоо Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан болно. Хэрэгт хохирогч Б.Д, Б нар өргөдөл болон мэдүүлэгтээ шөнийн 2 цагт хаалга өшиглөөд эвдэн орж ирээд бараг зодсон мэт мэдүүлэг өгчээ. Гэтэл тухайн өдөр Б очиж уулзсан. Быг ирж байгааг Д мэдэж байсан тул аархаж зодоон хийх гэж өөрөө тайлж өгч зодолдсон нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд анзаарагддаг. Харин Б нь Хгийн гэрт очиж байна гэж бодсноос бус Ш.Бын гэр гэж мэдээгүй очсон байна. Хэрэв ааг омоггүй хүн байсан бол хэн ч оройн цагаар хаалга тогшиход нээхгүй байх байсан. Гэтэл Б, Б, Б нар харих гээд 22-23 цагийн үед явж байхдаа Б замдаа найз охин Хтай уулзах гэж гэрт нь буусан байдаг. Гэтэл Б.Д, Б нар худал мэдүүлэг өгч байгаа нь гэрч Х, Б нарын мэдүүлгээс Б огт ороогүй нь гэрчлэгддэг. Гэтэл Д 5 залуу нийлээд зодсон гэж худал мэдүүлэг өгч байна. Эндээс цагдаад хэдэн цагт дуудлага өгсөн лавлагааг гаргуулах хүсэлтэй байх тул энэ нь хохирогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй атал гэр бүлээрээ үгсэн худал мэдүүлэг өгсөн тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Иймээс хэрэгт цагдаад дуудлага өгсөн лавлагаа байхгүй. Лавлагааг авснаар хохирогч нар хэрэв 2 цаг гэж хэлээд байгаа нь худал бол хохирогч Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх ёстой тул чухал ач холбогдолтой. Мөн хохирогч Б хуурамч мэдүүлэг өгч байгаа нь гэрч, хохирогчийн мэдүүлэг өгөхдөө хувийн байдлын хэсэгт “хэн хэний хамт амьдардаг вэ” гэхэд” эхнэр, хүү, бэрийн хамт” гэжээ. Х нь ирэн очин л байдаг, хүүгийнх нь найз охин гэдгээ мэдүүлэгтээ өгсөн атал гэр бүлээрээ амьдарч байхад нь хэн ч танихгүй хүн дайрч орж ирээд зодсон мэт хүч нэмж худал мэдүүлэг өгсөн байна. Мөн хохирогч нарын хохирлын тооцоо нэхэж байгаа нь тухайн үйл явдлыг далимдуулж хэт их мөнгийг үндэслэлгүй нэхэж байгаа нь хувийн сэдэлтэй, шуналтай анхнаасаа өөрсдөө тухайн зодооныг зохион байгуулсан байх магадлалтай. Хэрэв Х Дгийн эхнэр юм бол яагаад оройжин Бтой мессеж бичүүлээд утсаар яриулаад байдаг юм бэ. Энэ талаар гэрч Тэмүүлэн, Б, Б нар бүгд “оройжин найз охинтойгоо утсаар яриад маргалдаад мессеж бичээд байдаг” гэж мэдүүлдэг. Бын /хх 70/ мэдүүлэгт хажуу айлын залуу гарч ирээд яагаад ийм хэл амтай айлтай маргалдаад байдаг юм гэх мэдүүлэг өгсөн байхад хажуу айлын залууг гэрчээр асуугаагүй. Зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс нэг нэгнээ өмөөрсөн мэдүүлэг өгсөн. Эмэгтэй худлаа ярьж чадахааргүй, гэрч ээж Б болохоор “хараа муу, мэдэхгүй хараагүй” гэж мэдүүлсэн. Тэгвэл хэрэгт ээж нь +7 зүүдэг гэсэн эмчийн бичиг хаана байна. Мөн хэрэгт хаалганы мөнгө 1.800.000 төгрөг нэхсэн байна. Тухайн хаалганы бариулыг харахад хэдэн төгрөгийн үнэ ханш бүхий хаалга вэ гэдэг нь мэдэгддэг. Өмгөөлөгчийн хөлс гэж 15.000.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хуульч нар хууль бус зүйл хийхээ болих хэрэгтэй. Б “мөн хажуу айлын залуу цагдаа иртэл байсан” /хх 74/ гэж мэдүүлсэн байхад гэрчээс мэдүүлэг аваагүй байна. “Виннэр” хөрөнгийн үнэлгээ 355.200 төгрөг /хх 133/ гэжээ. “Виннэрвэй” ХХК хөрөнгө үнэлгээний компани нь 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэрчилгээ авсан гэсэн байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн сангийн сайдын тушаалаар 3 жилээр олгосон байна. Сунгасан тусгай зөвшөөрөл байхгүй байна. Гэрч Хгийн мэдүүлэг /хх 146/-т “хаалганы гадаа байсан том толгойтой найз нь хаалга онгойлго гээд өшиглөөд байсан” гэх мэдүүлгээс харахад гэрт ороогүй байдаг. Шүүх хурал дээр Х мэдүүлэхдээ “А.Бтой хэдхэн удаа, найзуудтайгаа л хамт явахад Бтой хамт таарч байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Бын эмэгтэй дүүг А.Б, Х нар лагерьт хүргэж өгч байсан. Монгол Улсын Их сургуулийн өөдөөс харсан “Арвай” ресторанд Бтой очиж хоол идэж байсан болохыг тогооч нар нь харсан байдаг. Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Гэтэл “бүлэглэж үйлдэх” гэдэг нь “гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг ойлгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдлээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана.” гэсэн байдаг. Гэтэл дээрх үйлдэл л гэмт хэргийн шинжгүй бөгөөд дөнгөж их сургуулийн хэдэн найзууд найзыгаа найз охинтой нь уулзуулах гэж Бын найз охины гэрт очиж байна гэж бодсон болохоос биш Ш.Бын гэрт очих гэж нэгдсэн нэг санаа зорилготой гэмт хэрэг үйлдэхээр очоогүй. Дээрх үйлдэл нь харин Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар танхайрах зөрчилд орох бөгөөд анх удаа, санаатай үйлдээгүй болон хувийн байдлыг нь харгалзан үзэж 100.000 төгрөгөөр торгох нь зөв гэж үзэж байна. Бид үйлчлүүлэгч нартайгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа болсон явдлын талаар зөвхөн үнэнийг хэлэхийг хүсч хууль зүйн зөвлөгөөг хуулийн хүрээнд өгдөг. Би өөрийн үйлчлүүлэгч Г.Бын хэлсэн ярьсан бүх зүйлд итгэдэг. Шүүх хохирогч нарын мэдүүлгийг үнэн зөвд тооцож, холбогдогч нарыг худал мэдүүлэх эрхтэй гэдэг байр сууринаас хэлсэн ярьсныг нь шүүх үнэлдэггүй. Шүүх холбогдогч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй улмаас хорих ялыг биечлэн эдлүүлэхээр заасан, өмгөөлөгч нар гэм бурууг нь хүлээн зөвшөөрөх тал дээр хууль зүйн зөвлөгөө өгөөгүй гэж үндэслэх хэсгээ тайлбарласан. Гэтэл яагаад хүүхдүүд болсон явдлын талаар үнэн зөв тайлбарлаад хууль зүйн туслалцаа аваад байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд тэнцэх ял ав гэж үйлчлүүлэгч нартаа хууль зүйн зөвлөгөө өг гэж тайлбарлаад байгаа нь шүүхийн хөндлөнгийн байх байр сууриа алдсан гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншихдаа 1 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид гэж уншсан хэрнээ шийтгэх тогтоолоо ёсчлон гаргахдаа нээлттэй гэж засч гаргасан нь процессын алдаа болсон. Иймд Г.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хүний орон байрны халдашгүй эрхэд халдаж, түүнд нэвтэрсэн үйлдлээс эхэлж аргагүй хамгаалалтыг хэрэглэж эхлэх үндэслэл үүссэн гэж үзсэн учраас прокуророос хохирогчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг хэрэгт Б.Дг яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоолд дурдсан байгаа. Мөн А.Бд холбогдох хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна гэсэн. Энэ нь Нийслэлийн цагдаагийн газар болон прокурорын газарт шалгагдаж байгаа хар тамхины хэрэг бөгөөд энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг юм. Эдгээр гэмт хэрэг нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй учир дээрх хоёр гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ял оногдуулж, нэмж нэгтгэх боломжтой, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах шаардлагагүй. Учир нь, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Т.Одгал гэрч нар шүүгдэгч Г.Быг гэрт ороогүй талаар мэдүүлдэг тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн байна. Гэвч Г.Быг хохирогч болон гэрч Х нар шүүх хуралдааны явцад гэрт орсон гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нарыг бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны 102 дугаар байрны 40 тоот иргэн Ш.Бын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй байх эрхэд халдан дураараа авирласан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч А.Б, Г.Б, Д.Б нарыг 2019 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн хүний өөрөөр хэлбэл, хохирогч Ш.Б, Б.Д нарын Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Д.Б нь ганцаараа 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ш.Быг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.Б, Д.Б, Г.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1535 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Г.Б, Д.Б, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэрэгт, Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагч /хх 76, 81, 86/-аар татаж, тэднээс мэдүүлэг авчээ.

Хохирогч Б.Дгийн "...Шөнө гэртээ гэр бүлийн хамтаар унтах гэж байхад шөнийн 02 цагт хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би очиж онгойлгох үед орой 20 цагт ирсэн залуу 4 залуутай хамт ирсэн байсан. Тухайн залуу орж ирээд миний зүүн хөлийг цээж, гартай давхар тэврээд гэрт түлхэж орж ирж намайг зодож, үүдэнд байсан хувцасны шкаф, хана нуруугаар мөргүүлж байхад цаанаас нэг цгаан кеттэй, бараан өмд, богино савхитай залуу гараараа миний толгойн баруун духны хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Нөгөө 3 залуу нь мөн миний биеийн бүх хэсэг рүү гараараа цохисон. ...Энэ үед аав, ээж, Х нар босч ирээд салгах үед надаас салахгүй бужигналдсан. ...Улаан хар куртиктэй залуу нь миний өрөөнд орж ирээд “чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү” гээд орилж чарлаад байсан. ..." /1хх 11-12/,

хохирогч Ш.Бын "...Шөнө 02 цагийн орчимд гэрийн хаалга маш хүчтэй цохиод байхаар нь хүү босож онгойлгох үед хүмүүс орж ирэн хүүг минь зодож байсан. Эхнэр бид хоёр очиж 2 хүүг түлхэж гаргаад хаалгаа хаагаад хүү Дг дарж хэвтсэн байсан залууг салгах гэхэд гэрт байсан 2 залуу нь хүүг тал талаас нь цохиод байсан. Би тухайн 3 залууг салгахад хүч хүрэхгүй байсан. ...Саравчтай малгайтай, улаан хар куртиктэй залуу “миний арыг мэдэх үү, та нарыг ална” гээд хүү бид хоёр руу дайраад гүйгээд савсагнаад байсан. ..." /1хх 15-17/,

гэрч Л.Бын "...Тухайн үед хүүхэд манай гэрт зөвшөөрөлгүй өрөөнүүдээр орж, гараад орилоод байсан болохоор би харааныхаа шил зүүгээгүй байсан болохоор сайн харж чадаагүй. ...Бүгд зөвшөөрөлгүй гэрт дайрч орж ирсэн. ..." /1хх 37/,

гэрч Ц.Хгийн "...Шөнө 01 цагийн орчим гэрийн хаалга маш хүчтэй цохихоор нь Д бид хоёр хаалга онгойлгохоор явсан. Тэгэхэд гэрийн хаалган дээр Б болон үл таних 2 залуу маш их согтолттой байсан. Тэгээд Б нь Дгийн хоёр хөлнөөс тэврээд зуураад гэр рүү орж хананд шахаж байгаад домофон утас байгаа хэсэг рүү 175 см орчим өндөртөй, бор царайтай “би хуулийн сургуулийн оюутан байна, манай аавыг мэдэх үү, чи хэний хүүхдээр оролдож байгаагаа мэдэх үү” гэх мэтээр орилоод байсан залуу нар зодож байсан. Энэ үед хаалган дээр байсан махлаг цагаан царайтай том толгойтой залуу бүргэд хаалга өшиглөөд байсан. Ингэж байхад араас нь мөн хоёр залуу гэр рүү орж ирээд бүгд нийлээд Д руу дайраад байсан ...Орилоод байсан залуу аавыг нь түлхэж татаад газар унагаад байсан. ...Тухайн хүмүүс бүгд гэр рүү зөвшөөрөл авахгүй орсон. ...” /1хх 143-144/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нар шөнийн цагаар айлын хаалгыг хүчтэй нүдэж, улмаар гэрт нь орж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, халдашгүй байдалд халдсан үйл баримт тусгагджээ.

Шүүгдэгч нар нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч халдсан, улмаар амгалан тайван байдлыг нь алдагдуулсан, хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

А.Б, Д.Б, Г.Б нарын үйлдэл нь аль гэмт хэргийн шинжийг хангаж байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан ...” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ...” гэж тус тус заажээ.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд бусдыг үл хүндэтгэсэн тодорхой сэдэлтгүйгээр хуулиар болон нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж  хүний эрүүл мэндэд хүч хэрэглэсэн шинжтэй байна. Өс хонзон, эр эмийн хардлага зэрэг бусад хувийн сэдэлтээр үйлдэгдсэн гэмт хэргийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж үзэн зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа орон байранд зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч халдашгүй байдалд халдах байдлаар илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх ба сэдэлт нь танхайрах, орон сууц өмчлөх, эзэмших эрхэд халдах, дураараа аашлах зэрэг янз бүр байж болно.

Шүүгдэгч нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийн алиных нь шинжийг хангаж байгаад үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийсний эцэст хэргийн зүйлчлэлийг тодорхойлох нь зүйтэй.

Түүнчлэн, прокуророос Г.Б, Д.Б, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх боловч уг гэмт хэрэг нь орон байранд нэвтэрсний дараа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол /хх 76, 81, 86/, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх 35, 39, 43/-д шүүгдэгч Д.Бийг ганцаараа иргэн Ш.Быг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түлхэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогч Ш.Бын "...Тухайн үед гэрт саравчтай малгайтай хүүхэд болон үсээ ардаа боосон хүүхэд нарын нэг нь түлхэх үед газар унахдаа хагарсан нүдний шил дээр өвдгөөрөө унаж гэмтэл авсан. ...Тухайн үйл явдлыг бодоод байхад араас хүн түлхсэн байсан. ..." /1хх 15-17/,

гэрч Ц.Хгийн "...Анх орж ирсэн 3 залуу Д болон Б руу дайраад байсан. Харин үймээн болж байхад хуулийн сургуулийн оюутан Быг түлхэж, татаж газар унагаж байсан. ..." /1хх 143-144/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн "...Бын биед үзлэг хийхэд баруун өвдгөөр өвдөнө гэх зовиуртай. Үзлэг хийхэд баруун өвдөг өвчтөй, хавдсан, цус хурсан гэмтэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, эмнэлзүйн зовиур шинж тэмдэг илрээд мөн баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэсэн 2 элемэнт илэрч байсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д хамаарахгүй. ..." /1хх 46-47/ гэх мэдүүлгүүд авагджээ.

Дээрх бичгийн баримтаар шүүгдэгч Д.Бийг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ш.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1906024331841 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хаалгыг гаднаас нь нүдэж онгойлгох үед тухайн орон байр руу нэвтэрсэн, хаалгыг дотор талаас онгойлгосноор орохыг зөвшөөрсөн гэж үзэх боломжтой талаар тайлбарлан мэтгэлцсэнийг шүүх хүлээн авлаа. ...”,

“...Дээрх 2 гэмт хэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэсэн шинжээрээ төсөөтэй боловч А.Б нарын үйлдлийн хувьд согтуугаар бүлэглэн шөнийн цагаар айлган сүрдүүлэх зорилгоор орон сууцны байрны хаалгыг хүчтэй нүдэн, хаалга онгойлгох үед дайран орж хүч хэрэглэн, өдөөн турхирч бусдын эд хөрөнгийг гэмтээсэн буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байна. Нөгөөтэйгүүр, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч энэ үйлдлийг санаатай гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. ...” гэж тус тус зөрүүтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” гэж заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогч Б.Д, Ш.Б нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Н.Намжилцогт нарын хамтран гаргасан, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Н.Жамъяндорж нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Одгалын гаргасан тус тус давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1535 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Б, Д.Б, Г.Б нарт холбогдох 1906024331841 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол А.Б, Д.Б, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ