Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00784

 

С.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00922 дугаар шийдвэртэй

С.Сын нэхэмжлэлтэй хариуцагч “Д” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний 80,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ө, Б дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: С.С нь “Д” ХХК-ийн захирал Ш.Ытэй 2015 онд танилцаж, найз нөхдийн харилцаатай болсон, Ш.Ы нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг С.Сыг тус компанид хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах санал тавьсан. С.С Ш.Ыгийн хүсэлтээр түүний компанид зээл олгохоор болсон, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, барьцаанд “Д” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Э суманд байрлах Ө, Б дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тавьж, барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Гэтэл “Д” ХХК-ийн захирал Ш.Ы нь зээлийн төлбөрөөс огт төлөхгүй байсаар зээлийн гэрээний 6 сарын хугацаа дууссан, зээлээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”-ний 8 дугаар зүйлд заасны дагуу “...барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах эрхтэй...” гэсний дагуу барьцаанд тавьсан Говь-Алтай аймгийн Э суманд байрлах Ө, Б тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заалтын дагуу хариуцагч “Д” ХХК-ийн төлөх 80,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ө, Б дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ыгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: С.Саас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 80,000,000 төгрөгийг зээлж авсан. Өнөөдөр бизнес хүнд байдалд байна, 80 000 000 төгрөг өгье гэж байгаа, 2 хайгуулын лицензийг өгөх боломжгүй, энэ төсөлд хөгжүүлэлт хийх явцад 1 тэрбумын хөрөнгө зарцуулагдсан учраас 80,000,000 төгрөгийн барьцаанд өгөх боломжгүй, зээлээ төлөх хүртэл түр хугацаагаар барьцаанд байлгах боломж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасныг баримтлан “Д” ХХК-ийн төлөх зээлийн 80,000,000 /наян сая/ төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ө, Б дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулах тухай Сүрэнжавын Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирын давж заалдах гомдлын агуулга: ...Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж “Д”ХХК нь 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай С.Саас зээлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, “Д” ХХК нь дээрх зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Э суманд байрлах, ашигт малтмалын хайгуулын тусгай 15381Х, Ө дугаар бүхий зөвшөөрлийг барьцаалсан. Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг бүрэн нотлогдсон “Д” ХХК-ны захирал Ш.Ы нь 80,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөөгүй болохыг, гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоогдсон. Бид зээлийн гэрээгээ дүгнээд үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг шүүхээс талуудын дүгнээгүй зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үндэслэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч С.С нь иргэн хүний хувьд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд төлбөр мөнгөө барагдуулахыг удаа дараа шаардаж биечлэн уулзахаас гадна утсаар ярьж байсан. Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй талаар хариуцагч талаас маргаан үүсгээгүй байхад шүүх дээрх дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй байна. Шүүхээс “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаас үзэхэд барьцаалагч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид л барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах л эрхтэй болохыг тодорхойлсон байна. Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.3 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг банк, банк бус санхүүгийн байгууллага, татварын албанд барьцаалах, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байна.” гэжээ. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны эд зүйлийг тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.3 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан барьцаалж төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байхад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний 80,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ө, Б дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч “...зээлийн төлбөрийг боломжоороо төлнө” гэсэн тайлбар гарган маргажээ.

 4. Нэхэмжлэгч С.С, “Д” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” “Барьцааны гэрээ” тус тус байгуулж, уг гэрээгээр 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай байгуулсан, тус гэрээний барьцаанд “Д” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Э суманд байрлах Ө, Б тоот дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.3-5/

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээдэг. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

7. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан бөгөөд барьцааны гэрээ нь нэмэлт гэрээ юм. Барьцааны эрх нь барьцааны эд хөрөнгийг борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчээс, эсхүл гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгодог. Хариуцагч үндсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байдаг.

8. Харин хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч С.С нь зээлдэгч буюу хариуцагч “Д” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардсан, хариуцагч гэрээний үндсэн үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь “Д” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардсан эсэх, эсхүл “Д” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон талаар баримт авагдаагүй, талууд үндсэн үүрэг болох зээлийн гэрээний гүйцэтгэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.  

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                   ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО