Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01334

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01334

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоотод оршин суух Боржигон овогт Ц Х/

 

Хариуцагч: Баянгол дүүрэгтоотод оршин суух С овогт Тгийн Б /РД:

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг С овогт Д Т /РД:  

 

95,078,400 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э,        хариуцагчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гэрч Б.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

Хариуцагч Д.Тгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Хнь хариуцагч Д.Т, Т.Б нарт холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Д.Т, Т.Б нар нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ огт биелүүлээгүй байна.

 

1.2. Т.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 34,000,000 төгрөгийг эхний 6 сард 3 хувийн хүүтэй, дараагийн 4 сард 4 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний хүүд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг төлсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй.

1.3. 2015-2016 онд бэлнээр авсан зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ер нь нийтдээ 30,000,000-40,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг хүүтэй нь төлж дууссан, бэлнээр 2021 оны 2 сард цагаан сараар 15,000,000 болон 9,000,000 төгрөгөөр нийт 24,000,000 төгрөгийг Б.Т төлсөн, хариуцагч Т.Бгийн дансаар 100 гаруй сая төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Д.Т хариу тайлбар гаргаагүй ба түүний өмгөөлөгчөөр О.Баяраа оролцсон байна.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Ц.Х, Т.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлэг болон орлогын баримтууд, хариуцагч Т.Бгийн бичсэн гэх гар бичвэрүүд /ХХ-3-12,88-91 дүгээр тал/

 

5. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

6. Хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч Ц.Х 2015 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дансны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн. /ХХ-ийн 37-71 дугаар тал/

 

7. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: 5077104607, 5014074119 тоот данс эзэмшигчийн лавлагаа /ХХ-ийн 87 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Т, Т.Б нар нь Ц.Хтэй 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Мөн Т.Б нь Ц.Хтэй 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 34,000,000 төгрөгийг эхний 6 сард 3 хувийн хүүтэй, дараагийн 4 сард 4 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2015-2016 онд бэлнээр авсан зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг байгаа.

 

Дээрх гэрээнүүдийн үүргээ хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагч Д.Т, Т.Б нар 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөг, алданги 8,400,000 төгрөг нийт 25,200,000 төгрөг, хариуцагч Т.Б 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 34,000,000 төгрөг, хүү 10,360,000 төгрөг, алданги 19,518,400 төгрөг, бэлнээр  авсан зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг нийт 69,878,400 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний хүү 11,560,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг хасч 10,360,000 төгрөг шаардсан.    

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийн зээл авсан, үүнийг дансаар авсан, ер нь нэхэмжлэгчээс нийтдээ 30,000,000-40,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг хүүтэй нь төлж дуусгасан, бэлнээр 24,000,000 төгрөг, дансаар 100 гаруй сая төгрөг төлж дуусгасан байна, одоо төлөх өр төлбөр байхгүй гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар уг мөнгийг сарын 5 хувийн хүүтэй, 8 сарын дараа төлөх үүргийг тус тус хүлээжээ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг хүлээн авсан болохоо хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Тгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамж 14 дүгээр байр 5 тоотод байршилтай 29.39м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026875 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулжээ. Уг гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.  

 

Мөн Ц.Х, Т.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр 34,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сарын 3 хувийн хүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Дээрх гэрээний дагуу мөнгө зээлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба харин 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч Т.Б хүлээн авч,  2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүү тооцсон гэрээг бичгээр байгуулсан  үйл баримт тогтоогдов. Харин 14,000,000 төгрөг нь өмнө зээлсэн мөнгө нийлээд ийм дүнтэй болсон, 2020 оны 4 сард зээлийг төлөөд дууссан байсан, Т.Бг нэхэмжлэгч дарамталж дахин ийм гэрээ байгуулсан байсан гэж хариуцагч тал маргав. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 2015-2016 онд зээлсэн гэж шаардаж буй 6,000,000 төгрөгийг зээлээгүй, нэхэмжлэгчээс авсан бүх зээлийг төлөөд дууссан, хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад 100 гаруй сая төгрөг төлсөн, бэлнээр 24,000,000 төгрөг төлсөн гэж хариуцагч тал тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б 2017 онд 23,000,000 төгрөгийг бэлнээр авч уг зээлийг хүүгийн хамт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 21-ний хооронд төлж дууссан, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр авч 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлж 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүн дээр 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг бэлнээр авч нийт 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлж дууссан, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний зээл, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр авсан 14,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан 20,000,000 төгрөг, 2015-2016 онуудад авсан 6,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй гэжээ.  

 

Талуудын дээрх тайлбар болон тэдний хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж, нөхцөл, хүлээсэн үүргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон дансны хуулгаар 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 12,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авсан болох нь тогтоогдов. Дээрх баримтуудаар нийт 36,000,000 төгрөг хүлээн авсан байна.  /ХХ-ийн 7-9, 62, 66, 88-89 дүгээр тал/

 

Хариуцагч Т.Бгийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “3,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгнө”, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “ломбардны 3,000,000 тооцоо дууссан, 9 сард авсан 3 саяас 5,6 сар хүү өгсөн, 2017 онд 2,150,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 1 сая байгаа. 2015 оны 1 дүгээр сарын 22-нд авсан 2 сая энэ жилдээ өгнө. 2016 оны 5 сард авсан гэх 3 саяыг мэдэхгүй байгаа ч чадвал 2018 онд юм уу 2019 оны 11, 12 сард заавал өгч дуусгана”, 2015 онд “Т.Б миний бие Хгээс 12,000,000 төгрөг бэлнээр авсан болно”, “2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг авав”, “Нийт 3 сая авлаа. 1 сарын 22-нд Төмөрөө 2 сая, 9-10 сард 3 саяын 2 саяыг өглөө” гэж бичсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Уг баримтуудыг нэхэмжлэгч дарамталж бичүүлсэн гэх боловч үүнийг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна. Иймд дээрх баримтуудыг Т.Б бичсэн болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байх ба уг баримтуудаар хариуцагч Т.Б нь нэхэмжлэгчээс 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг авсан, хэзээ авсан нь тодорхойгүй боловч 3,000,000 төгрөг авч үүнээс 2,000,000 төгрөгийг төлж 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн 3,000,000 төгрөг, ломбардтай холбоотой асуудлаар 3,000,000 төгрөгийн тооцоо байсан болох нь тогтоогдсон гэж үзэв. Өөрөөр хэлбэл Т.Бгийн бичсэн гар бичмэлээр нэхэмжлэгчээс 11,000,000 төгрөгийг бэлнээр авсан байна гэж үзлээ. /ХХ-ийн 10-11, 90-91 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ц.Хгийн дансны хуулгаас үзвэл 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Т.Бгийн нөхөр Б.Таас 6,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 25,780,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 27,970,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 36,430,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 10,962,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 1,810,000 төгрөг нийт 109,652,000 төгрөг төлсөн байна. Үүнд зээл болон зээлийн хүү гэснээс өөр утгаар шилжүүлсэн 1,336,000 төгрөгийг оруулж тооцоогүй болно. /ХХ-ийн 61-71 дүгээр тал/

 

Хариуцагчийн төлсөн 109,652,000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 1,200,000 төгрөгийг 20,000,000 төгрөгийн хүүд төлсөн гэж хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцно, харин бусад төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бэлнээр авсан зээл болох 23,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн зээл болон зээлийн хүүгийн төлбөр, бусад баримтгүй /бэлэн авсан/ зээлүүдийн төлбөр гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2017 онд 23,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 14,000,000 төгрөгийг хариуцагч Т.Бд бэлнээр өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. Учир нь: Нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 920,000 төгрөгийг “23 сая хүү”, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,100,000 төгрөгийг “23 сая хүү”, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “6 сая – 3 сая”, мөн 14 сая хүү гэсэн утга бүхий шилжүүлгүүдийг 23,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 14,000,000 төгрөгийг хариуцагчийг зээлж авсныг эргэлзээгүй нотлох баримт болохгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитоор олгосноор буцаан шаардах эрх үүснэ. Иймд дээр дурдсан зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгосон, хариуцагчийн төлсөн төлбөрүүд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээнэ. Энэ үүргийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагчийн төлсөн төлбөрүүд нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй буюу өөр зээл гэрээний үүргийн гүйцэтгэл болохыг баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Иймд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй буюу хүү төлөх үүрэг үүсэхгүй гэрээний үүргийг түрүүлж биелүүлсэн, харин бичгээр байгуулсан гэрээний үүргийг /нэмэлт үүрэг алданги төлөх үүрэг хүлээсэн/  биелүүлээгүй гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, үүнээс хойш бичгээр гэрээ байгуулаагүй авсан зээлийн төлбөрийг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг бодит байдалд нийцэхгүй гэж үзэв. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний үнийн дүн, хариуцагч Т.Бгийн гар бичмэлээр зээлсэн нь тогтоогдсон 11,000,000 төгрөг нийт 23,000,000 төгрөг болж байна.    

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон дансны хуулгаас үзвэл өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл дээр дараагийн зээлээ нэмж нийт дүнгээс хүү төлүүлэх, үндсэн зээлээс хасагдвал үлдэгдэлээс хүү тооцох байдлаар зээлийн төлбөрийг төлүүлж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэв. Иймд дээрх тогтоогдсон үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагч Т.Б, Ц.Т нарыг 12,000,000 төгрөг, хариуцагч Т.Бг 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан гэж дүгнэв.

 

2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний дагуу мөн өдөр нэхэмжлэгч нь 9,999,850 төгрөг болон 2,000,150 төгрөгөөр хэсэгчлэн нийт 12,000,000 төгрөгийг хариуцагч Д.Бгийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна. Энэ гэрээгээр хариуцагч нар 12,000,000 төгрөгийг 8 сарын хүү 4,800,000 төгрөг нийт 16,800,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгөх үүрэгтэй байсан боловч гэрээний хугацаанд буюу 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг төлсөн, үүнээс өөр төлбөр гэрээний хугацаанд төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлсөн төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлтэй. Хариуцагчийн төлөөлөгч Б.Тын данснаас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, өөр зээлийн гэрээний төлбөр гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй, өөр зээлийн төлбөр гэдгийг нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт тооцох нь зүйтэй. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч нар 16,990,000 төгрөг төлсөн байх ба энэ хүртэл хугацаанд төлсөн мөнгөнөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцно. Энэ хүртэл үүрэг гүйцэтгэх хугацааг 436 хоногоор хэтрүүлсэн байх ба гэрээгээр тохирсон алдангийн хувь хэмжээгээр алдангийг тооцвол үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтэрсэн байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар алдангид 8,400,000 төгрөг төлөх үүрэгтэй. Дээрх алдангийг хариуцагч нарын төлсөн төлбөрөөс тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг хүлээн авснаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүүд 1,000,000 төгрөг төлсөн байх ба үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 22,842,000 төгрөг, харин хүү тооцохоор бичгээр гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 17,490,000 төгрөг төлсөн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь бодитоор 14,000,000 төгрөг зээлсэн үйл баримт тогтоогдоогүй, 20,000,000 төгрөгийг бодитоор олгосон боловч хэсэгчлэн 20,000,000 төгрөгөөс хүү тооцох буюу 20,000,000 төгрөгөөс хүү тооцохоор тохирсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна бичгээр гэрээ байгуулах үед 17,490,000 төгрөг төлөгдсөн байна. Иймд дээрх гэрээгээр нэхэмжлэгч хүү, алданги тооцож шаардах эрхгүй байна.  

 

Нэхэмжлэгч нь 2015-2016 онд авсан зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж шаардсан ба хариуцагч Т.Бгийн гар бичмэлээр 11,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон, мөн энэ зээлээс “ломбардны 3,000,000 төгрөгийн тооцоо дууссан, 9 сард авсан 3,000,000 төгрөгийн 5,6 сарын хүү төлсөн, 2017 онд 2,150,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1,000,000 төгрөг байгаа” гэсэн бичвэрээс үзвэл 5,000,000 төгрөгийн зээлийг төлсөн, 6,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан гэж үзэх үндэслэл байна. Уг зээлийг хариуцагч төлөөгүй буюу хариуцагчийн төлсөн төлбөрт тооцогдохгүй болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.  

 

Хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй хэдий боловч хариуцагч Т.Б нь зээлийн хүү төлж байсан тул түүний төлсөн 109,652,000 төгрөгийг бүхэлд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох үндэслэлтэй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно” гэж зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр Д.Т, Т.Б нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах барьцааны эрх дуусгавар болсон байна.   

 

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зээлийн болон барьцааны гэрээний бүх үүргийг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Т, Тгийн Б нарт холбогдох 25,200,000 төгрөг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Тгийн Бд холбогдох 69,878,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,119 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА