Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00922

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр                     Дугаар 102/ШШ2022/00922                             Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:.... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт С...ын М...,  

Хариуцагч:... тоотод байрлах, регистр ..., Д...ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний 80 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г..., хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч   С.М...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д...ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний 80 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох ..., ... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

С.М... нь Д...ХХК-ийн захирал Ш.С...тэй 2015 онд танилцаж, найз нөхдийн харилцаатай болсон, Ш.С... нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байсан бөгөөд өөрийн Д...ХХК-ийн эзэмшлийн талбай дээр хайгуулын ажил хийх хэрэгтэй байгаа талаар ярьдаг байсан.Ингээд С.М...ыг тус компанид хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах санал тавьсан боловч С.М... тухайн үед хөрөнгө оруулалт хийх саналыг хүлээн аваагүй, харин Ш.С...гийн хүсэлтээр түүний компанид зээл олгохоор болсон, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, барьцаанд Д...ХХК-ийн эзэмшлийн ... аймгийн ... суманд байрлах ..., ... дугаар ашигг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тавьж, барьцааны гэрээг бичгээр байгуулсан.Гэтэл Д...ХХК-ийн захирал Ш.С... нь зээлийн төлбөрөөс огт төлөхгүй байсаар зээлийн гэрээний 6 сарын хугацаа дууссан, зээлээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй.Талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу “...барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах эрхтэй..." гэсний дагуу барьцаанд тавьсан ... аймгийн ... суманд байрлах ..., ... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заалтын дагуу хариуцагч Д...ХХК-ийн төлөх 80 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ..., ... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:С.М...аас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 80 000 000 төгрөгийг зээлж авсан, өнөөдөр бизнес хүнд байдалд байна, 80 000 000 төгрөг өгье гэж байгаа, 2 хайгуулын лицензийг өгөх боломжгүй, энэ төсөлд хөгжүүлэлт хийх явцад 1 тэрбумын хөрөнгө зарцуулагдсан учраас 80 000 000 төгрөгийн барьцаанд өгөх боломжгүй, зээлээ төлөх хүртэл түр хугацаагаар барьцаанд байлгах боломж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:С.М... Д...ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Д...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмалын хайгуулын ... дугаар зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, Ашигт малтмалын хайгуулын ... дугаар зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтыг  шүүхэд гаргаж өгсөн./хх 3-4, 5-6, 7, 8-14, 15, 16-21, 33/

Хариуцагчаас тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй.

                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Барьцааны гэрээний 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасны дагуу Д...ХХК-ийн төлөх 80 000 000 төгрөгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ..., ... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ:Зээлийн 80 000 000 төгрөгийг нь өгнө, 2 хайгуулын лицензийг өгөх боломжгүй гэж тайлбарласан.

Д...ХХК-ийн төлөх 80,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ..., ... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С.М...ын Д...ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар, Д...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ашигт малтмалын хайгуулын ... дугаар зөвшөөрлийн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтын хуулбар, Ашигт малтмалын хайгуулын ... дугаар зөвшөөрлийн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтуудын хуулбар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийгдэж, Д...ХХК нь 80 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай С.М...аас зээлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Д...ХХК нь дээрх зээлийн барьцаанд ... аймгийн ... суманд байрлах, ашигт малтмалын хайгуулын тусгай ..., ... дугаар бүхий зөвшөөрлийг тавьсан байна.

Барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 8-д “Хэрэв зээл авагч, барьцаа өгөгч өөрийн зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргийг огт биелүүлээгүй буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд зээл олгогч, барьцаа баригч түүний барьцаанд өгсөн зөвшөөрөлийг хуулийн хүрээнд зохих ёсоор шийдвэрлүүлэн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй” гэж тохирчээ.

Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд талуудын дүгнээгүй зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Д...ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардсан эсэх, эсхүл Д...ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон талаар баримтгүй, талууд нь үндсэн үүрэг болох зээлийн гэрээний гүйцэтгэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаас үзэхэд барьцаалагч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид л барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах л эрхтэй болохыг тодорхойлсон байна.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг банк, банк бус санхүүгийн байгууллага, татварын албанд барьцаалах, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байна. 

Дээрх үндэслэлээр С.М...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасныг баримтлан Д...ХХК-ийн төлөх зээлийн 80 000 000 /наян сая/ төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ..., ... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулах тухай Сүрэнжавын М...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН