Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2022/00522

 

 

 

 

 

 

    Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б аймаг, Х сум, Х тосгон4 дүгээр баг, 0 тоотод оршин суух, Б овогт Ж-ын О /РД:ФЖ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  гудамж, м байр,  тоотод оршин суух, Б овогт Ж-ийн Г /РД:ХА00000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 00,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

хариуцагч Ж.Г ,

хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э,

гэрч З.З,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                   

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1Хариуцагч Ж.Г нь С аймгийн Е сумын нутагт байх С гол гэх нэртэй газар алтны шороон ордны талбайд нөхөн сэргээлтээр хамтарч ажиллая, энд ажиллах явцад бүрэн ашиглалт явуулж алт олборлолтын үйл ажиллагаа явуулж болно, газар нь минийх, зөвшөөрөл бичиг баримтын асуудлыг би шийдэж чадна гэж санал тавьсны дагуу нэхэмжлэгч Ж.О зөвшөөрсөн, ингээд нэхэмжлэгч нь Ж.О нь алт олборлолтын үйл ажиллагааг явуулаад олсон ашгийн 70 хувийг Ж.О би авахаар болж, 30 хувийг хариуцагч Э.Г авахаар харилцан тохиролцсон.

1.2.Хариуцагч Ж.Г нь 00,000,000 төгрөг зээлээч би тусгай зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэхэд хэрэг болоод байна ажил явагдаад ирэхээр би өөрийнхөө авах 30 хувийн ашгаас өгчихнө гэж хэлээд 00,000,000 төгрөгийг зээлсэн. Дээрх 00,000,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн 000000000 тоот данснаас 3,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа 0000000000 тоот данс руу шилжүүлж, үлдэх 10,000,000 төгрөгийг Богд ар хорооллын Хаан банкны салбараас 0000000000 тоот эхнэр С.О ийн данс руу тус тус шилжүүлсэн. Үүний дараа 2016 оны 07 сарын 05-ны өдөр хариуцагч нь Чи техникээ аваад очиж бай би бичиг баримт, зөвшөөрлөө хөөцөлдөөд араас чинь очъё гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь С аймгийн Е сум руу очоод хариуцагчийг  хүлээсэн боловч ирээгүй утас руу нь залгахаар утсаа авахгүй, тусгай зөвшөөрөл байхгүй байсан учир үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд тэнд 7-9 хоноод нэхэмжлэгч нь техникээ ачаад буцаж ирсэн. Ингээд 2017 оны 12 сар, 2018 оны 01 сард Ж.Г ыг олж уулзахад удахгүй өгнө гэж хэлсэн боловч дараа нь уулзахгүй зугтаад алга болсон. 2021 оны 05 сарын 11-ны өдрийн 181/ШШ2021/00000 Дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Ж.Г ыг эрэн сурвалжлуулсан. Хариуцагч Ж.Г нь У хот, Б дүүргийн  дүгээр хороо, дугаар хороолол, замчид гудамж, 00 байр, 00 тоот хаягаар нэхэмжлэлийг хүлээн авна гэдгийг Б дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдүүлдэг. Иймд хариуцагч Ж.Г аас 00,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Ж.О гэх хүнийг би огт таньдаггүй байсан, Биднийг н.Б гэх геологич залуу танилцуулсан. Би өөрийнхөө компани дээр нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд оросуудын эвдсэн газрыг угаах, түүнээс олборлох төлөвлөгөөтэй байсан. Би тухайн үед өөр хүмүүстэй ажиллахаар Хятад хүмүүстэй тохиролцсон байсан гэтэл Ж.О би Монгол хүн юм чин оръё гээд орж байсан. Би ажиллаж болно гэхдээ хамгийн гол нь ажиллачхаад дараа нь нүх үлдээгээд хаяад явчихдаг асуудал гарна. Иймд 00,000,000 төгрөг өг гэсний дагуу нөхөн сэргээлтийн барьцаа болгож 00,000,000 төгрөг авсан. Түнээс хойш бидний хооронд өөр ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй.

2.2.Ж.О 2016 оны 7 дугаар сарын эхээр техникээ авч ирсэн. Миний бие н.З гэх манаачаа явуулаад өөрийнхөө оронд нь н.Б гэх геологичийг явуулсан. н.Б нь хяналтын журмаар тэнд очсон. Олборлолтын ажиллагаа эхлээд Ж.О нь тухайн газарт 2 сар гаруй үйл ажиллагаа явуулсан. Тухайн газарт Оросууд нөөцийг тогтоогоод алтаа авчихсан баялаг газар байсан. 2 сар гаруй ажиллахдаа Ж.О нь хүч ихтэй сайн техник олонтой ирсэн. Энэ ажиллагаа 9 дугаар сарын 20-д хүртэл үргэлжилсэн. Энэ хооронд н.Б хяналт хийж байсан. Ж.О бидний хооронд ярьсан зүйл нь 70%-ийг Ж.О авч би 30%-ийг авахаар тохиролцсон. 30%-ийг авах юу болсон талаар н.Бас асуухад бөөгнүүлж байгаа Ж.О өгнө гэсэн найдвартай гэсэн. Ингээд би итгээд байж байтал 9 дүгээр сард н.З над руу утсаар ярьж Ж.О бүх техникээ ачаад Х лүү яваад өглөө гэсэн. Юу болсныг тодруулахаар хуулийн зөвлөх Ч.Этэй очиход ганц нэг техникээ үлдээгээд, ихэнх техникээ ачаад аваад явчихсан байсан.

 2.3. Ингээд Ж.О нь надад өгөх 30 хувийн ашиг ч өгөөгүй. Би  өөрийн авах 30%-саа Ж.Огоос авсан 00,000,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон. Түүнээс биш зээлийн гэрээ хийж зээл авахаар тохиролцоогүй. Хамгийн гол зүйл нь 00,000,000 төгрөгийн нөхөн сэргээлтэд зориулсан мөнгө.

2.4.Ж.Ог хайсан боловч олдоогүй намайг хайсан гэж ярьж байгаа. 2019 онд намайг Б дүүргийн цагдаагаас дуудсан бөгөөд тайлбар хэлсэн. Тухайн үед н.Б гэх хүн амьд байсан бөгөөд мөн мэдүүлэг өгсөн байсан. 2019 оноос хойш 3 жилийн дараа н.Бгыг өөд болсны дараа дахин намайг шүүхэд өгсөн бөгөөд намайг эрэн сурвалжлуулсан байсан. Миний утас, хаяг зэрэг бүх зүйл байхад намайг эрэн сурвалжлуулж хайлгасан. Ж.О 2 хоноод явсан ямар ч ажил хийгээгүй гэж худал хэлж байна, гэр бүлээрээ бүтэн намар 2 сар гаруй тэнд байсан. Ж.О хамгийн багаар бодоход өдөрт 20-30 гр алт авахад 1 сарын хугацаанд 900 гр алт тухайн үеийн ханшаар 91,000,000 төгрөг болох хэмжээний хангалттай алт авчхаад, их алт гарч байгаа Х лүү яваад өгчихсөн байсан. Ийм асуудал гарсан бөгөөд яагаад цагдаагийн байгууллага, шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Шүүх хурлын дараа сөрөг нэхэмжлэл гаргана. Ж.Огийн тавьсан мөнгөнөөс илүүтэйгээр би тухайн газрыг нөхөн сэргээсэн. Тухайн үед Ж.О ямар ч асуудал байхгүй гэдэг байсан сар болоод тооцоо хийе гэдэг. Иймд яагаад 00,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хэрэгт итгэмжлэл, нэхэмжлэгч Ж.Огийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, Б дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Г ыг гэрчээр асуусан тэмдэглэл, Ж.Г ыг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр, Цагдаагийн байгууллагаас Ж.Г ыг хаягийг олж тогтоосон тухай албан бичиг, Хариуцагч талаас хэрэгт “Х-А ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, Б дүүргийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаартай тогтоол, Шүүх хариуцагч талын хүсэлтээр Б дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.Бгыг гэрчээр асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар цуглуулж, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр З.З оролцсон байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Ж.Г т холбогдуулан 00,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

 

            Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ж.Г тай  С аймгийн Е сумын нутагт байх “С гол” гэх нэртэй алтны ордод нөхөн сэргээлт хийх явцдаа дахин олборлолт хийж хамтран ажиллахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь алт олборлолтын үйл ажиллагааг хариуцахаар, хариуцагч нь  газар, бичиг баримт, зөвшөөрлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, олсон ашгийн 70 хувийг нэхэмжлэгч, 30 хувийг хариуцагч авахаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч Ж.Огоос 00,000,000 төгрөг зээлээч, бичиг баримтын асуудал хөөцөлдөхөд хэрэгтэй байна, би өөрийн авах ашгаас өгнө гэсний дагуу түүнд 00,000,000 төгрөгийг зээлсэн. Гэтэл тухайн газарт үйл ажиллагаа явуулахаар очоод 7-9 хоносон боловч зөвшөөрөл, бичиг баримт дутуугаас үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Ж.Г нь зээлж авсан 00,000,000 төгрөгийг өгөөгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...Ж.Отой С аймгийн Е сумын нутагт байх “С гол” гэх нэртэй алтны ордод нөхөн сэргээлт хийх явцдаа дахин олборлолт хийж хамтран ажиллахаар харилцан тохиролцож, би олсон ашгаас 30 хувийг, харин нэхэмжлэгч нь 70 хувийг авахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь тус газарт 2 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Анх нэхэмжлэгчтэй тохиролцохдоо тухайн газраас олборлолт хийгээд нөхөн сэргээлт хийхгүйгээр явж магадгүй гэж үзэн 00,000,000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгийг би өөрийн авах ашгаас буцаан өгөхөөр ярилцсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн газарт 2 сар гаруй хугацаанд үйл ажиллагааг явуулчхаад техникээ аваад явсан бөгөөд нөхөн сэргээлт хийгээгүй. Ингээд миний зүгээс Ж.Огоос авсан 00,000,000 төгрөгөөр тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            3. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн гэрч З.Згийн шүүх хуралдаанд мэдүүлсэн  “нэхэмжлэгч Ж.О нь “С гол” хэмээх газарт ирж, 2019 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 20 хүртэл алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан. Тэр үед би тухайн газар ажилладаг байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд С аймгийн Е сумын нутагт байх “С гол” гэх нэртэй алтны ордод нөхөн сэргээлт хийх явцдаа дахин олборлолт хийж хамтран ажиллахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь алт олборлолтын үйл ажиллагааг өөрийн техник хэрэгслээр явуулах, хариуцагч нь  үйл ажиллагааг явуулах газар болон зөвшөөрөл, бичиг баримтыг бэлэн болгох зэрэг үүрэг хүлээн, олсон ашгаас нэхэмжлэгч нь 70 хувийг, хариуцагч нь 30 хувийн ашиг авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл талууд “С гол” гэх нэртэй алтны ордод алт олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллаж олсон ашгаас нэхэмжлэгч 70 хувийг, хариуцагч 30 хувийг авахаар тохиролцсон талаар маргаагүй боловч уг газарт алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан эсэхэд маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу алт олборлолтын үйл ажиллагаа явуулах газраа техник хэрэгслээ авч очоод 7-9 хоног хүлээсэн боловч зөвшөөрөл, бичиг баримт дутуугаас хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй. 

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг 2 сарын хугацаанд алт олборлолтын үйл ажиллагаа явуулж, алт олборлочхоод надад өгөх 30 хувийг өгөхгүйгээр явсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар нь шүүх хуралдаанд гэрч З.Згийн “нэхэмжлэгч Ж.О нь “С гол” хэмээх газарт ирж, 2019 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 20 хүртэл алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан. Тэр үед би тухайн газар ажилладаг байсан” гэж мэдүүлсэн байдлаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрчийн энэхүү мэдүүлгийг баримтаар үгүйсгээгүй байна.

 

Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь алт олборлолтын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд явуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талууд энэхүү үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг алдагдлаа тооцоогүй байна.

           

            4. Нэхэмжлэгч нь хариуцагчид 00,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэхдээ “sh, zeel, зээлэв Од” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс 00,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, харин уг 00,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн аваагүй, харин нэхэмжлэгч нь алт олборлолтын үйл ажиллагаа явуулсны дараа нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор авсан гэж тайлбарлаж байх боловч уг 00,000,000 төгрөгийг өөрийн авах ашгаас буцаан өгөхөөр тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрсөн.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид 00,000,000 төгрөг шилжүүлсэн баримт болон хариуцагч нь нэхэмжлэгчээс 00,000,000 төгрөгийг шилжүүлэн авахдаа өөрийн алт олборлох хамтран ажиллах гэрээнээс авах 30 хувийн ашгаас буцаан өгөхөөр үүрэг хүлээсэн байдал зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэжээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 00,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний 30 хувиас өгөх үүрэгтэй буюу талууд хамтран ажиллах гэрээний ашиг алдагдлыг тооцож, уг гэрээг дүгнэсэн тохиолдолд хариуцагчид зээлийн гэрээний дагуу 00,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүснэ.

 

Иймд хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигч нь хамтран ажиллах гэрээгээ дүгнээгүй, ашиг алдагдлаа тооцоогүй байхад нэхэмжлэгчид хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Огийн хариуцагч Ж.Г т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ж.Г аас 00,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭНХЗАЯА