Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01187

 

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01334 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Х-гийн хариуцагч Т.Б-, Д.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 95,078,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Т-, Т.Б- нар нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Т.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 34,000,000 төгрөгийг эхний 6 сард 3 хувийн хүүтэй, дараагийн 4 сард 4 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний хүүд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг төлсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй. 2015-2016 онд бэлнээр авсан зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 95,078,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ер нь нийтдээ 30,000,000-40,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг хүүтэй нь төлж дууссан, бэлнээр 2021 оны 02 сард цагаан сараар 15,000,000 болон 9,000,000 төгрөгөөр нийт 24,000,000 төгрөгийг Б.Төмөрбаатар төлсөн, хариуцагч Т.Б-гийн дансаар 100,000,000 гаруй төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Довчингомбын Товуусүрэн, Товуусүрэнгийн Батзаяа нарт холбогдох 25,200,000 төгрөг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Товуусүрэнгийн Батзаяад холбогдох 69,878,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Цоодолын Хандсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,119 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр сууринаас шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 8 сарын хугацаатай, сарын 5 хувиар тохиролцож байгуулсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34,000,000 төгрөгийг эхний 6 сард хүүг 3 хувиар, дараагийн 4 сард хүүг 4 хувиар тохиролцож 10 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь 2015 онд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагч Т.Б-гийн өөрийнх нь үйлдсэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гар бичвэрээр нотлогддог атал анхан шатны шүүх дээрх гар бичвэрийг огт үнэлээгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 онд авсан зээл болох 12,000,000 төгрөгийг бэлнээр төлөөд дуусгасан, баримт байхгүй гэж хэлсэн байхад шүүх нэхэмжлэгчийн дансны хуулганы 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааны гүйлгээг үндэслэн хариуцагч нар нь 16,990,000 төгрөг төлсөн гэж үзэн улмаар энэ хүртэл хугацааны төлсөн Мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний үүргийг тооцсон нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээр дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь 2020 оны зээлийн гэрээний үндсэн зээл болох 34,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор олгосноо баримтаар нотлоогүй гэх боловч нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 660,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 660,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 660,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 660,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 660,000 төгрөгийг тус тус 14 сая хүү Заяагаас гэсэн утгаар шилжүүлснээс харахад хариуцагч нь нэхэмжлэгчээс 14,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч хүү төлж байсан нь тодорхой харагдсан гэж үзэн улмаар энэ хүртэл хугацааны төлсөн мөн дээрхтэй ижил 20,000,000 төгрөгийн хүү гэсэн утгаар хариуцагч Т.Б-гаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлснийг анхан шатны шүүх хариуцагч Т.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг хүлээн авснаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүүд 1,000,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн атлаа дээрх 14 сая хүү гэсэн утга бүхий шилжүүлгүүдийг 14,000,000 төгрөгийг хариуцагчийг зээлж авсныг эргэлзээгүй нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч Т.Б-гийн удаа дараагийн бичсэн гар бичвэрээр хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг нь нотлогддог атал 2015-2016 онд авсан зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй буюу хариуцагчийн төлсөн төлбөрт тооцогдохгүй болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс 16,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг илүү төлөлттэйгөөр төлж дуусгасан буюу ямар ч өр төлбөр байхгүй. Манай эхнэрийг дарамталж хүссэнээрээ юм бичүүлж аваад баримт үйлддэг. Зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан нь Ц.Х-гийн дансны хуулгаар нотлогддог гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Т.Б-, Д.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 95,078,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 30,000,000 40,000,000 төгрөг зээлж, 100,000,000 гаруй төгрөг буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Х- нь 12,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Т.Б-, Д.Т- нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нар нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 12,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-р тал/. Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулан, хариуцагч нар нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 14 гудамж, 14-р байр, 5 тоот, 29,39 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ. /хх-ийн 5-р тал/

 

4.Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Т.Б-тай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 34,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, эхний 6 сард нэг сарын 3 хувийн хүүтэй, дараагийн 4 сард нэг сарын 4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Т.Б- нь гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-р тал/

 

5.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5.а.Нэхэмжлэгч Ц.Х- нь эхний зээлийн гэрээ буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алдангид нийт 25,200,000 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алдангид нийт 63,878,400 төгрөг, 2015-2016 онд авсан 6,000,000 төгрөг, нийт 95,078,400 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. /хх-92-р тал/

 

5.б.Эхний зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт нийт 25,200,000 төгрөгийн үүрэг үүссэн байна. Хоёрдахь зээлийн гэрээний хувьд зээлийн хэмжээ 34,000,000 төгрөг гэж гэрээнд заасан боловч нэхэмжлэгч нь энэ хэмжээний мөнгийг хариуцагч Т.Б-д бодитоор шилжүүлэн өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Т.Б-д 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 8-р тал/.

 

5.в.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог журамтай тул нэхэмжлэгч Ц.Х-, хариуцагч Т.Б- нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Тус 20,0000,000 төгрөгийг шилжүүлэх үед талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

5.г.Нэхэмжлэгч Ц.Х- нь хоёрдахь зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрх үүсээгүй байх боловч хариуцагч нар нь нэхэмжлэлээр шаардаж буй гурван гэрээний үүрэгт нийт 109,652,000 төгрөг төлсөн нь Хаан банк-ны дансны хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 61-71-р тал/.

 

5.д.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дансны хуулга, зээл болон барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, гар бичвэр зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Ц.Х-гийн зээлдүүлсэн болон хариуцагч нарын буцаан төлсөн мөнгөн дүнгийн хэмжээг зөв тодорхойлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

5.е.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх бөгөөд нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч нарын төлсөн 109,652,000 төгрөгөөс илүү хэмжээний төлбөр шаардах эрх үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд шүүх хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,119 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ