Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00821

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00821

 

 

Ж.О-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00522 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.О-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Г-т холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Ж.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ж.Г- нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байх Сангийн гол гэх нэртэй газар алтны шороон ордны талбайд нөхөн сэргээлтээр хамтарч ажиллая, энд ажиллах явцад бүрэн ашиглалт явуулж алт олборлолтын үйл ажиллагаа явуулж болно, газар нь минийх, зөвшөөрөл бичиг баримтын асуудлыг би шийдэж чадна гэж санал тавьсны дагуу Ж.О- зөвшөөрсөн. Алт олборлолтын үйл ажиллагаа явуулаад олсон ашгийн 70 хувийг Ж.О- авахаар, 30 хувийг Ж.Г- авахаар харилцан тохиролцсон. Ж.Г- нь 20,000,000 төгрөг зээлээч тусгай зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэхэд хэрэг болоод байна ажил явагдаад ирэхээр өөрийнхөө авах 30 хувийн ашгаас өгчихнө гэж хэлээд 20,000,000 төгрөгийг зээлсэн. Дээрх 20,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн 5099444424 тоот данснаас 3,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа 5063062297 тоот дансанд шилжүүлж, үлдэх 10,000,000 төгрөгийг Богдр хорооллын Хаан банкны салбараас 5063062297 тоот эхнэр С.О-ийн дансанд шилжүүлсэн. Үүний дараа 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хариуцагч нь Чи техникээ аваад очиж бай би бичиг баримт, зөвшөөрлөө хөөцөлдөөд араас чинь очъё гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод хариуцагчийг хүлээсэн боловч ирээгүй утас руу нь залгахаар утсаа авахгүй, тусгай зөвшөөрөл байхгүй байсан учир үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд тэнд 7-9 хоноод нэхэмжлэгч нь техникээ ачаад буцаж ирсэн. Ингээд 2017 оны 12 сар, 2018 оны 01 сард Ж.Г-ыг олж уулзахад удахгүй өгнө гэж хэлсэн боловч дараа нь уулзахгүй зугатаад алга болсон. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00890 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Ж.Г-ыг эрэн сурвалжлуулсан. Хариуцагч Ж.Г-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ж.О- гэх хүнийг огт таньдаггүй байсан. Биднийг н.Б гэх геологич залуу танилцуулсан. Би өөрийнхөө компани дээр нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Оросуудын эвдсэн газрыг угаах, түүнээс олборлох төлөвлөгөөтэй байсан. Би тухайн үед өөр хүмүүстэй ажиллахаар хятад хүмүүстэй тохиролцсон байсан гэтэл Ж.О- би Монгол хүн юм чин оръё гээд орж байсан. Би ажиллаж болно гэхдээ хамгийн гол нь ажиллачхаад дараа нь нүх үлдээгээд хаяад явчихдаг асуудал гарна. Иймд 20,000,000 төгрөг өг гэсний дагуу нөхөн сэргээлтийн барьцаа болгож 20,000,000 төгрөг авсан. Түүнээс хойш бидний хооронд өөр ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй. Ж.О- 2016 оны 7 дугаар сарын эхээр техникээ авч ирсэн. Миний бие З.З- гэх манаачаа явуулаад өөрийнхөө оронд нь Б- гэх геологичийг явуулсан. Б- нь хяналтын журмаар тэнд очсон. Олборлолтын ажиллагаа эхлээд Ж.О- нь тухайн газарт 2 сар гаруй үйл ажиллагаа явуулсан. Тухайн газарт Оросууд нөөцийг тогтоогоод алтаа авчихсан баялаг газар байсан. 2 сар гаруй ажиллахдаа Ж.О- нь хүч ихтэй сайн техник олонтой ирсэн. Энэ ажиллагаа 9 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хооронд Б- хяналт хийж байсан. Ж.О- бидний хооронд ярьсан зүйл нь 70 хувийг Ж.О- авч би 30 хувийг авахаар тохиролцсон. 30 хувийг авах юу болсон талаар Б-ас асуухад бөөгнүүлж байгаа Ж.О- өгнө гэсэн найдвартай гэсэн. Ингээд би итгээд байж байтал 9 дүгээр сард З.З- над руу утсаар ярьж Ж.О- бүх техникээ ачаад Хүдэр лүү яваад өглөө гэсэн. Юу болсныг тодруулахаар хуулийн зөвлөх Ч.Энхээтэй очиход ганц нэг техникээ үлдээгээд, ихэнх техникээ ачаад аваад явчихсан байсан. Ингээд Ж.О- нь надад өгөх 30 хувийн ашиг ч өгөөгүй. Би өөрийн авах 30 хувиар Ж.О-гоос авсан 20,000,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон. Түүнээс биш зээлийн гэрээ хийж зээл авахаар тохиролцоогүй. Хамгийн гол зүйл нь 20,000,000 төгрөгийн нөхөн сэргээлтэд зориулсан мөнгө. Ж.О-г хайсан боловч олдоогүй намайг хайсан гэж ярьж байгаа. 2019 онд намайг Баянгол дүүргийн Цагдаагаас дуудсан бөгөөд тайлбар хэлсэн. Тухайн үед Б- гэх хүн амьд байсан бөгөөд мөн мэдүүлэг өгсөн байсан. 2019 оноос хойш 3 жилийн дараа н.Баттулгыг өөд болсны дараа дахин намайг шүүхэд өгсөн бөгөөд намайг эрэн сурвалжлуулсан байсан. Миний утас, хаяг зэрэг бүх зүйл байхад намайг эрэн сурвалжлуулж хайлгасан. Ж.О- 2 хоноод явсан ямар ч ажил хийгээгүй гэж худал хэлж байна, гэр бүлээрээ бүтэн намар 2 сар гаруй тэнд байсан. Ж.О- хамгийн багаар бодоход өдөрт 20-30 гр алт авахад 1 сарын хугацаанд 900 гр алт тухайн үеийн ханшаар 91,000,000 төгрөг болох хэмжээний хангалттай алт авчихаад, их алт гарч байгаа Хүдэр лүү яваад өгчихсөн байсан. Ж.О-гийн тавьсан мөнгөнөөс илүүтэйгээр би тухайн газрыг нөхөн сэргээсэн. Тухайн үед Ж.О- ямар ч асуудал байхгүй гэдэг байсан сар болоод тооцоо хийе гэдэг. Иймд яагаад 20,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-аас 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Гэвч зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний 30 хувиас өгөх үүрэгтэй буюу талууд хамтран ажиллах гэрээний ашиг алдагдлыг тооцож, уг гэрээг дүгнэсэн тохиолдолд хариуцагчид зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүснэ гэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дүгнэж, ашиг алдагдлаа дүгнэх гэсэн боловч хариуцагч Ж.Г- уулзахгүй зугтаад байдаг. Хамтран ажиллах гэрээ-гээр нэхэмжлэгч нь алдагдалд орсон учир хариуцагч нь зээлийн гэрээний 20,000,000 төгрөгийг 30 хувиас төлөх боломжгүй нөхцөл байдал нэгэнт бий болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн газарт ажиллаж байгаа этгээд нь нөхөн сэргээлт хийгээгүйгээс нөхөн сэргээлтийн ажлын барьцаа болгож 20,000,000 төгрөгийг авсан. 2 сар 20 хоног ажиллаад нөхөн сэргээлт хийхгүй гэнэт нэг өдөр явсан учраас 20,000,000 төгрөгийг нөхөн сэргээлт хийхэд бүрэн зарцуулсан. Энэ хугацаанд ямар нэгэн ашиг орлого олоогүй гэж байгаа боловч 2 сарын хугацаанд ойролцоогоор 2 килограмм орчим алт олсон гэдгийг гэрч нар гэрчилдэг. Уг алт нь 200 гаруй сая төгрөг болсон гэж бодвол Ж.Г-т 60,000,000 төгрөг өгөх ёстой. Хэрэв нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд мөнгийг буцааж өгөх, хийгээгүй тохиолдолд Ж.Г- нөхөн сэргээлтийг 20,000,000 төгрөгөөр хийж 60,000,000 төгрөгөөс хасч тооцуулан 40,000,000 төгрөгийг авах хэлцэл хийгдсэн байсан нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 25/

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Ж.Г- нь 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байх Сангийн гол гэх нэртэй газар алтны шороон ордны талбайд нөхөн сэргээлтээр хамтарч ажиллах, ажиллах явцад бүрэн ашиглалт явуулж алт олборлолтын үйл ажиллагаа явуулах санал тавьсан, уг саналыг Ж.О- зөвшөөрсөн үйл баримтад талууд маргаангүй. /хх46/

 

2.б. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн 5099444424 тоот данснаас 3,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа 5063062297 тоот дансанд шилжүүлсэн, үлдэх 10,000,000 төгрөгийг Богд-Ар хорооллын Хаан банкны салбараас 5063062297 тоот эхнэр С.О-ийн дансанд шилжүүлж нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

 

3. Талууд дээрх шилжүүлсэн 20,000,000 төгрөг зээл байсан эсэх, буцаан төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

3.а. Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэхэд хэрэг болоод байна ажил явагдаад ирэхээр өөрийнхөө ашгаас өгчихнө гэж хэлээд зээлсэн гэдэг бол хариуцагч нь нөхөн сэргээлтийн барьцаанд 20,000,000 төгрөгийг Ж.О-гоос авч, ажил бүрэн хийгдсэний дараа буцааж өгөхөөр тохирсон гэжээ./хх46-51/

 

4. Мөн талууд алт олборлосон эсэх, нөхөн сэргэлтийг хийсэн эсэх, нөхөн сэргээлт хийхэд дээрх 20,000,000 төгрөгийг зарцуулсан эсэхэд маргаж байна.

 

4.а. Анхан шатны шүүхээс зохигчийн тайлбар, гэрч З.З-гийн мэдүүлэг зэргийг үнэлж, нэхэмжлэгч Ж.О- нь Сангийн гол хэмээх газарт 2019 оны 7 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон гэж зөв дүгнэжээ.

 

4.б. Талууд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байх Сангийн гол гэх нэртэй алтны ордод нөхөн сэргээлт хийх явцдаа дахин олборлолт хийж хамтран ажиллахаар болж, нэхэмжлэгч 70 хувийг, хариуцагч 30 хувийн ашиг авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь талууд зээл гэхээсээ хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар тайлбарлажээ.

 

4.в. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь алт олборлолтын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд явуулсан, энэхүү үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг алдагдлаа тооцоогүй байна гэж дүгнэсэн нь хэргийн баримтад нийцжээ.

 

5. Харин анхан шатны шүүх талуудын хооронд зээл, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хоёр өөр гэрээний харилцааг баримталж тайлбарласан нь үндэслэлгүй. Талууд Сангийн гол гэх нэртэй алтны ордод нөхөн сэргээлт хийх явцдаа дахин олборлолт хийж хамтран ажиллахаар болсон байх бөгөөд шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний 30 хувиас өгөх үүрэгтэй буюу талууд хамтран ажиллах гэрээний ашиг алдагдлыг тооцож, уг гэрээг дүгнэсэн тохиолдолд хариуцагчид уг гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд зохигч хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, ашиг алдагдлаа тооцсоноор дахин уг 20,000,000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД